YOLO.mn сайт нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхэд залуусаас захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна..
АСУУДАЛ: Эцэг эхтэйгээ байнга хэрэлдэж, үзэл бодол нийлэхгүй заримдаа бүхий л ярьж буй зүйлс нь залхмаар уур хүрмээр санагдах боллоо.
Сайн байна уу? Би одоо 20 настай эмэгтэй, 2 дугаар курсын оюутан. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд миний амьдрал эрс өөрчлөгдөх боллоо.Яагаад гэвэл гэрт маань байнгын хэрүүл маргаантай байх болсон. Тэдгээрийн шалтгаан нь санхүү мөнгө, эрүүл мэнд, гэр орны асуудал, гэр бүлийн харилцаа гэх мэтчилэн зүйлсээс болдог.Тийм ч учраас эдгээр нь надад маш хүндээр тусаж байнгын сэтгэл зовнилтой, бодлогошронгуй, уур уцаартай байж эцэг эхтэйгээ хэрэлдэж, хэт их үглэх, шүүмжлэл зэрэг нь ядаргаатай санагдаж ам муруйх болсон. Заримдаа амьдрах ч хүсэл байхгүй болж маш олон асуудлууд нь галзууруулах шахаж амьдралаас татгалзан амиа хорлох гэсэн бодол маш ихээр ойр ойрхон бодогдож байна. Энэ асуудлыг яаж шийдэх ёстой вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Асуудлуудаа “ойрын хугацаанд шийдэх боломжтой”, “шийдэхэд хугацаа хэрэгтэй”, “өөрөөс хамааралгүй”, “өөрөөс хамааралтай”, “одоогоор шийдэх боломжгүй” гэсэн хэсгүүдэд хуваагаарай.
Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Гэр бүлийн уур амьсгал таагүй байгаа учраас байнгын түгшүүртэй, ууртай байна гэж ойлголоо. Олон асуудал зэрэг тулгарах үед ихэнх хүмүүс стрессдэж, уурлаж бухимдаж яахаа мэдэхгүй болдог. Энэ нь бусад хүмүүстэй хамааралтай үед бүр ч их стрессддэг. Тэглээ гээд шийдэх боломжгүй гэсэн үг биш. Олон асуудал зэрэг тулгарах үед хүмүүс ихэнхдээ зэрэг шийдэх гэж хичээх эсвэл шийдэж чадахгүй юм шиг санагдаж зугтах хандлагатай байдаг. Тиймээс эхлээд асуудлуудаа “ойрын хугацаанд шийдэх боломжтой”, “шийдэхэд хугацаа хэрэгтэй”, “өөрөөс хамааралгүй”, “өөрөөс хамааралтай”, “одоогоор шийдэх боломжгүй” гэсэн хэсгүүдэд хуваагаарай. Ингэсний дараагаар алийг нь хамгийн түрүүнд шийдэх хэрэгтэй вэ? гэдэгтээ төвлөрөөрэй. Үүний дараагаар хамгийн түрүүнд шийдэхээр бодсон асуудалд чиний зүгээс юу хийх хэрэгтэй байна вэ? Бусадтай хамааралтай бол тэдэнтэй хэрхэн харилцах вэ? Юуг ярилцах вэ? гэдгээ төлөвлөөрэй.
Сүүлийн 2,3 жил амьдрал эрс өөрчлөгдсөн гэсэн байна. 2,3 жилийн өмнө танай гэр бүлд ямар нэгэн үйл явдал болсон уу? Тодорхой ямар нэгэн үйл явдал одоогийн нөхцөл байдалд нөлөөлсөн үү? Хэрүүлийн шалтгаан нь санхүү, эрүүл мэнд, гэр орны асуудал, гэр бүлийн харилцаа гэсэн байна. Жишээ нь: гэр бүлийн харилцаа гэдэгт ямар асуудлууд багтах вэ? Гэр бүлийн харилцаанд юу чиний уурыг хүргэж байна вэ? гэх мэт асуултад хариулж асуудлаа дэлгэрэнгүй бичээд дахин захидал илгээгээрэй. Мөн олон асуудал зэрэг тулгарсан үед бусадтай ярилцах тэр дундаа сэтгэл зүйчтэй биечлэн уулзаж ярилцах нь асуудлаа ойлгох, асуудлаа дараалуулах, таныг өөрөө асуудлаа шийдэхэд чиглүүлж туслах юм шүү. Боломжтой бол сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдаарай.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Сэтгэл судлаач Г.Отгонцэцэг
АСУУДАЛ: Дүү нараасаа болоод хүүхэд шиг байж чадахгүй байна.
