Нүүр цэвэрлэгч салфеткыг хэрэглээнээсээ хасах ДӨРВӨН шалтгаан


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2021-08-16

Эрүүл арьсны нууц бол цэвэрлэгээ. Гэхдээ энгийн нэг цэвэрлэгээ биш, гүйтэд цэвэрлэж байж л арьс гэрэлтсэн толигор байх болно. Нүүр цэвэрлэгч салфетка нь нүүрний будгийг богино хугацаанд арилгаж болох аргуудын нэг боловч арьсны эрүүл ахуйд тийм ч сайн нөлөө үзүүлдэггүй аж.

1БОХИРДЛЫГ БҮРЭН ГҮЙЦЭД ЦЭВЭРЛЭДЭГГҮЙ

Хэрэв чи салфетка нүүрний будгийг бүрэн цэвэрлэдэг гэж бодож байгаа бол сэрэх цаг болжээ. Энэ нь арьсыг нүүр цэвэрлэгч шингэн, хөөс шиг бүрэн цэвэрлэдэггүй. Өөрөөр хэлбэл арьсны өнгөн хэсгийг арчиж, хир буртаг болон тослогийг үлдээдэг. Ийнхүү хэдхэн хоногийн туршид зөвхөн нүүр цэвэрлэгч салфеткаар нүүрээ цэвэрлэвэл арьсны нүх сүв бөглөрөх, батга болон бусад төрлийн тууралт гарах шалтгаан болдог байна.

Тиймээс араас нь зориулалтын хөөсөн эсвэл гелэн цэвэрлэгчээр цэвэрлэж угаахгүй л бол дангаар нь хэрэглэх нь харин ч эрсдэлтэй байх нь.

2. АРЬС ИЛҮҮ ЭМЗЭГ МЭДРЭМТГИЙ БОЛНО

Арьсаа эмзэгшүүлэхийг хүсдэг хүн гэж үгүй. Гэтэл нүүр цэвэрлэгч салфеткыг полиестер, полипропилен гэхчлэн задралд ордоггүй материалаар хийдэг. Зарим нэгийг нь модны эдээс гарган авсан хиймэл торгон утсаар хийдэг ч гэдэг. 

Гэвч энэ материал орсон салфеткаар арчихад арьс нүдэнд харагдахгүй бичил хэмжээгээр зүсэгдэж байдаг. Бодоод үз дээ. Ханиад хүрсэн үед хуурай салфеткаар ойр ойрхон нусаа нийхэд хамар орчмын арьс ямар болдог билээ дээ. Яг л үүн шиг. 

Ингээд ч зогсохгүй энэхүү бүтээгдэхүүний орцод арьснаас ялгарах тослогийг хатаагч химийн бодисууд агуулагддаг учраас арьсанд цочрол өгч, цаашлаад уйлах, чимчигнэх шинж тэмдэг илэрнэ. 

Нүдний салст болон нүд орчмын арьс нүүрний бусад хэсэгтэй харьцуулахад хамаагүй эмзэг байдаг тул үүгээр сормуусны будаг болон контурыг арилгахгүй байхыг зөвлөж байна.

3. ХӨГШРӨЛТИЙГ ХУРДАСГАНА

Дээр дурдсанчлан нүүр цэвэрлэгч салфетканд арьсны байгалийн тослогийг хатаах бодис агуулагддаг тул удаан хугацаанд хэрэглэсэн тохиолдолд арьс хуурайшиж, хүчил шүлтийн хэмжээ алдагдах эрсдэлтэй. Үр дүнд нь арьс өнгөө алдаж, хөгшрөлтийн явц түргэсдэг байна.

4. ХОГ ХАЯГДАЛ

Нүүрний салфетка бол байгальд эргэн задралд ордоггүй бүтээгдэхүүнүүдийн нэг. Тиймээс ил задгай хаясан салфетка байгаль орчинд бохирдол үүсгэн сөргөөр нөлөөлдөг. 

Дүгнэж хэлэхэд аялал зугаалгаар яваагүй л бол нүүр цэвэрлэгч салфеткаг аль болох ашиглахгүй, ашигласан ч араас нь давхар цэвэрлэгээ заавал хийж байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: Glamour

#Гоо сайхан #Арьс арчилгаа #Нүүр цэвэрлэгч