Ж.Эрдэнэбаяр: Дөрвөн жил оюутан байх хугацаандаа дөрвөн өөр ажил хийж үзээрэй


Б.Дариа | YOLO.MN
2023-05-03

“Хүүхэд настайгаа уралдан гүйгээд, хариугүй гүйцдэгийн даваан дээр том хүн болчихлоо. Тав, арав, арван тав гэсээр нэг мэдэхнээ арван наймт боллоо. Том хүн болсон ч томоогүй хэвээрээ арван найман нас юуг урин дуудна вэ?” 

Yolo.mn сайтын “Би 18 насандаа” булангийн эхний дугаарт Ори Медиа ХХК-ийн дэд захирал Ж.Эрдэнэбаяр @erkazio оролцлоо.

Хөнгөн алхаатай, хүнгэсэн хоолойтой, хүрэн хослолоор гоёсон Ж.Эрдэнэбаяр хэзээний л хүүхэд залууст Аппрентис шоуны адтай Эрка-гийн дүрээр танигджээ. Гэхдээ өнөөдөр бид түүний ажил, алба, ахуй амьдралыг асуухгүй. Харин 18 настай Эрка хүүтэй танилцах болно.

Ингээд бидний ярилцлага түүний 18 насны төрсөн өдрөөс эхэллээ. 

- Саяхан 18-тай байлаа. 18 нас өнгөрөөд удаагүй байна. Худлаа, худлаа. /инээв/. Тухайн үед Австрали улсад очоод хоёр жил болчихсон байжээ. Австрали улсын хуулинд насанд хүрээгүй гадаад улсын иргэн заавал асран хамгаалагчтай байх ёстой байдаг. Тийм учраас Австрали Араб айлд амьдарч байлаа. Насанд хүрээгүй болохоор түрээсийн хажуугаар асран хамгаалагчийн төлбөр гэж айлдаа өгдөг. Ингээд наймдугаар сарын 29-нд миний төрсөн өдөр болж 18 нас хүрээд, 30-ны өдөр буюу маргааш нь шууд л тэр айлиасаа нүүж бие даан амьдарсан юм даа. Тухайн үед айлд амьдрах нь илүү зардал ихтэй байсан учраас бие даан амьдрана гэдэг эрх чөлөө шиг л санагдаж байсан даг. 

"Төрсөн өдрөөрөө ямар хүрээлэлд хэнтэй хамт байх вэ гэдгээ би өөрөө шийдэх юм байна, түүний тулд би юу хийх ёстой вэ” гэдгээ дахин санаж, ойлгож байлаа.

- Харамсалтай нь 18 насныхаа төрсөн өдрийг ганцаараа тэмдэглэсэн. Хэдийгээр тэнд очоод нэг жил болсон байсан ч сүрхий дотны найзгүй байлаа л даа. Хичээлдээ явна, хажуугаар нь McDonald's-д ажиллана. McDonald's-д  2 доллар 50 центийн үнэтэй apple pie гэж десерт байдаг. Тэр тортыг төрсөн өдрөөрөө өөртөө авч өгч, идчихээд гэртээ метрогоор харьж байлаа. Тэр үедээ ганцаардаж гунигтай, хэцүү санагдаж байсан ч одоо бодоход ганцаараа байсан ч яаж жаргалтай байхыг, хэрхэн биеэ даахыг сурчээ. Тухайн үед “Амьдралд би угаасаа ганцаараа юм байна. Төрсөн өдрөөрөө ямар хүрээлэлд хэнтэй хамт байх вэ гэдгээ би өөрөө шийдэх юм байна, түүний тулд би юу хийх ёстой вэ” гэдгээ дахин санаж, ойлгож байлаа.

 

YOLO18 настай Эрка ямар хүү байсан бэ?

- 18 настай байхдаа аль хэдийн олон төрлийн ажил хийгээд үзчихсэн, маш хэрсүү, шазруун хүүхэд байсан. Магадгүй энэ нь багийн спортоор хичээллэдэг байсантай минь холбоотой байх. Сагсан бөмбөг, хөл бөмбөгийн спортоос “Зүтгэдэг байх ёстой юм байна шүү, үр дүн харах ёстой, шилдэг нь байх хэрэгтэй” гэж бодож өөрийгөө илүү шахахыг сурсан. Ахлах ангид ороод хөнгөн атлетикаар хичээллэдэг боллоо. Хөнгөн атлетик бол багийн спорт биш. Алдаа, оноо бүгд зөвхөн надаас л шалтгаална. Маш удаан бэлдсэн ч аравхан секунтийн гүйцэтгэл л үр дүнг шийддэг. Энэ л спортуудаас би 18 насныхаа сэтгэлийн дотоод хүчийг олж авч байсан юм болов уу даа.

 

YOLOЯмар дуу сонсдог байв?

- Bruno Mars-ын Grenade гээд дууг нилээн их сонсдог байсан санагдаж байна. Өөрийгөө яг л олстой зүйл чирээд алхаж байгаагаар л төсөөлдөг байлаа шүү дээ. /инээв/ Тэр үед энэ дуу маш хит байсан. Харин хичээлээ тараад ажилруугаа явахдаа илүү цоглог, эрч хүчтэй ажилдаа  орохын тулд  Duft Punk-г сонсдог байлаа. Харин “эмо” үеүддээ D45-с эхлээд бас л“эмо” хамтлагууд их сонсдог байж. /инээв/ Хол байгаа хүн чинь гэрээ, хайртай хүмүүсээ санах огцом эморлын үетэй байна шүү дээ.


YOLOОлон ажил оролдож, хийсэн гэсэн. Тэр үеийн ажлын туршлагаасаа хуваалцаач.

- Анх 16 насандаа Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд удирдагч багшаар ажиллаж эхэлсэн. Жил хагасын хугацаанд ажиллаад Австралид ирж байлаа. Ингээд Автсралид ирээд олон янзын цагийн ажил, түргэн хоолны газар ажилласаар сургуулиа төгсөхдөө олон зүйлийг сурчихсан байсан. Хүний үгэнд гомддоггүй, тэвчээртэй, шазруун занг ажил хийснээр олж авдаг гэж боддог. 

Бусдад атаархах биш “Надад ч бас ийм зүйл хийх нөөц боломж байгаа юм байна шүү” гэдгийг харахыг хичээдэг. 

YOLOХобби нь юу байв?  

- Яг үнэндээ надад чөлөөт цаг гэж байгаагүй. Сурна, хоёр ч ажил хийдэг байсан болохоор өөртөө чөлөөт цаг гаргахыг хүсдэг байсан ч төдийлөн тийм боломж олдоогүй. Чөлөөт цагаараа ажиллачихдаг байлаа л даа. /инээв/ Надад олддог чөлөөт цаг бол унтахын өмнө орондоо ороод хэвтэх 30 минут, метронд ирж очих 30 минут л байсан юм. Яг энэ үеүдэд өөрөө өөртэйгөө их ярилцаж өнгөрүүлдэг байлаа. Тэр нь миний хобби юм л даа. Ярихдаа “Би энэ долоо хоногт, энэ сард хэр байв, ямар ямар алдаа гаргав, алдаа гаргахгүйгээр яаж хийж болохоор байсан бэ, өнөөдрөөс өшөө илүү Эрдэнэбаяр байхын тулд юу хийх вэ, юунд нь илүү сайн байсан бэ” гэх зэргээр дүгнэж ярилцана. Бас youtube үзэж, article-ууд уншиж үргэлж role model-той байхыг хүсдэг байсан. Би их өрсөлдөөнч хүн учраас миний үеийн залуучууд юуг хийж бүтээж, юу сонирхож байна, ямар салбарт чиглэж байна гэдгийг мэдэж, өөрийгөө сорихыг хүсдэг байлаа. Бусдад атаархах биш “Надад ч бас ийм зүйл хийх нөөц боломж байгаа юм байна шүү” гэдгийг харахыг хичээдэг. “Би илүү хатуу хэцүү замаар тэнд хүрэх гэж байж магадгүй ч энэ бүхэн цааш цаашдаа надад тус болно. Надад хангалттай хэмжээний цаг гарна” гэж бодож, итгэсэн. “Надад чөлөөт цагаараа найзуудтайгаа зугаалах, салхинд гарах цаг зөндөө олдоно. Тэгэхээр одоо би үүнийгээ жаахан хойш тавиад, одоо л хичээчихье” гэж өөрийгөө тайвшруулдаг байлаа.  

YOLOТухайн үеийнхээ role model-ийг нэрлээч?

- Ард санхүүгийн нэгдлийн Ганхуяг захирал миний role model байсан, байсаар ч байгаа. Залуугаараа Хас банкийг босгож, хувийн хэвшил байгуулан ажил олгогч болж чадсан. Би өөрөө ч “Яг ийм л хүн болно доо” гэж мөрөөддөг байсан болохоор түүнээс маш их урам зориг авдаг байлаа. Бас миний аав байна. Аливаад шаргуу, зоригтой байх, ажил голохгүй хийснээр өөртөө санхүүгийн эрх чөлөөг бий болгож болох юм байна гэдгийг түүнээс харж үлгэрлэж явдаг юм.


YOLO18 насандаа нэг өдөр очвол та юу хийх байсан бэ?

- Юу ч бодохгүй, өөртэйгөө ярилцахгүй нэг өдрийг өнгөрөөнө. Хотын төвөөс хол Австралийн хамгийн сайхан газруудын нэг Northern beaches-д очиж далайн эрэг дээр сууж амрах байх. Тэр үед байнга л юманд яарч, ямар нэгэн зүйлээс зугтааж байгаа юм шиг амьдардаг байсан. Тийм болохоор дуртай хоолоо идээд, утсандаа ч хариу өгөхгүйгээр маш тайван байхыг хүсэж байна. 

YOLOТаны зарчим юу байв?

- Өсвөр насанд олон хүмүүс өөрийгөө олох хэрэгтэй гэж зөвлөдөг. Гэхдээ миний хувьд өөрийгөө олох гэж томоор харахаас илүү юунд илүү сонирхолтой байна, юуг илүү хийхийг хүсэж байна, юу хийж байхдаа байн байн цаг харахгүй байна, юу хийж байхдаа жаргал мэдэрч байна тэрийгээ л олох, тэрийгээ л хийх ёстой юм шиг санагддан. Хүн өөрийгөө олно гэдэг 30, магадгүй 40 насны амьдралын туршлага байх. Залуу насанд өөр өөр зүйлд сэтгэл татагдана, шинэ сонирхолтой болж, олон хувирдаг. Цаг үе  ч хувьсан өөрчлөгдөж байна. Өглөө босоод ирэхэд бидний тархинд орж ирэхээргүй сонин зүйлс дэхийн хаа нэгтээ болчихсон байдаг. Тийм болохоор өөрийгөө олох гэж хэт яаралгүйгээр зүгээр л дуртай зүйлээ хийж, цаг алдалгүйгээр хичээллэж, ажиллах хэрэгтэй. Би зүгээр сууж болохгүй л гэдэг зарчимтай. Тийм ч болохоор өөрийнхөө хийхийг хүссэн дуртай зүйлээ олж, бизнесийн удирдлага, олон улсын худалдааны мэргэжлээр төгссөн. 

 


YOLOМэргэжлээ хэрхэн сонгож байв?

- Биднийг бага байхад кинон дээр гадаад хүүхдүүд маш гоё зүйлс хэрэглэдэг, бид нарт тийм зүйл байдаггүй байлаа. “Улс орон бүрд эрэлттэй бараа бүтээгдэхүүн бий. Монгол улсад зах зээлд эрэлт бага бүтээгдэхүүн гадны улсад амжилттай байх магадлалтай. Гадаадад амьдардаг хүмүүсийн хэрэглэж буйг Монголын зах зээлд нэвтрүүлэх боломжтой юм байна” гээд л эдгээр зүйлс сонирхлыг минь татдаг байсан болохоор энэ салбарыг сонгосон. Борлуулалт хийх, ашиг олох, эргээгээд ажлын байр бий болгох сайхан. Ажлаасаа кайф авдаг. Яг түрүүн хэлсэнчлэн 18 настайдаа олон зүйл хийж, туршиж үзсэн байсан болохоор юунд илүү дуртай, юунд сэтгэл татагдаж буйгаа мэдчихсэн байлаа. 

YOLOТэр бүхэн таны мөрөөдөл байв уу? 

- Тэгэлгүй яахав. “Маш амжилттай нэгэн болоод бусдад тэгш боломж олгох ажлын байр, нөхцөл байдлыг бий болгох юм сан, баг бий болгоод түүнийгээ удирдаж чиглүүлж, үр дүн үзэх юм сан” гэж мөрөөддөг байлаа.  Түүгээрээ эргээгээд нийгэмдээ байр суурьтай, идэвхтэй иргэн байхыг л хүсдэг. Одоо 18 насныхаа мөрөөдлөөс тодорхой хэжээнд биелүүлээд ажиллаж амьдарч байна. Яг мөрөөдөлдөө амьдарч буй юм шиг л. 

 


Хүн хэцүү зүйлсийг мэдэрч байх ёстой.

YOLOТэр үеийн тань хамгийн сайхан бас муухай дурсамж юу вэ? Магадгүй таны төрсөн өдөр юм болов уу? 

-Төрсөн өрсөн өдөр минь хэцүү байсан ч муухай дурсамж биш, жаргалтай мөчүүдийн минь нэг. Хүн хэцүү зүйлсийг мэдэрч байх ёстой. Учир нь цаг тулахаар хүн өөрөө өөртөө л тусалдаг шүү дээ. “Өө би асуудлыг чинь шийдээд өгье” гэдэг хүн байдаггүй. 

Би нэгдүгээр курсдээ математикийн хичээлдээ унаж байсан. Тухайн хичээлийн 100 онооны 60 хувь нь ирц, явцын оноо, үлдсэн 40 нь улирлын шалгалтын оноо байлаа. Миний явцын оноо 55 байтал тэр хичээлийн дүрэм нь явцын оноо нь хэд байхаас хамаарахгүйгээр шалгалтын 40 онооноос хамгийн багадаа 30 авч байж тэнцэх байсан юм. Би тэр шалгалтад 26 оноо авсан. Миний өмнөх бүх хичээл  зүтгэл, оноо хамаагүй болчихсон. Надад шударга бус санагдаж маш их хямарсан. Тэр хичээлийг нэг семистер сурахад хамгийн багадаа 6000-8000 доллар байдаг. Гэтэл 8000 долларыг 4 долоо хоногийн турш ажиллаж байж олох мөнгө байсан. Үнэхээр л уйлмаар, шантармаар, гомдмоор санагдаж байлаа. Тэр мөнгийг би дахиж олох ёстой, дахиад энэ хичээлийг үзэх ёстой гэж бодохоор айдастай байсан юм. Гэхдээ мэдээж дараа нь хичээлээ үзээд, давж гарсан л даа.

Харин хамгийн сайхан дурсамж бол сургуулиа төгсөөд өмнө нь ажиллаж байсан газартаа илүү өндөр албан тушаал дээр ажиллахаар болсон минь байх. Гэхдээ бүр маш их баярлаж, нүдэнд нулимс цийлэгнэж байсан үе бол гуравдугаар курст байсан үе юм байна. Тухайн үедээ ресторан хариуцсан захирал болчихсон, дажгүй цалинтай, хуримтлалтай болсон байлаа. Тэр үедээ гэр бүлийнхнийгээ уриад Австралиар аялуулсан. Бүтэн 2 долоо хоногийн турш хамт байж, онгоцны буудал дээрээс “Баяртай” гэж үдээд гэртээ нөгөө л метрогоороо харьсан ч маш сайхан санагдаж байлаа. Хамгийн их санасан хайртай хүмүүстэйгээ уулзаж, өөрийнхөө хичээж олж авсан албан тушаалынхаа цалин, хөдөлмөрөөр аялуулна гэдэг миний хамгийн жаргалтай бас бахархалтай үе байсан юм. 

 

Хэн нэгэнд найдах хэрэггүй. Амьдрал бол нэгийн эсрэг нэг тоглоом.

YOLO18 настай өөртэйгөө уулзвал юу хэлмээр байна?

- Би одоо 26 настай. Найман жилийн өмнөх өөртэйгөө таарвал “Цаг хугацаа маш хурдан өөрчөгдөнө, олон шинэ шинэ зүйлсийг туршиж, хөрөнгө оруулалт хийгээрэй. Мөнгөө зөвхөн хуримтлуулах биш мөнгөө өөрийнхөө төлөө ажиллуулаарай. Зоригтой байгаарай. Бас амьдралд маш олон хөөрхөн, дур булаам бүсгүйчүүдтэй таарна. Тэр бүрт битгий их эмороорой./инээв/ Хүчтэй дурлана, сандарна, бодлогоширно. Үргэлж л “Энэ л миний үүрдийн хайр” гэж бодно. Тэр бүхэнд бас өөртөө зөөлөн хандаарай”гэж л хэлэх байх даа.

YOLOХарин 18 настнууддаа зөвлөвөл?

- Би залуучууд, оюутан сурагчдад зөвлөдөг нэг зүйл байдаг. Сүүүлийн үед мэнтий, ментор, коучтай болох гэх тренд бий болоод байгаа шүү дээ. Байгаа бол сайн байна, байхгүй бол заавал тийм зүйлийг бий болгоорой. Битгий бодож стресстээрэй. Өөртэй чинь хамгийн зохицдог, чиний дотоод хүнтэй тохирдог, би ирээдүйд ийм л хүн болно доо гэж боддог role model-той байгаарай. Тэр хүмүүс заавал чамайг таньдаг байх албагүй.  Тэр хүнийгээ харж урам зориг аваад, өөрөө өөртөө найдаад, өөрийнхөө төлөө хичээх хэрэгтэй. Хэн нэгэнд найдах хэрэггүй. Амьдрал бол нэгийн эсрэг нэг тоглоом. Маш зоригтойгоор заавал сурахынхаа хажуугаар ажил хийгээрэй. Хэдийгээр танай гэр бүл аливаа зүйлээр дутаагүй, баян чинээлэг байж болох ч заавал ажиллаарай. Тэгж байж төлөвшинө, олон төрлийн ажлын туршлагатай болно, өөрийгөө сорьж чадна. Дөрвөн жил оюутан байх хугацаандаа дөрвөн өөр ажил хийж үз. Эцсийн дүндээ дүгнэхэд маш олон дипломтой, айхтар өндөр түвшний боловсролтой хүн биш олон салбарт өөрийгөө зоригтойгоор сорьж чадсан, олон зүйлийг туулсан хүн л хамгийн мундаг удирдагч, манлайлагч болдог юм шүү.

YOLOЯрилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

- Баярлалаа.

 

#Ярилцлага #Би 18 насандаа