Ойрын 2-3 жилийн хугацаанд 2 дүүтэй болсон минь намайг маш их стрессдүүлж, хичээлийн бус чөлөөт цаг, амралтын өдөр гэх мэтчилэн хугацаанд гэртээ дүү нараа хараад өөрөө хүүхэд төрүүлсэн гэрийн эзэгтэй юм шиг л байх боллоо. Аав маань бүр хүүхэдтэй хүн шиг болсон байна хэмээн зэмлэдэг. Хүүхэд шиг ааш алга, догшин ширүүн, уур уцаартай хүн л байна гэх юм. Энэ мэтчилэн үг нь намайг өөрийгөө хүүхэд эсвэл том хүн гэж ялгахад хэцүү болгодог. Гэрээ цэвэрлээд, дүү нараа хараад, хичээлдээ явж, хичээлээ хийж, дүү нараа харах гээд л би үнэхээр завгүй амьдарч байна. Нэг дүү маань олон удаа хатгаа авсны дараагаас чихэрлэг зүйлс идэх, даарахаар харшлын гаралтай хий ханиалгаж уушгины гуурс нь бөглөрдөг. Энэ асуудал надад маш хүндээр тусаж байнга сэтгэл санаа зовниж, тогтворгүй, дарамттай байна. Яг л эх хүн шиг мэдрэмжийг мэдэрдэг гээч. Гадуур гарч үе тэнгийнхэн шигээ зугаалахыг хүсдэг ч боломж бага гардаг. Заримдаа өөрийгөө хэвийн биш сэтгэцийн өөрчлөлттэй болсон юм байх даа хэмээн тест бөглөж, судлаж үздэг. Би сэтгэцийн ямар нэг асуудалтай болсон болов уу? Уг асуудлыг яаж шийдэж, хэрхэн даван туулах вэ?
ЗӨВЛӨГӨӨ:Одоо байгаа нөхцөл байдал үргэлж ийм байхгүй юм шүү.
Сайн уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Дүү нартаа чин сэтгэлээсээ анхаарал тавьж санаа зовж байгаа нь сайн байна. Мөн захидлаас уншихад ямар нэгэн сэтгэцийн эмгэг гэж тодорхойлох зүйл алга. Харин сэтгэл зүйн тулгамдсан асуудал байна гэж харж байна. Тэр нь өөртөө болон найзууддаа гаргах цаг бага байгаатай холбоотой болов уу. Аавдаа өөртөө цаг гаргах талаараа ярилцсан болов уу? Аав нь чамайг өөрчлөгдөөд байгааг анзаарсан байна шүү дээ. Юунаас болж өөрчлөгдөж байгааг аавтайгаа ярилцсан уу? Аавдаа дүү нараа харах цагаа багасгах талаар хэлж үзвэл ямар вэ? Мэдээж дүү нараа харна. Гэхдээ өөртөө цаг гаргах хэрэгтэй байгаа талаараа хэлээрэй. Мөн одоо байгаа нөхцөл байдал үргэлж ийм байхгүй юм шүү. Цаг хугацаа өнгөрч дүү нар нь том болно. Эргээд дүү нар нь том болохоороо чамд туслах болов уу.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Сэтгэл судлаач Г.Отгонцэцэг
АСУУДАЛ: Одоо 20 настай ч ерөөсөө хүнтэй үерхэж үзээгүй.
Би одоо аль хэдийн 20 нас хүрсэн хэдий ч өөрийн насандаа итгэж өгдөггүй. Уг хугацаандаа нэг ч хүнтэй үерхэж, дотно харилцаанд орж үзээгүй. Бусад үе тэнгийнхэн шигээ үерхэхийг хүсдэг ч санаа зовдог. Ар гэрийн асуудал, хөрөнгө мөнгөний ялгаа гэх мэтчилэн зүйлсээс маш их айдаг. Гэсэн ч надтай харилцаа тогтоох гэж оролдож байсан хүмүүс байдаггүй нь намайг бас их гутрааж байна. Бас өөрийгөө голох нэг шалтгаа болдог юм. Би нэг сайн хүнтэй учирч, илүү таниж мэдэн гэрлэлтдээ ариун биеэ хадгалан, гэгээн сэтгэлээ өгч нандин байхыг илүүд үздэг.
Энэ нь хэвийн үзэгдэл мөн болов уу? Зориг гаргаж олон хүнтэй үерхэж нөхөрлөн хорвоотой танилцах нь зөв юм болов уу?
ЗӨВЛӨГӨӨ: Бусдыг таньж мэдэхэд илүүтэй цаг зарцуулахыг хичээгээрэй.
Сайн уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Захидал илгээсэнд баярлалаа. 20 насандаа хүнтэй үерхэж үзээгүй байх нь хэвийн юм. Олон хүнтэй үерхэнэ гэдэг нь заавал дотно харилцаанд орох ёстой гэсэн үг биш. Мөн сайн хүнтэй учирч, гэрлэх хүндээ л охин биеэ зориулна гэж бодож байгаа нь ч хэвийн. Энэ бол чиний үзэл бодол, хандлага, итгэл үнэмшил юм. Үүнд зөв, буруу гэх зүйл байхгүй. Хүн бүрийн үзэл бодол өөр шүү дээ. Одоогоор сайн болсон хүн байхгүй гэж ойлголоо. Сайн хүн байхгүй байхад үерхэх гэж яарах хэрэггүй болов уу. Яарах нь хүсээгүй шийдвэр гаргахад хүргэх магадлалтай. Харин бусдыг таньж мэдэхэд илүүтэй цаг зарцуулахыг хичээгээрэй. Олон төрлийн бүлгүүдэд нэгдэж шинээр хүмүүстэй танилцаж, танилын хүрээгээ тэлээрэй. Эцэст нь гэж хэлэхэд магадгүй хэн нэгэнд сайн болж охин биеэ зориулсан ч тэр хүн чиний нөхөр биш байх ч магадлалтай гэдгийг санаарай. Тэгсэн ч гэсэн зүгээр юм шүү. Учир нь хайр, амьдрал зөвхөн дотно харилцаагаар хязгаарлагддаггүй. Амжилт хүсье.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач А.Норовбадам
АСУУДАЛ: Өөртөө итгэх итгэл огт алга.
Сайн байна уу? Би одоо 15 настай 9 дүгээр ангийн сурагч. Надад өөртөө итгэх итгэл огт байдаггүй. Бүгд л намайг царайлаг , төгс гэдэг. Олон ч охид миний ардаас гүйдэг ч гэсэн огт өөртөө итгэхгүй байна. Намайг тоохгүй бол яана? Намайг юу гэж хэлэх бол, би яаж харагдаж байгаа бол гэж үргэлж боддог. Гадаад төрх минь үргэлж хангалтгүй санагддаг. Өөрийгөө урамшуулж зоригжуулах гэж их үзсэн. Гэвч ямар ч нэмэр байгаагүй. Өөрийгөө бусдаас тусгаарладаг. Үүнээсээ болоод хүнтэй ч олигтой харилцаж чаддаггүй.
ЗӨВЛӨГӨӨ: Жижиг амжилтууд гаргаарай.
Сайн уу? Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Хүмүүс чамайг царайлаг, төгс гэж хэлдэг ч өөрийгөө тэгж мэдэрдэггүй гэж ойлголоо. Бүгд гэдэгт хэн хэн орох вэ? Гэрийнхэн нь орох уу? Ангийнхан нь орох уу? Гэрийнхэн нь чамайг хэр урамшуулж дэмждэг вэ? Өөрийгөө голж байгаа байдал нь өөрийн үнэлэмж сул буйг илтгэж байх боломжтой. Өөрийн үнэлэмж гэдэг нь өөрийгөө бодитоор, эергээр үнэлж дүгнэхийг хэлнэ. Эергээр буюу давуу талаа баталж, бодитоор буюу сул талаа хүлээн зөвшөөрөхийг хэлнэ. Үүний дараагаар өөрийнхөө сайжруулах тал дээрээ анхаарч ажиллах боломжтой. Тиймээс эхлээд өөрийгөө таньж мэдэх, ойлгох гэдэг их чухал. Чи хэн бэ? Өөрийгөө юу гэж тодорхойлох вэ? Чиний давуу тал, сул тал юу вэ? Чи юунд дуртай вэ? Чи юу хийх дуртай вэ? гэдэг асуултад хариулаарай.
