Стресс ямар шалтгааны улмаас бий болдог вэ?


Стресс гэдэг үг танд хэдийнэ танил болсон байх. Сэтгэл санаа тавгүй аль эсвэл бие физиологийн хувьд таагүй мэдрэмж төрсөн үеэ бид ихэвчлэн стресстэй холбон тайлбарладаг.

Гэвч стресс хэрхэн бий болдог, ямар шалтгааны улмаас үүсдэгт хүмүүс тийм ч их анхаардаггүй. Иймд бид энэ удаагийн дугаараараа стресс хэмээх сэдвийг онцлон хүргэхээр бэлтгэлээ.

СТРЕСС ГЭЖ ЮУ ВЭ?

Стресс гэдэг нь "дарамт, ачаалал" гэсэн утгатай англи үг юм. Биологийн шинжлэх ухаанд янз бүрийн тааламжгүй нөхцөл байдлын улмаас бие махбодод үүсэж буй физиологийн хамгаалах урвалыг стресс гэдэг. Өөрөөр хэлбэл гэнэтийн, санамсаргүй, урьдчилан таамаглаагүй, тааламжгүй явдлуудаас болж сэтгэл санаа, бие махбод доройтон хямрахыг стресс гэнэ.

Мөн стрессийг өөрөөр өдөр тутмын амьдралын шаардлага болон амьдралд гарч байгаа томоохон өөрчлөлтүүдийн улмаас үүсэж буй дарамт, шахалтад үзүүлэх хүний бие организм, оюун санааны хариу үйлдэл гэж ойлгож болно. Гэхдээ стресс заавал сөрөг нөлөө үзүүлдэг гэдэг нь өрөөсгөл ойлголт юм. Заримдаа стресс хүнийг хөгжүүлж, зорьсон зүйлдээ тэмүүлэх хүсэл эрмэлзэлтэй болгон амжилттай ажиллахад нь түлхэц болдог. Өөрөөр хэлбэл та үүнийг хэрхэн хүлээж авахаас шалтгаалдаг байна.

1. СТРЕССИЙГ ДОТОР НЬ:

- Эустресс: баярлах, инээх, сэтгэл ханах, догдлох, хөөрч баясах, хайрлах ээрэг эерэг сэтгэл хөдлөл үүсгэдэг стрессүүд.

- Дистресс: гомдох, уурлах, бухимдах, уйтгарлах, айх, ичих гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлүүд үүсгэдэг стрессүүд.

2. ХҮЧЭЭР НЬ:

- Өдөр тутамд тохиолддог жижиг стрессор /хэн нэгэнтэй маргалдах, ханиад хүрэх гэх мэт/.

- Хүчтэй стрессор /хүнд өвчнөөр өвдөх, дотнын хүнээсээ хагацах гэх мэт/.

3. ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦААГААР НЬ:

- Богино хугацааны

- Урт хугацааны гэж ангилдаг.

СТРЕСС ҮҮСГЭЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛС

Стресс үүсгэж буй нөхцөл байдал, үйл явдал болон бодит зүйлийг стресс үүсгэгч гэж нэрлэнэ. Бид стрессийн шалтгааныг тодорхойлохдоо ихэвчлэн ажлын ачаалал, хөндий харилцаа, ажилгүйдэл гэх мэт сөрөг нөлөөтэй зүйлсээр төсөөлдөг. Гэвч гэрлэх, байшин худалдаж авах, коллежид суралцах, албан тушаал ахих зэрэг эерэг үйл явдлууд ч бас хамаардаг ажээ.

Мэдээжийн хэрэг бүх стресс үүсгэгч гаднын хүчин зүйлээс хамаардаггүй. Таны сэтгэл санааны байдал буюу юманд хэтэрхий их санаа зовох, гутрах, гуниглах зэрэг нь дотоод хүчин зүйлс болдог байна.

СТРЕСС ҮҮСГЭГЧ НИЙТЛЭГ ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛС:

- Амьдралын томоохон өөрчлөлтүүд

- Ажил, сургууль

- Харилцааны бэрхшээлүүд

- Санхүүгийн асуудал

- Хэтэрхий завгүй байдал

- Гэр бүлийн асуудал

СТРЕСС ҮҮСГЭГЧ НИЙТЛЭГ ДОТООД ХҮЧИН ЗҮЙЛС:

- Тодорхой бус байдлыг хүлээн зөвшөөрдөггүй зан

- Хатуу сэтгэлгээ, уян хатан бус байдал

- Бодит бус, төгс төгөлдөр зүйл хүсэх

- Өөртөө байнга шүүмжлэлтэй хандах зэрэг хүчин зүйлс ордог байна.

Эцэст нь дүгнэж хэлэхэд өөрт тохиолдож буй амьдралын үйл явдал, нөхцөл байдлыг хэрхэн харахаас шалтгаалан стрессийг хянах боломжтой. Жишээ нь, олны анхаарлын төвд байх дуртай нэгэн байхад олон хүний өмнө үг хэлэхээс ч эмээдэг нэгэн бий. Эсвэл заавал хэн нэгнээр шахуулж, шаардуулж байж аливаа юмыг сайн гүйцэтгэлтэй хийж чаддаг хүн байхад эсрэгээрээ өөрийнхөөрөө, тайван, удаан хийх дуртай хүн ч бас бий. Тэгэхээр та тэрхүү стресс өдөөж буй зүйлийг аажмаар зогсоох боломжтой гэсэн үг юм.

Дараагийн дугаарт стрессийн шинж тэмдэг болон тэдгээрийг хэрхэн таних тухай мэдээллийг бэлтгэн хүргэх болно. Тэр хүртэл түр баяртай.

Эр сурвалж: Helpguide, БЗД-ийн Эрүүл мэндийн төв

#Сэтгэлзүй #Стресс