Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
Асуудал: Мартъя гэхээр чадахгүй юм
Сайн байна уу? Өсвөр насныханд хайр дурлал шохоорхлын асуудал их тулгардаг. Би түүний нэгэн адил асуудалд орчихоод байна л даа. Би ахлах ангийн охин. Хүнтэй үерхээд байдаггүй, үерхэх ч хүсэлгүй, хүнд дурлах ч бодолгүй байдаг. Тэгсэн өнгөрөгч есдүгээр сараас дээд ангийнхаа хөвгүүнд сайн болоод...
Харах болгондоо л баярлаж догдолно. Өгсөн ганц бохь чихэр юу л байна алт эрдэнэс шиг бодож нандигнана. Даанч тэр найз охинтой л доо. Найз охин нь өөртэй нь чацуу хөөрхөн, авьяаслаг, ухаалаг, спортлог, ёстой л өөлөх юмгүй охин. Харин би бол тэрнээс нэг ангиар дүү бас тийм ч лаг биш л дээ. Тэр надад үргэлж сайхан ханддаг.
Санаа тавьж халамжлаад л бүх асуудлаа хэлж зөвлөгөө авдаг ч тэр намайг дүүгээ л гэж боддог, ганцхан ангийн зөрүү байхад шүү дээ. Би түүнийг найз охиноосоо салаасай гэж боддоггүй. Учир нь тэр найз охинтойгоо байхдаа л маш аз жаргалтай байдаг. Би түүнийг аз жаргалтайгаар нь харах дуртай. Тиймээс л түүнийг найз охинтойгоо муудалцах бүрт эвлэрүүлж өгдөг. Тэр энэ жил төгсөж байгаа. Би яавал дээр вэ?
Зөвлөгөө: Хийх алхмын чинь цаана ямар үр дүн гарахыг маш сайн тооцоолж сонголтоо хийгээрэй
Сайн байна уу, юуны өмнө чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Чиний хэлсэнчлэн чи анх удаагаа хэн нэгэнд сайн болж, шохоорхлын асуудалтай тулгарчээ. Гэвч энэ нь тийм ч хэцүү хүнд асуудал биш юм. Учир нь энэ чамд ямар нэгэн төвөг учруулахгүй байна шүү дээ. Дээд ангийн хөвгүүнээ сонирхож шохоорхох ч муу хэрэг биш. Хамгийн чухал нь хийх гэж байгаа алхам чинь юу вэ гэдгээ, бас дараа нь ямар үр дүн хүлээж буй билээ гэдгээ сайн бодож тунгаагаарай.
Гэвч хэн нэгний үгнээс илүүтэй өөрийнхөө дотоод дуу хоолойг сайн сонсож, хийх алхмын чинь цаана ямар үр дүн гарахыг маш сайн тооцоолж сонголтоо хийгээрэй. Чамд амжилт хүсье.
“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач И.Тогтуун
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх