Хүн унтаж байхдаа ч гадаад хэл сурах боломжтой


А. Арвинбаяр | YOLO.MN
2021-11-11

Хүн өдөрт дунджаар найман цаг унтдаг. Чи 75 насаллаа гэж бодоход амьдралынхаа 220,000 орчим цагийг зөвхөн унтахад зарцуулах нь. Тэгвэл энэ цаг хугацааг бид бие махбодоо амраахаас өөр хэрэгтэй зүйлд зарцуулж чадах болов уу?

Нийтлэлээ эхлүүлэхээс өмнө хэдэн сонирхолтой тохиолдлуудыг мэдээлье. Осол аваарт орсон хүн хэдэн сар, бүр хэдэн жилээр ухаангүй байх нь бий. Мөн тэдний дунд сэрэхдээ өөрийн төрөлх хэлнээс өөр хэлээр ярьж эхэлсэн хэд хэдэн тохиолдол байдаг. Тухайлбал, 2012 онд Австралийн иргэн Бен Макмахон автомашины осолд орсон бөгөөд хэдэн долоо хоног ухаангүй байжээ. 22 настай залуу ухаан орохдоо багагүй шуугиан тарьсан юм. Тэрээр сэрмэгцээ орныхоо хажууд зогсож буй сувилагчид хандан хятад хэлээр "Уучлаарай сувилагч аа, би үнэхээр өвдөж байна" хэмээн хэлжээ. Угтаа бол тэрээр ахлах сургуульдаа хятад хэл сурч байсан ч түүнийгээ өөрийн болгож чадалгүй орхисон аж.

Мөн 2010 онд нэгэн хорват охин осолд орж, комад орсон ба сэрэхдээ төрөлх хэлээрээ ярьж чадахаа больсон байв. Оронд нь түүний бусадтай ойлголцож чадах ганц хэл нь герман хэл болсон байв. Гэвч 24 цагийн дараа тэрээр буцаад хорватаар ярьж эхэлсэн гэдэг. Энэ мэт олон ойлгомжгүй зүйлс бидний иргэн тойронд бий.

Тэгвэл гипнопеди буюу унтаж байхдаа мэдээлэл олж авах нэгэн арга байдаг аж. Хүн унтаж байх үед тархи өдрийн турш хүлээн авсан мэдээллээ боловсруулж, түүнийгээ урт хугацааны ой санамждаа хадгалдаг. Өмнө нь олж мэдсэн мэдээллийг гүн нойрсох үед санах боломжтой тул унтаж байхдаа ч шинэ мэдээллийг хүлээн авах боломжтой гэж эрдэмтэд таамагласан юм.

Бернийн сэтгэл судлалын хүрээлэнгийн Катарина Хенке, Марк Зүст, Саймон Руч нараар ахлуулсан эрдэмтдийн баг хүн унтаж байх үедээ гадаад үг цээжилж болох эсэхийг судалж үзсэн юм. Судалгаанд оролцогчдыг хоёр хэсэгт хуваасан ба эхний хэсэг бүлэг хүмүүсийг унтаж байхад нь өөрсдийнх нь сурч байгаа хэл дээрх шинэ үгсийг тоглуулагчаар тоглуулжээ. Үлдсэн бүлэг хүмүүст харин юу ч сонсголгүй унтуулжээ. Үр дүнд нь шөнө унтаж байхдаа шинэ үгс сонсож байсан хүмүүс үгсээ өглөө гэхэд цээжилсэн, харин сонсоогүй оролцогчид тэдгээр үгсийг цээжлэхэд ихээхэн хугацааг зарцуулсан байна.

Үг цээжлэхээс гадна хүний тархи унтаж байхдаа сонссон аливаа зүйлийг өглөө нь хурдан тогтоодог тухай судалгаа ч байдаг. 2012 онд хэсэг судлаачид үүнтэй холбоотой туршилт явуулсан юм. Туршилтад оролцогчдод хоёр энгийн дуу заагаад нэгийг нь унтаж байх үед нь тоглуулжээ. Оролцогчид унтаж байхдаа сонссон дуугаа сэрүүн үедээ сонссон дуунаасаа илүү хурдан сурсан байдаг.

Энэ аргийг хэл сурах гэж буй хэн ч байсан туршаад үзэхэд илүүдэхгүй биз ээ.

#Боловсрол #Гадаад хэл