BLACKPINK хамтлагийн Rose-гийн хоолойнд "бүүвэйлэгдэн" нойрсох боломжтой болжээ


Миау | YOLO.MN
2021-12-08

Бясалгал, нойрны “Calm” аппликейшний “Sleep Stories” цэсэнд BLACKPINK хамтлагийн Rose-гийн түүх шинээр нэмэгджээ.

Энэхүү апликейшн нь бясалгалын хөтөлбөрүүдээрээ хэрэглэгчдэд танигдсан ба урлаг, соёлын алдартнуудтай хамтран “Sleep Stories” хэмээх булан гаргадгаараа онцлог. Та бүхний мэдэж байгаачлан поп дуучин Harry Styles, “Bridgerton” цувралын од Rege-Jean Page тэргүүтэй алдартнууд өөрсдийн хоолойгоор нойрны асуудалтай хүмүүст тархиа амрааж гүн нойрсоход нь тусалж байсан билээ.

Тэгвэл өчигдөр Өмнөд Солонгосын алдарт BLACKPINK хамтлагийн гишүүн Rose “Grounded with ROSE” нэртэй түүхээ уг аппликейшнд байршуулсан байна. Тэрээр энэхүү хамтын ажлынхаа тухай:

- “Өдөр бүрийн төгсгөлд дотогшоогоо өнгийж, дотоод хүнтэйгээ холбогдох нь сэтгэл зүйн эрүүл мэнддээ хийж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт минь. Тиймээс та бүхэнд дотоод хүнээ ажиглаж, тайван амрахад чинь тусална гэхээс догдолж байна” гэжээ.

Нийт 30 минут үргэлжлэх хөтөлбөрийн эхэнд Rose өөрийн нойрны хэмнэлтэй холбоотой асуудлыг хөндөнө. Түүний хувьд завгүй өдрийн дараа тайван амрах нь хэцүү ч гэлээ “Calm” аппликейшн болон хайртай тэжээвэр нохойнхоо тусламжтайгаар тайвширч чаддаг аж. Тэрээр үргэлжлүүлэн амьсгалын дасгал зааж, стресс үүсгэгч хүчин зүйлсээс ангижирч, амар тайван байдлаа олоход туслах бясалгалын хичээлийг орно.

Түүний намуухан уянгалаг хоолой болоод Оскарын шагналт “Minari” (2020), “Lost in Translation” (2003) зэрэг сор бүтээлүүд дээр ажилласан туршлагатай хөгжмийн зохиолч Kent Sparkling-ийн хөгжмийн хослолыг мэдэрч, нойрны асуудлаа шийдээрэй. 

“Grounded with Rose”-гийн тухай илүү ихийг ЭНД дарж үзээрэй. 

Эх сурвалж: TeenVogue

 

#Эрүүл мэнд #Дуу хөгжим #Бясалгал #BLACKPINK