Бидний суралцсан түүх: Playmo, Wemax сайтын орчуулагчидтай танилц


Дэлгэрцэцэг | YOLO.MN
2022-08-01

Аливааг бие даан сурахад жинхэнэ мэдлэг үлддэг. Хэн нэгнээр заалгаж, гэрийн даалгавар хийх гэж үстэй толгойгоо зулгаалгүй өөрийн гэсэн хобби, сурах хүсэл тэмүүлэлтэй байх сайхан. Ингээд Yolo.mn сайтын “Бидний сурсан түүх” цуврал нийтлэлийн энэ удаагийн дугаарт бие даан кино орчуулга хийж сурсан, бидний сайн мэдэх Wemax, Playmo орчуулгын багийнхнаас онцоллоо.

Бат-Оргил: Wemax орчуулгын багийн үндсэн орчуулагч @orgill_core

2020 оны дөрөвдүгээр сараас Wemax орчуулгын багт элссэн. Үүнээс өмнө хувьдаа солонгос дуу, нэвтрүүлэг дээр ажиллаж, монгол хадмал хийдэг байлаа. Тухайн үедээ солонгос дуу, кинонд сонирхолтой байсан болохоор монгол орчуулгатайг их үзнэ. Үзэхээр орчуулга нь нэг л сэтгэлд хүрч өгөхгүй. Ингээд “Яагаад би өөрөө орчуулж болохгүй гэж” гэж бодоод  youtube-ээс “How to…” гэж хайгаад л яаж хадмал, энкод хийхийг сурсан. Хамгийн анх хадмал хийж болдог “aegisub” гэх программ татаад орчуулгаа хийж эхэлж байсан юм. Тэгж нэг хэсэг ганцаар, бие даан орчуулга хийж байгаад нэг өдөр “Wemax сайтад орчуулагч авна” гэх постыг харсан. Шууд л чат бичээд элссэн. Багт ороод эхэндээ нэвтрүүлэг орчуулж байлаа. Нэвтрүүлэг кинотой харьцуулахад их мөртэй, яриа олонтой, хэцүү санагдсан болохоор сүүлдээ бууж өгөөд цуврал орчуулдаг болсон. 

Ер нь хэний ч анхны орчуулга “модон” байдаг. Минийх ч бас тийм байсан.  Модон орчуулгаа засах л хамгийн хэцүү. Гэхдээ багийнхныхаа үгийг сонсоод, дахин дахин хийсээр сайжирч байсан. Манай орчуулгын баг төлбөртэй болох үед сайтаа хаах шахсан. Хүмүүс хэлэх, хэлэхгүй үгээр доромжлоод л... Тэр үед амьдралдаа гомдож үзээгүйгээрээ гомдсон.

Орчуулгын давуу тал бол чөлөөт цагаараа хийх боломжтой байдал яах аргагүй мөн. Эхэндээ шөнө суухад л хамгийн хэцүү санагдсан даа. Хичээж ажиллаад цалин мөнгө ч авахгүй болохоор ээж аав минь “Шөнө унтсангүй” гээд их зэмлэдэг байлаа. Гэхдээ одоо өмнөхөөсөө хавь илүү дээрдсэн. Төлбөртэй, цалинтай болсны дараа тэд намайг тууштай, үр өгөөжтэй зүйл хийж буйг минь ойлгоод, эергээр хүлээж авах болсон. Бас би бүжгийн студид харьяалагддаг. Одоогоор бүжгээ бүжиглээд, орчуулгаа хийгээд л явж байна даа. 

Орчуулга хийхээр сонирхож буй залууст ямар зөвлөгөө өгөх вэ?

Орчуулга хийхээр сонирхож байгаа бол баг хамт олныхоо үгийг зөвөөр хүлээж авч сураарай. Орчуулга хийнэ гэдэг хэлний мэдлэг, үгийн баялаг дээшилнэ гэхээс илүү хэлийг зөв хэрэглэж сурахад тустай. Тиймээс хэлний зөв хэрэглээтэй болъё гэвэл орчуулга хийж эхлээрэй.

Анужин: Wemax орчуулгын багийн үндсэн орчуулагч @anu_tsogtt

12 дугаар ангиа төгсдөг зун, эд завтай болчихсон байсан үе. Солонгос хэлийг бие даан суралцаж эхэлж байлаа. Угаас компьютертэй ажиллах дуртай байсныг хэлэх үү, кино орчуулах их сонирхолтой санагдаж байсан болохоор ч тэр үү, компьютергүй байсан хэр нь л анхныхаа орчуулгыг утсаараа хийж байлаа л даа. Ингээд Wemax-ийг хуучин Dreamysky байх үеэс нь үздэг байсан болохоор тэдэнтэй холбогдож “Би кино орчуулга хийх хүсэлтэй байгаа юм. Үүнийг үзээд, хянаад өгөөч” гээд анхны орчуулгаа өгсөн. Тэгээд л шимтэн үздэг байсан Wemax сайтынхаа орчуулгын багт орчуулагчаар ажиллахаар болсон юм. Үүний дараа оюутан болж “Орчуулгаа хийнэ дээ” гэж явсаар нэг л мэдэхнээ он гараад өвөл болчихсон.

Ингээд 2020 оны нэгдүгээр сараас орчуулгаа идэвхтэй хийх боллоо. Анхны цувралаа авчхаад эхний ангиа орчуулах жоохон хэцүү байж билээ. Шивээд л байлаа, шивээд л байлаа... Мөрүүд нь хэзээ ч дуусахгүй мэт л санагдсан. Миний амьдралын хамгийн урт мөртэй кино байсан байх. Анх орчуулга хийж эхэлж байгаа хүнд 600, 700 мөр үнэхээр чанга юм байна лээ. Өдөржин суугаад, сүүлдээ толгой өвдөөд л арай хийж дуусгасан даа. 

Анхны цуврал маань техникийн үг хэллэг ихтэй байсан юм. Анхан шатны солонгос хэлтэй хүн тийм цуврал орчуулж эхлээд шууд л цочирдолд орчихсон. Орчуулж дуусаад, киногоо явуулчихаад нэлээн сандарч, догдолж байсан санагдаж байна. “Яана аа, буруу орчуулчихсан байх вий дээ” гэж их санаа зовсон. Гэхдээ хянагч маань их сайхнаар хүлээж аваад “Болж байна, сайн байна шүү дээ. Одоо үүнийг ингээд засчихъя” гээд зөвлөж байсан нь их урам өгсөн. Хянагдаж дуусаад сайтад орсны дараа орчуулгаа дахиж үзээд алдаагаа харж, цааш цаашдаа анхаарах болсон.

Орчуулсан киноны маань постыг page дээр тавихад үнэхээр сайхан санагддаг. Анх өөрийнхөө орчуулсан бүх киноны постыг share хийдэг байлаа. /инээв/ Одоо ч манай page дээрх пост багасаад share хийх маань ч багассан. Манай сайтын хувьд ихэвчлэн Солонгостоо гарч буй драмаг орчуулдаг.

Тийм учраас шөнө сууж ажиллах хэрэгтэй болдог. Эхэндээ хичээлтэй үед шөнө суухад ядарч, маргааш өглөө нь босоход хэцүү байдаг байсан. Одоо бол харьцангуй дасчихсан.  Миний хувьд орчуулга хийж эхлээд нэг жилийн дараагаас хурд сайжирч, хугацааны хувьд арай богино болсон. Кино орчуулах ажил амьдралын өдөр тутмын хэв маягт их нөлөөлөхгүй, зовлон болохгүй нь амар санагддаг. 

Орчуулга хийхээр сонирхож буй залууст ямар зөвлөгөө өгөх вэ?

Орчуулга хийхээр сонирхож буй залуустаа нойргүй явах, тууштай суух зэрэг жаахан золиос гаргахдаа бэлтгэлтэй байгаарай гэж хэлмээр байна. Анхан шатны хэлний мэдлэгтэй байсан ч орчуулга хийж эхэлж чадах болохоор зоригтой эхлээрэй. Мөн орчуулга хийнэ гэдэг чинь түрхэн зуурын сэтгэл хөдлөл байна уу, үнэхээр хийж үзмээр байгаа хүсэл эрмэлзэл үү гэдгээ сайн бодоод үзээрэй. Тасралтгүй 3 цаг суугаад орчуулж чадах эсэхээ сайн ялгаж бодох хэрэгтэй шүү. 

Хишигбаяр: Playmo стрийминг платформын байгуулагчдын нэг, үйл ажиллагаа хариуцсан ерөнхий менежер @khshge

2017 онд анх 1 дүгээр курстээ “Serisu” сайтад “Би чадна” гээд зориглоод орж байсан. Би захын сургуульд арван жилээ төгссөн л дөө. Хэлний тусгай сургалтад явалгүй, англи хэлний хичээлээ үзээд, гэрийн даалгавраа хийгээд л явдаг хүүхэд байсан. Жаахан байхдаа тийм ч их кино үздэггүй байлаа л даа. Орой хоолоо идчихээд зурагт үзэх гэтэл ах “Энэ гоё кино, энийг үзье” гээд миний хүссэн зүйлийг үзүүлдэггүй байсан. /инээв/ Тийм болохоор би кинонд их дуртай байгаагүй. Гэхдээ 2015 онд “American Horror Story”-г Serisu-гээс үзэж эхэлсэн. Ингээд тухайн сайтад орчуулагч авна гэхээр нь “Зориглоод үздэг юм уу” гэж бодсон юм. Гэтэл орчуулагчаар орж байгаа хэр нь би лаптопгүй байлаа. Тэгээд ангийнхаа хүүхдийн лаптопыг гуйж аваад, амралтын өдрөөр орчуулга хийдэг боллоо. Хамгийн эхний кино минь “Daria” байсан. Мөр тийм их биш ч, хэцүү хэллэг олонтой анимейшн л даа. Үг болгоныг нь толиос хараад л анхны орчуулгаа гаргаж байлаа шүү дээ. 

Бас Daria дээр мөр цаг таарсан файл олон улс даяар байгаагүй. Ажиллагаатай хэцүү ажил байсан болохоор нэмэлт хүч болж орж байсан. Өөр ямар нэгэн зүйлд онц сонирхолгүй байсан хэдий ч сонирхсон анхны зүйл минь орчуулга хийх байжээ.  Ингээд жилийн дараа гэхэд орчуулга гарт орж эхэлсэн. Тэр үедээ ойлгохгүй мөр гарвал орхиод сүүлд нь ажилладаг байлаа. Харин манай багийн мундгууд ойлгохгүй зүйлгүй, шууд шууд л шивдэг  байсныг сайн санадаг.

Би эхлэсэн цагаасаа одоог хүртэл ихэвчлэн барууны цуврал орчуулдаг. Serisu байхад жил бүр орчуулагчдын топ жагсаалт гаргадаг байсан. Би тэр жагсаалтад дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг байлаа. Нийтдээ 500 гаруй төслийн орчуулгад оролцсон байсан. Дан ганц Serisu-д биш телевизийн орчуулга ч хийж үзсэн. Анх надаас “Marvel уу,  DC юу?” гэдэг асуулт асууж байсан гээч. Том багт орж байгаа анхны уур амьсгал “аймар” байсан шүү.

Ингээд 2018 онд нэг хэсэг хугацаанд Serisu-гээ ахлаж ажилласан. Бараг хийж үзээгүй зүйлгүй юм байна. /инээв/ Оюутан байхдаа ч орчуулгадаа их цаг зарцуулдаг байж. Гэхдээ одоо би өөрийн хүссэн мэргэжлээр ажиллаж байна. Миний хийдэг ажил орчуулагч биш ч хааяа үнэхээр орчуулга хиймээр санагддаг юм шүү. Үгүйлдэг гэж хэлж болно. 

Орчуулга хийхээр сонирхож буй залууст ямар зөвлөгөө өгөх вэ?

Орчуулга хийж эхлэх үед “Би юу чаддаг юм бэ?” гэсэн бодол их төрнө. Өөртөө итгэлгүй болох, шантрах зүйл олон гарч ирэх болохоор хүсэлдээ, зорилгодоо үнэнч байгаарай. Нэг жил хийнэ гэсэн бол нэг жилийнхээ хугацаанд орхилгүй хичээгээрэй. Алдсан зүйлээ хараад хүнд харамсах, таагүй сэтгэгдэл төрдөг шүү дээ. Алдсан ч гэсэн ичихгүйгээр алдаагаа хүлээж аваарай. Гэхдээ хийж үзээд хүссэн зүйл чинь үнэхээр биш бол болих ёстой цэг гэдгээ ойлгоод бууж өгөх заримдаа зүгээр шүү. 

#Бидний суралцсан түүх