БИД БҮГД АДИЛХАН: ЛГБТИК байх нь өөр, гаж зүйл БИШ


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2021-12-03

Хүн болгон өөрийгөө бусдаас өөр гэж боддогоороо ижилхэн ч юм шиг. Тийм ээ, бид бүгд адилхан. Үзэл бодол зөрөлдсөн ч өөрсдийнхөө бодлыг зөв гэж батлах гэсэн зөрүүд зангаараа ижил. Өөр өөр хүнд дурлаж, шохоорхож байгаа ч хайрладаг гэдгээрээ адил. Ондоо хүйс, бэлгийн чиг баримжаатай ч хүн гэсэн бодгалиараа ижил юм. Бид бүгд адилхан. Гэвч бидний зарим нь ондоо хүйс, бэлгийн чиг баримжаатай нэгнээ бусдаас өөр, гаж гэж үзэх нь бий. Иймээс хүйс болон бэлгийн чиг баримжааны талаар илүү ихийг мэдэж авцгаая. 

   Намрын үдэш аргын тооллын сарны гэрэл өрхний хошуу эргүүлсэн тооноор тусаж, хоймор юугаа залрах үест ган жийжүү дөрөө гадаа дуугаран ганган морьтой хүн буулаа. Хоолой засан орж ирэх тэр хүн баатар эр бололтой. Харин хойморт завилан суух эр энгийн ард, малчин хүн болой. Баатар эрийг орж ирэхэд малчин залуу хуучин муу домбоо тонгойлгон цай хийж барилаа. Цай оочлох чимээнээс өөр аниргүй байдлыг эвдэн малчин залуу аян дайнаас дөнгөж ирсэн баатар эрийг үгүйлэн санасан сэтгэлээ уудалж, хайрын үгсээ хэлэв. Биесээс хол хэдэн жилийг үдсэн хосуудыг нэгнээ сайн хараад ав гэсэн шиг сарны гэрэл тодоос тод тусна... Энэ мэтчилэн ЛГБТИК хүмүүс өнөөдөр л гэнэт гарч ирсэн, генийн өөрчлөлттэй хоол хүнснээс үүдэж бий болдог ойлголт биш хэдэн зууны тэртээ ч байсаар ирсэн байгалийн зүйл билээ.

   Бэлгийн чиг баримжаа гэдэг нь хэн нэгэнд хайрлаж дурлаж, татагдаж буй мэдрэмж бол хүйсийн баримжаа, илэрхийлэл нь өөрийн хүйсийг эрэгтэй эсвэл эмэгтэй гэж мэдэрч буй хүн бүрийн дотоод мэдрэмж юм.

"ЛГБТИК гэдэг нь Лесбиан, Гей, Бисексуал, Трансжендер, Интерсекс, Күийр гэсэн үгсийн товчлол".

   1990 онд ДЭМБ-аас бэлгийн олон талт чиг баримжааг сэтгэцийн өвчний жагсаалтаас албан ёсоор хасаж, хүний бэлгийн чиг баримжаа, хүйсийн илэрхийлэмж нь сонголт биш, төрөлхийнх гэдгийг зарласан. Хүн төдийгүй оцон шувуу, өмхий хүрнэ, хар хун, анааш, арслан зэрэг олон амьтад ижил хүйстнээ сонирхож, нэгэндээ татагддаг байна. 

Бэлгийн ба хүйсийн чиг баримжааг хэрхэн ангилдаг вэ?

ЛГБТИК хүмүүс хэрхэн эрхээ хамгаалах вэ?

