Г. Отгонцэцэг: Сэтгэл судлаачийн мэргэжил ирээдүйд устахгүй гэдэгт ИТГЭЛТЭЙ байна


Бид мэргэжил сонголтын талаарх цуврал ярилцлагынхаа энэ удаагийн дугаартаа БНХАУ-ын Шанхайн Багшийн Их Сургуулийг хэрэглээний сэтгэл судлал мэргэжлээр суралцаж төгссөн сэтгэл судлаач Г. Отгонцэцэгийг урьж ярилцлаа. Хоёр жил гаруйн хугацаанд салбартаа хүчин зүтгэж буй түүнтэй мэргэжлийнх нь онцлог, давуу тал, зайлшгүй эзэмших шаардлагатай ур чадварууд зэрэг сэдвүүдээр ярилцсан юм.


YOLOЯрилцлагаа таны хүүхэд насны мөрөөдлийн тухай яриагаар эхлүүлье гэж бодлоо. Ихэнх хүүхдүүд багадаа "Би том болоод эмч болно. Би ирээдүйд цагдаа" болно гэх зэргээр төсөөлдөг шүү дээ. Тэгвэл таны хувьд ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болно гэж мөрөөддөг байсан бэ? 

- Миний хүүхэд ахуй насандаа төсөөлдөг байсан мэргэжил сэтгэл судлаачаас тэс өөр мэргэжил байсан. Хүүхэд байсан болоод ч тэр үү, жүжигчин, хувцас дизайнер гэх зэрэг сонирхолтой мэргэжил рүү тэмүүлдэг байлаа. Нэг их сайн зурж чадахгүй ч зурсан зургууддаа их дуртай, хүүхэлдэйнхээ хувцсыг өөрөө хийгээд өгчихдөг тийм л хүүхэд байсан даа. Тухайн үед сэтгэл судлаач мэргэжилтэй хүн юу хийдгийг мэдэхгүй, бүр ийм мэргэжил байдаг гэдгийг ч гэж мэддэггүй байсан. Харин жаахан том болсныхоо дараа сэтгэл судлаачийн тухай мэдээлэл олж уншаад "хүнтэй харилцдаг, бусдын асуудлыг сонсдог мэргэжил юм байна" гэж бодсоноосоо хойш энэ мэргэжлийн талаар судалж эхэлсэн дээ. 

YOLOТэгэхээр та энэхүү мэргэжлээ зуун хувь өөрийн хүсэл сонирхол дээр тулгуурлан сонгосон байх нь. Гэр бүлийнхний тань зүгээс сэтгэл судлаач болох сонголтыг нь хэрхэн хүлээн авсан бэ? 

- Тухайн үед интернэт сайн хөгжөөгүй байсан учраас ямар нэгэн зүйл сонирхлоо гэхэд түүнийгээ шууд хайгаад унших боломжгүй байсан. Тийм болохоор сургуулийнхаа компьютер дээрээс судалгаа, мэдээ мэдээлэл олж уншихын зэрэгцээ багш нараасаа мэргэжлийнхээ талаар асууж лавладаг байсан. Энэ мэргэжил юун түрүүнд миний сонирхлыг маш их татсан. Хоёрт, би үүнийг хийж чадна гэсэн итгэл дүүрэн байсан. Зан араншинтай минь ч тохирсон. Анх энэ мэргэжлийг сонгосон талаараа эцэг эхдээ хэлэхэд "Энэ мэргэжил нийгэмд хэр эрэлттэй, үнэлэмж, цалин хөлс нь ямархуу байдаг талаар мэдэхгүй юм байна" гээд дэмжээгүй өнгөрсөн. Гэхдээ би бууж өгөхгүй зөрсөөр байгаад мэргэжлээ сонгосон юм. Ингээд арван жилээ төгсөхдөө л мэргэжлээ баттай сонгочихсон. Дараа нь хоёрдугаар курсийнхээ амралтаар Шанхайгаас ирэхэд гэр бүлийнхэн маань миний сонголтыг ойлгож, их дэмжих болсон. Яг тэр үед Монголд миний сонгосон мэргэжлийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, хүмүүс тодорхой хэмжээний ойлголттой болж эхэлсэн юм. 


