Бидний суралцсан түүх: Тэд хэрхэн код бичиж сурсан бэ?


Дэлгэрцэцэг | YOLO.MN
2022-08-04

Аливааг өөрийн хүсэл тэмүүллээр сурахад жинхэнэ мэдлэг үлддэг. Хэн нэгнээр заалгаж, гэрийн даалгавар хийх гэж үстэй толгойгоо зулгаалгүй өөрийн гэсэн хобби, сурах эрмэлзэлтэй байх сайхан. Ингээд Yolo.mn сайтын “Бидний суралцсан түүх” цуврал нийтлэлийн энэ удаагийн дугаарт код бичиж суран, хоббигоо ажил болгож чадсан гурван залуугийн түүхийг хуваалцаж байна.

Хантамир: Anitrack орчуулгын багийн үндсэн хөгжүүлэгч @mkhantamir

2020 оны арваннэгдүгээр сарын 13-аас анх код бичиж сурч эхэлж байсан. Яг тэр өдрөөс хөл хорионы өдрүүд эхэлсэн шүү дээ. Тийм болохоор сайн санаж байна. Сурахаар шийдсэн даруйдаа л оролдож эхэлсэн. Анх код сурах болсон шалтгаан бол “Анимакс”-ыг хакердах, аль эсвэл үнэгүй анимэ үзэх боломж хайж л эхэлсэн. /инээв/  Яг тэр үед веб сайт хийх сургалтын зарын пост олж харсан юм. Тэгээд л “Үүнийг л суръя, сайт хакердаж сурчхаад Анимакс руу чөлөөтэй оръё” гэж бодсон ч эхэлснээсээ хойш Анимакс руу ороогүй, өөр сайтуудад ажиллаж байгаа.  

Хөл хорионд байсан болохоор өдөр 12, 1 цагийн үед босоод шууд л кодоо бичдэг байсан. Тэгж өдөржингөө сууж байгаад үүрээр 4, 5 цагийн үед буцаж унтах маягаар л карантины өдрүүдийг өнгөрөөж байлаа. Тухайн үед сургууль дээрээ C++ бага зэрэг сурсан байсан болохоор бяцхан туршлагатай ч эхлэхдээ “HTML”, “CSS”-ээс эхэлсэн.  Дараа нь Javascript гэдэг программын хэлийг сурсан. Одоо хүртэл Javascript-ээр бичдэг. Анх код бичиж эхэлж байхад би тийм ч сайн компьютертой байгаагүй. Нэг команд өгчихөөд л 3 минут хүлээж суудаг байсан.

Ингээд сургалт маань гуравдугаар сард дуусаад 2 сар гаруйн хугацаанд бие дааж суралцаж, дөрөвдүгээр сард нэгэн “Start Up” компанид ажиллахаар болсон юм. Мөн л “Start Up”-даа есдүгээр сар хүртэл ажиллаж байгаад одоо монголын и-спортын холбоо “Mesa”-д ажиллаж байна.

Анхны ажил маань манай гэрээс нэлээн  хол байсан болохоор ч тэр үү, аав ээж дургүйлхдэг байсан. Харин одоо намайг ойлгож дэмжиж байгаа. Яг одоо олон төслүүд дээр ажиллаж байна. Жишээ нь "Playmo", "Streamhub" гэх мэт. Хамгийн ахны бие даан ажиллаж байсан төсөл бол Анитрак хадмал орчуулгын сайт байсан.

Одоо тэр сайтынхаа Version 3-ыг гаргахаар ажиллаж байна.  Энэ жил “Харуул Занги” буюу мэдээллийн аюулгүй байдлын тэмцээнд U18 төрөлд багаараа оролцоод эхний шатанд 2 дугаар байранд орсон, хоёрдугаар шатанд харин гуравдугаар байранд шалгарсан. Цаашдаа хийхийг хүссэн, төлөвлөсөн төслүүд олон бий. Бас би том системтэй компанид ажиллаж үзэхийг хүсч байна. 

Код сурахаар сонирхож байгаа хүүхэд, залууст юу гэж зөвлөх вэ?

