“Эрчим” баг “СУПЕР ЦОМ”-д зургаа дахь түрүүгээ хүртлээ


Оюука | YOLO.MN
2017-04-24

Монголын Хөлбөмбөгийн Холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдэд түрүүлсэн багуудын булаалддаг “Супер цом”-ын тоглолт өчигдөр “Эрчим”, “Хангарьд” клубүүдийн хооронд өрнөлөө.

Тоглолт эхлэхийн өмнө “Эрчим”-ийн Япон легионер Ишино Шута 2016 оны “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаагаар тодруулсан “Бэлэгдлийн 11”-т багтсан шагналаа гардан авлаа.

Үндсэн цагийн 24 дэх минутад “Эрчим” клуб хаалга чиглэсэн гурван аюултай цохилт гүйцэтгэхэд “Хангарьд”-ын хаалгач Б.Сэр-Од бүгдийг нь хааж булангийн цохилт болгов. Гэсэн ч булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг Б.Даваажав мөргөж, тооны харьцааг нээснээр эхний хагас “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн аваргуудын ялалтаар өндөрлөлөө

Эрчим баг

Эхний гоолын эзэн Б.Даваажав 63 дахь минутад хүчтэй цохилтоор тоог 2:0 болгосон бол удаах гоолыг Ишино Шута өрсөлдөгчийнхөө хаалганд орууллаа.

“Хангарьд” клубээс Ц.Мөнх-Эрдэнэ 69’ минутад торгуулийн цохилтоос гоол оруулж тоог 3:1 болгосон ч түүний гоол нэр төрийн гоол болон хувирсан юм.

Хангарьд баг

Тодруулбал үндэсний лигийн аварга “Эрчим” клубийн М.Төгөлдөр 82, Г.Батдэлгэрэх 90+3 дахь минутад гоол оруулснаар баг нь 5:1-ээр хожлоо.

“Эрчим” клуб ийнхүү 2011 оноос эхлэн зохиогдож буй “Супер цом”-ыг зургаа дахь жилдээ дараалан өргөлөө.

#Sport #Freetime #Football #Girls #Teenagers