YOLO.mn сайт нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхэд залуусаас захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Хуучин найзтайгаа холбоо тогтоомоор байгаа ч зориг хүрэхгүй байна
Энэ өдрийн мэнд хүргэе. Би 17 настай эмэгтэй. Олон асуудал байгаа болохоор урт болох байх. Би энэ жил 12 дугаар ангид орж байгаа юм. Орох сургуулиа ч байтугай мэрэгжилээ ч сонгоогүй. Бас би өөрийгөө хөгжүүлж бэлтгэлд (тулааны урлаг) явдаг юм лдаа. Сүүлийн үед бэлтгэл хийж байхад толгой эргэж нүд харанхуйлаад тэр ч байтугай амьсгаа авч чаддаггүй болчихсон. Хүнд юм хийсэн болохоор тэгсэн байх гэж бодхоор тийм биш. Магадгүй багаасаа хурдан сульддаг мөн төрөлхийн хамар бага зэрэг муруй болхоор тэгсэн байх гэж хүртэл бодсон. Гэхдээ өмнө нь зүгээр л байдаг байсан юм. Тэгээд хүч багатай болхоор бусад хүүхдүүдтэй өөрийгөө их харьцуулна. Ойрдоо нилээн стресс, ядралтай байх болсон. Айлын том, олон дүү нартай болохоор байнга стрессдэг. Айлын ганц байсан ч болоосой гэж хүсэх нь ихэссэн. Заримдаа гэр бүлийн маань тоглоомоор эсвэл зүгээр л хэлсэн үг нь надад хүнд тусдаг. Хүнтэй ярилцмаар байсан ч ярих хүн алга. Ээжтэйгээ хэд хэдэн удаа ярилцах гэж үзсэн боловч намайг огт сонсоогүй. Найзтайгаа ярья гэсэн боловч одоо харахад ямар ч найз үлдээгүй бололтой. 2,3 жил байх. Коронагаас өмнө надад 2 сайн найз байсан юм л даа. Нэгэнтэй нь хобоотой байдаг ч өмнөх шигээ дотно байхаа больсон. Нөгөөтэй нь бүүр холбоо тасарсан. Сайн найз минь гэж бодсон боловч түүний хувьд тийм биш бололтой. Зүгээр л наалдан пад байсан байх. Үнэнийг хэлэхэд би түүнийг үнэхээр их санаж байна. Холбоо тогтоох гэж хэд хэдэн удаа оролдсон. Гэвч зориг минь хүрээгүй. Шинэ найз нартайгаа жаргалтай байна лээ. Би яг яах ёстой вэ? Энэ асуудлууд миний толгойг яг хагалах нь ээ. Цээжинд хүнд оргиод, хааяа зүгээр л бүхнийг мартаад нүдээ аниад унтах нь амар болчихсон.
ЗӨВЛӨГӨӨ: Үнэхээр холбоо барих шийдвэр гаргаж байгаа бол үйлдэл хийгээрэй
Сайн уу? Өдрийн мэнд хүргэе. Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Ирээдүйдээ санаа зовж байгааг нь ойлгож байна. Мэргэжлээ сонгож, найзтайгаа буцаад холбоо тогтоохыг хүсэж байгааг нь ойлголоо. Захидалд бичсэн шинж тэмдгүүд нь түгшүүрийн бие махбодод илрэх шинж тэмдэг бөгөөд ирээдүйдээ болон бусад зүйлсэд хэт санаа зовсноос болж түгшүүрлэж байгаа юм шиг санагдлаа. Мэргэжлээ сонгохын тулд ямар үйлдлүүд хийсэн бэ? Хэн нэгнээс асуусан уу? Интернэтээс мэдээлэл хайсан уу? Бид аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд үйлдэл хийх ёстой байдаг. Хэрвээ үйлдэл хийхгүй зөвхөн санаа зовоод л байх юм бол түгшүүр улам нэмэгдэж улмаар биед мэдрэгдэж эхэлдэг. Мэргэжил сонголтод сонирхол, ур чадвар, нийгмийн эрэлт хэрэгцээ гэсэн гурван хүчин зүйл бий. Чи юунд дуртай вэ? Чи юу хийж чаддаг вэ? Үүнд төгс сайн хийж чаддаг гэхээс илүү чамд хөгжүүлэх боломжтой ямар ур чадварууд байна вэ? гэдэг орно. Нийгэмд ямар мэргэжилтэн хэрэгтэй байна вэ? гэдэг асуудтуудад хариулаарай. Мөн мэргэжлүүдийн тухай судлах нь маш чухалтай ач холбогдолтой. Яарлаа гээд, санаа зовлоо гээд асуудал шийдэгдэхгүй учир яавал, юу хийвэл асуудлыг шийдэх боломжтой вэ? буюу асуудлын шийдэлд төвлөрөөрэй. Найз нөхдийн хувьд тэр найз нь заавал чамайг сайн найзаа гэж бодох албагүй бөгөөд чамаас гадна өөр ч сайн найзуудтай байж болно гэдгийг хүлээн зөвшөөрөөрэй. Мөн шийдвэрээ нэг талд нь гаргаарай. Үнэхээр холбоо барих шийдвэр гаргаж байгаа бол үйлдэл хийгээрэй. Холбоо тогтоосон ч урьдынх шигээ найзлахгүй байх боломжтой юм шүү. Хэрвээ тийм бол түүний шийдвэрийг хүндэтгээрэй.
Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г.Отгонцэцэг
АСУУДАЛ: Би хэн нэгэнд онцгой хүн байж үзмээр байна
Би хэн нэгэнд онцгой хүн байж үзмээр байна. Аав ээж маань тусдаа амьдардаг болохоор сар бүр хувцсаа баглаад, ийш тийшээ явах хэрэгтэй болно. Ээжтэйгээ харилцах харилцаа минь ер нь л бага багаар муудаж байгаа. Угаасаа сайхан харилцах арга үнэндээ байхгүй. Жаахан зэмлэсний төлөө ээждээ дургүй гээд байдаг жаахан хүүхэд шиг аашлах гэсэнгүй. Бодит үнэн юм шүү.
ЗӨВЛӨГӨӨ: Бид өөрсдийнхөө бодол мэдрэмжийг илэрхийлэхгүй, хэлж ойлгуулахгүй л бол хэн ч бусдын юу бодож байгааг, юу мэдэрч байгааг мэдэж чадахгүй
Өдрийн мэнд. Бидэнд хандан захиа илгээсэнд баярлалаа. Захидлаас уншихад, гэр бүлийнхэн нь чамд санаа тавиасай, чамайг анхаараасай гэж хүсэж байгаа юм шиг санагдлаа. Ээжтэйгээ ойлголцож чадахгүй байгаагаас та хоёрын дунд зөрчил үүсэж, харин чи энэхүү зөрчлийг шийдвэрлэх аргаа хараахан олоогүй байна гэж ойлголоо. Тэгвэл та ээжтэйгээ хэр их ярилцдаг вэ? Та өөрийгөө ээждээ хэрхэн ойлгуулдаг вэ? Та өөрийн мэдрэмжийг илэрхийлж чаддаг уу?
Гэр бүлийн харилцаа гэдэг бидний амьдралд том орон зайг эзэлдэг боловч энэ нь үргэлж зөрчилгүй байдаггүй. Ажлын, найз нөхдийн, гэр бүлийн гээд бүх харилцаанд зөрчил байдаг бөгөөд энэ бол хэвийн зүйл. Харин зөрчлийг шийдвэрлэх хамгийн сайн арга бол мэдрэмжээ хуваалцан ярилцаж харилцан ойлголцох юм шүү.
Бид өөрсдийнхөө бодол мэдрэмжийг илэрхийлэхгүй, хэлж ойлгуулахгүй л бол хэн ч бусдын юу бодож байгааг, юу мэдэрч байгааг мэдэж чадахгүй шүү дээ.
Харилцаагаа сайжруулахын тулд эхлээд ээж та хоёрын чинь харилцаа хэзээнээс чухам юунаас болж бага багаар муудах болсон талаар бодож үзээрэй. Бодож үзээд дахин захидал илгээсэн ч болно шүү. Хэрэв бодол чинь цэгцрэхгүй байвал бичиж болно. Асуудлаа тодруулсны дараагаар ээжтэйгээ хоёулхнаа ярилцах цаг гаргахыг хүсвэл ямар вэ? Ингэхдээ ээжтэйгээ ойлголцож чадахгүй байгаагаас хоорондын харилцаа нь муудаж, түүнтэй эргэн урьдын адил сайхан харилцаатай болох хүсэлтэй байгаа гээд өөрийгөө ээждээ сайн ойлгуулаарай. Мөн түүнийг ч бас ойлгохыг хичээгээрэй.
Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач А.Энхжавхлан
АСУУДАЛ: Би найз охинтой хүнд сайн. Гэхдээ тэдэнд, өөртөө ч муухай зүйл хийхийг хүсэхгүй байна
Сайн уу? Би одоо 18 настай, эмэгтэй. Хайртай байж болохгүй хүнд хайртай. Бид 2 нэгдүгээр ангиасаа л хамт сурсан. Өөр сургууль руу шилжихдээ ч нэг ангид орсон. 12 дугаар анги хүртлээ хамт сурч байна. Энэ бүх хугацаанд би түүнд үргэлж татагдаж байсан. Дундуур нь өөр хүмүүст сайн болж, үерхэж, өөрийгөө тэрэнд сайн биш гэж бат итгэж, эргээд тэрнийг бодож олон ч жилийг өнгөрөөлөө. Яаж ч хичээсэн, яаж ч өөрийгөө хуурсан, эсрэгээрээ мэдрэмжээ хүлээн зөвшөөрч хүлээсэн ч хэзээ ч сэтгэлээс арчигддаггүй, сэтгэлийн гүнд байж л байдаг тийм хүн бололтой. Хэсэгтээ бодогдохоо байж, чөлөөлөгдсөн юм шиг санагдах ч нэг л удаа харилцан ярилцахад, заримдаа над руу зүгээр инээгээд харахад л дахиад бодогдоод эхлэдэг. Угийн найрсаг, найзархаг хүүхэд болохоор хүн бүртэй л инээж харьцдаг юм. 2 орчим жилийн өмнөөс би өмнөх шигээ тийм ч хүчтэй татагдахаа больсон. Тэр ч хэдэн сарын дараанаас найз охинтой болсон. Найз охинтой хүнд мэдээж санаархаж болохгүй учир өдийг хүртэл хааяа хааяа бодолд орж ирчихээд алга болдог гэдгийг эс тооцвол учиргүй бодогдоод, түүнээс болж баярлаж эсвэл сэтгэл шаналаад байхгүй, зүгээр л ангийн хүүхэд л гэж бодох болсон. Гэвч саяхнаас дахиад л эхэллээ. Бид 2 их дотно боллоо. Мэдээж найзын хувиар. Гэвч түүнтэй ойртох тусам би дахиад л татагдаад байна. Өдрийн турш түүний тухай бодол л эргэлдээд л... Бас нэг асуудал нь тэр миний найзтай өмнө нь үерхэж байсан. Гэхдээ хэдхэн хоног л доо. Найз охинтой, бас найзынхаа экс гэдгийг мэдсээр байж, хайртай байж болохгүй, ямар ч найдваргүйг мэдсээр байж тэрэнд татагдаад л... Тэр үнэхээр бүр үнэхээр сайн хүүхэд. Найз охин нь ч мөн адил. Би тэр хайр татам охины найз залууг булаахыг үнэхээр хүсэхгүй байна. Тэр залууг ч бас тийм зүйл хийх хүн биш гэдгийг мэднэ, тийм хүн болохыг нь ч хүсэхгүй, яг л энэ хэвээрээ сахиусан тэнгэр шиг хүн байгаасай гэж хүсдэг. Гэсэн ч сэтгэлийнхээ гүнд түүнийг над дээр ирээсэй гэж хүсч байна. Түүгээр ч тогтохгүй 2 дахь нь болж байгаад салгачих уу ч гэж бодох шиг... Ийм бодлууд миний толгойд хэзээ ч орж ирж байгаагүй, орж ирж байгаагаас нь ч үхтлээ айж, бас өөрөө өөрөөсөө ичиж, өөрөө өөрийгөө зэмлэж, харааж зүхэж байна. Цаг хугацааны эрхэнд мартагдана гэж боддог байсан ч өдийг хүртэл туулсан зам, мэдэрсэн мэдрэмж, өнгөрөөсөн он жилүүдээ эргээд харахаар хэзээ ч мартаж чадахгүйгээ мэдэрч байна. Хамгийн зөв сонголт бол найз охинтой байхад нь үйлдэл хийхгүй хүлээх. Магадгүй тэд салбал цаг хугацаа өнгөрч шинэ харилцаанд ороход бэлэн болох хүртэл нь хүлээх байх. Гэхдээ би тэр хоёрыг сална гэж бодохгүй байна. Миний амьдралдаа харсан хамгийн гоё тохирдог, гоё харилцаатай, нэгэндээ амь хосууд шүү дээ. Гэхдээ салсан салаагүй хүлээх хугацаа байхгүй. Сургуулиа төгслөө л бол одоогийнх шигээ холбоотой байж чадах эсэхээ мэдэхгүй байна. Яах ёстойгоо мэдэхгүй, замбараагүй олон бодол эргэлдээд байна. Би яах ёстой вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Тэр хүний сонголтыг хүндэтгэж буй өөрийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхийг хичээгээрэй
Өдрийн мэнд. Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Бид хэн нэгэнд сэтгэл татагдаж, хэнд хайртай болохоо хүчээр удирдан шийдэх боломжгүй бөгөөд чамд хэцүү байгааг төсөөлж байна. Чи захиандаа сэтгэлтэй хөвгүүнтэйгээ 12 анги хүртлээ хамт сурч энэ бүх хугацаанд чи түүнд татагдсаар ирсэн мөн энэ үедээ та хоёрын хэн хэн нь үерхэж байсан гэж бичсэн байна. Мөн тэр хөвгүүний тухай бодохгүй гэж хичээхэд бодлоос салахгүй харин ч түүнд улам их татагдах болсон гэж ойлголоо. Тэгэхээр тэр хөвгүүн таны анх сайн болсон хүн болов уу? Бидний тархи анхны гэсэн юм бүхнийг өөртөө маш гүн хадгалан үлддэгтэй холбоотой юм. Жишээ нь анхны сэтгэгдэл, анхны болзоо гээд бидний мартаж чаддаггүй зүйлс. Тиймээс үүнийг үгүйсгэж өөрийгөө хүчлэлгүй харин хүлээн зөвшөөрөх нь чухал юм.
Нүдээ аниад цагаан өнгөтэй заан битгий бодоорой. Ингэхэд цагаан өнгөтэй заан л хамгийн эхэнд бодогдож байгаа биз. Яг үүнтэй адилхан чи түүнийг бодохгүй гэж өөрийгөө хүчилж байгаа нь түүнийг бодох хамгийн том шалтгаан байж болох юм.
Бас замбараагүй олон бодол эргэлдэж зарим сөрөг бодлоосоо болж өөрөө өөрийгөө зэмлэж байна гэж бичжээ. Судлаачдын үзэж байгаагаар хүмүүсийн тархинд өдөрт 50 мянга орчим бодол эргэлддэг ба энэ бүх бодлууд бүгд эерэг байдаггүй. Эерэг сөрөг бодлууд аль аль нь бидэнд бий. Гэхдээ сөрөг бодлууд хэт ихэдвэл энэ нь таны бие, сэтгэл зүйн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юм шүү. Тиймээс сөрөг бодлуудаа гадагшлуулах аргад суралцаарай.
Эхлээд та өөртөө тухтай орчин бүрдүүлж , нүдээ аньж биеэ суллаад хамраараа урт амьсгал авч амаараа гарган тайвшруулна.
Дараа нь таагүй айдас түгшүүр төрүүлж буй бодлуудаа бичээрэй.
Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач А.Энхжавхлан
АСУУДАЛ: Хүнтэй хэрхэн дотносдог юм бэ?
Сайн байна уу? Би саяхан 19 хүрсэн, эмэгтэй оюутан. Хоёр гурван сарын өмнөөс нэг зүйлийн талаар бодохоор стрессдэж сэтгэлээр унах гээд байдаг боллоо. Хичээлдээ ер нь “их сайн” гэхдээ гоц гойд юм бол байхгүй. Яахав арван жилээ онц төгсөж тэтгэлэгтэй их сургуульд орсон. Гэхдээ миний хүрээлэлд надтай зэрэг гараанаас эхлээд надаас илүү амжилтыг гаргасан асар олон хүмүүс бий. Зарим нь бүр хичээлийнхээ хажуугаар ажил хийж байхад би хэзээ ч ажил хийж үзээгүй мөнгө муутай аав ээжийнхээ мөнгийг хэрэглээний мөнгөндөө асар ихээр зарцуулдаг. Бас тэтгэлэгээ авч үлдэхийн тулд цаашид маш өндөр голч хадгалах ёстой. Үгүй бол эргэж хэдэн саяыг буцааж тэтгэлгийн сандаа төлнө. Манай гэр бүл зээлтэй. Тийм мөнгө байхгүй л ээ. Гэтэл би тэтгэлэгээ алдахын ирмэг дээр байгаа.
Гол асуудал нь би бусад шиг гадуур зугаацаж явахгүй “nerd” царайлчихаад байж байхад бусдын хэл ам дээрэлхүү өнгө аясаас айгаад байна. Намайг хичээлээс өөр юм мэддэггүй элдвээр муу хэлнэ эсвэл зарим бүдүүлэг нь санаатай санамсаргүй нүдэн дээр муулна. Гэтэл миний хувьд би хангалттай залхуурдаг зүгээр байдаг цагаа хий дэмий өнгөрүүлдэг. Хааяа гарч орж архи согтуурах ундаа хэрэглэх нь ч бий. Гэвч энэ нь нөгөө бусад хүмүүсийн хувьд юу ч биш. Би тэдний нүдэнд хичээлээс өөр юм мэддэггүй амьтан.
Хоёрдугаарт хааяа ганцаарддаг. Гэр бүлийнхэн тэр бүр миний хичээлийн их ачаалал, асуудлыг ойлгодоггүй. Зүгээр намайг ингэж их хичээл хийж байж худлаа сүржигнэж байна гэж боддог. Гэтэл бид ямар их өрсөлдөөн дунд байгаа билээ дээ. Ингэж их хичээж байхад ангидаа ч хамгийн топ гуравт багтаж чадахгүй. Бусад шиг сайн найз надад байхгүй. Өнөөдөр сэтгэлээр унахад хамт гарах, ярилцах хүн үгүй. Яахав гайгүй харилцаатай найз эсвэл танилууд байгаа л даа. Гэхдээ тийм дотно биш, бас хүнтэй дотносож чаддаггүй. Сүүлийн үед үнэхээр шөнө болтол хоорондоо чатлаад эсвэл видео тоглоом тоглох зав алга. Тэрнээс болоод л найзгүй байх. Гэхдээ л хэцүү байна яах вэ? Өөрийхөө боломж бололцоог бүрэн дүүрэн ашиглъя гэсэн ч хэзээ ч хангалттай хичээж чадахгүй байна.
ЗӨВЛӨГӨӨ: Мэдрэмжээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөөрэй
Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Их сургуульдаа тэтгэлэг авсанд нь баяр хүргэе. Таны сайн хичээж байгааг, таныг ойлгоосой, бусад хүмүүс таны хичээл зүтгэлийг үнэлээсэй гэж хүсэж байгааг тань ойлгож байна. Бидний эргэн тойронд байгаа хүн бүр өөр өөрийн хувийн орон зайтай мөн өөр өөрийн бусдаас ялгарах давуу болон сул талтай. Таны давуу тал юу вэ? Та заавал бусадтай адилхан байх ёстой юу? Таны хийж буй үйлдэл, өөртөө цаг гаргаж өөрийнхөөрөө чөлөөт цагаа өнгөрүүлж байгаа нь танд таатай байгаа бол тэрийгээ бусдад илэрхийлдэг байгаарай. Гэр бүлийнхэндээ өөрийнхөө юу мэдэрч байгааг илэрхийлсэн үү? Хэцүү байгаагаа, хичээж байгаагаа хэлсэн үү? Бид өөрөө л хэлэхгүй бол бусад хүмүүс чиний юу хүсэж байгаа, чамд ямар дэмжлэг хэрэгтэй байгааг мэдэх боломжгүй шүү дээ.
Мөн ганцаардаад байна гээд өөрийгөө нийгмээс тусгаарлахгүйгээр харин түүнийг байгаагаар нь хүлээж аваад үзвэл ямар вэ? Мэдрэмжээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөөрэй. Уйлмаар байвал уйлж, хэцүү байвал хэцүү байна гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Сөрөг сэтгэл хөдлөлийг хүлээн зөвшөөрөх нь эерэг сэтгэл хөдлөл бий болгох суурь тавигддаг шүү. Би бусадтай дотно болж чаддаггүй гэдэг бодлоо би бусадтай дотно болохын тулд хугацаа зарцуулдаг гэсэн эерэг бодлоор солихыг хичээгээрэй. Олон асуудал тулгараад байвал дэс дараалж бичээд өөрийн зүгээс хийж чадах зүйлийг төлөвлөх арга хэмжээ авах нь үр дүнтэй байдаг. Өөрийгөө буруутгаж шүүмжлэхээ хойш тавиад шийдэлд төвлөрөөрэй.
Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д.Даваасүрэн
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх