Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүр зохион байгуулдаг “Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол”-ыг энэ сарын 26-ны өдөр буюу анхдугаар Үндсэн хуулиа батлаж, тусгаар тогтносон Монгол Улсаа дэлхийд зарласан түүхэн өдөр зохион байгууллаа.
Ингээд уг ёслолд оролцсон олны танил эрхмүүдийн сэтгэгдлийг хүргэж байна.
ХУД-ийн хүүхдийн элч, чөлөөт уран бүтээлч, дуучин С. Гантогоо
YOLO: Та энэхүү үйл ажиллагааны ач холбогдлыг хэрхэн хүлээн авч байна вэ?
- Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор 19 дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү үйл ажиллагаанд анх удаагаа оролцож байна. Сэтгэгдэл маш өндөр байна. Тусгаар тогтносон Монгол Улсад амьдарч байгаагийн хувьд өнөөдөр бид эх түүхээрээ бахархаж, хамгийн ихээр баярлах ёстой гэж боддог. Харин энэ ёслол бол ирээдүй хойчдоо эх түүхээ өвлүүлэх, мэдрүүлэх, заах, сануулах гол өдөр.
YOLO: Ёслол өнгөрсөн жил цар тахлын улмаас зохион байгуулагдаагүй. Энэ жилийн онцлогийг хэрхэн харж байна вэ?
- Энэ жил Засгийн газар болон холбогдох яам, тамгийн газрууд "Хүүхэд нэгдүгээрт" гэдэг уриаг нэвтрүүлэх гэж байна. Хүүхдийг бүх зүйлийн эхэнд тавьж байгааг харах үнэхээр сайхан байна. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдэг шүү дээ.
Хүмүүнлэг, соёлжсон, ухаалаг иргэд л энэ улсыг авч явна. Эх орноо гэсэн сэтгэлтэй, эх орноо хайрладаг, дэлхийд гайхуулдаг иргэд л Монгол Улсыг авч явах учраас энэ бодлогыг чин сэтгэлээсээ дэмжих болно.
YOLO: Энэ жил иргэний үнэмлэхээ авч буй 16 настнуудад хандаж үг хэлээч.
- "Амьдралын минь алтан босго, Арван зургаан нас минь" гэдэг дуу байдаг шүү дээ. Та нар бол Монголын ирээдүй. Та бүхэн минь гайхамшигтай дижитал эрин зуунд төрж, суралцаж, хөгжиж байна. Цаашид мэргэжил сонголтоо маш сайн бодож хийгээрэй. Тэр дундаа ирээдүйд Монгол улсад минь ямар мэргэжилтэн хэрэгтэй вэ гэдгийг сайн судалж алтан босгоо амжилттай алхаж ороорой.
Эх оронч байгаарай. Эргээд та бүхэн минь эцэг эхдээ туслаарай. Хурдацтай хөгжил дунд эцэг эхийн чинь мэдэхгүй зүйл олон байгаа шүү. Тиймээс тэдэндээ туслаад хамтдаа эх орноо хөгжүүлж, эх дэлхийгээ хайрлах хэрэгтэй.
“Mисс Mонголия-2015” тэмцээний Tэргүүн мисс, Aзи тивийн Tэргүүн мисс Ц. Аззаяа
YOLO: Өнөөдрийн үйл ажиллагаанд оролцсон сэтгэгдлээ хуваалцаач.
- Өнөөдөр анхдугаар үндсэн хуулиа батлаад, улсаа тусгаар Монгол Улс гэж зарласан түүхт баярын өдөр. Энэ өдөр иргэний андгайг 16 настнууд маань өргөж байна. Миний хувьд яг 10 жилийн өмнө иргэний үнэмлэхээ авч байсан ч энэ ёслолд оролцож чадаагүй. Тиймээс одоо Төрийн ордонд энэ арга хэмжээнд оролцож байгаадаа маш их баяртай байна. Дүү нартаа тусгаар улс, эх орноо хайрлаж хамгаалсан, хамгийн гол нь үнэнч шударга байдлыг эрхэмлэсэн хүндэт иргэн болоорой гэж ерөөж захиж байна.
YOLO: 16 настнуудад хэлэх үг?
- Та нар минь зорилготой, тэмүүлэлтэй, мөрөөдөлтэй, тууштай тэмцдэг нэгэн байгаарай. Ингэж чадвал амжилтад заавал хүрэх болно.
Сагсанбөмбөгийн 3x3-ийн Монгол Улсын эрэгтэй шигшээ багийн тамирчин Г. Цэнгүүнбаяр
YOLO: Энэхүү үйл ажиллагаанд оролцож буй сэтгэгдлээсээ хуваалцаач.
- Сэтгэгдэл маш өндөр байна. Андгай өргөх ёслолд анх удаа оролцож байна. Урьж оролцуулсан албаныханд талархлаа илэрхийлье. Хүүхэд залуустаа Монгол Улсын иргэний үнэмлэхээ авч байгаад нь баяр хүргэе. Цаашдаа иргэний үүргээ биелүүлээд, улсынхаа төлөө ихийг хийж бүтээгээрэй.
Би 16 настайгаасаа сагсан бөмбөгийн спортоор шаргуу хичээллэж, шигшээ багийн тамирчин болж, олон улсын олон олон уралдаан тэмцээнд оролцож, улсынхаа нэрийн өмнөөс тоглож ирсэн. Хүүхэд залуустаа амжилт хүсье! Спортоор ч бай, сурлага хөдөлмөрөөр ч бай шантралгүйгээр бүгдийг нь даван туулаад, улс орныхоо төлөө ихийж хийж бүтээгээрэй.
YOLO: Таны хувьд энэ ёслолын ач холбогдлыг юу гэж харж байна вэ?
- Улс орныхоо төлөө хийж бүтээх, зорилгоо тодорхойлж, алсын хараатай байхад нь өндөр ач холбогдолтой ёслол гэж боддог.
“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж тухайн жилд 16 нас хүрч буй хүүхдүүдэд иргэний үнэмлэхийг нь гардуулдаг уламжлалтай. Энэ жил улсын хэмжээнд 43,166 хүүхэд 16 нас хүрч байгаа аж. Тэдний төлөөлөл зарим хүүхдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын иргэний үнэмлэх, батламжийг гардуулан өглөө.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх