Боловсрол шинжлэх ухааны яамнаас 2014 оноос жил бүр зохиож ирсэн "Инновацын 7 хоног-InnoWeek 22" үргэлжилж байна.
“Шинэ сэргэлтийн нээлттэй инновац” уриан дор болж буй үйл ажиллагааны хэсэг хэсэг болох инновацын үзэсгэлэн Мэдээлэл, технологийн үндэсний паркт болж өнөөдөр өндөрлөлөө.
Тэсрэх бөмбөг илрүүлэгч болон шумбагч робот, AR технологид суурилсан комик, хүнс болон гоо сайхны шинэлэг бүтээгдэхүүн гээд үзэсгэлэнгээс онцлох зүйлсийг танилцуулъя.
КОМИКИЙГ УНШИХААС ГАДНА ҮЗДЭГ БОЛЛОО
Сүүлийн таван жилийн турш "AR - Augmented Reality" буюу бодит байдалд суурилсан хийсвэр үзэгдлийн технологийг хөгжүүлж буй Аргун групп нь "AR Mongolia" платформыг эрхлэн явуулдаг.
AR Mongolia платформ нь Шидэт үлгэр, Нүүдэлчин соёл, Пипс зэрэг комик номыг бүтээсэн бөгөөд хэрэглэгчид комикийг уншихаас гадна аппликейшн ашиглан үзэх боломжтой болжээ.
Энэ технологийг нэрийн хуудас, сурталчилгааны самбар, бүтээгдэхүүний заавар зэрэг олон зүйл дээр ашиглаж болох ба хэрэглэгч зориулалтын аппликейшнтэй байхад AR гэсэн тэмдэглэгээтэй болгоныг үзэж болно.
ХҮҮХЭД ТАНЬ СУРГУУЛЬ ДЭЭРЭЭ ЮУ ИДЭЖ БАЙГААГ ХЯНААРАЙ
ICT группийн охин компани "Arta Systems" нь эцэг эхчүүдэд хүүхдийнхээ сургууль дээр идэж байгаа хоолыг хянах боломжийг олгосон байна.
Компани сургуультай хамтран хоол худалдан авах автомат машин байрлуулжээ. Хүүхэд тухайн өдрийн хоолны цэсээс сонгон тусгай картаар хоолоо худалдан авах бөгөөд гүйлгээ бүр системд бүртгэгдэх аж.
Улмаар эцэг эхчүүд хүүхдийнхээ регистрийн дугаараар гар утаснаасаа системд нэвтэрч тухайн өдөр болон өмнөх өдрүүдэд ямар хоол авсныг хянах боломжтой юм. Эцэг эхчүүд картыг интернэт банк ашиглан цэнэглэх боломжтой.
Одоогоор энэ системийг Шинэ Эрин, Шинэ Эхлэл, Өмнөговийн Ханбогд болон 151-р сургуульд нэвтрүүлээд байна.
МОНГОЛ РОБОТУУД
Монгол Залуус робот бүтээх нь энгийн үзэгдэл болоод удаж байна. Харин роботоо хэрэглээнд нэвтрүүлэх нь амаргүй ажил юм.
Тэгвэл хэрэглээнд нэвтрээд эхэлсэн болон нэвтрүүлэхээр хөгжүүлж буй шинэлэг робот, техникүүдийг инновацын үзэсгэлэнд танилцуулжээ.
Тухайлбал, ШУТИС-ийн оюутнуудын бүтээсэн алсын удирдлагатай шумбагч нь 10 метрийн гүнд ажиллах чадвартай. Цаашдаа санхүүжилт олж шумбагчийн материалыг сайжруулж чадвал Хөвсгөл нуурын ёроолыг харах хэцүү биш гэв. Тэд үзэсгэлэнд шумбагчаас гадна онгоц, уралдааны жижиг машин авчирсан байв.
Харин Батлан хамгаалахын их сургуулийн залуус тэсрэх бөмбөг илрүүлэх робот болон алсын удирдлагатай гинжит техникээ үзүүлсэн. Мөн морзын код заах самбар, онио тохируулагчаас гадна тэд Сүхбаатарын талбай дээрх үнэтэй усан оргилуурын жижиг хувилбарыг ядах юмгүй бүтээжээ. Магадгүй бүтээн байгуулагчид дотоодын тархиа ашиглах хэрэгтэй биз.
Тэдний дэргэд ХААИС-ийн залуус 8 га талбайн хорыг нэг удаагийн нислэгээр цацаж чадах алсын удирдлагатай дроноо төдийлөн дөвийлгөсөнгүй. Гэвч газар тариалангийн салбарт хор цацдаг дрон шиг хэрэгтэй зүйл цөөхөн болов уу.
Энэ дунд удахгүй сансарт гарах МУИС-ийн "Тэмүүлэл" хиймэл дагуулыг дурдахгүй өнгөрч болохгүй. "Мазаалай"-г хөөргөж түүх бүтээсэн багийнхан түүхийн хуудсыг дахин нэгээр нэмэхээр сэтгэл, зүтгэлээ зориулж байгаа билээ.
ОРОН НУТГИЙН АНХДАГЧ ӨМНӨГОВИЙН БРЭНДҮҮД
Үзэсгэлэнд анх удаа орон нутгийн төлөөлөл болж Өмнөговийн брэндүүд олон зуун км зам туулан иржээ. Өмнөговь аймгийн шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч зургаан компани бүтээгдэхүүнээ дэлгэсэн байна.
Үүнд "Odnoo" брэндийн зэсээр хийсэн зүүлт, бугуйвч, алчуур, улавч, бөгж "Хатан хармаг"-ийн хармаг жимсний ундаа, олон төрлийн бүтээгдэхүүн, "Илгэн тагш"-ийн ингэний сүү, тараг, "Далан булаг"-ийн даршилсан, хатаасан хөмүүл, хөмүүлний шүүс, "Хургахан" брэндийн дөрвөн улирлын гутал, "Батшир-Ур"-ийн суран мөрөвч, бүс зэрэг багтана.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх