Цахим орчинд биднийг өөрийгөө ол, үнэт зүйлийнхээ төлөө хөдөлмөрлө, хүсэл мөрөөдлөө дага гэж уриалдаг. Тэгвэл энэ бүгдийг яг яаж олдог вэ? Юуг мэдэрч даван туулдаг вэ? Хэрхэн өөрийгөө олох “аялал”-д гарах вэ? Хаанаас эхлэх нь зүйтэй вэ гэж бодож байгаа байх. Тэгвэл дараах нийтлэл та бүхэнд эдгээр асуултын хариуг өгөх болно.
Өөрийгөө ол гэхээр ЯАЖ гэж асуухгүй юм байна. ХААНА БАЙНА вэ гэж бодох хэрэгтэй юм билээ. “Яг одоо би хаана байна вэ?”, “Юу хийж байна вэ?” гэж бодох шаардлагатай. Учир нь одоогийн би юу хийж чаддаг болон чаддаггүй вэ гэдгээ хүлээн зөвшөөрч өөрийгөө байгаагаар нь хүлээн авах, өөрийгөө үнэн зөв үнэлэх юм.
Маш энгийнээр тайлбарлахад би хаана төрөө вэ? Ямар улсын иргэн болж төрөө вэ? Ямар цаг үед амьдарч байна вэ? Хэний хүү/охин болж мэндлэв? Хаана амьдарч байна вэ? Яг одоо ямар байдалтай байна вэ? Энэ энгийн хэрнээ гүн гүнзгий, өргөн цар хүрээтэй асуултад өнөөгийн Монгол оронд олон янзын хариулт урган гарна. Үүний дунд өөрийнхөө бодит байдлыг үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч эхэлснээр чиний өөрийгөө олох эхлэл тавигдах юм.
Надад юу байна вэ? Юу байхгүй байгаа вэ? Би яаж бүтээх вэ? Байгаагаа анзаарч нэг хараад “өнгөлж, зүлгэх” нь өөрийгөө бүтээх юм билээ. Сонгож чадах зүйлс, сонголтгүй ирэх зүйлсийг ялгаж салгаад алийг нь өнгөлж, тордох вэ гэж өөрөөсөө асуугаарай.
Ингээд сэдэвтэй маань яг таг тохирох нэгэн бүтээлийг санал болгоё. Манга зураач, зохиолч Сайбара Риэкогийн “Өөрийгөө олсон амьдрал” ном та бүхэнд дээрх асуултуудынхаа хариуг олоход туслах болно. Ядуурал, архидалт дунд өсвөр насаа өнгөрөөж, хүнд нөхцөлд орсон ч түүнийгээ хэрхэн даван туулсан түүхийг сонирхон судлаад үзээрэй. Сурагчдын амралтаар энэ номын тусламжтайгаар гар утас, дэлгэцийн гэрлээс түр ч гэсэн холдож болох л юм.
Дараагийн санал болгох ном бол мөн өөрийгөө хэрхэн олсон тухай өгүүлэх зохиол юм. Бид өөрийгөө олох аяллынхаа туршид өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулан жишдэг. Харьцуулах үед бидэнд байхгүй ч өөр нэгэнд байгаа зүйлс тодорч үзэгдэнэ. Дутуу дулимаг гэж мэдрэгдэнэ. Тэгвэл энэ тухай сонирхолтойгоор хүүрнэх, Японы зохиолч, Харүки Мүракамигийн “Өнгөгүй Тазаки Цүкүрү ба Түүний эргэлтийн он жилүүд” номыг санал болгоё. Тазаки Цүкүригийн найзууд бүгд л өөр өөрийн гэсэн өнгөтэй. Харин гол дүр маань өөрийн гэсэн өнгөгүй. Энэ нь түүнд дутуугийн мэдрэмжийг үүсгэнэ. Тэр энэ бүхнийг хэрхэн даван туулж өөрийгөө хүлээн зөвшөөрөх бол гэсэн сонирхолтой асуулт чамайг хүлээж байна.
Санал болгох сүүлийн ном бол Францын зохиолч Антуан Де Сэнт-Экзюперигийн “Бяцхан хунтайж” нэртэй дэлхийн шилдэг зохиол юм. Ямар зорилготой, ямар хүн болж төлөвшихийг хүссэн ч өөрийн дотор орших хүүхэд зангаа, өөрийн үнэлэмж, өөрийн заяагдсан зүйлийг устгаж эвдэлгүйгээр, өөрийгөө танихгүй болтол өөрчлөхгүйгээр авч үлдэх хэрэгтэйг сонирхолтойгоор сануулан хэлдэг. “The Little Prince” нэртэй анимейшн олон төрлөөр хийгдсэн тул хайж олоод үзээрэй.
Дүгнэж хэлэхэд, уншиж судална гэдэг нь тухайн зүйлийг ганцхан удаа уншаад үлдээх бус түүнийгээ бодон бясалгаж, хангалттай хугацааны дараа дахин уншиж, шинээр хүлээж авах гэж оролдох, анзааралгүй өнгөрсөн утга бий эсэхийг шалган шүүхийг хэлнэ. Ингээд уншигч чамд амжилт хүсье!
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх