Л.Ганбат: ЭЕШ-ыг хувилбартай авдгаас болж хүүхэд хохирсон тохиолдол байхгүй


Б.Нямдарь | YOLO.MN
2022-05-26

Элсэлтийн ерөнхий шалгалтыг авахдаа хүүхдүүдээс хувилбарт/варианттай авч байгаа нь шударга бус байгаа талаар боловсролын салбарын мэргэжилтэн gogo редакцид хандсан билээ. Тэрбээр хувилбарт шалгалт авах нь хүүхдүүд сугалаа сугалж байгаа мэт хүнд хөнгөн даалгавар ирэх, цаашлаад тэдний ирээдүйд ч сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй хэмээсэн юм. Бид энэ талаар ЭЕШ-ыг зохион байгуулдаг байгууллага болох Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбаттай ярилцлаа.

“НЭГ ИЖИЛ ХУВИЛБАРААР АВСАН, ХОЁР ХУВИЛБАРААР АВСАН Ч ЧАНАРЫН ЯЛГАА БАЙХГҮЙ”

- Энэ жилийн ЭЕШ-ын бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар яриагаа эхэлье.

- Их дээд сургууль, коллежид элсэгчдээс авдаг ЭЕШ-ын бүртгэлийг цахимаар авч дууссан. Энэ жилийн ЭЕШ-д 36400 орчим шалгуулагч хамрагдахаар бүртгүүлснээс 29 мянга гаруй нь энэ жил ЕБС төгсөж байгаа сурагчид бол үлдсэн 7000 гаруй хүүхэд нь өмнөх жилийн төгсөгчид болон дахин шалгалт өгөхөөр бүртгүүлсэн шалгуулагчид юм. Шалгуулагчдын дийлэнх нь математик, нийгэм, англи хэл гэсэн хичээлүүдээр шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бол түүх, газарзүй, орос хэл зэрэг хичээлүүдэд бүртгүүлсэн нь цөөн байна. Энэ нь тухайн шалгуулагчийн мэргэжил сонголт, их дээд сургуулийн мэргэжлийн чиглэлд тавигдаж буй шаардлагаас хамаараад өөр байдагтай холбоотой.

Улсын хэмжээнд шалгалт авах 50 байрыг бэлдэж байгаа ба шалгалтын хуваарийг тавдугаар сарын 25-наас БҮТ-ийн вэбсайтад тавьсан. Шалгуулагч өөрсдийн бүртгэлийн нууц дугаараа ашиглан нэвтэрч аль сургуулийн ямар ангид шалгалт өгөх суудлын хуваариа мэдэх боломжтой. Бид шалгуулагчдад зориулсан мэдээ мэдээлэл, зөвлөгөөг байж болох бүх чиглэлээр хүргэж байна.

- ЭЕШ-ыг хувилбартайгаар /варианттай/ авах нь шалгуулагчдад шударга бус байгаа талаар зарим мэргэжилтэн үзэж байна. Ер нь цаашид шалгалтыг хувилбаргүйгээр авах боломжтой юу?

- ЭЕШ-ын зорилго нь дээд боловсролын байгууллага буюу их дээд сургууль, коллежид элсэх хүүхдүүдийн сурах ерөнхий чадварын түвшинг тодорхойлж, шалгуулагчдыг эрэмбэлэн жагсаах уралдаант шалгалт юм. Тэр утгаараа даалгаврын агуулга нь бусад төрлийн үнэлгээ өгөх буюу хөтөлбөрийн хэрэгжилтийг илрүүлж, түвшин тогтоох зорилготой шалгалтуудаас өөр гэсэн үг. Тиймээс даалгаврын агуулгыг гаргахдаа хүндрэлийн түвшинд нь тодорхой зохицуулалтыг хийдэг.  Ер нь жил бүр 3-4-р сард арван хичээл тус бүр дээр блюпринт гаргаж олон нийтэд нээлттэй мэдээлдэг. Ингэхдээ шалгуулагчдад зориулан гаргаж буй нээлттэй ерөнхий блюпринт болон багш нарт зориулсан, нарийвчилсан хаалттай гэсэн хоёр төрлийн блюпринт гаргадаг.

Нээлттэй блюпринт нь тухайн шалгалтад ирж болох агуулгын хүрээг нь тодорхойлсон байдаг. Жишээ нь, математикийн шалгалт нийт 40 даалгавартай байлаа гэж бодоход түүний хэдэн хувийг тоо тоолол, магадлал, алгебр, геометрийн агуулга эзлэх вэ, мэдлэг шалгасан тест, ойлголт, хэрэглээ, задлан шинжлэх түвшний даалгавар хэд байх гэх мэт даалгаврын хүндрэлийн түвшинг танин мэдэхүйн түвшинтэй холбосон агуулгын хүрээг хүүхдүүдэд урьдчилан хүргэж шалгалтдаа бэлдэхэд нь чиглэл болгож гаргадаг. Энэ нь олон улсад ч байдаг практик юм.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас блюпринтийн агуулгыг багагүй өөрчилж, зөвхөн танхимаар үзсэн агуулгаар авна гэх мэт өөрчлөлтийг хийж байсан. Харин энэ жилийн тухайд халдварын тархалт буурсан учир шалгалтыг хичээлийн бүрэн агуулгаар авахад ямар нэгэн сөрөг зүйл байхгүй учир блюпринтдээ өмнөх жилийнхтэй харьцуулахад тодорхой өөрчлөлтийг оруулсан.

Харин олон нийтэд нээлттэй биш хаалттай, нарийвчилсан блюпринтийг тухайн сэдэв даалгавар боловсруулж байгаа багш нарт зориулан гаргадаг. Багш нар тухайн блюпринтийг ягштал нь баримтлах үүрэгтэй. Түүнийг багш нар өөрсдөө дур мэдэн өөрчлөх, солих боломжгүйг гэрээнд тусгасан байдаг. Нөгөө талаасаа ЭЕШ-ын материал нь байгууллагын нууцын зэрэгтэй бичиг баримтдаа ордог.

ЭЕШ-ын хичээл бүрийн сэдвийг  хоёр хүний бүрэлдэхүүнтэй баг буюу дунд болон дээд сургуулийн багш нар хамтран боловсруулдаг. Тэд мэдээж даалгавар боловсруулах арга зүй, мэргэжлийн мэдлэгийн ур чадварын тодорхой шалгууруудыг хангасан багш нар байдаг. Гэхдээ тэдний боловсруулсан тестийг хянах тусгай мэргэжилтэн ажилладаг ба Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан блюпринттэй нийцэж байна уу, даалгаврын агуулгад алдаа байгаа эсэх зэргийг шалгаж, байж болох бүх талаас нь шинжилгээ хийн даалгаврыг эцсийн байдлаар баталгаажуулж, хэвлэл рүү явуулдаг.

Өнөөдрийн байдлаар ЭЕШ-ын хичээл бүр дээр даалгаврыг дөрвөн хувилбартайгаар гаргаж байна. Шалгалт дууссаны дараа шалгалтын материалыг тухайн хүүхдэд өгч гаргадаггүй. Учир нь энэ үед шалгалтын үйл ажиллагаа дуусаагүй байдаг.  Мөн шалгуулагч дүн оноогоо шууд харах боломжтой бөгөөд хэрэв дараа нь дүнтэйгээ санал нийлэхгүй, өргөдөл гомдол гаргах үед материалыг баримт болгох үүднээс хадгалахаас гадна  шалгалт дууссанаас хойш даалгаврыг БҮТ-ийн нээлттэй даалгаврын санд байршуулдаг.

Ер нь даалгаврууд дөрвөн хувилбартай ч А, В гэсэн үндсэн хоёр хувилбартай буюу C, D нь А, В хувилбарын даалгавруудын холимог байдаг. Гэхдээ тест даалгавар боловсруулахад инвариант чанар гэж бий. Энэ нь ижил түвшний агуулгатай гэсэн үг. Математикийн хичээл дээр жишээ авахад илэрхийллийг хялбарчлах гэсэн даалгавар A хувилбар дээр байхад В хувилбарт өгөгдөл буюу тоо эсвэл хувьсагч нь өөрчлөгдсөн буюу гүйцэтгэхэд хүндрэлийн түвшин байхгүй гэсэн үг.

БҮТ-өөс зөвхөн ЭЕШ гэхгүй бүх шалгалтуудынхаа дараа үр дүнд анализ боловсруулж, хэмжилт хийдэг. Тэгэхээр мэдээж хувилбараас шалтгаалж хүүхдүүдийн оноонд нөлөөлж байна уу гэдгийг мэргэжилтнүүд хамгийн түрүүнд хянадаг зүйл юм. Жишээ нь, БҮТ-өөс хүүхэд бүр, хувилбар бүр, аймаг бүр, сургууль бүр цаашлаад үндэсний хэмжээнд шинжилгээ хийдэг.  Үүнд энгийн жишээг дурдахад онооны тархалтын мурий графикийг нэрлэж болно. Ер нь бүх талаас нь шинжилдэг ба үүнийгээ олон нийтэд зориулан тайлан ном болгон гаргаж, цахимд нээлттэй байршуулдаг.

Эдгээр дүн шинжилгээнээс харахад хувилбараас шалтгаалсан онооны өөрчлөлт байдаггүй. Жишээ нь, А хувилбарыг өндөр хувьтай, В хувилбарыг бага хувьтай хийсэн байна гэх зүйл байхгүй. Учир нь даалгаврын хувьд ч, үр дүн дээр ч ийм зүйл ажиглагддаггүй. Өөрөөр хэлбэл таны асуусан асуултад нэг өгүүлбэрээр хариулахад хувилбараас хамаарч хүүхэд хохирсон тохиолдол огт байхгүй.

- Тэгвэл хувилбараас огт хамаарахгүй байгаа юм бол бүр огт хувилбаргүй буюу хүүхдүүдээс шалгалтын нэг ижил даалгавраар авах боломжтой юу?

- ЭЕШ бол Монгол Улсын хэмжээнд сонгуулийн дараа орохуйц зохион байгуулалттай буюу нэгэн зэрэг авдаг, өрсөлдөөнт шалгалт юм. Шалгалтын найдвартай байдал, хүүхэд мэдлэг чадвараа үнэн зөв, шударгаар үнэлүүлэх нь хамгийн чухал асуудал. Тэгэхээр зөвхөн нэг хувилбараар өглөө гэхэд хүүхэд мэдлэг чадвараа бодитоор үнэлүүлэх байдал ямар эрсдэлд орох вэ, нөгөө талаасаа хоёр хувилбараар өглөө гээд үүнд нөлөөлж байгаа зүйл огт байхгүй юм. Магадгүй шалгалтын дараах статистикаар хувилбартай байх нь хүүхдүүдийг дүн оноонд нөлөөлж байна гэсэн үр дүн гарах юм бол бид мэдээж өөр шийдлээр өөрчлөх боломжтой. Гэтэл 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл авч байгаа ЭЕШ-ын үр дүнд шинжилгээ хийхэд ийм үр дүн гараагүй.

ЭЕШ-ын дүнг нээлттэй тавихад түүнийг нь зарим хувь багш, мэргэжилтнүүд өөрсдөө дур мэдэн, сайн дураараа дата бүрдүүлснийгээ олон нийтэд түгээдэг. Энэ нь эцсийн дата биш. Тэд хэрхэн боловсруулж яаж эрэмбэлээд байгаа нь тодорхойгүй байдаг. Боловсролын үнэлгээний төвөөс ч ЭЕШ-ын оноогоор аймгуудыг эрэмбэлэн гаргадаггүй. Энэ бол хувь хүмүүсийн хийж байгаа жагсаалт юм. Түүнийг нь БҮТ-өөс гаргасан үндсэн дата, оноотой харьцуулахад зөрүүтэй мэдээлэл байдаг.

Тэгэхээр эцэст нь хэлэхэд нэгдүгээрт, хувилбараас хамаарч хүүхэд хохирдоггүй. Хоёрдугаарт, даалгаврыг инвариант  чанартайгаар боловсруулахыг наад захын багш мэддэг, мөрдлөг болгон ажилладаг.  

- Сонгуулийн дараа орох зохион байгуулалттай авагддаг шалгалт гэлээ. Тэгэхээр мэдээж камержуулалттай, хяналт  чанга гэсэн үг. Хувилбартайгаар авч буй нэг шалтгаан нь хүүхдүүдийг нэгнээсээ хуулуулахгүйн тулд гэдэг шүү дээ. Хэрэв шалгалтыг хатуу чанга хяналтын дор авдаг юм бол олон хувилбартай байх шаардлага байна уу?

- Улсын хэмжээнд бэлдэж буй 50 шалгалтын байранд камер, сонсох төхөөрөмж байрлуулна. Гэхдээ сургуулийн анги танхим багтаамжийн хувьд хүүхдүүд нэгнээсээ хол буюу нэг нэгээрээ суух боломж хомс, нэг ширээнд хоёулаа суух тохиолдол гардаг. Шалгуулагчид нэгнээсээ хуулах асуудал байсаар л байна. Бид ч үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Нөгөөтээгүүр үндсэн хоёр хувилбараар авахад ялгаатай байдал байхгүй. Өөрөөр хэлбэл нэг ижил хувилбараар авсан, хоёр хувилбараар авсан ч чанарын ялгаа байхгүй гэсэн үг.

- Хэрэв ямар нэгэн алдаа гарахад түүнийг яаж шийдвэрлэх талаар ЭЕШ-ын журамд хэрхэн тусгасан байдаг вэ?

- Тухайн жилийн онцлог, шинэ зүйлсийг тусган ЭЕШ-ын журмыг жил бүр шинэчлэн гаргадаг. Хамгийн сүүлийн бүлэгт ЭЕШ-тай холбоотой өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэх, хэрэв шалгуулагч дүн оноотойгоо санал нийлэхгүй бол хэрхэн шалгах гэх зэргийг тодорхой тусгасан байдаг. Үүнд ЭЕШ дууссанаас хойш ажлын таван хоногт бичгээр болон өөрийн биеэр ирж өргөдөл өгөх, орон нутагт байвал Боловсролын газраараа дамжуулах эсвэл Боловсролын үнэлгээний төвийн албан цахим шуудан руу и-мэйл явуулах гэх зэргээр хандаж болно.

Ер нь жилд 100 гаруй өргөдөл, гомдол ирдэг. Тэдний хувьд ихэнхдээ шалгалтын дүн оноотойгоо санал нийлэхгүй байна хэмээн эх материалаа дахин шалгах хүсэлт тавьдаг. Энэ үед бид тухайн хүүхэд болон эцэг эх, асран хамгаалагч, өөрийнх нь багш, материал боловсруулсан багш, үнэлгээний төвийн төлөөллийн хүмүүсийг нэг дорт байлцуулан, машинаар засагдсан материалыг хамтдаа гараар дахин шалгадаг. Тест шууд засалтын машиныг бид 2019 оноос эхлэн ашиглаж байна.  Энэхүү машин алдаж уншдаггүй, тийм тохиолдол ч гарч байгаагүй. Нэг үгээр хүүхэд тухайн даалгаврын зөв хариуг сонгосон ч зааврын дагуу биш, буруу хүрээлж будсан тохиолдолд машин хариултын хуудсыг хэрхэн бөглөснийг нь харгалзаж уншдаг. Зарим шалгуулагч хариултаа сонгохдоо хүрээг хэт давуулан будах эсвэл зүгээр цэглэсэн байдаг. Хариултын хуудастай ажиллах зааврын дагуу нэлээн суралцах шаардлагатай байгаа харагддаг. Нөгөөтээгүүр хугацааны хэдэн хувьд даалгавраа хийж, үлдсэн хэдэн хувиа хариултын хуудсаа бөглөхөө зөв хуваарилах шаардлагатай. Ингээгүйгээс шалтгаалж хүүхэд зөв хийсэн ч хариултын хуудсаа бөглөж чадахгүй, шаардлага хангахгүй бөглөх, хугацаандаа амжихгүй байх тохиолдол мэр сэр гардаг.

- Ер нь шалгалтын үеэр хүүхдүүдийн гаргадаг түгээмэл алдаа юу байдаг вэ?

- Дээрх хэлсэнчлэн хариултын хуудсыг шаардлага хангахгүйгээр будах, сэтгэлзүйгээ бэлдэх, хувийн зохион байгуулалтаа сайтар хангах шаардлагатай. Эцэг эхчүүд, багш нар хүүхдийнхээ сэтгэлзүйг дэмжих хэрэгтэй. Шалгалт нь дөхсөн хүүхдийг тайван байлгах, стресстүүлэхгүй байх нь чухал. Мөн ажиглагддаг түгээмэл алдааны нэг нь шалгалтын цагийг хэт тулгаж ирдэг, эсвэл хоцордог. Хоцорвол мэдээж шалгалт өгөх боломжгүй болно. Цагийг нь хэт тулгаж очсон хүүхэд сандрах, түүнээс болж амжилтад нь сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Тэгэхээр журамд заасны дагуу шалгалтын өдөр шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө шалгалтын байрны гадаа ирээд бичиг баримтуудаа шалгуулах, анги танхимдаа суудлаа эзэлж, холбогдох заавар зөвлөмжтэйгөө танилцан сэтгэлзүйгээ бэлтгэсний эцэст шалгалтаа өгөх нь амжилтад тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлнэ. Өнгөрсөн жилээс эхлэн БҮТ-өөс шалгалтын үеийн стресс, бухимдлыг хэрхэн арилгах, даван туулах талаар мэргэжлийн сэтгэлзүйчдийг ажиллуулж байгаа ба цахим хуудсаар болон өөрийн биеэр ирж зөвлөгөө мэдээлэл авах боломжтой юм.

- Мэдээлэл өгсөнд баярлалаа.

#Боловрол #ЭЕШ