Netflix компани жүжигчин Chadwick Boseman-ий нэрэмжит ТЭТГЭЛГИЙГ зарлалаа


О. Эрдэнэцэцэг | YOLO.MN
2021-10-05

Netflix компани жүжигчин Chadwick Boseman-ий дурсгалыг хүндэтгэн Ховардын их сургуультай хамтарч түүний нэрэмжит тэтгэлгийг зарлажээ. 

Жүжигчин Chadwick Boseman нь 2000 онд Ховардын урлагийн сургуульд  найруулагч мэргэжлээр сурч төгссөн бөгөөд энэ оны эхээр тус сургуулийг Chadwick Boseman-ий нэрээр нэрлэсэн билээ. Харин Netflix компанийн Ховардын их сургуультай хамтран байгуулсан уг тэтгэлэг нь 5.4 сая ам.долларын дүнтэй байх аж. 

Энэ семестрийн хувьд тэтгэлгийг түвшин болгоноос нэг оюутанд олгох ба дараа жилээс эхлэн жил бүр шинээр элсэн орж буй нэг оюутанд олгохоор төлөвлөсөн байна. Энэ тухай Ховардын их сургуулийн захирал, доктор Wayne A. I. Frederick: 

- “Өөрийн амьдралыг урлагийн төлөө зориулж, үнэтэй хувь нэмэр оруулсан хүндэт төгсөгч Chadwick Boseman-ий нэрэмжит тэтгэлгийг зарлаж байгаадаа бид туйлын баяртай байна. Энэхүү тэтгэлэг нь Chadwick-ийн Ховардын их сургуулийг гэсэн хайр, түүний кино найруулах хүсэл тэмүүлэл, ирээдүй хойч үеэ дэмжих хүсэл эрмэлзлийг илтгэж байгаа бөгөөд өдийг хүртэл биднийг дэмжиж, хамтран ажиллаж буй Chadwick-ийн эхнэр, хатагтай Simone Ledward-Boseman болон энэхүү гайхалтай бэлгийг бидэнд бэлэглэж буй Netflix компанид гүнээ талархаж байна” хэмээн хэлсэн байна.  

Мөн Netflix компанийн гүйцэтгэх захирал Ted Sarandos:

- “Boseman хэдий биднээс явсан ч түүний сэтгэл зүрх, хийсэн уран бүтээл болон хүмүүст өгсөн урам зориг бидэнтэй хамт үүрд байх болно. Тэрээр Ховардын их сургуульд өнгөрүүлсэн цаг хугацаа, энэ сургууль түүний амьдрал болон уран бүтээлийн замналд нь хэрхэн нөлөөлсөн тухай бидэнд үргэлж ярьдаг байсан. Харин одоо бидэнд яг түүнтэй адилхан ирээдүйн супер баатруудад боломж олгох цаг ирлээ. Энэхүү тэтгэлгийг ажил хэрэг болгоход туслан, хамтран ажилласан хатагтай Simone болон Chadwick-ийн гэр бүлийнхэнд, Ховардын их сургуульд маш их баярлаж байна” гэжээ.

Эх сурвалж: CNN

#Боловсрол #Тэтгэлэг #Жүжигчин #Chadwick Boseman