YSC: Шантарлаа гээд амьдралд бууж өгөх эрх залуу хүнд байх ёсгүй
“Y” подкастын шинэ дугаарт Олон улсын тахь группийн тахийн биологич, Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн амьтан судлаач С.Далайцэрэн оролцож, өөрийн ажил мэргэжлийн талаар ярилаа. Түүний ярианаас ишилбэл:
- Азарга нь хүрээгүй газар унага нь хүрдэг гэж үг бий. Би аавынхаа хийж чадаагүйг гүйцээх зорилгоор энэ мэргэжлээ сонгосон.
- Миний ганц эмзэглэдэг зүйл бол биологич, амьтан судлаач мэргэжлийг сонгож буй хүүхэд залуус маш ховор болжээ. Миний доод курсийн амьтан судлаач анги тавхан хүүхэдтэй байсан. Тэрнээс доош би гурав гэж сонсож байсан.
- Шантарлаа гээд амьдралд бууж өгөх эрх залуу хүнд байх ёсгүй гэж боддог.
- Залуус зорилготой байгаасай, юмыг хийгээд ард нь гарч чаддаг байгаасай гэж хүсдэг.
- Судлаач хүн хими, биологи, газар зүй, англи хэлний хичээлдээ сайн байх хэрэгтэй.
- Амьтан судлаач хүний ажлын байр бол хөдөө орон нутаг.
- Би зөвхөн амьтан судалдаггүй. Судалж буй амьтан маань тухайн хөрсөнд ургаж буй яг аль ургамлыг нь идэж байна гэдгийг нь судална. Дараа нь амьтныхаа биеийн бүтэц, зан төрхийг судална. Системчилсэн, их том цар хүрээтэй ажил.
- Хүн оюутан ахуй насандаа хичээлдээ яаж хандаж байна амьдрал дээр гараад яг тийм байна.
- Залуус бид байгаль эх дэлхийгээ хайрлаж хамгаалахгүй бол хэцүү үе иржээ.
“Y” подкастыг Монгол экологи төвөөс Европын Холбооны хамтын санхүүжилтээр хэрэгжүүлдэг Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус хөтөлбөрийн хүрээнд бэлтгэдэг билээ. Тус хөтөлбөр нь Монгол Улсын 15-22 насны залуусыг байгальд ээлтэй, нийгэмдээ оролцоотой, залуу манлайлагчид болгон төлөвшүүлэх зорилготой. Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.