"Аав “Охинтой минь дахин битгий харьцаарай” гээд миний утсыг хурааж авсан"


Үжин | YOLO.MN
2016-12-20

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Найз хөвгүүнтэй боллоо гэж тэд маш их уурласан

Өнөөдөр л гэхэд тэр намайг нэг л биш байгааг анзаараад юу болсныг асуусан ч би энэ тухайгаа хэлж чадалгүй түүнээс зугтаж, явуулсан нь түүнд их л хүндээр туссан бололтой гунигтай царай гаргаад яваад өгсөн.

Сайн байна уу? Би одоо төгсөх ангийн сурагч.
Удалгүй их сургуульд элсэх болохоор ЭЕШ өгөх хичээлийнхээ дагуу нэг сургалтад сууж эхэлсэн юм. Сургалтдаа суугаад удалгүй нэг хөвгүүнтэй танилцаж, орой гэр рүүгээ хамт элдэв зүйлийг ярилцангаа алхдаг боллоо. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр би түүнд дасаж, тэр ч надад сайн ханддаг болж эхэлснийг би мэдэрсэн. Ингээд сургалт эхэлснээс хойш яг хоёр сарын дараа тэр надаас өөртэй нь үерхэхийг гуйлаа. Би ч тэр дороо зөвшөөрч хоёулаа үерхээд долоо ч хоноогүй байхад аав маань түүний тухай олж мэдээд бид хоёроос салахыг шаардсан. Түүн рүү залгаж “охинтой минь ахиад битгий харьцаарай” гэж загнаад миний утсыг хурааж авсан. Бид яахаа мэдэхгүй эхэндээ харьцаагаа таслаад үзсэн ч эргээд нийлэх үү гэж асуухад нь татгалзаж чадаагүй. Тэр намайг “бүх зүйл сайхан болно оо” гэж тайвшруулж байгаа ч гэсэн би өөрийгөө үнэхээр зөв зүйл хийсэн эсэхээ мэдэхгүй байна.

Дээрээс нь ээж маань бидний нууцаар харьцаад байгааг мэдчихсэн болохоор надаас үүнийгээ болихыг шаардсан. Бид салсан нь ч дээр юм болов уу гэдэг бодол толгойноос гарахгүй эргэлдээд түүнийг харахаар яг яахаа мэдэхээ байчих юм. Өнөөдөр л гэхэд тэр намайг нэг л биш байгааг анзаараад юу болсныг асуусан ч би энэ тухайгаа хэлж чадалгүй түүнээс зугтаж, явуулсан нь түүнд их л хүндээр туссан бололтой гунигтай царай гаргаад яваад өгсөн. Тэр намайг салах тухай бодож байгааг гадарласан бололтой “салахгүй” гэдэг үгийг хоёр дахиа хэлээч гэж гуйсан аястай байсан. Би яг яахаа мэдэхгүй байна, үүнийг сонссон хүн болгон л намайг тэр хөвгүүнийг орхи гэх юм, гэхдээ тэгэх нь надад хэтэрхий “хэрцгий” юм шиг санагдаад байх юм, магадгүй түүнд энэ тухай хэлэхгүй байгаа нь хатуу үйлдэл үү? Би яг яавал дээр вэ? Надад хариу хэлж туслаач гуйж байна.

ЗӨВЛӨГӨӨ: Тэдэнд ямар нэг хариулт заавал байгаа

Мэдээж бид эцэг эхийнхээ үгэнд орох ёстой боловч эцэг эх ч бас яагаад бидний хүсэж буй зүйлийг хориглож байгаагаа сайн тайлбарлаж ойлгуулах үүрэгтэй.

Сайн уу, юуны өмнө чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Чамд тохиолдоод буй асуудал тийм ч амархан шийдэгдэх асуудал биш гэдэгтэй юуны түрүүнд санаа нийлэх хэрэгтэй шүү.

Ямартай ч эхний ээлжинд ээж аавтайгаа ярилцаж үзэх хэрэгтэй, яагаад энэ харилцааг хориглож байгааг, асуудал яг юунд байгааг сайтар асуух хэрэгтэй. Чамайг хичээлдээ анхаарахаа болих байх гэж айж байна уу, үерхэж байгаа хөвгүүнийг чинь муу хүн гэж харсан уу, эсвэл үерхлээс илүү эрсдэл гарах вий гэж айж сэргийлж байна уу гээд тэдэнд ямар нэг хариулт заавал байгаа. Тэрийг нь мэдсэнээр чи ч мөн үерхэж буй хөвгүүндээ яг юу болоод байгааг тайлбарлах боломжтой болох төдийгүй, өөрөө ч мөн энэ харилцааг яах ёстойг бодож, зөв шийдэх боломж олдох болно.

Мэдээж бид эцэг эхийнхээ үгэнд орох ёстой боловч эцэг эх ч бас яагаад бидний хүсэж буй зүйлийг хориглож байгаагаа сайн тайлбарлаж ойлгуулах үүрэгтэй. Эс бөгөөс эцэг эхээсээ цаашдаа улам л их зүйлийг хэлэлгүй нуухаас өөр аргагүй болно шүү дээ. Энэ ярилцлагын үр дүнгээс дараагийн алхам яаж хийгдэх арга зам гарах тул тэр үед эргэн хандаарай. Амжилт хүсье.

 

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач И.Тогтуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Parents #Хайр #LOVE #Teenagers