   Бид бүгд ижилхэн хэрнээ яагаад стрэйт хүнд бусдын гадаад төрх, өөрийгөө мэдрэх мэдрэмж, хайрласан хүнийг нь шүүмжилж, доромжлох эрх дарх байдаг юм бол. Яагаад бүгд Үндсэн хуульд заасан ижил эрх, үүрэгтэй мөртлөө стрэйт хүмүүсээс бусад нь хайртай хүнээ нууж, “Би энэ хүнд хайртай” гээд чангаар орилж чаддаггүй юм бол. Нийгмийн олонх болсон хэсэг цөөнхөө гадуурхаж, эрхийг нь зөрчих тоолонгоор тэд сэтгэл гутралд ордог. Зарим ЛГБТИК хүмүүс өглөө босоод л ялгаварлан гадуурхалд өртөх нь бий. Өөрөөр хэлбэл, гэр бүлийнхэн нь хүлээн зөвшөөрөөгүйгээс үүдэн нүд үзүүрлэгдэх, гэрээсээ явах, харилцаагаа таслах хүртэл асуудал үүсдэг аж. Нэг ёсондоо ЛГБТИК хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хурцаар тавигдаж байгаа бөгөөд энэ талаар ЛГБТ төвийн хөтөлбөрийн менежер Б.Хулан ийн өгүүлж байна.

   НҮБ-ын судалгаагаар лесбиан, гей, бисексуал өсвөр үеийнхэн бусад өсвөр насныхнаас 3-5 дахин илүү, трансжендэр хүүхдүүд 10 дахин илүү амиа хорлох оролдлого хийдэг байна. Харин манай улсын хувьд ЛГБТИК хүмүүсийн тухай судалгаа ховор байдаг тул үүнийг тодорхой хэлэхэд хэцүү юм. Гэхдээ 2017 онд 100 мянган хүн тутамд амиа егүүтгэж буй хүний тоогоор Монгол улс дэлхийд эхний тавд жагсаж байв. Эдгээр харамсалтайгаар амиа алдаж буй хүмүүсийн дунд хэд нь ЛГБТИК олон нийт байгааг бид таашгүй. Иймээс  ЛГБТИК  хүмүүс  юуг мэдэрч, ямар нийгмийг хүсдэгийг мэдэхийн тулд тэдний төлөөлөл болгож таван эрхэмтэй ярилцлаа. 

Хайр ямар өнгөтэй вэ?

   Магадгүй хайр бундан эможи шиг улаан аль эсвэл солонгын долоон өнгөтэй байх. Эсвэл бүр өнгөгүй. Яг л ус шиг. Усны доор юу байна түүний өнгөөр ус тийм өнгөтэй болдог. Ус савныхаа эзлэхүүнийг дагаж хэлбэр нь өөрчлөгддөг шиг хайр ч мөн адил орчинтойгоо зохицон өөрчлөгддөг аж. Бид өөр өөр хүмүүст дурладаг ч эцсийн дүндээ хайрлаж чаддагаараа ижилхэн юм. Бид бүгд өглөө сэрээд ажил, хичээлдээ явж, хайртай дотнын хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлэн, нэг тэнгэр доор нэг агаараар амьсгалж амьдардаг. Есүй буюу Соно гэх охин ч мөн бусдын л адил сурч боловсорч, ажиллаж, амьдарч байгаа нэгэн. ЛГБТИК олон нийтийн төлөөлөл гэхээсээ илүүтэй түмний нэг Соно хайрыг хэрхэн хардаг бол.

Хүмүүс амьдарч буй орчин, шашин шүтлэг, арьс өнгө, хүйс, бэлгийн чиг баримжаагаараа ялгаатай байж болох ч хэн нь ч нэгнээ ялгаварлан гадуурхах эрхгүй билээ. Дээр дурдсанчлан бид өөр өөр хүмүүс, зүйлсэд дурлаж, хайрладаг ч эцсийн дүндээ хайрладаг гэдгээрээ адилхан юм. Өнөөдөр хүн, маргааш чандар, нөгөөдөр цэцэг болоод үлэмж олон жил салхинд хувилан тэнэхэд гадуурхагч, гадуурхалд өртөгч хоёр нэг жалганы ногоо болж, дайсагнаж явсан улс нэг хадны мяндас болно. Бид бүгд ижилхэн.

Хэрэв та гар утсаар хандаж байгаа бол асуулгыг ЭНД дарж бөглөөрэй.

“Алтан үзэг 2021” наадамд зориулан бүтээв. 

#ЛГБТИК