Код дөнгөж сурч эхэлж буй бол өөрөө бие даагаад хийж үзэх хэрэгтэй байх. Гадаад хэлтэй бол Youtube-ээс бичлэг үзэж болно. Гадаад хэлгүй бол 1234.mn гэх зэрэг олон чанартай эх хэл дээрх сургалтууд байгаа. Аливаа шинэ зүйлийг өөрөө бие дааж сурч, туршихад  алдаагаа илүү сайн анзаардаг. Нэг мөр код бичээд л алдаа гарч ирнэ. Тийм үед  хүнээс шууд асуулгүй өөрөө судалж, уншвал олон зүйлийг сурах боломжтой шүү. Түүний дараа ямар нэгэн зүйл бие даан эхлүүлж үзээрэй. 

Эрдэнэ-Оч: Web Developer @ochk00

9 дүгээр ангидаа аюулгүй байдлын сургалтад суугаад “Цаашдаа үүний л карьераа болгоно доо” гэж шийдсэн. Гэхдээ тэрнээс ч өмнө, бага ангидаа “Cheating” гэх tool-ээр тоглоом хакердаж мөнгөө ихэсгээд, дараа нь PC орж цагийг нь сунгах гэж оролдоод амжилттай болсон. Тэр үед л анх “хакерлаг” мэдрэмж авч энэ салбарыг сонирхож эхэлж байсан. Анх хак сурч байсан бол одоо программын хэлнүүд сурч байгаа. Сурах тусам улам “сугаа” мэдрээд л, хэзээ ч хангалттай санагддаггүй. Одоо ч гэсэн тийм. 2020 оны наймдугаар сард Mazala багт орсон. Тэнд миний youtube-ээс л үздэг байсан ах Discord өөрөө яриад л, хичээл заагаад, их догь байсан шүү.  Би анхандаа ичээд, биеэ бариад юу ч ярьж чадаагүй.  Дараа нь бага багаар багийнхаа гишүүдтэй дотно болсон. 

Нэг хэцүү “цикл” байдаг. Youtube-ээс заавар бичлэг үзээд тэрийгээ л дагаад хийдэг үе юм л даа. Гэхдээ бие дааж олон дахин оролдоод, авахыг нь аваад, хаяахыг нь хаяж, эвлүүлж хийсээр одоо тэр циклээсээ гарахыг хичээж байна. “Харуул Занги 2021”  манай багийн анхны тэмцээн байсан.  Манай баг гурван хүний бүрэлдэхүүнтэй. Шагнал авч, байр эзэлнэ гэсэн ямар ч хүлээлтгүй орсон чинь эхний шатандаа тэнцээд бүр сүүлийн шатанд орчихсон. Маш олон томчууд, оюутнуудтай өрсөлдөөд шүү дээ. Үнэхээр их баярласан. Тэрнээс өмнө би Hackateen-д ороод төсөл бичдэг төрөлд нэгдүгээр байр эзэлж байсан. Үнэхээр догь. Түүндээ бэлдэхийн тул өдөр бүр хичээлээ тараад орой 11, 12 цаг хүртэл бэлддэг байсан л даа. Энэ жилийн "Харуул Занги U18"-д их хүлээлттэй, өөрсдөдөө итгэлтэй орсон ч 2 дугаар байранд орчихсон. Нэгдүгээр байранд орно гэж өрсөлдсөн ч хоёрдугаарт шалгараад их хурцлагдсан. Гэхдээ одоо би сайжрах арга барилаа олчихсон гэж бодож байна. Бодож, төлөвлөсөн зүйл их бий. 

Код сурахаар сонирхож байгаа  хүүхэд, залууст юу гэж зөвлөх вэ?

