Нигерийн цагаач хүү UFC-ийн "Хар дарсан зүүд" болсон түүх


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2021-05-03

Дэлхийн холимог тулааны хамгийн том холбоодын нэг UFC-ийн Welterweight (70.3-77.1 кг) жингийн аварга, Нигери гаралтай Америк тулаанч Камару Усман тулааны ертөнцөд ноёрхож эхэллээ.

Энэ долоо хоногт болсон UFC 261-ийн хүрээнд Хорхе Масвидалийг хоёр дахь удаа ялж аваргын бүсээ баталгаажуулсан "Нигерийн хар дарсан зүүд /Усманы хоч/"-ийн амьдрал, амжилтын түүхийг хүргэж байна.

ҮХЭХ НЬ Л ГЭЖ БОДСОН /ХЭНИЙ Ч МЭДЭХГҮЙ ЯВДАЛ/

2020 оны долоодугаар сард болсон UFC 251-ийн хүрээнд Хорхе Масвидалийг ялсныхаа дараа Камару Усман Колорадо мужийн Денвер хот дахь гэртээ харьжээ. Маргааш өглөө босоход бие нь сульдаж ядарч эхэлсэн байна. 

Улмаар хоолны дуршилгүй болж, гурван өдөр олигтой юм идээгүй бөгөөд дөрөв дэх өдөр нь их хэмжээний шингэн алдсаны улмаас цустай шээж эхэлжээ.

Тэрээр амтлах үнэрлэх мэдрэмжээ алдсан байсан бөгөөд тав дахь өдөр нь шинжилгээ өгтөл КОВИД-19-ийн халдвар авсан байв. 

Ингээд гэртээ антибиотик эмчилгээ хийлгэж, гэрийнхнээсээ хол, хоол ундаа хүргэлтээр авч найм хоногийн дараа 7 кг жин хаяжээ.

Халдвар авсан үедээ ойр дотнын хүмүүсээ хамгаалахын тулд хэнтэй ч уулзалгүй зургаан долоо хоног фитнессийн танхимаас хол байсан Усман маш дотогшоо хүн аж.

“Тэр өөрт нь чухал гэсэн асуудлын талаар төдийлөн яриад байдаггүй. Түүний байдлыг өөрчлөх хэцүү ч Усманы талаар илүү ихийг мэдэхийг хүсэхэд хүргэдэг” гэж Усманы дасгалжуулагч Тревор Виттман хэлжээ.

ААВЫН ХҮҮ

Өдгөө 33 настай Усман UFC дэх хүчирхэг аваргуудын нэг гэдгээ UFC 261-ийн үеэр батлан харуулсан. Хэрэв түүнээс амьдралынх түүхийг нь асуувал нарийн тодорхой ярихын тулд бодох шаардлагатай болно, эсвэл хариулахгүй ч байж мэднэ.

Камару Усман анх удаа аавтайгаа уулзсан талаараа “Тосгоны бараг бүх хүн цугласан байлаа. Тэнд нэг машин байсан ч ямар загвар байсныг нь санахгүй байна. Машиныг тойроод хүмүүс бөөгнөрсөн. Папа Каш /Камаругийн том ах Кашету/ ч ирсэн байлаа. Би хүмүүсийн дундуур зүтгээд л. Тэд бүгд өндөр, би харин намхан. Хамгийн түрүүнд би түүний гутлыг харсан. Могойн арьсан каубой гутал. Би тэр мөчийг хэзээ ч мартахгүй байх. Харин цааш юу болсныг санадаггүй юм. Би түүнийг надтай адилхан байсан эсэхийг ч мэдэхгүй” хэмээв. 

Түүний аав Мухаммед Усман Нигерийн Аучи хотын захын хэсэг дэх гэртээ эргэж ирэхэд Камару дөнгөж 4 настай байв. Нигерийн армийн офицер Мухаммед Усман бага хүү Камаруг 2 настай байхад буюу 1989 онд АНУ-ын Арлингтон хот дахь Техасын их сургуульд мэргэжил дээшлүүлэхээр явсан юм.

Мухаммед гэртээ ирээд удаагүй буцсан бөгөөд Усманы гэр бүл 1995 онд Далласт дахин нэгдсэн байна. Түүнээс хоёр жилийн дараа Камаругийн охин дүү Эшлин мэндэлсэн юм.

“Миний аав гэр бүлдээ бүхнээ зориулдаг ч маш хатуу хүн байсан” хэмээсэн Камару хоёр ахынхаа хамт Арлингтоны сургуульд сурдаг байжээ. 

“Сайн санахгүй байгаа ч намайг коллежид орох хүртэл тэр надад хайртай гэж хэлж байгаагүй”

ӨӨРИЙГӨӨ ЗОРИГЖУУЛАГЧ

Камаругийн ээж Портиа багш байснаас гадна жижиг дэлгүүр ажиллуулдаг байсан ба гоо сайхан, сувиллын сургуульд суралцаж хэд хэдэн ажил давхар хийдэг байв.

“Хүмүүс надаас баатар, шүтээн чинь хэн бэ гэж асуудаг. Надад шүтээн, баатар гэж байхгүй ч эцэг эхийгээ юунаас ч илүү хүндэтгэдэг” гэж Камару ярив.

Камаругийн Бразил жиү-жицүгийн багш, хамгийн дотнын найз Хорхе Сантиаго “Камару өөр орноос ирсэн, хар арьст Америк хүн гэдгийнхээ төлөө, юу ч болсон бүх хариуцлагыг өөр дээрээ авдаг. Тэр гэр бүл, эцэг эх, охиноо хэнээс ч илүү хамгаалдаг” гэсэн юм.

2010 онд, Холбооны мөрдөх товчооны шалгалтаар Усманы эцгийн Medicare, Medicaid компаниудыг төлбөрийн нэхэмжлэлийг хуурамчаар үйлдсэн хэмээн буруутгаж, Техасын хойд дүүргийн шүүх Мухаммедад 15 жилийн хорих ял оноов.

Өөрөөр хэлбэл Камаругийн эцэг хүүгээ UFC-д тулалдахыг нэг ч удаа хараагүй бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард суллагдсан юм. 10 орчим жилийн дараа Техас мужаас гарсан Мухаммед UFC 261 арга хэмжээний үеэр хүүгийнхээ илт давамгай аварга болж байгааг үзсэн билээ.

Арван жил шоронд хоригдсон аав нь Камаругийн тулааныг анх удаа үзэхэд, тэрээр аваргын бүсээ аавдаа зүүлгэж хүндлэл үзүүлсэн юм.

Ахлах сургуульдаа бөхөөр хичээллэдэг байсан Камару “Аав үргэлж ажил дээрээ байдаг байсан. Манай багт маш олон авьяастай хүүхдүүд байсан ба бэлтгэлийн үеэр эцэг эх нь ирдэг байв. Тэгээд бэлтгэлээ дуусгаад хүүхдүүд эцэг эхтэйгээ уулздаг байлаа. Хэрэв аав ээж нь байхгүй бол тэд уйлж, уурлаж, сэтгэлээр унадаг байв. Улмаар тэд ялагдаж, эсвэл бэлтгэлээ орхиж, зүгээр л бууж өгдөг байсан. Харин надад ийм зүйл хэзээ ч тохиолдож байгаагүй. Аав минь байсан ч бай, үгүй ч би өрсөлдөгч бүрээ ялахыг хичээдэг байсан” хэмээсэн юм.

Камаругийн тулаан, бэлтгэлийг нэг үзээд л чи гайхах болно. Түүнд дасгалжуулагчдын урмын үг, хурцлах зүйл огт хэрэггүй. Тэр зүгээр л шаргуу хичээж, дотроосоо төвлөрч тулалддаг гэж найзууд нь ярьсан байдаг. 

ХЭН Ч БИШЭЭС ХЭН НЭГЭН

Камару “Би заримдаа өөртэйгөө ярихдаа зөвхөн ганцаараа байгаагаар төсөөлдөг. Хэнтэй ч хамт биш би ганцаараа үүний ард гарах болно. Хэн ч миний хардаг шиг ертөнцийг хардаггүй. Хэн ч миний мэдэрч байгааг мэдэрдэггүй” гэж бэлтгэл, тулааны үеэрх сэтгэлзүйгээ тайлбарлажээ.

Усманы “том ах” хэмээн нэрлэсэн Рашад Эванс түүнд мэддэг бүхнээ заасан. Түүнийг холимог тулаанч болгосон хүн нь Рашад Эванс бөгөөд анхны тулаан, бэлтгэлийн үеэр хамт амьдардаг байжээ. Тэд нөхөрлөөд 11 жил болж байгаа ч Эванс одоо ч гайхдаг хэвээрээ гэв. “Анх түүнийг Марти гэж дууддаг байсан. Учир нь тэр хэн болох тухай өөрт нь ирж буй дарамтыг зохицуулж чаддаггүй байсан” гэж Эванс хэлсэн юм.

Арлингтон хотын Бауигийн ахлах сургуульд 27 жил болж буй бөхийн дасгалжуулагч Давид Маджетт Камаруг анх Марти гэж дууджээ.

Давид багийнхныгаа илүү нэгтгэж, эерэг уур амьсгалтай байлгахын тулд тэдэнд хоч өгдөг байсан бөгөөд Усманыг хэн гэхээ мэдэхгүй байсан гэдэг. Учир нь түүний бүтэн нэр нь Камарудин Усман бөгөөд нэр өгөхөд төвөгтэй байжээ. Ингээд нэрнийх нь “Мар”, “Ди” хэсгүүдийг нь нийлүүлж "Марди" хэмээн дуудсан байна. Энэ нь дуудагдсаар Марти болж, Усман энэ хочтойгоо Коллежийн бөхийн аваргад орж байсан аж.

Марти нэр нь түүнийг цагаач биш, бусадтай адил нэгэн гэж харагдуулдаг байсан нь нийгмийн хандлагыг илтгэх мэт. Өөр улсаас ирсэн, хачирхалтай нэртэй байдаг нь түүнийг бусдаас ялгах сул тал байсан бол өдгөө Камару хэмээх нэрээрээ алдрыг олж давуу тал болгосон юм.

Марти гэдэг нэрийг одоо хэн ч санахгүй байх. Харин Камарудин Усманыг дэлхий мэднэ.

Эх сурвалж: ESPN, EssentialSports

#Спорт #Тамирчин #UFC