YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Харуулахыг хүсээгүй зургаа санамсаргүй харуулчихлаа.
Сайн уу? Саяхан найз маань миний утсан дээрх зургуудыг үзэхийг хүссэн юм. Би ч дуртай зөвшөөрсөн. Гэхдээ тухайн үед утсан дээр маань миний нандин зургууд байгаа гэдгийг мартаад харуулчихсан. Найз маань тэр зургуудыг харахад 1 секунд ч болоогүй байхад нь зургаа сольсон. Тэр үед найз маань ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй ч одоо болтол “юу гэж бодсон бол?”, “мартсан болов уу?” гэж санаа зовж байна. Үүнийг яаж шийдэх вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Үнэхээр харсан эсэхийг нь тодорхой болгомоор байвал өөрөөс нь асуугаарай.
Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Тэр зургийг хэн нэгэнд харуулахыг хүсээгүй болохыг чинь ойлголоо. Мөн найз чинь тэр зурган дээр юу байсныг харсан эсэх, хэрвээ харсан бол хараад юу гэж бодсон эсэхийг нь тодорхой болгохыг хүсэж байгаа юм шиг санагдлаа.
Ямар учраас чи үүнийг тодорхой болгох хэрэгтэй гэж үзэж байгаа вэ? Захидлаас уншихад энэ талаар найзтайгаа ярилцаагүй гэж ойлголоо, зөв үү? Чи энэ талаар ярилцахыг хүсэж байна уу? Хэрэв үгүй бол энэ талаар найзтайгаа ярилцахад чамд ямар мэдрэмж саад болж байна вэ? Мөн чамд яг юу саад болж байна вэ?
Хэдийгээр энэ талаар ярилцах нь амаргүй боловч ярилцах нь чиний санаа зовоод байгаа асуудлыг тодорхой болгоход туслах боломжтой юм шүү. Хэрэв ярилцахаар шийдвэл өөрийн илэрхийлэх гэж байгаа санаа, асуух гэж байгаа асуултаа маш тодорхой, оновчтой тавих нь зүйтэй юм шүү. Чамд амжилт хүсье!
Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун
АСУУДАЛ: Уурлахаараа найз охиндоо муухай үг хэлчих юм.
Сайн байна уу? Би 18 настай, эрэгтэй. Саяхан найз охиноосоо салсан юм. Энэ нь яг юунаас болсон бэ гэвэл:
Би нэг асуудал яриад, тэрэндээ хэтэрхий уурлаад, болох болохгүй баахан үг орилоод хэлчих юм. Тэгсэн чинь хамаатны эгч нь сонсоод, утсыг нь булааж аваад “Чи зүгээр зайл. Ийм үерхэл гэж байдаггүй юм. Чи хэзээ ч миний дүүд хань болж чадахгүй. Дахиж залгавал цагдаад өгнө” гэсэн. Утсаа тасалсныхаа дараа намайг бүх зүйлээрээ блок хийгээд таг болчихсон.
Саяхан сургууль дээр нь очоод “Бүх зүйлийг засаж чадна, дахиж хэзээ ч ийм зүйл болохгүй” гэж хэлсэн ч найз охин маань “Нийлмээргүй байна. Сэтгэл гарахгүй. Дахиж хэнийг ч хайрлахгүй. Одоо зүгээр л тус тусдаа байя. Би ч чамайг зовоохгүй. Чи ч намайг зовоохгүй. Чамайг уурлахаар би айгаад байна” гэсэн.
Би одоо яахаа мэдэхгүй хэцүү байдалд орчихлоо. Надад хэцүү байна. Ингээд дуусах харилцаа биш. Хэрвээ удах юм бол амиа хорлож ч магадгүй байдалд орчихлоо.
ЗӨВЛӨГӨӨ: Хүн бүхэн уурладаг. Харин түүнийг хэрхэн удирдан зохицуулах вэ гэдэг маш чухал.
Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Найз охинтойгоо харилцаагаа үргэлжлүүлмээр байгааг чинь ойлголоо. Өмнө нь та хоёрт ийм асуудал тулгарч байсан болов уу? Хэрэв тийм бол тэр үед та хоёр хоорондоо хэр их ярилцдаг байсан бэ? Юу гэж ярилцдаг байсан бэ? Найз охин чинь өмнө нь чиний уур бухимдлаа илэрхийлэх хэв маягийн талаар чамд мэдрэмжээ илэрхийлдэг байсан болов уу?
Захидлаас уншихад найз охин нь ямар учраас чамаас холдож байгаа талаараа дэлгэрэнгүй илэрхийлж энэ талаар та хоёр хоорондоо ярилцаж тохироогүй юм шиг санагдлаа. Мөн өмнө нь үүссэн зөрчилдөөнөө шийдвэрлээгүй болохоор чамд найз охиндоо хэлэхийг хүссэн зүйлс байгаа юм шиг санагдлаа. Хэрэв тийм бол найз охиндоо захидал бичиж хэлэхийг хүссэн зүйлээ илэрхийлэх боломжтой юм шүү.
Хэдий тийм боловч хосын харилцаа нь хоёр хүний дунд явагддаг учраас аль нэг нь харилцаагаа үргэлжлүүлэхийг хүсэхгүй байгаа тохиолдолд хүлээн зөвшөөрч тухайн хүний шийдвэрийг хүндэтгэх хэрэгтэй болдог. Тийм учраас юуны түрүүнд ярилцаж харилцаагаа тодорхой болгохыг хичээгээрэй.
Мөн захидлаас уншихад уур бухимдлаа удирдахад хүндрэлтэй байдаг гэж ойлголоо, зөв үү? Хэрэв тийм бол дараах асуултуудад хариулаарай. Ихэвчлэн юу чамайг тавгүй, ууртай болгодог вэ? Чи уур хүрсэн үедээ уураа ихэвчлэн хэрхэн илэрхийлдэг вэ? Мөн хэрхэн гадагшлуулж тайвширдаг вэ?
Хүн болгон ямар нэг зүйлд тодорхой хэмжээгээр уурладаг. Уур хүрсэн үед хүний биед маш их эрч хүч хуримтлагддаг ба түүнийгээ гадагшлуулах хэрэгцээтэй байдаг. Хүний биед уур мэдрэгдэх энэхүү байдал хүн бүрт адилхан байдаг. Харин түүнийгээ хэрхэн удирдан зохицуулах вэ гэдэг маш чухал. Тухайлбал, ууртай үедээ өөрт хуримтлагдсан тэр их эрч хүчээ дасгал хийх, гүйх гэх мэт байдлаар гадагшлуулж бага зэрэг тайвширсан үедээ яг юу чамайг уурлуулсан талаар бусдад илэрхийлж байхыг хичээгээрэй. Чамд амжилт хүсье!
Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун
АСУУДАЛ: Арай ч эерэг гарахгүй байх гэж бодсон ч, эерэг гарчихсан.
Сайн байна уу? Би 14 настай. Энэ бусдад энгийн зүйл байж магадгүй ч надад хүндээр тусаад байгаа болохоор хэлэх гэсэн юм. Би энэ долоо хоногт коронавирусийн шинжилгээ өгсөн. Арай ч эерэг гарахгүй байх гэж бодсон ч эерэг гарчихсан.
