ЗАХИДАЛ: Надад сайн ч юм шиг, эсвэл намайг ашиглаад ч байгаа юм шиг


ССҮТөв | YOLO.MN
2022-01-25

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Надад сайн ч юм шиг, намайг ашиглаад ч байгаа юм шиг

Сайн байна уу? Би 18 настай, их сургуулийн оюутан. Өнгөрсөн сарын сүүлээр манай ангийн нэг банди ихээр таалагдах болсон. Би их бардам хүн л дээ. Гэсэн ч зориг гаргаж Фэйсбүүк рүү нь найзын хүсэлт явуулсан юм. Чатаар гайгүй харьцдаг болсон. Гэхдээ би дандаа чат эхлүүлдэг. Надад сайн ч юм шиг, эсвэл намайг зүгээр л ашиглаад ч байгаа юм шиг. Энэ асуудлаас болоод олигтой ч унтаж чадахгүй юм.

ЗӨВЛӨГӨӨ: Дүгнэлт хийх гэж яаралгүйгээр харилцаагаа нэмэгдүүлэх тал дээр анхаараарай.

Өдрийн мэнд. Захидал илгээсэнд баярлалаа. Дараагийн удаа захиа илгээх бол илүү дэлгэрэнгүй бичиж байхыг хичээгээрэй. Танилцаад бие биенээ мэдээд удаагүй бол яарах хэрэг байгаа болов уу? Хэт эрт дүгнэлт гаргах нь бодит байдалтай хэр нийцэх вэ?  Мөн харилцаа зөвхөн мессежээр тодорхойлогдох уу? Асуултад хариулаарай.

Хэн нэгэн өөрт чинь таалагдсан бол үргэлж аз жаргалтай, сайхан мэдрэмжтэй байна гэсэн  үг биш гэдгийг хүлээн зөвшөөрөөрэй. Өөрийн сэтгэлийг илэрхийлэх сонголт өөрт чинь байгаатай адил татгалзах сонголт хийх эрх түүнд ч бий гэдгийг ойлгоорой. Дүгнэлт хийх гэж яаралгүйгээр харилцаагаа нэмэгдүүлэх тал дээр анхаараарай.


АСУУДАЛ: Яг л өнгөрсөндөө үлдчихсэн юм шиг

Сайн байна уу? Би 11-р ангийн сурагч. Энэ жил эцэг эхийнхээ шахалтаар өндөр төлбөртэй хувийн сургуульд орсон. Олон найз нөхөдтэй ч болсон. Хэрвээ энэ сургуулийг төгсвөл надад гадаадад суралцахаас эхлээд олон боломжууд гарч ирнэ гэдгийг маш сайн мэдэж байна.

Гэхдээ би энд өмнөхөөсөө аз жаргалгүй, сэтгэл дундуур мэдрэмжийг байнга авдаг болсон. Сэтгэл гутралд орсон байж ч магадгүй. Дандаа л хуучин сургууль, ангийнхнаа дурсаж, хааяа бүр нулимс дуслуулдаг. Яг л өнгөрсөндөө үлдчихсэн юм шиг. Ирээдүйгээ бодоод ганц, хоёр жил шинэ сургуульдаа тэсэх ёстой ч юм шиг, аль эсвэл зүгээр л аз жаргалтай, сэтгэл хангалуун байхын тулд өмнөх сургууль руугаа буцах ёстой ч юм шиг. Яавал дээр вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Шинэ орчиндоо дасан зохицоход тодорхой хугацаа шаардагддаг

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Хүн янз бүрийн шалтгаанаар сэтгэл санаа хямрах, таагүй байх нь бий. Хуучин сургуулийн чинь найзууд, ангийнхандаа дассан болохыг ойлголоо. Шинэ орчин, шинэ сургуульдаа хараахан дасаж амжаагүй юм шиг санагдлаа. Чиний хувьд шинэ сургуульдаа дасахад чинь юу саад болж байгаа юм шиг санагдаж байна вэ? Ангийнхан чинь таалагдаж байгаа юу? Хоорондоо хэрхэн харилцдаг вэ? Сургуулийн орчин нь ямар вэ? Сургууль нь хэр их үйл ажиллагаа зохион байгуулдаг вэ? Чамайг дасахад саад болж байгаа зүйл нь гаднын хүчин зүйлээс шалтгаалж байгаа болов уу? Эсвэл чи өөрөө дасан зохицохыг хүсэхгүй байгаатай холбоотой юу?

Хүн бүр ямар нэгэн шинэ орчин орсон үедээ стрессийг мэдэрдэг бөгөөд шинэ орчиндоо дасан зохицоход тодорхой хугацаа шаардагддаг. Харин дасан зохицохын тулд хамгийн түрүүнд хийх үйлдэл нь яг одоо байгаа нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөх байдаг. Чиний хувьд өмнөх сургуулийн найзууд ангийнхан нь маш чухал хэдий ч яг одоо хамт суралцаж байгаа ангийнхантайгаа цагийг өнгөрөөж, сургуулиас зохион байгуулдаг үйл ажиллагаануудад хамрагдаасай гэж хүсэж байна. Энэ нь шинэ орчинд дасан зохицоход туслах боломжтой юм шүү. Мөн хуучин сургуулийнхан нь чиний хувьд чухал бол тэдэнтэй харилцаа холбоотой байж уулзаж болохгүй гэж үү? Чи юу гэж бодож байна вэ?


АСУУДАЛ: Хэзээнээс ч юм ямар ч хүсэл зориггүй болчихсон

Сайн байна уу? Энэ өдрийн мэнд. Би 11-р ангид сурдаг. Удахгүй элсэлтийн ерөнхий шалгалт өгч, сургуулиа сонгох болно. Өдөр ирэх тусам залхуурч, хүсэл эрмэлзэлгүй болж байна. Ноднин л гадаадад сурна ,бараг л оччихсон юм шиг л боддог байлаа. Бас их хичээдэг байлаа. Тэгээд одоо болохоор чадахгүй юм байна, дэмий юм байна гэх боллоо.

Өөрийгөө яагаад ийм болсныг би сайн мэдэхгүй байна. Өмнөх шигээ идэвхтэй байхаа больчихсон. Зүгээр л ингэсгээд өнгөрөөдөг болчихсон. Хичээл дээр ч бас. Өмнө нь их хичээнгүйлэн нямбай хийдэг байсан бол одоо нааш цааш аргалсан шигээ л. Гол нь яагаад би өмнөө тавьж байсан том зорилго, мөрөөдлүүдээ орхиж байгаагаа ойлгохгүй байна. Мэргэжлээ баттай сонгосон гээд баяртай байдаг байсан бол одоо яг яах ёстой, юунаас эхлэхээ ч мэдэхгүй явна.

Гэр бүлийн асуудал гэх юм нээх байхгүй. Багш нар ч надад гайгүй байдаг. Сургууль, ангидаа ч гайгүй сурагчдад тооцогддог. Олон найз нөхөдтэй, нийтэч. Гэхдээ би хэзээнээс ч юм ямар ч хүсэл зорилгогүй болчихсон. Ийм байдалтай нэлээн олон сар явлаа. Ямар нэг шийдэлд хүрээгүй бол төгсөх хаяанд ирээд бүр ч хэцүү болоод байна. Би одоо яг яавал дээр вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийн бодол болоод сэтгэл хөдлөл, үйлдэлд шүүмж өгөхгүйгээр ажиглаж сураарай.

Өдрийн мэнд. Захидал илгээсэнд баярлалаа. Эхний ээлжид өөртөө амрах боломж олгоорой. Цаг тутамд идэвхтэй нэгэн байх боломжгүй шүү дээ. Өөрийн бодол болоод сэтгэл хөдлөл, үйлдэлд шүүмж өгөхгүйгээр ажиглаж сураарай. Ямар үед идэвхтэй байгаад, хэзээ идэвхгүй байгаад байна гэх мэтээр ажиглаарай.

Хэсэг хугацаанд өөрт амрах боломж олгосон бол санаа зовж буй асуудлынхаа эсрэг хариу арга хэмжээ авч эхлээрэй. Өдөрт тодорхой хугацааг санаа зовоод байгаа зүйлдээ гаргах нь сэтгэл зүйн төлөв байдлыг тогтвортой болгоход тусалдаг. Санаа зовоод байгаа хэрнээ үйлдэл хийхгүй удах нь сэтгэл гутралд хүргэх эрсдэлтэй байдаг юм шүү. Өөрийн зүгээс шийдэж болох асуудлуудыг удаан бодох биш хэрхэн засах талаар бодоод өөрийн амьдралын хэмнэлд тохируулж төлөвлөгөө гаргаарай.


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter