Миний санал болгох ном: "Сонгомол эсээ"


Х.Көгершин | YOLO.MN
2022-10-24

Өнөөгийн завгүй амьдралын хэв маяг хүмүүсийг хүссэн хүсээгүй, байнгын стресст оруулдаг болжээ. Харин стрессээс гарахад сонирхолтой сайн ном тус болдог. Ном уншсанаар хүн сэтгэлийн дарамтаасаа хөндийрч холдох боломжтой. Уншиж буй номондоо орж, өнгөрсөн баларсныг мартаж, номонд сэтгэлээ эзэмдүүлж, шинэ сэргэг бодлууд мэдрэлд нөлөөлдөг. Ном уншсанаар сэтгэл зовоосон зүйлс нэг мэдэхэд ямар ч ач холбогдолгүй болох, амьдралаа шинэ гэрэлд харах, өөрт шинэ хүч мэдрэгдэх үе ч тохиолддог.

“Миний санал болгох ном” контентийн энэ удаагийн дугаарт Д.Ганхүрэлийг оролцууллаа.

Ном санал болгож буй оролцогчийн нэр:  Дамбын Ганхүрэл
Эрхэлж буй ажил:  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш
Сошиал хуудсууд: Gankhurel Damba

-Хамгийн анх ямар ном уншиж байсан бэ?

-Анхны бүтэн уншсан ном гэвэл Монтэнь-ийн "Сонгодог эсээнүүд". Зохиолч Аюурзанын орчуулсан хувилбарыг нь уншсан. Би нэг ном эхлүүлчхээд дуусгалгүй орхичихдог байлаа. Харин Монтэнь-ийн "Сонгодог эсээнүүд" ном богино эсээнүүд, тус бүрдээ өөр өөр боловч ихэнхдээ гүн гүнзгий агуулгаас бүрдэж байсан учир, нэг суухдаа нэг эсээ уншихад сонирхолтой байв.

-Номын тэмдэглэл хөтөлдөг үү. Хэрэв тийм бол хэрхэн хөтөлдөг вэ?

-Номын тэмдэглэл хөтөлж байгаагүй. Мэргэжлийн номыг уншиж байхдаа хоосон зайнд нь ойлгосон эсвэл тухайн агуулгаар дамжуулаад өөр асуулт гарч ирэхэд тэр бүр нь тэмдэглэдэг.

-Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу. Номыг цахимаар эсвэл цаасаар уншиж байна уу?

-Цахимаар болон цаасаар аль алинаар нь уншдаг. Гэхдээ цаасан хэлбэрээр нь уншихыг илүү их эрмэлздэг. Яалт ч үгүй цаасан хэлбэрээр авч явахад төвөгтэй үед цахимаар уншдаг. Жишээ нь, Монголд оюутан байхдаа автобусонд түгжрээд явах зуур утсан дээрээ татсан номоо уншина. Японд сурч байхдаа метронд явж байхдаа "amazon" "kindle" дээр уншчихдаг байсан. Ер нь "amazon" "kindle" их аятайхан санагддаг. Компьютер дээр бол тухтай уншиж чадахгүй юм байна лээ.

Одоо бол судалгааны мэргэжлийн өгүүллүүдийг хэвлэж аваад л уншдаг. Гол чухал гэсэн санаануудыг нь дараа нь харъя гэж бодоод тодруулагчаар тэмдэглэдэг. Ер нь тодруулагчийг гартаа ойрхон байлгахыг хичээдэг. Учир нь, гоё санаа байвал тэр дор нь тодруулж байхгүй бол мартчих вий гэж эмээдэг. Чухал хэсгийг нь тодруулчихсан учраас дараа нь түүнийгээ эргэж олоход хялбар.

-Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

-Стевен Ковигийн "Өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал" гээд ном бий. Тус номыг аравдугаар ангийнхаа зуны амралтаар хөдөө явахдаа уншихаар авсан юм. Аль болох л өндөр бүтээмжтэй болчих санаатай гарчгаас нь болоод бас хамгийн их борлуулалттай ном гэхээр нь сайн ном байх гэж бодоод л авсан юм. Үнэндээ тэр номыг бүтнээр нь уншаагүй. Гэхдээ хоёрдугаар бүлгийн эхлэл хэсгийг нь уншсанаа ер мартдаггүй юм. Тус бүлэгт сэтгэхүйн тест ажиллуулдаг бөгөөд номд бичигдсэн үйл явдлыг бодитоор нь төсөөлөх ёстой. Үйл явдлыг товчоор дүрсэлбэл, би хамгийн сайн найзынхаа оршуулгад очих бөгөөд би болон тэнд цугларсан хүмүүс найзынхаа хамгийн сайхан чанаруудыг, хийж байсан үйлдлүүдийг хэлэх ёстой болдог. Би дотроо “Найз маань очсон газар бүрдээ инээд бэлэглэж явдаг хүн байсан” гэж хэлсэн. Ингэж хэлсний дараа авс руу би өнгийж харахад найзыгаа биш өөрийгөө байгаагаар төсөөлөх ёстой бөгөөд ирсэн хүмүүс найзын маань биш миний оршуулгад ирсэн хүмүүс байдаг. Миний хэлсэн үг намайг үхсэний дараа хүмүүс миний талаар ингэж дурсаасай гэж бодсон үг болдог.

Сэтгэхүйн дээрх тестийг ажилласны дараа намайг нас барсны дараа хүмүүс эргэн тойрондоо эерэг энерги түгээдэг хөгжилтэй хүн байснаар минь дурсаасай гэж хүссэн. Үүнээс хойш мэдрэмжтэй шогч зантай байхыг хичээх болсон доо. Үндсэндээ миний зан чанарт шууд нөлөөлсөн ном гэж хэлж болно.

-Яг одоо ямар ном уншиж байна вэ?

-Одоо бол ажлын шаардлагаар дандаа эрх зүйн мэргэжлийн өгүүллүүд уншиж байна.

-Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар ном байх вэ?

-Аймшгийн ном байж магадгүй. Ямар учиртайг нь мэдэхгүй ч миний амьдралд аймшгийн үйл явдлууд тохиолдоод байдаг. Хэргийн бүх учир, зангилаа сүүлд нь тайлагддаг. Өөрөөр хэлбэл, намайг өнгөцхөн харвал би тэнэгдүү санагдах байх. Гэхдээ тэр байдал маань надтай үнэн сэтгэлээсээ харьцах хүмүүсийг шүүлтүүрдэж өгөх хэрэгсэл гэж боддог юм. Тус шүүлтүүрийг даваад ороод ирвэл, би ийм хүн байсан шүү гээд харуулна даа.

-Унших дуртай зохиолч?

-Аюурзана зохиолчид үнэхээр хайртай. "Сэрүүн хангайн нууц", "Бөөгийн домог" зэрэг номыг нь уншихад кино үзэж буй юм шиг л төсөөлөгддөг. Хувь хүний хувьд ч даруу төлөв, үлгэр жишээч сайхан хүн.

-Хамгийн хайртай зохиолын баатар?

-Бидний мэдэх "Бөгжний эзэн" гээд кино. Энэ ч бас угтаа зохиол байж байгаад кино болсон шүү дээ. Тухайн зохиолын Арагорнын дүр их гоё. Гаднаас нь харахад зүгээр л үл таних нэг хэсүүлч мөртлөө, үнэн хэрэгтээ хаан ширээний өв залгамжлагч байдаг шүү дээ. Хүүхэд байхаасаа Арагорнын дүрд ороод байлдаж байна гэж тоглодог байлаа.

-Манай уншигчдад ямар ном санал болгох вэ?

-Сурагчдад бол Монтень-ийг "Сонгомол эсээнүүд"-ийг уншаад үзээрэй гэж зөвлөмөөр байна. Учир нь бидний хардгаас өөр өнцгөөр юмсыг хэрхэн таньж, таньснаа баримтуудаар нотлох гэж оролдож буйг мэдэх боломжтой. Олон ургалч сэтгэлгээг хөгжүүлэхэд тустай юм уу даа. Дэмжлэг, нотолгоогүй олон ургалч сэтгэлгээ үнэндээ хоосон бусдаас ялгарах гэсэн хэлбэр л болж хувирах учир, дэмжлэг нотолгоо буюу санаагаа үндэслэлтэй хэрхэн илэрхийлж буйг анзаарч болно.

Харин оюутнуудад "Өглөөний хүн" гэдэг номыг санал болгоно. Ялангуяа түгжрэлтэй Улаанбаатарт амьдардаг бол өглөө эрт босож хичээл хийх нь ямар үр дүнтэйг тус номоос мэдэх боломжтой. Өглөөний 5-8 цагт хийсэн ажлын нэг цагийн үр дүн өдрийн гурван цаг хийх ажлын үр дүнтэй тэнцдэг талаар бичсэн. Үүнтэй би санал нийлдэг. Мөн өглөө тархи амраад хөрчихсөн байдаг учраас ухаалаг сэтгээд байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр өглөө эрт босохын ач тус хийгээд, хэрхэн тийм дадалтай болох талаар уншихад гэмгүй.

-Ярилцсанд баярлалаа.

#Номтой нөхөрлөе