Мөн өөртөө дуртай байх 10 шалтгаан дасгалыг бичээд хийгээд үзээрэй. Мөн эргэн тойрныхоо хүмүүсээс дээрх асуултуудыг асуугаад өөрийн бичсэнтэйгээ харьцуулаад үзээрэй. Эргэн тойрны 3 бүлэг хүмүүсээс асуугаарай. Жишээ нь: гэр бүл, ангийнхан, найз нөхөд дундаасаа нэг нэг хүнээс асууж болно. Мэдээж хэлсэн болгон нь үнэн гэсэн үг биш юм шүү. Мөн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд аливаа хийж буй зүйлсдээ амжилт гаргах байдаг. Амжилт бол заавал том зүйл биш. Жижиг ч хамаагүй төлөвлөсөн, хийнэ гэсэн зүйлээ хийсэн бол би чадсан гэж өөртөө хэлж баталж байгаарай. Чамд хийж чадаж байгаа маш олон зүйлс байгаа. Тэрийг жаахан юм чинь гэж үгүйсгэлгүй би чадсан гэж хүлээн авч байгаарай. Өөрөө өөртөө тусалж байгаа том тусламж юм шүү. Амжилт хүсье.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач А.Норовбадам
АСУУДАЛ: Ирээдүйгээсээ айж байна.
Сайн байна уу. Энэ өдрийн мэндийг хүргэе. 14 настай, эмэгтэй. Надад тулгараад байгаа асуудал бол би ирээдүйнхээ төлөө хэт санаа зовж, өдөр болгоныг сэтгэлийн зовиуртай өнгөрүүлэх боллоо. Би ирээдүйгээсээ айж байна. Эрүүл мэндийн асуудалтай, гэртээ зурагт үзэж, утсаа ухахаас өөр зүйл хийдэггүй нэгэн болчих бий гэхээс айдаг. Мэдээж би эрүүл, аз жаргалтай, тайван амьдармаар байна. Түүнийхээ төлөө ч үйлдэл хийдэг. Тийм байтал надад айх шалтгаан байхгүй юм сан. Миний зорилго тодорхой, бүх л зүйл байхад айдас, сандрал намайг тайван байлгахгүй байна. Мэдээж ирээдүйгээ зуун хувь мэдэж чадахгүй, ирээдүйг хэн ч таашгүй гэдгийг ойлгож байгаа ч айдсаасаа бүрэн дүүрэн салж чадахгүй хэвээр. Өөртөө хэт итгэлгүй юм болов уу, сүүлдээ сэтгэл түгших эмгэгтэй юм болов уу ч гэж бодох боллоо. Энэ асуудал үнэндээ хэрээс хэтэрч өөрөө шийдэхэд хүндрэлтэй боллоо. Надад туслаач.
ЗӨВЛӨГӨӨ: Эрүүл, аз жаргалтай, тайван амьдрахын тулд эдгээр үйлдлүүдийг хийж байгаа юу?
Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Ирээдүй нь өөрийнх нь хүссэн шиг байхгүй байх вий гэдэгт санаа зовж байгааг чинь ойлголоо. Захидалд эрүүл мэндийн асуудалтай, гэртээ зурагт үзэж өнгөрөөдөг, утсаа ухахаас өөр зүйл хийдэггүй нэгэн болчих вий гэхээс айж байна гэж бичжээ. Яг хэзээнээс хойш ирээдүйд ийм ч, тийм ч болчих вий гэсэн айдас төрөх болсон бэ? Тэр үед юу болсон бэ? Аливаа зүйлд түгшиж, санаа зовоход ямар нэгэн үйл явдал эсвэл ямар нэгэн таагүй бодол нөлөөлсөн байдаг. Тиймээс дээрх асуултуудад хариулж түгшүүр үүсгэж байгаа энэхүү бодол нь яг хаанаас эхлэлтэй болохыг олохыг хичээгээрэй. Захидалд өөрийнхөө зорилгыг тодорхой болгосон ба түүнийхээ төлөө үйлдэл хийж байгаа гэж бичжээ. Тэгвэл чи эрүүл, аз жаргалтай, тайван амьдрахын тулд эдгээр үйлдлүүдийг хийж байгаа юу? Эсвэл эрүүл мэндийн асуудалтай, гэртээ зурагт үзэж, утас ухахаас өөр зүйл хийдэггүй хүн болохоос зайлсхийхийн тулд үйлдэл хийж байгаа юу? Хийж байгаа үйлдэл чинь адилхан байх боловч чи таагүй мэдрэмжтэйгээр энэ үйлдлүүдийг хийж байна уу? Таатай мэдрэмжтэйгээр энэ үйлдлүүдийг хийж байна уу? гэдэг нь чухал. Дээрх асуултуудад хариулан дахин захидал илгээгээрэй. Чамд амжилт хүсье.
Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Д. Намуун
АСУУДАЛ: Аав ээж хоёр хичээлийг минь хийлгэхгүй байна.
Сайн байна уу? Би одоо төгсөх ангийн сурагч. Би 10 наснаасаа хойш өөрөө хүсээгүй атлаа аав ээж хоёрын ажилд тусалсаар ирсэн. Найзуудтайгаа гарч чаддаггүй, гэхдээ тэр ч бүр дүүрч. Хичээлийг минь ч хийлгэлгүйгээр, “Наадах чинь юу ч биш, чи ажил хийж сурвал чамд сайн” гэсээр өдийг хүрсэн. Дараа жил би гадаад явах гэж байгаа болохоор олон янзын хүмүүстэй уулзаад зөвлөгөө аваад хичээлээ хийх цаг маш их хэрэгтэй байгаа ч гэсэн ер хийлгэхгүй юм. Өөрийн үзэл бодлоо бүх янзаар илэрхийлж үзсэн ч тэд намайг цохиж орилдог. Хэдий миний төлөө иийм үйлдэл хийж байгаа гэдгийг нь мэдэж байгаа ч миний ирээдүйгээ сонгох чухал үе дээр ингэх нь хэцүү байна. Надад туслаач.
ЗӨВЛӨГӨӨ: Шинэ нөхцөл байдалд дасахад тодорхой хугацаа шаардагддаг юм шүү.
Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Гэр бүлийнхэн нь чиний өөртөө зарцуулж байгаа цагийг ойлгож хүндлээсэй гэж хүсэж байгааг чинь ойлголоо. Мөн өөрийгөө илэрхийлж ойлгуулах гэж янз бүрээр үзсэн бололтой. Тэгвэл чиний хувьд өөрийгөө илэрхийлэх аргууд чинь хэр зэрэг оновчтой байсан бэ? Мөн илэрхийлж байгаа цаг хугацаа нь хэр зэрэг оновчтой байдаг вэ? Харилцааны үед харилцагч хоёр тал аль аль нь сэтгэл зүйн хувьд тайван тогтвортой байх нь тухайн ярилцлага үр дүнтэй болоход тусалдаг. Тиймээс өөрийнхөө үзэл бодол, мэдрэмжийг илэрхийлэхдээ сэтгэл зүйн хувьд тайван, тогтвортой байх, дуу хоолойны өнгөө намсгах хэрэгтэй. Мөн чи гэр бүлийнхэндээ багаасаа тусалдаг байсан учраас өмнөх шигээ сайн тусалж чадахгүй болсонд нь гэр бүлийнхэн нь ч гэсэн дасаж хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй байж болно шүү дээ. Шинэ нөхцөл байдалд дасахад тодорхой хугацаа шаардагдах учраас түүнийг хүлээн зөвшөөрөхийг хичээгээрэй. Гэсэн хэдий ч энэ нь өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэхгүй бай гэсэн биш юм шүү. Үнэхээр аргаа өөрчлөөд ч ойлголцохгүй байвал сэтгэл зүйчид хандах талаар гэрийнхэндээ санал болгоорой. Чамд амжилт хүсье.
Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Д. Намуун
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх