АНДРОЙД: Гар утасны цэнэгээ “эрүүл” байлгахад чинь туслах таван апп


Ц. Эрдэнэ | YOLO.MN
2021-11-09

Гар утасны цэнэгээ удаан хадгалах гэж хэчнээн хичээсэн ч хурдан дуусаад байна уу? Тэгвэл бид дараах таван аппликейшнийг санал болгож байна.


GSAM BATTERY MONITOR

Бидний хамгийн эхэнд санал болгох аппликэйшн бол GSam Battery Monitor юм. Энэ нь утсан дээрх аппликейшн тус бүр хэдий хэмжээний цэнэгийг зарцуулж буйг харуулаад зогсохгүй утасны батарейн багтаамж, цэнэг авах хугацааг харуулдгаараа онцлогтой. Үүний тусламжтайгаар цэнэг зарцуулах шаардлагагүй гэж үзсэн аппликейшнүүдээ хязгаарлаж, цаашлаад утасны цэнэгийн “эрүүл” байдалд ч анхаарлаа хандуулах боломжтой юм.


ACCUBATTERY

AccuBattery нь өмнөх аппликейшнтэй тун төстэй. Гэхдээ энэ нь гар утасны батарейн үзүүлэлт, цэнэг зарцуулагдаж буй аппликейшнуудыг илүү нарийвчлалтайгаар харуулдгаараа давуу. Мөн цаашлаад загвар дизайны хувьд ч илүү шинэлэг, ойлгомжтой байх болно. Хэрэв чи утасныхаа батарей дотор яг юу болж байгааг нарийвчлалтай харахыг хүсвэл AccuBattery–г сонгоорой.


NAPTIME

Зарим аппликэйшн чамайг утсаа цоожилсон үед ч ажиллаж байдаг. Тэгвэл Naptime нь ийм төрлийн аппликейшнуудын хэрэглээг хязгаарладаг. Энгийн үгээр хэлбэл чи утсаа цоожлох төдийд л Naptime ажиллаж WiFi, GPS, цаашлаад хэрэгцээгүй аппликейшнуудыг түр ч болов хааж цэнэгийг чинь хэмнэх юм.


HIBERNATOR

Hibernator нь Naptime-тай тун төстэй. Өөрөөр хэлбэл, зөвхөн гар утсаа цоожлоход бус утсаа оролдож байхдаа ч тэдгээр хэрэгцээгүй аппликейшнуудын цэнэг зарцуулалтыг хаах боломжтой. Миний хувьд энэ аппликейшнийг хэрэглэдэг. Чи ч бас над шиг олон төвөгтэй тохиргоо оролдохыг хүсдэггүй, хялбарчилсан үйлдэл хийхийг хүсдэг нэгэн бол үүнийг хэрэглэхийг зөвлөж байна.


GREENIFY

Энэхүү аппликейшний дээрх хоёр аппликейшнээс ялгарах онцлог нь цэнэг зарцуулалтаа өөрөө зохицуулах явдал юм. Энгийнээр хэлбэл, утсаа оролдоогүй үед аль аппликейшн ажиллаж байх, аль нь цэнэг зарцуулахгүй байхыг чи өөрөө нэг нэгэнгүй тохируулна гэсэн үг. Нэмж хэлэхэд дизайн шийдэл нь дээрх аппликейшнуудаас энгийн ч үр дүнгийн хувьд дутахгүй сайн байх болно.

Эх сурвалж: TechViral, Google Play, The Verge

#Технологи #Апп #Цэнэг