Вакцины бүрэн тундаа хамрагдсан хүмүүсийн МЭДЭХ ЁСТОЙ 7 зүйл


Миау | YOLO.MN
2021-05-07

Вакцины нэг болон хоёрдугаар тунд хамрагдсанаас хойш 2-3 долоо хоног өнгөрсөн бол тухайн хүнийг “COVID-19” халдварын эсрэг дархлаатай болсон гэж үздэг байна. Ийнхүү УОК-оос вакцины давтан тундаа хамрагдсан иргэд болон халдвар аваад эдгэсэн хүмүүст зарим үйлчилгээг нээлттэй байлгахаар журамлаж байгаа билээ.

Гэхдээ та дархлаатай болсон гээд маскаа тайлж шидээд, 2020 он хүртэл амьдарч ирсэн шигээ аашлах гэж байгаа юм биш биз? Тэгвэл анхаарлаа хандуулаарай.

1. МАСКАА ТАЙЛЖ БОЛОХ УУ?

Үгүй! Монгол Улсад “COVID-19” халдварын тохиолдол өдөрт л гэхэд хэдэн зуугаараа нэмэгдэж байна. Тиймээс нийт хүн амын 70-85 хувь нь бүрэн тундаа хамрагдах хүртэл санаа амралгүйгээр амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барьсаар байх нь чухал.

2. ХАЛДВАР АВАХ МАГАДЛАЛТАЙ ЮУ?

Тийм. Вакцины хоёр тунг хийлгэснээр дийлдэшгүй бамбайтай боллоо гэж ойлгох нь өрөөсгөл юм. AstraZeneca вакцин коронавирусийн халдвараас 62-90 хувь, Pfizer 95 хувь, Sputnik 92 хувь хамгаалах бол Verocell 79 хувь хамгаална гэсэн судалгааны үр дүн бий. Тиймээс магадлал бага ч эрсдэл бий гэсэн үг. ЭМЯ-ны газрын дарга Л. Энхсайхан нэгэн мэдэгдэлдээ “Вакцин хийлгэсэн хүн халдвар авлаа гэхэд хүндрэлээс 100 хувь сэргийлнэ гэсэн судалгааны үр дүн гарсан. Халдвар авсан бол хөнгөн өвчилнө” хэмээсэн. Тиймээс халдвар авах магадлалтай ч хүндрэл нь бага байх аж. 

3. БУСДАД ХАЛДААХ УУ?

Тийм. Гэр бүл, ойр дотнын, ажлын газрын хэн нэгэн тань вакцинжуулалтад хамрагдаж амжаагүй бол та өөрөө өвдөөгүй байсан ч тэдэндээ халдвар тараах эрсдэлтэй гэдгийг бүү мартаарай. Бид өөрсдөө ч мэдэлгүй халдвар тээгчид болсон байдаг шүү дээ. Хэрвээ таны тээсэн халдварыг хайртай дотнын тань дархлаа сайнгүй нэгэн авбал цаашид юу болохыг төсөөлөхийг ч хүсэхгүй байна.

Ингээд та одоо яагаад амны хаалтаа зүүж, бусдаас зайгаа барьсаар л байх ёстойг ойлгосон байх.

4. ХИЙЛГЭСЭН ГЭДГЭЭ ЯАЖ БАТЛАХ ВЭ?

Вакцины хоёр тунгаа хийлгэсэн иргэдийн мэдээлэл e-mongolia.mn сайтад байршиж буй. Тиймд цаашид вакцины хоёр тунд хамрагдсан эсэхээ албан бичгээр баталгаажуулах шаардлага гарвал тус сайтад өөрийн мэдээллийг оруулан бүртгүүлж, Үйлчилгээнүүд – Вакцины гэрчилгээ – Үйлчилгээ авах хэсэгт хандан уг мэдээллийг монгол эсвэл англи хэл дээр хүлээн авах боломжтой. Энэ бүх процесс тавхан минутад л амжилттай болно.

 

5. ОЙР ДОТНЫНХОНТОЙГОО УУЛЗАЖ БОЛОХ УУ?

Бид хэзээ хамаатан садан, найз нөхөдтэйгөө уулзаад сууж болох вэ? Мэдээж бүгд вакцины бүрэн тундаа хамрагдсаны дараа.

6. АЯЛЖ БОЛОХ УУ?

Хэдийгээр Засгийн газраас бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон болон халдвар аваад эдгэсэн иргэдийн хот хооронд зорчих хөдөлгөөний хориглохгүй болсон ч энэ талаар одоохондоо бодоод хэрэггүй л болов уу? Учир нь та халдвар тараах эрсдэлтэй шүү дээ.

7. ЭМНЭЛЭГТ ОЧИЖ БОЛОХ УУ?

Тийм. Вакцинжуулалтын ажил эхлэх хүртэл бид эмнэлэгт очихоос айж цэрвэж байсан. Шүд өвдсөн ч, хараагаа шалгуулмаар байсан ч, дотор эрхтний үйл ажиллагаа муудсаар байсан ч эмчид үзүүлэхээ хойшлуулсаар л байв. Учир нь эмнэлгийн байгууллагуудад эрсдэл хамгийн өндөр байсан шүү дээ. Тэгвэл тоотой хэдэн үйлчилгээ таны өмнө нээгдэж буйн нэг нь эмнэлгийн байгууллагаас үйлчилгээ авах юм.

Эх сурвалж: AARP

#Эрүүл мэнд #Вакцин #Үүрэг