Яруу найрагч Батжаргалын Одгэрэл нь 1967 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн ба 1999-2003 онд ОХУ-ын нийслэл Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж төгсжээ. Тэрбээр 2003 онд “Үл таних зочин” хэмээх яруу найргийн цорын ганц ном хэвлүүлсэн байна. Ингээд та бүхэнд түүний онцлох 9 шүлгийг хүргэж байна.
Арван долооны цайвар саран
Арван долоотой охин шиг гэгээтэй
Тэргэл дүүрэн гэрэлтэй байсан
Тэрхэн мөчийг нь санахад жаахан гунилтай
Орхин замхрах энэ миний гэрэлт залуу нас шиг тэр
Тэргэл саран бүдгэрэн сэмэрсэн нь
Охин хонгорууд арван долоо хүрэх шиг
Тийм амтлаг хийгээд хөнгөн гунигтай.
***
Энгийн байх, гунигтай, хатуу, бардам явахын учрыг
Энэ үеийнхээ цэцэрхэгчдээс илүү би мэднэ
Өдөр бүрийн амьдралыг өвдөж, өчнөөн давж мэдрэхэд
Өндөр утга, эгэл үнэн оршдогийн учрыг мэднэ
Ердийн хямд зугаанд бид сохорч, зовлонд тэнцэхээн больдог
Ертөнцийн гэгээрэх мунхрахын үл үзэгдэх хуулийг үзэгдэх болтол жижгэрдэг
Адгуусан дунд ч байдаг амгалан, цэцэн, жинхэнэ зохирол
Анд нөхөд, тамхины утаан дунд алга байгааг мэднэ
***
ANTISEXUS
Хамаг сайхныг чинь арччихаж мэдэх үнсэлтээс
Халгасаар би зугтаж явна
Халуун сэтгэлээр чи гомдоод
Харах бүр улам гоо болоод байна
Хүршгүй сайхныг чинь эвдчихэж мэдэх тэврэлтээс
Хүчээр би зугтаж явна
Хүнээс далдуур чи уйлаад
Хүлцэх бүр улам гоо болоод байна
Гэрэл гэгээг чинь халхалчхаж мэдэх шөнөөс
Гэлмэсээр би зугтаж явна
Гэнэт тодорсон гэрэлдээ цэцгийн үр боловсроод
Гэм нүглийн алтан жимсийг бусдад тэсгэлгүй хазуулсан байна
***
С.Анудард
Ханан дахь цагийн зүүний
Явсан мөр үзэгдэхгүй
Үзэгдэхгүй явсан
Цагийн зүүний мөр
Хананд
Хананд, цаганд, зүүнд
Үзэгдэхгүй мөрөнд
Явсан
Үзэгдэх нь хана
Цаг зүү мэт
Үзэгдэхгүй болно
Цаг, зүү, хана...
Үзэгдэх болно
Явсан.
***
Өнгөрч өгдөггүй цаг хугацаа
Үе үе алга болсон байх юм
Хүрэлцдэггүй энэ цагийг эмнэлэг, галт тэрэгний ч юм уу
Хүлээлгийн өрөөнд үрэхсэн
***
Зуухын Баянголд манайх нэг жил
Зусаж намаржсан санагддаг юм
Цэл залуу ээж гаднаа дэлгэц бэлдээд
Чихэртэй хорхой ааруул тавьж байсныг санадаг юм
Удалгүй нэг л мэдэхэд зун өнгөрөөд
Уул руу нэрсэнд явах амттай яриа сонсогдсон
Ярьсаар байгаад л саахалтын ах эгч нар нийлээд
Явах өдөр нь болчихсон байсан
Шуудайнд жимсний бидон хийж ганзгалаад шузган дээрээс
Шуугилдаад уул руу мордоод явчихсан
Тээр болно гээд намайг загнаад үлдээсэн
Тээр жилийн намрыг би ердөө мартдаггүй юм
***
Өвөөгийнд зусч байсан үеэс санаж байгаа зарим үгс
Аргалаа хучаарай бороо орох нь
Араг хийсч явна, тугалаа хашсан уу
Эмээгийнхээ араас яв, хонь уруудчихлаа
Эмээлээ оруул, яндангаа буулгачих
Хаалга битгий голло, аянга буудаг юм
Хаяагаар ус орох нь ээ, шуудуу татая даа
Амьсгалж байх шив зүсрэх нь дээ
Их ус буулаа Эрхтий харагдахгүй байна
Орой нь цоорхой юм, орох нь
Оройтоогүй яг цагаа оллоо газрын гарц ч сайжрана даа
Гол нэмэгдэнэ дээ адуугаа нааш нь гаргахгүй
Гал алдахгүй л бол байна араажаваа сонсоорой
Аргамжиж хоноё доо чөдөр тосолсон уу
Айргаа хэд бүлээрээ тараг идээд унт, хүний аманд орчих гээд
***
Ханын толь тунгалаг цөөрөм шиг
Хажуугаар нь өнгөрөхүй сүүдрээр арчина
Толины эрдмээр гүнд нь хөдлөх дүрс шиг
Тоймог хуврагийн доторх юмс чимээгүй
***
Өрөөнд орж ирчихээд дуугүй суухыг чинь тэвчиж байхад ч
Өнгөрч байгаа шүү дээ амьдрал
Өдөр бүр ингэж үрэгдэж байгаа мөчүүдийг
Үнэ цэнтэй болгож байгаа нь чамайг тэвчихүй
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх