ЗАЛУУЧУУД ЧУУЛЖ тэдний оролцоотойгоор ХӨГЖИЛД ХЭРХЭН ХҮРЭХ талаар хэлэлцлээ


Сондор | YOLO.MN
2016-08-26

Монголын Залуучуудын эвслээс зохион байгуулж буй “Залуучуудын иргэний нийгмийн хоёрдугаар чуулган” өчигдөр амжилттай болж өндөрлөлөө. Чуулганаар хөгжлийг залуучууд тодорхойлох боломж, залуучуудын хөгжлийг сайжруулах арга замууд, иргэний нийгмийн байгууллагууд ба тунхаглал батлах талаар хэлэлцэж санал бодлоо солилцлоо.

Энэхүү чуулганы уриа нь “Залуус+Оролцоо=>Хөгжил”  ба чуулганд Монголын залуучуудын эвслийн гишүүн байгууллагууд, бусад хүүхэд залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, холбоо, НҮБХАС-ийн зорилтот аймаг, сум, дүүргийн Залуучуудын Хөгжлийн Төв болон олон улсын байгууллагууд, бусад төрийн захиргааны байгууллагуудын нийт 350 орчим төлөөлөгчид оролцсон юм.

Энэ талаар Монголын Залуучуудын Эвслийн зохицуулагч Н.Биндэрья хэлэхдээ:

-МЗЭ-ээс хоёр дахь жилдээ энэхүү чуулганыг “Залуус+Оролцоо=>Өөрчлөлт” сэдвийн дор зохион байгуулж залуучуудад хандсан бодлого, өөрчлөлт хийхэд бидэнд яг юу хэрэгтэй байна гэдгийг судалж, хамтдаа болон нэгнээсээ суралцаж чадсан байгаа. Одоо тэр гарсан өөрчлөлтөө залуучуудын хөгжил рүү чиглүүлэхээр хэлэлцлээ. Биднийг энэ төрлийн үйл ажиллагаа зохион байгуул гэж хэн ч хэлдэггүй, бид өөрсдийн санал санаачилгаар бие даан энэ үйл ажиллагааг зохион байгуулдаг. Бид чуулганы үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд чуулганы үр дүнг нийгэмд таниулж шинэ байгуулагдсан Засгийн газарт хандсан бодлогын нөлөөллийн үйл ажиллагааг хийхээр төлөвлөж байна.

Энэхүү чуулганы зорилго залуучуудын иргэний нийгмийн байгууллагын оролцоонд суурилсан, хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулахад чиглэх аж.










#teenagers #youthday