Би үнэхээр энэ мэдрэмжийг юу гэж тайлбарлахаа сайн мэдэхгүй нь. Яг одоо байгаа байдал минь гайгүй ч сэтгэл санаа яагаад ч дээрдэхгүй нь. Эргэн тойрны дотнын хүмүүс маань "Зүгээр ээ, бүгд л тусаад эдгэж байгаа", "Битгий гуниглаад бай, зүгээр", "Хурдан эдгэхэд л болно шүү дээ" гэх мэт урмын үгс хэлж байгаа ч надад энэ нь огт нөлөөлөхгүй байна. Зүгээр л коронавирус л тусахгүй шүү гэж бодож хариуцлагатай явна гэж өөртөө амласан байтал ингээд тусчхаар өөртөө үнэхээр их урам хугарсан. Яагаад ч юм энэ байдлаараа сэтгэл санаа дээрдэхгүйгээр үргэлжилж гунигтай байх бололтой. Туслаач.
ЗӨВЛӨГӨӨ: Ковид туссан нь зөвхөн чамаас шалтгаалах зүйл мөн үү?
Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Сэтгэл санаагаа тайван, тогтвортой байлгахыг хүсэж байгааг чинь ойлголоо. Мөн ковид туссан байдлаас илүүтэй өөртөө амласан амлалтдаа хүрээгүй нь чамд таагүй санагдсан юм шиг гэж байна, зөв үү?
Захидалд коронавирус л тусахгүй юм шүү гэж бодож хариуцлагатай явах гэж өөртөө амласан гэж бичжээ. Анх хэзээ ийм амлалт өөртөө өгсөн бэ? Ямар учраас өөртөө ийм амлалт өгсөн юм бол? Ковид туссан байгаа нь чамайг хариуцлагагүй гэж тодорхойлох уу? Хэрвээ ковид тусчихвал юу болно гэдгээс чи маш их айсан, мөн санаа зовсон бэ? Чи ковид туссан хүмүүсийг юу гэж боддог вэ?
Чи өөртөө амласан амлалтдаа хэр их хүрдэг вэ? Өмнө нь өөртөө амласан амлалтдаа хэр их хүрдэг байсан бэ? Амлалтаа биелүүлж чадаагүй тохиолдолд чамд ямар мэдрэмж төрдөг байсан бэ? Мөн ковид туссан байдал нь зөвхөн чамаас шалтгаалах зүйл мөн үү? Хэрэв тийм бол хэдэн хувь нь чамаас шалтгаалж, хэдэн хувь нь чамаас шалтгаалахгүй байна вэ?
Хэдийгээр амлалтаа биелүүлэх нь сайн зүйл боловч заримдаа ямар нэг байдлаар амлалт биелэгдэхгүй байх тохиолдлууд байдаг. Биелэгдэхгүй байх нь чамаас шалтгаалахгүй байх ч тохиолдол бий. Тиймээс зарим тохиолдолд өөртөө өгсөн амлалт надаас шалтгаалахгүйгээр эсвэл надаас гадна өөр бусад хүчин зүйлээс болж биелэхгүй тохиолдол байж болно гэдгийг хүлээн зөвшөөрөөрэй. Мөн юунаас ч шалтгаалсан байсан гэсэн нэгэнт ийм зүйл болчихсон учир нөхцөл байдлыг аль болох хүлээн зөвшөөрч, өөртөө зөөлөн хандаарай. Өөрийгөө уучлаарай. Чамд амжилт хүсье.
Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун
АСУУДАЛ: Ойрд ямар нэг юмнаас айгаад ч байгаа юм шиг түгшээд ч байгаа юм шиг тогтворгүй байх болоод байна.
Сайн байна уу? Би 18 настай, 12-р ангийн сурагч. Миний сэтгэл санаа ойрд их тавгүйтээд, юм л бол их уурлах боллоо.
Миний хамгийн их үзэн яддаг хүн миний гэр бүлийн гишүүн. Тэр хүний хийж байгаа үйлдэл, ярьж байгаа яриа гээд үнэхээр үзэн ядаж дургүй хүрмээр. Зүгээр байгааг нь харахаар л уур дургүй хоёр зэрэг хөдлөөд байна. Надад тэр хүнийг үзэн ядах олон шалтгаан бий. Ойрд ямар нэг юмнаас айгаад ч байгаа юм шиг түгшээд ч байгаа юм шиг сэтгэл санааны хувьд байнга тогтворгүй болоод байна. Аав ээж хоёртоо хэлье гэсэн ч угаасаа тэр хоёр тоохгүй, тоодоггүй юм.
ЗӨВЛӨГӨӨ: Санаа зовж түгшиж байгаа асуудлаа тодорхойлж, шийдвэрлэхийг хичээх нь сэтгэл түгшилтийг бууруулах боломжтой.
Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Ойрын үед чиний сэтгэл санаа хямрах ямар нэгэн үйл явдал тохиолдсон уу? Сэтгэл түгшилт маш олон зүйлээс болж бий болдог учраас ойрд ямар үйл явдал болсноо бодоод үзээрэй. Мөн сэтгэл түгшилт хүн бүрд байдаг хэвийн зүйл боловч хэт их түгших нь бидний сэтгэл зүйн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
Сэтгэл зүйн эрүүл мэнддээ санаа тавьж захидал бичиж байгаа нь сайн байна. Санаа зовж түгшиж байгаа асуудлаа ухамсарлаж ойлгох, шийдвэрлэхийг хичээж үйлдэл хийх мөн шийдвэрлэх нь сэтгэл түгшилтийг бууруулах боломжтой. Юунаас болж сэтгэл санаа нь тавгүй байгаа вэ? Юунаас айж байна вэ? Хамт амьдарч байгаа чиний дургүй хүнээс болж байгаа юу? Чамд ямар асуудлууд байна вэ? Юунаас болж байгаа сэтгэл санаа тогтворгүй байгаа болон ямар асуудлууд байгаагаа тодорхойлох амархан биш. Гэхдээ тодорхойлж байж үйлдэл хийх боломжтой. Тиймээс захидлаа илүү дэлгэрэнгүй бичиж дахин захидал илгээгээрэй.
Мөн өөрт тохиолдож буй асуудлуудыг бичиж нэрлэхийг хичээгээрэй. Ингэснээр юу чиний санааг зовоогоод байгааг ойлгоход туслах юм. Мөн итгэдэг дотнын хүнтэйгээ ярилцахыг хичээгээрэй. Хүмүүстэй ярилцахад хэцүү байна гэвэл сэтгэл судлаачтай биечлэн уулзаж ярилцах боломжтой. Өөрийгөө ойлгохгүй байгаа тохиолдолд бусадтай ярилцах нь өөрийгөө ойлгоход тусалдаг сайн арга юм. Магадгүй асуудлаа тодорхойлоод бичье гэхээр нэг л болохгүй байвал бусдын тусламжийг аваарай.
Мөн захидалд гэр бүлийнхээ гишүүнтэй таарамж муутай байдаг талаар бичсэн байна. Чи өөрийнхөө дургүй хүнд ямар нэгэн байдлаар “надад таагүй байна” гэдгээ илэрхийлж байсан уу? Тэр хүнийг үзэн ядах олон шалтгаан байгаа гэсэн байна. Ямар шалтгаанууд байгаа вэ? Тэр хүнийг яагаад үзэн ядаж байгаа талаараа хэн нэгэнтэй ярилцаж байсан уу? Хэрвээ хүсвэл юу болсон талаар ойр дотнын хүнтэйгээ эсвэл сэтгэл судлаачтай ярилцаарай.
Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Б. Ариунжаргал
АСУУДАЛ: Ирээдүйд сэтгэл судлалын чиглэлээр суралцахыг хүсдэг боловч би өөрөө сэтгэл зүйн асуудалтай.
Сайн байна уу? би 17 настай, эмэгтэй. Ирээдүйд сэтгэл судлалын чиглэлээр суралцахыг хүсдэг боловч би өөрөө сэтгэл зүйн асуудалтай, эмзэг мэдрэмтгий хүн болохоор энэ чиглэл тохирохгүй гэж хааяа боддог. Мөн эргэн тойрны хүмүүс маань ч тэгж хэлцгээдэг. Яах хэрэгтэй вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Сэтгэл судлаач бол мэргэжил. Сэтгэл судлаач мэргэжилтэн бусадтай адилхан хүн юм шүү.
