Захидал:Надад өдөр хоногийг өнгөрүүлэхийн аргагүй хэцүү байна


ССҮТөв | YOLO.MN
2022-10-28

YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхэд залуусаас захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би хүссэн мэргэжлээрээ суралцаж, ажилламаар байна

Сайн байна уу ?  Би 18 настай эмэгтэй. Энэ жил олон жил хүсэж мөрөөдсөн их сургуульдаа орсон. Гэхдээ хүссэн мэргэжлээрээ биш. Одоо байгаа анги маань 5 жил сураад бараг л цалинтай, ажилтай болдог их эрэлт хэрэгцээтэй мэргэжил. Багш болгон л”Та нар зөв мэргэжлээ сонгож, хэрэв би дахин сурах болвол наад мэргэжлийг чинь сонгоно” гэж их хэлдэг. Харин миний хүсэж байгаа мэргэжил бол сэтгэл засалч. Энэ мэргэжлийг эзэмшихийн тулд заавал хүний их эмчээр сурч дахиад нарийн мэргэжил гээд хамгийн багадаа 10 жилийг зарцуулна байх. Мөн л эрэлт хэрэгцээ ихтэй. Гэхдээ төлбөр мөнгө бас цаг хугацаа их шаардах нь мэдээж. Гэр бүлийхэн минь “Олон жил сурахаар одоо байгаа чинь амар биш үү?  Дандаа дарга хийнэ, цалин ч сайтай” гэдэг. Миний хувьд олон жилийн турш бодож гаргасан шийдвэрийг минь хэдхэн минутын дотор өөрчлөх гээд байгаа нь таалагдахгүй байна. Би яг алийг нь сонгохоо мэдэхгүй байна.

ЗӨВЛӨГӨӨ: Үүсэж болох эрсдэлийг даван туулахад бэлэн байна гэвэл итгэлтэйгээр өөрийн хүссэн мэргэжлээ сонгоорой

Сайн байна уу. Бидэнд хандан захидалд илгээсэнд баярлалаа. Өөрийн хүсэж мөрөөдсөн сургуульдаа элссэн боловч өөрийн хүссэн мэргэжлээрээ суралцахгүй байгаад чиний санаа зовниж байгааг ойлголоо. Мэргэжлээ сонгохын тулд тухайн мэргэжил маань хэр өөрт минь тохирох вэ гэдгийг судлах нь чухал. Бусдаас тусламж авах нь зөв ч бусдын хэлсэн мэдээлэлд тулгуурлан шууд үйлдэл хийхээс илүү өөрийн биеэр бодит байдалтай танилцаж, мэргэжлийн хүнтэй уулзах боломжийг судлах зэргээр мэргэжлийн талаар илүү их мэдээлэл цуглуулах нь үр дүнтэй. Чамд одоогийн сонгосон мэргэжил үнэхээр таалагдахгүй байгаа бол сонирхолгүй зүйлдээ өөрийгөө хэт хүчлэх хэрэггүй болов уу. Өөрийгөө ажиглаад, өөрийнхөө хүсэл сонирхлыг сонсож байгаа нь сайн хэрэг. Харин одоо нөхцөл байдалд илүү бодитоор хандаж давуу тал болон эрсдэлээ тооцоод үзээрэй. Гэрийнхнийхээ хэлж буй зүйлсийг бодолцож үзээд үнэхээр үүсэх эрсдэлүүдийг туулахад бэлэн үү? Гэдгийг өөрөөсөө асуугаад үзээрэй. Хэрвээ үүсэж болох эрсдэлийг даван туулахад бэлэн байна гэвэл итгэлтэйгээр өөрийн хүссэн мэргэжлээ сонгох боломжтой юм шүү. Эцсийн шийдвэрийг чи өөрөө л гаргах юм шүү. Амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв 
Туслах сэтгэл судлаач Г.Золжаргал
 

АСУУДАЛ: Надад өдөр хоногийг өнгөрүүлэхийн аргагүй хэцүү байна

Сайн байна уу. Би одоо 17 настай эмэгтэй. Сүүлийн 4 жил сэтгэл санаа үнэхээр тавгүй болсноо анзаарлаа. Шалтгаалан сайн мэдэхгүй байгаа ч гэр бүл, сургуулиас болсон гэж бодож байна. Миний санах ой маш ихээр муудаж байгаа. Өдөр тутмын амьдралдаа амьдрахад үнэхээр их саад учруулж хичээлээсээ хоцрогдож, эд зүйлсээ алдаж, мөнгөө дандаа мартаад алга болгодог болсон. Онц сурдаг байгаад муудахад багш эцэг эхээсээ дарамтанд орж муу хэлүүлэн сэтгэл санаагаар гутрах мэдрэмж төрөх болсон байна. Би л байх газар дандаа стресс, уур бухимдал, урам хугаралтаар дүүрэн байдаг. Өглөө 7 цагаас гараад хичээл дээр хамаг эрч хүчээ зориулаап орой 7 гэж тарж ирэхэд аав хашхичсаар 1 цагт унтаж өдрөө өнгөрүүлж байна. Үүндээ бүр дургүй хүрээд хаашаа ч хамаагүй нуугдаж эсвэл үхмээр байна. Үнэндээ дийлж чадахгүй нь миний буруу ч үхэх оролдлого хамгийн сүүлд нэг жилийн өмнө хийсэн. Миний тархинд өөрчлөлт орж улам муудаж, саатаж байгааг нь мэдрээд түүний төлөө юу ч хийж чадахгүй байгаадаа шантарч байна. Ямар ч муу зүйлд орооцолддоггүй, трауматай ч биш хэр нь би сэтгэцийн эмнэлэгийн өвчтөн шиг гэнэтийн хүчтэй сэтгэл хөдлөл болон үйлдэл гаргаж буйдаа санаа зовоод л байна. 

Хоёр өөр сэтгэл зүйчид нийт гурван удаа очсон боловч надад туслаж чадахгүй байгаа юм шиг санагдсан. Одоо маш том хэлний шалгалт дөхсөн хэцүү байгаа ч хүнтэй ярилцах, сайн найзуудтайгаа байсан ч зүгээр түр зуурийн эмчилгээ л болж байна. Ойрд бие минь ханиад амархан хүрч, хоолойгоор зангирч, ядарч, толгой эргэж, толгой өвдөж, хумс арьсаа зулгааж байх шинж илрээд байна. Надад өдөр хоногийг өнгөрүүлэхийн аргагүй үнэхээр төвөгтэй байна. Би яах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийгөө хэт битгий хүчлээрэй

Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Сүүлийн жилүүдэд өөрт гараад буй өөрчлөлт, хүчтэй сэтгэл хөдлөл болон үйлдлүүддээ санаа зовж байгааг нь ойлголоо. Чиний хувьд эдгээр асуудлаа анхаарч, мэргэжлийн сэтгэл судлаачид хандаж байсан чинь сайн байна. Гэсэн хэдий ч тийм ч үр дүнтэй санагдаагүй бололтой. Сэтгэл зүйн зөвлөгөөний хувьд тууштай байх нь чухал бөгөөд зөв, танд тохирох сэтгэл зүйчээ олох хэрэгтэй байдаг. Зөвлөгөөний эхний туршлага нь эерэг байгаагүй ч дахин оролдохоос битгий айгаарай. Мөн сэтгэл зүйн зөвлөгөө нь зөвхөн сэтгэл зүйчийн ур чадвараас шалтгаалдаггүй бөгөөд таны хүсэл, хичээл зүтгэл, үйлдэл ч мөн хамаатай байдаг юм шүү.

Сэтгэл зүйчид хандахаас гадна эхний ээлжид өөртөө хэрэгжүүлж болох аргуудыг зөвлөж байна: 

•         Эерэг өөрчлөлтүүдээ үнэлэх. Захиандаа 1 жилийн өмнөхтэйгөө харьцуулахад дээрдсэн юм болов уу хэмээн өөрийгөө анзаарч байгаа юм байна шүү дээ. Эерэг өөрчлөлтүүдээ анхаарч эхэлсэн чинь сайн байна. Иймд эдгээр өөрчлөлтүүдээ жагсааж бичих зэргээр тэмдэглэл хөтлөөд үзээрэй. Өөрийн давуу болон сул талаа хүлээн зөвшөөрнө гэдэг том амжилт юм шүү.

•         Бодол уу? Бодит байдал уу? гэдгийг ялгах. Би л байгаа газар стресс, уур бухимдал, урам хугаралт дүүрэн байдаг гэсэн байна. Урьд өмнө нь хэн нэгэн чамд ингэж хэлж байсан болов уу? Хэрвээ тийм бол таагүй сэтгэгдэл төрж байгаагаа илэрхийлсэн үү? Хэрвээ үгүй бол яагаад ингэж бодсон бэ? энэ талаар эргэцүүлээд үзээрэй.

•         Өдөрт 10 минут дасгал хийх дадлыг бий болгох. Дасгал хөдөлгөөн нь бие махбодын бодисын солилцоог нэмэгдүүлж тархины цусан хангамжийг өсгөдөг учраас ой тогтоолтод эерэг нөлөөтэй байна.

•         Мэдрэмжээ илэрхийлэх. Дарагдсан мэдрэмж эргээд бие махбодод сөрөг нөлөөтэй байдаг учраас өөрийн мэдрэмжээ битгий дарж байгаарай. Бусадтай ярилцаж хүсвэл тэмдэглэл хөтлөөрэй. 

Өөрт тулгарч буй асуудлаа даван туулахад тодорхой хэмжээний хугацаа шаарддаг тул өөрийгөө хэт битгий хүчлээрэй. Урт хугацаанд тогтвортой арга хэмжээ авах нь чухал байдаг юм шүү. Чамд амжилт хүсье. 

Сэтгэл Судлалын Үндэсний Төв 
Туслах сэтгэл судлаач У.Цэцэнсанаа 

#Сэтгэл зүй