"Шаардлага тавихад эргүүлээд бүдүүлэг зан гаргадаг учраас залуучууд дуугүй өнгөрдөг"


С.Содбилгүүн | YOLO.MN
2022-11-15
АШУҮИС-ийн 1-р дамжааны оюутан А.Дүүрэнжаргал

Өчигдөр“Хотын стандарт, хотын соёл” зөвлөгөөн Соёлын төв өргөөнд боллоо. Хотын соёл, хөгжилд залуус ямар оролцоотой байж, хэрхэн нөлөөлж болох, хотын стандартын хэрэгцээ, шаардлага ямар хэмжээнд байгаа тухай сонирхолтой илтгэл, мэдээллийг залууст хүргэсэн юм.

Монгол Улсын нийслэлд анх удаа батлан хэрэгжүүлж буй нэгдсэн цогц стандартыг таниулах, энэ талаар мэдээлэл өгөхөөр Хотын нэгдсэн стандартын зөвлөгөөний хүрээнд зохиож буй энэ арга хэмжээнд долоон их, дээд сургуулийн 700 орчим оюутан, нийслэлийн хороодын 300 гаруй зохион байгуулагч оролцлоо.

Хотын стандарт, хяналтын газрын захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Э.Даваахатан “Энэ үйл ажиллагаа хотын стандартууд батлагдсан тухай мэдээллийг оюутан, залууст хүргэх зорилготой. Ингэснээр залуу үеэрээ дамжуулж, нийслэлийн иргэдийн хяналтыг сайжруулах шаардлагатай байна. Иргэд хотын стандартын талаар үнэн бодит, бүрэн ойлголттой болбол эрүүл, аюулгүй, амьдрахад таатай хот бий болох юм. 

Хэрэв үйлчилгээндээ шаардлагатай стандартыг мөрдөөгүй, стандартад нийцээгүй үйл ажиллагаа явуулж буй тохиолдолд үйлчлүүлэгчдээр дамжуулж, тухайн байгууллага зах зээлээс шахагддаг механизмыг бий болгохоор ажиллаж байна. Шууд үйл ажиллагааг зогсоох, хорих гэхээс илүү хэрэглэгчид стандартыг шаардаж чаддаг болвол зах зээл, бизнесүүд стандартыг мөрдөж эхэлнэ. Энэ нь урт хугацаандаа бизнесүүдийн өрсөлдөх чадвар сайжирч, үйлчилгээний ая тухтай нөхцөл бий болно. Хотын орлого, дотоодын нийт бүтээгдэхүүн дагаад өснө. Мөн төсвийн зардал буурах боломжтой. Жишээ нь нийтийн эзэмшлийн зам талбайд иргэн, аж ахуй нэгжүүд зүй зохистой, стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулснаар тухайн зам, талбай, эд хөрөнгийг засах, цэвэрлэх зардал буурна.” гэв.

Өмнө нь ашиглалтанд орсон ч стандартад нийцээгүй үйлчилгээ, эд хөрөнгөд үе шаттай арга хэмжээ авна. Боломжтой цэгээс эхлээд иргэдийн эрүүл, аюулгүй байдал заналхийлэлгүйгээр өөрчлөлт, шинэчлэлт хийх юм.

Хотын стандарт, хяналтын газрын хотын хөгжлийн стандартын хэлтсийн дарга Б. Ариунтуяа “Стандарт гэдэг нь өөрөө чанар. Хотын стандартыг баталснаар иргэд ая тухтай, аюулгүй орчинд амьдрах боломжтой. Ядаж л хүүхдээ сургуульд явуулахдаа санаа зовохгүй болно гэсэн үг.

Хариуцлагын тогтолцоо эрх зүйн хүрээнд тодорхой биш. Гэхдээ бид анхнаас нь стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн үйлчилгээг гаргахгүй гэж зорьж байна.” гэлээ.

Мөн тэрээр Хотын стандарт, хяналтын газар 2019 оноос эхлээд зөвхөн баримт бичиг судлахад 70 гаруй байгууллагын 200 орчим хүн оролцож, хотын стандартыг гаргасан талаар онцоллоо.

АШУҮИС-ийн 1-р дамжааны оюутан А.Дүүрэнжаргал “Өнөөдрийн үйл ажиллагаанаас бид шүүмжилж болно, гэхдээ түүнийгээ өөрөө үйлдлээрээ хэрэгжүүлэх ёстой гэдгийг ойлголоо. Би өөрөө л гудамжинд хог хаяхаа болих биш, өөрийнхөө нэг найзыг хог хаяхгүй байлгах нь жинхэнэ нөлөөлөл. 

Хотын стандартад нийцсэн газар бол одоогоор тийм ч их биш. Улаанбаатар хотын гудамжинд хог байдаг ч хогийн сав маш цөөхөн. Гэрийнхээ ойролцоо дэлгүүрээс ундаа авч уугаад саваа хаях гэтэл хогийн сав байхгүй учраас би сургуулийнхаа хогийн сав хүртэл барьж явсан удаа ч бий. Хогийн сав нь дутагдалтай учраас байгаа хогийн савнуудын ойр орчим дүүрэн хогтой байгаа нь л энэ хотын стандартыг үгүй хийчихэж байгаа юм.

Хэрэгтэй стандарт, чанарыг шаардахаас илүү тээршаадаг хүмүүс их. Учир нь шаардлагыг хүлээж авахаас илүү эргүүлээд бүдүүлэг зан гаргах тохиолдол элбэг байдгаас болж залуучууд дуугүй өнгөрөх үе бий.” гэж дурдлаа.

Зөвлөгөөнд Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ хотын шинэ стандарт, стандартыг хэрэгжүүлж мөрдөхийн ач холбогдлын талаар илтгэл тавьж, мэдээлэл өгсөн юм.  Мөн “Хүний хөгжил” академийн лектор Н.Амарбаясгалан, ШУТИС-ийн Оюутны соёл, үйлчилгээний албаны ахлах мэргэжилтэн, доктор, дэд профессор Д.Цогзолмаа, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Батцэцэг нар хотын соёл, стандарт, аюулгүй байдлын тулгамдаж буй асуудал, сайн жишиг, шийдлийн талаар мэдээлэл хүргэсэн юм.

#Мэдээ