Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэл зүйч ажиллаж эхэлж байгаа. Энэ нь манай сургалтын системд цоо шинэ зүйл. Бид амьдралынхаа 12 жилийн хугацааг сургуульд явж, өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулдаг. Харин сургууль бол хүүхдүүдийн өсч төлөвших, өөрийгөө олоход маш чухал нөлөөтэй билээ. Тэгвэл сургуулийн сэтгэл зүйч сургуулийн орчинд хүүхдэд аз жаргалтай, эрүүл, аюулгүй, эерэг, үр дүнтэй суралцах орчныг бүрдүүлэх үүрэгтэй хүн юм. Тиймээс бид энэ удаа Боловсролын сэтгэл зүйч Г.Золжаргалтай уулзаж сургуулийн сэтгэл зүйч гэж хэн болох, түүний ажлын арга барилын талаар сонирхолтой яриа өрнүүллээ.
YOLO: Сургуулийн сэтгэл зүйч гэж хэн бэ?
Сэтгэл судлаач мэргэжлээр их дээд сургууль төгссөн, хүүхэдтэй ажиллах чин хүсэлтэй, сургуульд сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр ажилладаг мэргэжилтэн. Энэ хүн яг юу хийдэг вэ гэхээр сургуулийн сурагч, багш ажилчдад дараах үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулна.
Нэгдүгээрт: Соён гэгээрүүлэх үйл ажиллагаа буюу мэдлэг, мэдээлэл түгээх, нөлөөлөх
Хоёрдугаарт: Тухайн насныханд түгээмэл тохиолдох асуудлыг судалж үзээд түүнээс гарах эрсдэлийг тооцож сургалт явуулах
Гуравдугаарт: Сэтгэлзүйн зөвлөгөө өгөх
Дөрөвдүгээрт: Оношилгоо хийж дараа нь үр дүнгээ гаргаад ямар асуудал түгээмэл байгааг тодорхойлж зөвлөгөөнд орох эсэхийг шийдэх
Өөрөөр хэлбэл сургууль бол хүүхдийн төлөвших орчин. Тэнд ямар ч бэрхшээл тулгарч болно. Өөрийгөө бусадтай харьцуулж доогуур үнэлэх, ангийнхантайгаа үзэл бодол нийлэхгүй байх гэх мэт олон саад бэрхшээл тулгардаг. Сургуулийн сэтгэл зүйч нь сурагч, түүний гэр бүл болон сургуулийн захиргаатай хамтран ажиллаж тулгарч буй зан үйлийн бэрхшээлийг тодруулж, сул талыг нь сайжруулах зэрэг ажлыг хийдэг.
YOLO: Хүүхдүүдэд ямар асуудал түгээмэл тулгардаг вэ?
- Асуудлын хувьд гэвэл үерхэл нөхөрлөлийн асуудал, интернет их ордог учраас нэг нэгнийгээ доромжлох янз бүрийн хоч өгөх, гэр бүлээс нь болоод нэгнийгээ ялгаварлан гадуурхах, ахлах ангийнхны хувьд мэргэжил сонголтын асуудал, эцэг эхтэйгээ ойлголцохгүй байх зэрэг асуудлууд байдаг. Мөн хоёр жил гаруйн хугацаанд танхимаар бус онлайнаар хичээллэсэн учир хичээлээсээ хоцорч байгаа юм шиг санагдах, өөрийгөө голох гэх мэт асуудлууд тулгарч байна.
YOLO: Яагаад хүүхдүүдэд сэтгэл зүйч хэрэгтэй вэ?
- Бүх хүүхдэд сурч боловсрохтой холбоотой асуудал үе үе тулгардаг. Жишээлбэл дээр дурдагдсан түгээмэл бэрхшээл болон хэцүү шийдвэр гаргах зүйлсээс болж сэтгэлээр унаж хямрах, өөрийгөө бусдаас тусгаарлах, сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй үе тохиодог. Сургуулийн сэтгэл зүйчид хүүхдүүдэд тулгамдаж байгаа тухайн асуудлыг тодорхойлж, бэрхшээлээ даван туулах, шийдвэр гаргахад нь тусалж чиглүүлэх үүрэгтэй л дээ.
YOLO: Сургуулийн сэтгэл зүйчид хэрхэн хандах вэ?
- Хүүхдүүд өөрсдөд нь тулгамдаж буй асуудал, шийдвэрлэж чадахгүй зүйлсийн талаар сэтгэл зүйчид хандаж болно. Хамгийн гол нь сайн дураараа хандах ёстой. Хэн нэгний шахалт дарамтаар сэтгэл зүйчид хандвал үр дүн гарахгүй. Сэтгэл зүйчээс зөвлөгөө авч байгаа гэвэл бусад хүүхдүүд сөргөөр бодох тохиолдол мэдээж гарна. Гэхдээ сэтгэл зүйч дээр заавал асуудалтай, өвчтэй хүн ирдэггүй. Өсвөр насны хүүхдүүдтэй ажиллахад эхлээд нууцлалыг маш сайн хадгалах тухайгаа тайлбарлаж өгнө. Итгэлцэл тогтоох хэрэгтэй болдог гэсэн үг.
Сургуулийн сэтгэл зүйчид бага ангийнхан ч хандаж болно. Мөн эцэг эхчүүд хүүхдийнхээ асуудлаар хандаж болно. Ингэхдээ урьдчилж цаг авах бөгөөд хувийн асуудал биш зөвхөн хүүхдийнх нь асуудлаар нээлттэй зөвлөгөө өгнө. Хүүхдүүд ч мөн адил урьдчилж цаг авах хэрэгтэй. Мөн тухайн сэтгэл зүйчийн ажлын төлөвлөгөөнд хэд дэх өдөр зөвлөгөө тавьсан байна түүнээс шалтгаалж тэр өдрөө зөвлөгөөнд орох боломжтой. Энэ хуваарь нь сургууль бүрд өөр өөр байж болно.
Сэтгэл зүйч хүүхдүүдтэй ажилласнаар тэдний дасан зохицох чадвар нэмэгдэж, эерэг хандлага бий болгон, бэрхшээлийг даван туулах чадварт сургах боломжтой болдог юм. Ингэснээр хүүхдийн сурах идэвх, сурлагын амжилт ч нэмэгдэнэ. Мөн эцэг эхчүүд ч гэсэн хүүхдийнхээ асуудлаар сэтгэл зүйчтэй уулзаж зөвлөгөө авч болох учир хүүхдээ илүү ойлгож, ярилцах боломж гарч ирдэг.
YOLO: Ярилцсанд баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх