Фобиа буюу хяналтгүй айдсын шинж тэмдгүүд, тэдгээрийг таних аргууд


Сэтгэцийн эрүүл мэндийн тухай цуврал нийтлэлийнхээ энэ удаагийн дугаарт фобиа буюу хяналтгүй айдсын төрлүүд болон тэдгээрийн үед илрэх шинж тэмдгүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. Хэрэв та өмнөх нийтлэлийг уншиж амжаагүй бол ЭНД даран уншаарай.

ФОБИАТАЙ ХҮМҮҮСТ ИЛРЭХ НИЙТЛЭГ ШИНЖ ТЭМДГҮҮД

Хяналтгүй айдсын шинж тэмдгүүд нь бага зэргийн сэтгэлийн түгшүүрээс эхлэн гэнэтийн цочролд орох, сэтгэл зүйн байдал тогтворгүй болох хүртэл даамжирч болно. Фобиатай хүн айдас төрүүлж буй зүйлтэйгээ ойр байх тусам айдсын түвшин нь улам нэмэгддэг байна.

БИЕ МАХБОДОД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДГҮҮД:

- Амьсгалахад хүндрэлтэй байх

- Зүрх дэлсэх, хурдан цохилох

- Цээж хорсох

- Чичирч, салгалах

- Толгой эргэх

- Гэдэс, ходоодоор хатгах, өвдөх

- Халууцаж хөлрөх эсвэл биеийн дулаанаа алдаж даарах

СЭТГЭЦЭД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДГҮҮД:

- Сэтгэл хэт их түгшүүрлэх, сандрах

- Оргон зайлах, зугтахыг хүсэх

- Бодит бус мэдрэмж төрөх, өөрийгөө мэдрэхгүй байх

- Хяналтаа алдахаас эсвэл галзуурахаас айх

- Үхэх гэж байгаа юм шиг мэдрэмж төрөх

- Айдастаа хөтлөгдөн хэт их хариу үйлдэл үзүүлж буйгаа мэдэж байгаа ч айдсаа хянах чадваргүй болох зэрэг нийтлэг шинж тэмдгүүд ажиглагддаг байна.

ЦУС, ТАРИЛГА, ГЭМТЛИЙН ФОБИА

Бага байхдаа кино үзэж байгаад хэн нэгэн гэмтсэн хэсэг гарахад шууд л нүдээ дараад киногоо гүйлгэж үздэг байсан хүүхэд нас минь гэнэт бодогдлоо. Ийм төрлийн айдастай хүн дэлхийн нийт хүн амын багагүй хувь эзэлдэг ажээ. Цус, тарилга, гэмтлээс айх үеийн шинж тэмдгүүд нь бусад хяналтгүй айдсаас ялимгүй ялгаатай юм. Эдгээр зүйлстэй нүүр тулах үед зөвхөн айдас мэдрэгдээд зогсохгүй өөрийгөө хянах чадваргүй болж, дотор муухайрч, жигшил төрдөг. Учир нь зүрхний цохилт түргэсэхэд хүн түгшүүрлэж, цусны даралт огцом унаж, улмаар дотор муухайрах, толгой эргэх, ухаан алдахад хүрдэг байна. Ингэж ухаан алдах нь зөвхөн цус, тарилга, гэмтлийн фобиатай хүмүүст л тохиолддог ховор шинж тэмдэг ажээ.

ХЯНАЛТГҮЙ АЙДСЫН БУСАД ХЭЛБЭРҮҮД

БАЙГАЛИЙН ҮЗЭГДЛҮҮД:

- Агаараас

- Үүлнээс

- Хүйтэн, мөс жавраас

- Шөнөөс

- Харанхуйгаас

- Өдрөөс

- Нарны гэрлээс

- Гэрлээс

- Тог цахилгаанаас

- Чанга шуугианаас

- Сансар огторгуйн үйл явдлаас

- Солироос

- Сар, нарнаас

- Байгалийн гамшигт үзэгдлээс

- Далай, тэнгисээс

- Хур тунадаснаас

- Ургамлаас

- Үнэрээс гэх мэт.

АМЬТНААС:

- Зэрлэг амьтдаас

- Амьтдын үс болон арьснаас

- Үет хөлтнөөс

- Шимэгчээс

- Мөлхөгчдөөс

- Хорхой, шавжнаас гэх мэт.

ҮЙЛ ЯВДЛААС:

- Бусдаар ширтүүлэхээс

- Хүрэлтээс

- Хүчээр бэлгийн харьцаанд орохоос

- Золгүй явдлаас

- Атомын дэлбэрэлтээс

- Шийтгүүлэхээс

- Хахахаас

- Олон хүн дунд орохоос

- Бохирдохоос

- Гэрлэхээс

- Мэс заслаас

- Шоолуулахаас гэх мэт.

БОДИС:

- Согтууруулах ундаанаас

- Хортой утаанаас

- Тоосноос

- Ялзарсан зүйлээс

- Алтнаас

- Хорноос

- Мах, ногооноос

- Хоолноос гэх мэт.

НӨХЦӨЛ БАЙДЛААС:

- Өвдөлтөөс

- Доошоо харахад толгой эргэхээс

- Дотор муухайрахаас

- Ядрахаас

- Сарын тэмдгээс

- Хөгшрөлтөөс

- Ганцаардлаас

- Уур хилэнгээс

- Азгүйдлээс

- Хэн нэгнээс хамааралтай байхаас

- Эрх чөлөөнөөс

- Төгс биш байдлаас гэх мэтчилэн олон төрлийн хяналтгүй айдас багтдаг байна. Дээр дурдсан хэлбэрүүдээс гадна өөр янз бүрийн айдсууд байдаг бөгөөд бүгдийг нь тодорхойлж, тогтоох боломжгүй юм. Хамгийн гол нь фобиаг эмчлэх бүрэн боломжтой ажээ.

Бид дараагийн дугаарт энэхүү сэдвийн хүрээнд фобиатай эсэхээ мэдэх сэтгэлзүйн тестийг бэлтгэн хүргэх болно. Тэр хүртэл түр баяртай.

Эх сурвалж: Help guide, Wikipedia, Psychology

#Сэтгэлзүй #Фобиа