YOLOСэтгэл судлаач болоход ямар ур чадварууд шаардагддаг вэ? Энэхүү мэргэжил ямар зан чанартай хүмүүст илүү тохирох бол?

- Сурагч байхдаа сайн ярьдаг, нийтэч, хүний арга эвийг олдог эвлэгхэн хүн л энэ мэргэжлийг сонгодог байх гэж боддог байсан. Гэтэл ажлын байран дээр гараад ямар ч хүн энэ чадваруудад суралцаж, эдгээр чадваруудыг өөртөө суулгаж болдог гэдгийг ойлгосон. Мэдээж уг хүн нь төрөлхийн харилцааны чадвар сайтай бол сэтгэл судлаач мэргэжлээр суралцахад илүү дөхөм л дөө. Өөрөөр хэлбэл хугацаа хэмнэнэ гэсэн үг. Мөн сэтгэл судлаач хүн бусдыг сайтар сонсдог, ойлгодог, зөвхөн мэргэжлийн онолоор ярьдаг, техникүүдээ мэддэг, тасралтгүй суралцах хүсэл эрмэлзэлтэй байх нь чухал. Маш их зүйл уншиж судалдаг, ажиллаж байх явцдаа байнга суралцаж байдаг учраас тэвчээртэй байх хэрэгтэй.

YOLOИх сургуулиа сэтгэл судлалын чиглэлээр төгссөн бол цаашид сэтгэл судлаачаас гадна ямар мэргэжлээр ажиллах боломжтой байдаг вэ?

- Америкийн сэтгэл судлалын нийгэмлэг /American Psychological Association/ дэлхий дээр сэтгэл судлалын нийт 54-56 салбар чиглэл байдаг хэмээн тодорхойлсон байдаг. Харин манай улсад бие хүний, хосын, гэр бүлийн, байгууллагын, хүүхдийн сэтгэл судлал түлхүү хөгжсөн. Энэ чиглэлээр төгссөн хүн сэтгэл судлаач, сэтгэл зүйч, багш, хүний нөөцийн мэргэжилтэн, нийгмийн ажилтан гэх тодорхой салбаруудад ажиллах боломжтой. Ерөнхийдөө энэ чиглэлээр сурч төгссөн бол ирээдүйд ямар ч мэргэжлээр ажилласан бусдаас давуу талтай байдаг. Тэд ажлын талбар дээр гараад өөрийгөө хянах, удирдах, бусдыг ойлгох, сэтгэл зүйг нь мэдрэх, аливаа зүйлийн учир шалтгааныг сайн мэдэх чадвартай болсон байдаг.


YOLO: Анх удаа ажлын байран дээр гарахад ажлын байр тань өмнө нь оюутан байхдаа ч юм уу, сурагч байхдаа төсөөлж байснаас хэр өөр байсан бэ? Ажлынхаа анхны өдрийн талаар сэтгэгдлээсээ хуваалцаач?

- Анх гуравдугаар курсэд байхдаа хоёр сарын хугацаанд мэргэжлээрээ дадлага хийх боломж гарсан юм. Миний суралцаж байсан сургуульд надаас өөр гадаад оюутан байгаагүй болохоор бүгд л өөрсдийн дуртай газраа очоод дадлага хийсэн. Миний хувьд дадлагаа эх орондоо хийе гэж бодоод "Сэтгэл судлалын үндэсний төв" /ССҮТ/-д хүсэлт гаргахад хүлээн авч ажиллахаар болсон. Дадлага хийх гээд ирэхэд маань маш дулаан уур амьсгал угтан авсан болоод ч тэр үү, сургуулиа төгсөж ирээд дахин ажиллах хүсэлт гаргаад өнөөдрийг хүртэл энэхүү байгууллагадаа ажиллаж байна. Ажлын эхний өдрийн хувьд гэвэл би бүх юмаа цэгцлээд, үйлчлүүлэгч хүүхдүүдээ хүлээгээд, их догдлоод сууж байснаа тод санадаг. Дөнгөж төгсөөд шууд ажилласан болохоор том хүн шиг байхыг л хичээж байсан /инээв/. Миний бодлоор ирээдүйд ажиллах ажлын байраа судалж байж л төсөөлнө үү гэхээс хий хоосон зүйл төсөөлөх хэрэггүй байх. Ордон шиг газар байна гэж төсөөлчихвөл хожим нь бодит байдалтай танилцаад урам хугарах тохиолдол гардаг. Тиймээс төсөөлөхгүйгээр шууд ирээд танилцвал илүү тааламжтай байх болно. 


YOLO: Энэхүү мэргэжлээр ажиллахын давуу болон сул талаас дурдаач. Бусад мэргэжлээс юугаараа онцлог вэ?

- Сэтгэл судлаач хүн ямар ч үед өөртөө төвлөрч, анализ хийж чаддаг нь хамгийн том давуу тал байх. Би юун дээр алдсан, юу хийх ёстой гэдэг талаараа тунгаан бодож өөрийгөө залуурдаж чаддагаараа онцлог. Бусад мэргэжлийн хүмүүс байнга өөрийгөө хянаад байж чаддаггүй шүү дээ. Сул тал гэвэл заримдаа ачаалалтай ажилладаг. Өдөрт олон хүн хүлээж авах үе гарна. Гэхдээ байгууллагын зүгээс өдөрт үйлчлүүлэх үйлчлүүлэгчдийн тоог тогтоочихсон байдаг болохоор ачаалал харьцангуй бага.   

YOLOӨнөө цагт дэлхий нийтээрээ автоматжиж, роботчилогдож байна. Энэ хэрээр ирээдүйд зарим мэргэжлүүд устана гэсэн таамаглал гараад эхэлсэн. Тэгвэл таны мэргэжил ирээдүйд устах болов уу? Эсвэл хүний тархиар л хийх боломжтой мэргэжил юм уу?

- Сэтгэл судлаачийн мэргэжил устахгүй гэдэгт би маш их итгэлтэй байна. Яагаад гэвэл сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг нь хоёр хүний мэдрэмж дээр суурилсан харилцаан дээр тогтдог зүйл. Хүмүүсийн харилцааг 100 хувь гэж үзэхэд долоон хувь нь үг яриа, үлдсэн 93 хувь нь сэтгэл хөдлөл, биеийн хэлэмж, нүүрний хувирал байдаг. Бид сэтгэл зүйн зөвлөгөө өгөхдөө  үйлчлүүлэгчийнхээ яриаг сонсож, хариу үйлдэл үзүүлэн, биеийн хэлээрээ дамжуулж түүнийгээ илэрхийлдэг. Гэтэл робот хүний өмнө суучихаад тухайн хүний мэдрэмжийг ойлгож, сэтгэл хөдлөлийг нь хуваалцаж, хариу үйлдэл үзүүлэн зөвлөгөө өгнө гэдэг боломжгүй зүйл шүү дээ.


YOLOӨдөрт нийт хэдэн цагийг ажилдаа зарцуулдаг вэ? Илүү цагаар ажиллах тохиолдол гардаг уу?

- Яг л ажлын найман цагаар ажилладаг. Байнга сунаж ажиллавал хүн ажилдаа дургүй болох, шантрах эрсдэлтэй. Тиймээс манай байгууллагын зүгээс ч энэхүү асуудлыг ойлгож илүү цагаар ажиллуулдаггүй.

YOLOӨнөөдөр Монголд зөвлөгөө өгөхөд хүмүүс ямар асуудлаар түлхүү хандаж байна вэ?

- Ерөнхийд нь харахад харилцааны асуудлаар түлхүү хандаж байна. Ээж аавууд өсвөр насны хүүхдээ ойлгохгүй, эсвэл бие биетэйгээ ойлголцохгүй тохиолдолд ханддаг. Мөн голцуу өдөр тутмын стресс, бухимдалтай үедээ зөвлөгөө авдаг.

YOLOМэдээж хүмүүс өөрөө бие даан шийдвэрлэх боломжгүй асуудлаа шийдвэрлэхийн тулд л сэтгэл судлаачид ханддаг. Гэвч үргэлж бусдын асуудлыг сонссоор өөрсдөд тань стресс хуримтлагддаг л байх. Эсвэл мэргэжлийн хүн учир үүнийгээ сайн хянаж чаддаг уу? 

- Сэтгэл судлаач хүний хувьд бие хүн нь чанга, хүчирхэг байх хэрэгтэй. Бусдын асуудлыг сонсоод түүнд нь автаад шууд уйлчихдаг байж болохгүй шүү дээ. Мөн ядарсан үедээ хүнд зөвлөгөө өгч огтхон ч болохгүй. Ингэсэн тохиолдолд шууд л тухайн хүний мэдрэмжид автдаг. Бид үүнээс сэргийлэхийн тулд өөрсдийгөө байнга "цэвэрлэдэг". Өөрөөр хэлбэл сэтгэл зүйн зөвлөгөө өгчихөөд өрөөнөөс гарахдаа тухайн асуудлыг тэр чигт нь үлдээгээд гардаг. Өрөөнөөсөө гараад тухайн кэйс дээрээ тэмдэглэлээ биччихээд цааш нь хэнд ч хэлэхгүй байх нь сэтгэл судлаачдын баримталдаг гол зарчим.

YOLOЕр нь сэтгэл судлаач нарт өөрсдөд нь асуудал тулгарвал хаана ханддаг вэ?

- Мэдээж хүн болгонд тохиолддог асуудал бидэнд ч бас тохиолддог. Тэр үед эхлээд тайвшрах дасгал хийж, өөрийгөө амраадаг. Хэрэв асуудал дэврээд, бие даан шийдвэрлэх боломжгүй болчихвол сэтгэл судлаач нарын сэтгэл судлаачид хандах хэрэгтэй. Гэвч энэ чиглэл хараахан хөгжөөгүй байгаа учраас сэтгэл судлаач бус хувь хүнийхээ хувиар найзуудтайгаа уулзаад асуудлаа хуваалцаж ярилцдаг. Хувийн асуудал бол хувийн л асуудал учраас өөрөө асуудалтай байлаа гээд ажил хэрэгтэйгээ хольж хутгаж болохгүй. 


YOLOТа сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөөр нэгэн үйлчлүүлэгчтэй цаг тохирлоо гэж бодъё. Тухайн цагаас өмнө танд ямар нэгэн хүндхэн асуудал гарч сэтгэл санааны хувьд тогтворгүй болох үед асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Сэтгэл хөдлөлөө бариад зөвлөгөө өгөх үү, эсвэл цагаа хойшлуулах уу? Ер нь стресстэй байхад "хэцүү" үйлчлүүлэгчтэй уулзаад тэвчихийн аргагүй нөхцөл байдалд орж байсан уу? 

- Үйлчлүүлэгч урьдчилан цаг авдаг учраас тийм тохиолдол бараг байхгүй. Анх удаагаа надаас зөвлөгөө авах гэж буй үйлчлүүлэгч дээр ийм нөхцөл байдал гарвал аль боломжоороо цагийг нь хойшлуулна, эсвэл өөр сэтгэл зүйчид учир шалтгаанаа тайлбарлан хүсэлт гаргаад цагаа шилжүүлнэ. Би асуудалтай байж бусдад зөвлөгөө өгвөл ямар ч үр дүнгүй уулзалт болно шүү дээ.  

YOLOТехник технологийн чиглэлээр суралцах бол техник технологи өндөр хөгжсөн Япон, АНУ зэрэг улсад дадлага туршлага хуримтлуулбал илүү сайн боловсон хүчин болно гэдэг шиг аль улсад суралцвал сэтгэл судлалын чиглэлээр чадварлаг боловсон хүчин болох боломжтой вэ?

- АНУ болон Европын холбооны улсуудад сэтгэл судлалын судалгаа шинжилгээ сайтар хөгжсөн байдаг учраас эдгээр улсуудад чадварлаг боловсон хүчин бэлтгэдэг гэж үздэг. Би хувьдаа цаашид Канад, Австрали, Герман зэрэг улсуудад суралцахаар сонирхож байна. Гэхдээ Азийн зарим улсууд ч энэ чиглэлээр хурдацтай хөгжиж байгаа учраас суралцахад боломжтой.


YOLOМонгол улсад ер нь энэ чиглэлийн эрэлт хэрэгцээ хэр байдаг вэ? Дутагддаг уу, аль эсвэл илүүддэг үү?

- Ажлын байрны боломж сайтай. Сургууль, албан байгууллага, цэрэг, эрүүл мэндийн салбарууд, шүүхийн сэтгэл зүйчээр ажиллах боломжтой. Манай улсад эрэлт хэрэгцээ жил ирэх тусам нэмэгдсээр байна.  

YOLOССҮТ ямар төрлийн үйл ажиллагаа явуулдаг вэ? Өсвөр насныхан, залуучуудад зөвлөгөө өгөх боломжтой байдаг уу?

- Манай төв байгуулагдаад арван жил болж байна. Сургалт, судалгаа, зөвлөгөө, оношилгоо гэсэн дөрвөн төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Бага нас, өсвөр нас, насанд хүрэгчдийг насаар нь ангилан бие хүний, хосын, мэргэжил сонголтын гэх зэрэг олон төрлийн оношлогоо хийж, зөвлөгөө өгдөг. Миний хувьд 4-18 нас, 18-25 насныханд зөвлөгөө өгдөг. 


YOLOСэтгэл судлаач мэргэжлээр суралцахаар төлөвлөж байгаа уншигчид болон энэ чиглэлээр суралцаж буй оюутан залууст хандаж зөвлөгөө өгөөч. Юун дээр илүү анхаарах хэрэгтэй вэ?

- Ямар ч мэргэжил сонгосон бай гурван зүйлийг л сайтар анхаарах хэрэгтэй. Та энэ мэргэжлийг үнэхээр сонирхож байна уу, үнэхээр хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу, нийгмийн эрэлт хэрэгцээ хэр байна вэ гэдэг дээр тулгуурлан мэргэжлээ сонгоосой гэж хүсч байна. Бидний мэргэжил сонголтын эцсийн зорилго бол нийгэмд юу өгөх вэ гэдэгт л оршиж байгаа тул нийгэм хэнийг хүсч байна вэ гэдгийг сайтар эргэцүүлээрэй. Харин яг одоогоор сэтгэл судлаачийн мэргэжлээр суралцаж байгаа залууст хандан мэргэжилдээ үнэнч, тууштай байгаарай гэж хэлмээр байна. Замын дунд олон саад бартаа гарч ирнэ. Даваад гарсны дараа чи өөртөө баярлах болно шүү. Хүн "Би чадахгүй юм байна" гэсэн бодлоороо өөрт буй нээлттэй боломжуудыг хаадаг. Тиймээс алдаа гаргасан ч шантрах хэрэггүй. 

YOLOЯрилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье!

- Баярлалаа. 

Та сэтгэл судлаач мэргэжлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дараарай. 

#Мэргэжил #Career #Сэтгэл судлаач