Сургуулиасаа юу ч битгий хүлээ, биеэ дааж сурч эхлээрэй. Эцсийн эцэст хэнээс ч биш зөвхөн өөрөөс чинь л бүх зүйл шалтгаалах юм шүү. Ямар ч IT-гийн салбарын экспертээс асуусан хэлэх байх. C++-ээс эхлээрэй. Анимэ битгий их үзээрэй./инээв/

Ууганбаяр: Junior Pentester @uug4na

10 дугаар ангидаа зөөврийн компьютертой болоод гүнзгий сонирхож эхэлсэн. Termux гээд Terminal Emulator хийдэг апплейкшин байдаг. Түүнийгээ сайн ойлгохгүй ч гэсэн "Tool, Script" ажиллуулж үзэж, оролдоод янзын “хакерлаг” мэдрэмж аваад л их сонирхол төрсөн дөө. Ингээд youtube-ээс бичлэг үзэж эхэлсэн. Хамгийн анх FantasM (youtube.com/c/FantasM) гэх youtube сувгийн бичлэгийг үзэхэд их амар, тодорхой санагдсан. Ингээд нэг өдөр ШУТИС-ийн “CCS” гээд аюулгүй байдлын клубийн элсэлтийн постыг олж харсан. Ингээд клубт элсээд 3,4 дүгээр курсийн ах эгч нараас бодит зөвлөгөө авч, бүр хэрхэн Google-ээс зөв хайлт хийхээс эхлээд мэддэг болсон. Долоо хоног бүрийн баасан гарагт хичээлээсээ чөлөө аваад Зүүнхараагаас Улаанбаатар руу клубтээ суух гээд л явдаг байлаа. Ингээд ковид гарч онлайнаар Мazala багт орсон. 

Багт байх яах аргагүй олон давуу талтай юм билээ. Мэдэхгүй үедээ асуух хүнтэй бас олуулаа бичиж байгаа болохоор шантрах магадлал бага. Өдөржингөө оролдоод л, хүмүүсээс асуух зүйл юу байна, шинэ сурах зүйл юу байна гэж байнга эрэлхийлдэг байсан. Одоо бодоход сайжирахад нэлээн хугацаа орсон юм шиг санагддаг ч сууриа сайн тавьсан байна лээ. Тэр үед сурсан зүйлс маань толгойд мартагдахгүйгээр үлдсэн болохоор одоо их хэрэг болдог. 

Анх хак сонирхож байхдаа нэг үзээд л дагаад хийдэг байсан. Тэр буруу юм билээ. Дагаж хийхээс илүү хийж байгаа зүйлээ яаж ажиллаж байгааг ойлгох хэрэгтэй. Мэдээж хийх тусам улам хэцүү сорилтуудтай таардаг. Өөрөө оролдож, туршиж үзээд дагаж хийдэг байдлаасаа гарч эхэлсэн. “Харуул Занги 2021”-т өөрсдийгөө үнэхээр сайн байна гэж бодоогүй ч сүүлийн шатанд үлдсэн нь гоё байсан. Бас онлайн Hacking тэмцээн олон улсад их болдог, бид ч идэвхтэй оролцдог. Харин энэ жилийн "Харуул Занги U18"-д манай баг хамгийн сайн чаддаг зүйлээрээ 2 дугаар байранд орсон. Энэ тэмцээнээр өөрсдийгөө ямар хэмжээнд байгааг мэдрэхэд том түлхэц болсон. Үеийнхэн маань ч сайн байсан. Одоо харин дараагийн тэмцээнүүддээ сайн оролцохын тулд шаргуу суралцах хэрэгтэй. Бас би өөртөө чөлөө цаг гаргаж, зураг их сонирхдог болохоор урланд явахыг хүсч байна.

Код сурахаар сонирхож байгаа  хүүхэд, залууст юу гэж зөвлөх вэ?

Бид Монгол хэл сурахын тулд 35 үсгээ эхлээд сурах ёстой гэдэг шиг аливааг эхлэхийг тулд заавал нэг цэг хайгаад байдаг шүү дээ. IT сурч байгаа хүмүүс, ялангуяа аюулгүй байдал оролдож эхэлж байгаа хүмүүс ч гэсэн нэг зүйлээс татаж авах гээд л хүлээгээд байдаг. Гэхдээ үнэн хэрэгтээ үүний оронд хаанаас нь ч хамаагүй эхлэх хэрэгтэй. CTF ч байж болно. Хүлээгээд л байх юм бол тэр нь хэзээ ч ирэхгүй. Цогц салбар учраас хаанаас ч хамаагүй барьж авбал яваандаа бүгд уялдаж эхэлдэг шүү. 

#Технологи