Хичээлийг эхнээс нь л "ураад өгье" гэсэн боловч амралтын горимоосоо салж чадахгүй, бие сульдаж ядраад, нойр хүрч, хичээлийн цаг гунигтай, уйтгартай санагдах үе бишгүй л тохиолддог биз? Тийм үед хэчнээн дуртай хичээл ч сонирхол татахгүй, хурдан тараасай гэж боддог шүү дээ. Тэгвэл хичээлийн цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэн, нойр сэргээх хэдэн аргуудаас хуваалцъя.
1. Цаг харахгүй байх
Байн байн цаг харж, тарахаа хүлээх нь цагийг бүр ч удаан өнгөрч байгаа мэт мэдрүүлж, нойр хүргэх болно. Багшийнхаа ярихыг сонс, ангийнхаа хүүхдүүдийг ажигла, тэмдэглэх зүйл байвал бичиж ав. Цагны тухай бодлоо март.
2. Урагшаа суух
Аль болох арагш сууж, багшийн нүднээс хол байх гэж хичээх нь анхаарлыг чинь сарниулж хичээлд идэвхгүй болгоно. Мэдээж хичээл сонирхолгүй санагдвал цаг руу ахин дахин харах хэрэг гарна, нойр хүрнэ. Харин оронд нь урагшаа сууж, анхнаасаа л хичээлээ ойлгох гэж оролдвол чамд сонирхолтой ч санагдах юм билүү? Ингэж чадвал цаг ч яг л пуужин шиг хурдан өнгөрнө.
3. Анхаарлаа төвлөрүүлэх гээд үз дээ
Самбар луугаа харсан ч чиний толгойд өчигдөр орой үзсэн киноны чинь тухай л бодогдоод байвал яах вэ гэж үү? Тэр бодлоо толгойноосоо авч хаяад самбарт бичсэн зүйлсийг эхнээс нь бага багаар ойлгох гэж хичээгээрэй. Багшийнхаа юу ярьж байгааг сонсоод үз. Чамд таалагдах болно гэдэгт найдаж байна. Гэхдээ эхэндээ чадахгүй байсан ч битгий урам хугараарай. Өсвөр насныхан, насанд хүрсэн хүмүүс анхаарлаа аливаа зүйлд хамгийн ихдээ 20 гаруй минут төвлөрүүлж чаддаг гэсэн судалгаа бий. Магадгүй чи тэр алтан 20 минутаа зарцуулчихсан ч байж болох юм. Тун удахгүй 20 минут чинь эргээд ирнэ.
4. Өөрийгөө бэлд
Хичээлийн цаг урт санагдах, нойр хүрэх бас нэг шалтгаан бол бэлтгэлгүй хичээлдээ орох. Их өлссөн үед, эсвэл ариун цэврийн өрөө рүү яаралтай гүйх ёстой болсон үед, эсвэл өмнөх шөнө нь хойр муутай хоносон бол хичээлийн цаг хамгаас удаан санагдах болно шүү. Тиймээс урт хугацаанд хичээллэхээр бол биеэ бэлдэж орж байгаарай.
5. Өрсөлд
Хүүхдүүд хичээлийн цаг дээр багштайгаа харилцан ярилцаж, асуусан асуултад нь эхэлж хариулахын тулд анхаарлаа төвлөрүүлж, даалгаж өгсөн даалгаврыг нь нэгнээсээ түрүүнд хийж үзүүлэх гэж уралдаж байвал чи ч бас тэдэнтэй нэгд. Мэдээж тэдэнтэй хамтарч, өрсөлдөж, багшдаа дэвтрээ үзүүлэх гэж хичээж байх хооронд чинь хичээлийн цаг нэг мэдэхэд дууссан байх болно, бас юун нойр хүрэх. /кк/
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх