Л.Энх-Амгалан: Их сургууль, ЕБС, цэцэрлэгийн хичээлийг шат дараатай эхлүүлнэ


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2022-07-20

Өнөөдрийн хэвлэлийн бага хурлын эхэнд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Ирэх хичээлийн шинэ жилд ЕБС-ийн 760 мянган хүүхэд суралцахаас шинээр 50 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэнэ. Сурагчдын тоо өнгөрсөн жилээс 40 мянгаар нэмэгдэх тооцоололтой байна. Гурван ээлжийн сургуулийг хоёр ээлжид оруулахаар зорьж байгаа ба энэ жилийн өсөлтөөс шалтгаалж гурван ээлжид орж болзошгүй 12 сургуулийн асуудал байгаа ба 12 мянган хүүхдийн талыг буюу 6510 хүүхдийг түрээсийн байраар шийдэж, хоёр ээлжид оруулна.

Улсын хэмжээнд 36 сургууль, 37 цэцэрлэг, долоон дотуур байрыг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ба 16 сургууль, 13 цэцэрлэг, таван цогцолбор 80 хувиас дээш хувийн гүйцэтгэлтэй хөрөнгө оруулалттай байна.

Ирэх хичээлийн жилд хөдөлгөөнийг сааруулах үүднээс бүх их дээд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг үе шаттайгаар эхлүүлнэ.

Энэ жил ЭЕШ-д 36 мянган хүүхэд оролцсоноос 30 мянган шинэ оюутан элсэх ерөнхий таамаг байна.  9,10-р сард төгсөх курсын оюутнууд практикт дадлага хийх байдлаар гэх мэт 1-4-р курсын оюутнуудыг зэрэг биш, шат дараатай хичээлийг нь эхлүүлнэ. Хичээл эхлэх хугацааны нарийн мэдээллийг жичдээ дэлгэрэнгүй өгнө.

1,2-р курсын оюутнуудыг орон нутгийн төрийн өмчит сургуулиудад суралцах нөхцөлийг бүрдүүлэх ба тэр дундаа Дархан, Эрдэнэт, Өмнөговь сургуулиудад төрийн өмчит их дээд сургуулийн шинэ салбар ажиллаж эхэлнэ. Ялангуяа Өмнөговь аймагт ШУТИС-ийн харьяа сургуульд уул уурхайн мэргэжлийн давхардаагүй хөтөлбөрөөр үйл ажиллагаа эхэлж цаашдаа Оюутолгой компанитай хамтарч ажиллана.

Энэ жил нийт 30 мянган оюутан их, дээд сургуульд элсэнэ. Өнгөрсөн жил 36 мянган хүүхэд их дээд сургууль төгсөхөд 6000 нь ажилтай болсон. Иймд хөдөлмөрийн зах зээлд байгаа мэргэжилтэй уялдуулан сургана.

Хэрэв цар тахлын нөхцөл байдал хүндэрвэл бидэнд танхим болон танхимын бус шийдлүүд бий. Цаашдаа бид хичээл сургалтын хоцрогдол гаргавал нийгэм эдийн засгийн хохирол амсана.

Цэцэрлэгийн элсэлтийг наймдугаар сарын 10-ны дотор багтаан эцэслэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хичээл заах хэлмэрчийн асуудлыг энэ жилээс шийднэ.

Цэцэрлэгийн хамрах сургах тойргийн буруу төлөвлөдөг байсан. Зөвхөн төрийн өмчийн цэцэрлэгийн багтаамжид үндэслэдэг байсан. Иймд хамран сургах тойргийн шинээр төлөвлөж энэ жилээс эхлэн хувийн цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээг хамруулан төлөвлөдөг болсон. Иймд хүүхдүүд амьдарч буй хороо, байрныхаа цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэнэ. Цэцэрлэгийн хангамжийг 70 тэрбум төгрөгөөр хангана" гэв.

#Мэдээ