Сайн байна уу?. Захидал илгээсэнд баярлалаа. Өөрийнхөө сурахыг хүссэн мэргэжлээрээ сурмаар байгаа боловч өөрийгөө сэтгэл зүйн асуудалтай, эмзэг мэдрэмтгий учраас, мөн бусдын хэлсэн үгнээс болоод сонгосон мэргэжилдээ эргэлзэж байна гэж ойлголоо. Яагаад сэтгэл судлалын чиглэлээр суралцахыг хүсэх болсон бэ?
Сэтгэл судлалаар суралцаад төгссөний дараа сэтгэл судлаач ажлын байран дээр ямар ажил эрхэлдэг болохыг судалж үзсэн үү?
Ихэнх хүмүүс сэтгэл судлаачийг зөвхөн хүний асуудлыг сонсож, зөвлөгөө л өгдөг гэж ойлгодог. Үүнтэй адилхан сэтгэл судлаачийг аливаад тайван хандаж, эерэг байх ёстой гэж боддог. Гэвч сэтгэл судлаач дан ганц сэтгэл зүйн зөвлөгөө өгдөггүй. Сэтгэл зүйн сургалт, судалгаа, төсөл, хөтөлбөр, нөлөөллийн ажил гэх олон төрлийн ажил хийдэг. Сэтгэл судлаач болоод заавал сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ёстой гэсэн үг биш. Судалгаа хийж болно, төсөл, хөтөлбөр дээр ажиллаж болно гэх мэт олон ажлыг хийж болно шүү.
Бас сэтгэл судлаач бусадтай л адилхан хүн шүү дээ. Тиймээс сэтгэл судлаачид ч гэсэн баярлана, уйлна, сэтгэл зүйн олон асуудалтай тулгарна. Тиймээс сэтгэл судлаач сэтгэл зүйн асуудалгүй байдаг гэдэг нь гэмтлийн эмч хөлөө хугалж болохгүй гэж байгаатай адилхан өрөөсгөл ойлголт болно. Гэхдээ ажил, амьдралаа холихгүй, ялгаж салгадаг байх нь нэн чухал.
Сэтгэл судлаач бусдын асуудлыг сонсож, тэдний мэдрэмжийг хуваалцах хэрэгтэй байдаг учраас бусдыг ойлгох чадвар /эмпати/ маш хэрэгтэй байдаг. Чиний эмзэг мэдрэмтгий байдал нь бусад хүмүүсийн асуудлыг сонсоод тэднийг ойлгох чадварын эхлэл байхыг ч үгүйсгэх аргагүй шүү дээ. Мөн сэтгэл судлаач болохын тулд эзэмших шаардлагатай ур чадварууд чамд байж ч магадгүй.
Тиймээс энэ мэргэжлийг сонирхож, сурахыг хүсэж байвал өөрийн сул тал дээрээ төвлөрөх, бусдын хэлсэн үгэнд итгэж эргэлзэж суулгүйгээр сэтгэл судлаач болоход ямар ур чадвар хэрэгтэй байдаг вэ гэдгийг судлаад үзээрэй. Хэрвээ чамд сэтгэл судлаач болоход хэрэгтэй ур чадварууд байвал түүнийгээ улам хөгжүүлээрэй. Чамд амжилт хүсье!
Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Б. Ариунжаргал
АСУУДАЛ: Би аав ээжийнхээ шийдвэрээр мэргэжлээ сонгосон.
Сайн байна уу? Би 16 настай, 11-р ангийн сурагч. Энэ жил ирээдүйдээ их санаа зовох боллоо. Дунд ангидаа хичээлдээ ерөнхийдөө хоцорсон. Математик, физик зэрэг томьёоны хичээлдээ тийм ч сайн биш.
Би монгол хэл, уран зохиол зэрэг чиглэлээр явж, ирээдүйд багш болохыг хүсдэг. Аав ээж хоёр маань харин намайг эм зүйч болгохыг хүсдэг. Би тэдний шийдвэрээр мэргэжлээ сонгосон. Дургүйд хүчгүй гэдэг шиг хими, биологийн хичээлдээ тийм ч сонирхолтой биш. Сайн ч биш. Хамгийн том асуудал нь би нэг жилийн дараа ЭЕШ өгнө. Тэнцэж чадахгүй бол яах вэ? Аав ээжийнхээ урмыг хугалж, итгэлийг нь алдвал яана аа? Би их сургуульд орж чадахгүй, азгүй нэгэн болчихвол яана гэхээс айж байна.
ЗӨВЛӨГӨӨ: Үнэхээр аав ээжийнхээ хэлсэн мэргэжлээр сурахыг хүсэж байна уу?
Өдрийн мэнд. Захидал илгээсэнд баярлалаа. Элсэлтийн ерөнхий шалгалт болоход нэг жилийн хугацаа үлдсэн байна. Эцэг эхдээ өөрийгөө илэрхийлэх боломж, хугацаа өөрт чинь байгаа биш гэж үү? Чи үнэхээр аав ээжийнхээ хэлсэн мэргэжлээр сурахыг хүсэж байна уу? Үнэхээр хүсэхгүй байвал хүчлэх хэрэг байна уу? Одоо аав ээжийнхээ итгэлийг алдчих вий гэж санаа зовж байгаа ч хүсэхгүй мэргэжлээ хүсэхгүй хэвээрээ байвал яах вэ? Харамсвал яах вэ?
Өөрийгөө бусдад ойлгуулахын тулд хүчин чармайлт их шаардагдана. Өөрөө үнэхээр эцэг эхийнхээ зөвлөсөн мэргэжлээр суралцах хүсэлгүй байна уу? Хэрэв тийм бол дараах асуултын хүрээнд эцэг эхтэйгээ дахин ярилцахаас өөр сонголтгүй. Мөн энэхүү ярилцлага нь бие биенээ сонсох нөхцөлөөр хангагдсан байх ёстой юм шүү. Утсаа оролдохгүй, зурагт үзэхгүй бие биенээ сонсоход саад болох зүйлгүй байх хэрэгтэй. Хэрэв орчин нөхцөл нь бүрдсэн бол дараах асуултын хүрээнд ярилцаарай:
- Өөрийн хүсэл сонирхлыг илэрхийлэх.
- Өөрийн дуртай, чаддаг хичээлээ хэлэх.
- Хүсээгүй сургуульдаа элсээд суралцах үед амжилттай сурч чадах эсэх
- Хүсээгүй мэргэжлээрээ сурсан ч ажлын талбарт гараад амжилттай ажиллаж чадах эсэх
- Шалгалтаа амжилттай өгч чадах эсэхдээ эргэлзээд айж байгаагаа хэлэх
- Элсэлтийн шалгалтаа тааруу өгөх айдас мэдрэгдээд байгаа тул давтлагад явуулж өгөх талаар ярилцах. Аль чиглэлийн хичээл дээр давтлага авмаар байгаагаа бодоорой.
- Эцэг эхийн сонголт болон өөрийн чинь хүсэл сонирхол тусдаа зүйл гэдгийг илэрхийлж ярих
Харилцаанд харилцан бие биендээ буулт хийх үе байх хэдий ч үнэхээр хүсэхгүй байгаа зүйлээ хийсээр байх нь сэтгэл зүйн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Чи ямар мэргэжилтэй болохыг хүсэж байна вэ? Чи ямар сонголт хийхийг хүсэж байна вэ? Дахин бодож үзээрэй.
Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх