"Түүний хэлж байгаа сайхан үгс заримдаа ХУДЛАА Ч ЮМ ШИГ санагдах юм"


Сондор | YOLO.MN
2016-10-26

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Түүний хэлж байгаа сайхан үгс нь худлаа ч юм шиг санагдах юм

Тэр хайртай гэж дандаа хэлдэг боловч яг үнэн хэлж байна уу гэдэг нь эргэлзээтэй санагдах юм

Сайн байна уу? Би одоо 12-р ангид суралцдаг бөгөөд нодлин жилээс хойш нэг хүнд сайн болсон юм. Тэр одоо төгсөх курсийн оюутан бөгөөд бид саяхнаас чатаар нилээн дотно харилцаатай болсон. Тэр хайртай гэж дандаа хэлдэг боловч яг үнэн хэлж байна уу гэдэг нь эргэлзээтэй санагдах юм. Бид өмнө нь уулзаж байгаагүй гэхдээ нэг нэгнээ харж байсан. Тэр үргэлж над руу түрүүлж бичдэг боловч дандаа “аан, мм” гэх мэтийн үгнүүдийг над руу явуулдаг. Би аль болох дотно байхыг хичээвч нэг л болж өгөхгүй байх юм. Түүний хэлж байгаа сайхан үгнүүд нь худлаа ч юм шиг эсвэл би хэтэрхий их ургуулж бодоод байна уу?

ЗӨВЛӨГӨӨ: Өөртөө итгэлтэй байж амьд харилцааг илүү чухалчлах хэрэгтэй

Нэг ёсондоо чи гомдоод өөрийн гомдолоо хэт дэлгэрүүлж, өрнүүлж бодож байгаа хэрэг. Иймд түүнээсээ шууд асуух хэрэгтэй.

Сайн байна уу, Хайртай гэдэг үгийг хэлэх амар ч үйлдэл болгон мэдрэх их хэцүү. Тухайн хүний "аан, мм" гэх товчхон хариулт хүртэл чамд их хүчтэй нөлөөлсөн байна шүү дээ. Нэг ёсондоо чи гомдоод өөрийн гомдолоо хэт дэлгэрүүлж, өрнүүлж бодож байгаа хэрэг. Иймд түүнээсээ шууд асуух хэрэгтэй. Надтай илүү удаан хугацаанд хамт баймаар байгаа эсэх, мөн чиний бичдэг товчхон хариултууд надад таалагдахгүй байна гэдгээ хэлэх хэрэгтэй. Хэлэхгүй бол чамайг ойлгоод болоод л байгаа гэж бодно шүү дээ. Мөн чи өөртөө итгэлтэй байж амьд харилцааг илүү чухалчлах хэрэгтэй. Онлайн харилцаа бол амьд харилцааны үнэ цэнд хэзээ ч хүрэхгүй шүү

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Д.Лхамсүрэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Teenagers