Өнгө өнгийн хувцсаар, өөр өөрийн онцлогоор ялгарах Монголын 21 аймаг 9 дүүргээс хүрэлцэн ирсэн 73 хүүхэд ширээ тойрон сууна. Эдгээр хүүхдүүд бол аймаг, дүүргийнхээ “Хүүхдийн Оролцооны Байгууллага”-ын төлөөлөгчид юм.
“Хүүхдийн Оролцооны Байгууллага” гэж та нэг биш удаа сонссон байх. Гэхдээ тэд юуг, хэрхэн хийдэг тухай мэдэх үү?
Аж үйлдвэржилтээс мэдээллийн технологийн эрин зуунд шилжиж утас, цахилгаан, интернэт хөгжсөнөөр захиа занааг нэг минут секунтэд л илгээх боломжтой болсон. Харин түүнээс өмнө харилцаа холбооны хамгийн түгээмэл, боломжтой хувилбар нь шуудан зөөгч тагтаа байлаа. Тагтаа нэг цэгээс нөгөө цэгт хэрхэвч төөрөхгүйгээр оновчтой хүрч хэн нэгнээс хэн нэгэн рүү мэдээлэл дамжуулах, анхааруулан мэдүүлэх дуу хоолой болж байсан юм.
Түүний нэгэн адил “Хүүхдийн Оролцооны Байгууллага”-ын хүүхдүүд бол үе тэнгийнхнийхээ хүсэл зорилго, санал санаачлага, асуудлыг нэгтгэн хүргэх хүргэх тагтаанууд юм.
Ингээд тэдний энэ өдрийн зөвлөгөөнийг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” “Хүүхдийн хөгжил, оролцооны үндэсний сүлжээ”-тэй хамтран “Цагаан нуга” хүүхдийн зусланд зохион байгууллаа.
Арга хэмжээний гол зорилго нь аймаг, нийслэл, дүүргийн хүүхдийн оролцооны байгууллагууд төслийн үр дүнгээ танилцуулж, хүүхдүүдийн санал, санаачилга, оролцоонд тулгуурлан “Монголын хүүхдийн зөвлөл”-ийг байгуулж, хүүхдийн оролцоог хангасан ажлын төлөвлөгөө, төсөл, хөтөлбөр гаргах ажээ.
Нээлтийн дараа оролцогчид тус бүрд оноогдсон “Хүүхдийн эрхийн тухай хууль”-ийг хэлэлцүүлсэн юм.
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн Дөрөвдүгээр зүйл. Хүүхдийн эрхийн үндсэн зарчмын 4.1.5 Хүүхдийг нас, бие, сэтгэлзүйн онцлогт нь тохирсон мэдээ, мэдээллээр хангах.
“Энэхүү танилцуулгаар дамжуулан Хүүхдийн конвенц, хуулийн талаар өргөн мэдлэгтэй боллоо” хэмээн Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн гишүүн Б. Энэрэл хэлж байлаа.
Хэлэлцүүлгийн дараа хүүхдүүд багт хуваагдан, баг бүрд оноогдсон асуудлын хүрээнд “Яаж, хэрхэн шийдэх вэ?” гэх асуултад тулгуурлан үзэл бодлоо хуваалцсан юм.
“Үе тэнгийнхэнтэйгээ санал бодлоо хуваалцсанаар багаар ажиллах, сонсох чадваруудыг олж авахаас гадна өөрийгөө хөгжүүлж, дуу хоолойгоо бусдад хүргэх боломжтой юм байна гэдгийг мэдэж авлаа ” хэмээн Хан-Уул дүүргийн Хүүхдийн холбооны нарийн бичиг Я. Маралмаа хэллээ.
Мөн 2021 оны арванхоёрдугаар сард зохион байгуулагдсан чуулганы үеэр танилцуулсан төслийн тайлангаа танилцуулж, нэгнээсээ суралцан, танин мэдэхийн сацуу “Монголын Хүүхдийн Зөвлөл”-ийн дүрэм журмыг хамтаар хэлэлцэж дараагийн чуулганаар журмаа баталж, зөвлөлийн тэргүүнээ сонгох гэнэ.
Дорноговь аймгийн “Аймгийн Хүүхдийн Зөвлөл”-ийн тэргүүн Э. Дөлгөөнтамир
“Энэхүү чуулганд оролцсоноор би хүүхдийн оролцооны байгууллага хэрхэн үйл ажиллагаагаа явуулдаг гэдгийг мэдэж авлаа. Мөн багаар ажиллах, өөрийгөө илэрхийлэх хувийн ур чадварт ч суралцлаа. Хэрэв чи гадаад болон дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, өөрийгөө сорьж, хөгжүүлэхийг хүсвэл оролцооны байгууллагад заавал хамрагдаарай.”
Сэлэнгэ аймгийн “Аймгийн Хүүхдийн Зөвлөл”-ийн тэргүүн Ц. Батзул
“Энд ирээд би олон найзуудтай болж, дохионы хэл сурсан. Мөн найзуудаасаа суралцаж шинэ арга барил, төслийн санаа авч туршлага солилцсондоо маш их баяртай байна.”
Баянзүрх дүүргийн “Хүүхдийн Холбоо”-ны тэргүүн Б. Отгонгүнж
“Хүүхэд бүр оролцохын хэрээр хөгжиж, хөгжихийн хэрээр хамгаалагддаг. Тиймээс Хүүхдийн Оролцооны байгууллагад заавал нэгдээрэй.”
Дорнод аймгийн Улаан Загалмайн Нийгэмлэгийн дэргэдэх клубийн ахлагч Г. Ариунгоо
“Уг чуулганы дараа би хамтын хүчээр амжилтад хүрч чадна гэдгийг маш сайн ойлгож авлаа.”
Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн гишүүн А. Ариунсайхан
“Өөрийнхөө хүсэл, мөрөөдөл зорилгыг олно гэдэг хамгийн чухал бас гайхалтай зүйл. Тиймээс алхам тутамдаа үргэлж шинийг сурдаг нэгэн байгаарай.”
Монголын Скаутын Холбооны Гишүүн Т. Мандухай
“Хүүхэд залуус өөрсдийн дуу хоолойгоо бусдад хүргэж байгааг харах маш бахархууштай байлаа. Хичээл зүтгэл хүссэн үр дүнд чинь хүргэж чаддаг юм шүү.”
Зургийг: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх