Өөртөө ЗӨӨЛӨН хандаж сурахад чинь туслах 3 зөвлөмж


О. Эрдэнэцэцэг | YOLO.MN
2021-10-26

Дотнын найзад чинь ямар нэгэн асуудал тулгарахад чи түүнтэй яаж харьцдаг вэ? Та нарын ихэнх нь энэ үед найзтайгаа эелдэг, тайвнаар ярьж, нөхцөл байдлыг нь аль болох ойлгох гэж хичээдэг байх. Харин чамд асуудал тулгарч, бүтэлгүйтэх үед чи өөртэйгөө яаж харьцдагаа нэг бодоод үзээрэй. Та нарын ихэнх нь өөртөө хатуу ханддаг гэж хариулах байх.

Угтаа бол бид дараагийн удаад илүү сайн хичээж, бага алдахын тулд өөрийгөө шүүмжлэхгүйгээр уучилж, хүлээн зөвшөөрөх нь чухал. Харин яаж ч хичээсэн бай, нэг л мэдэхэд өөрийгөө буруутгаад шийтгэчихсэн сууж байдаг бол дараах зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй.

Өөрийгөө хайрлаж, энэрэх гэдэг нь:

1. Алдаа гаргасан ч өөртөө зөөлөн хандах

2. Зовлон зүдгүүр бол хүн хүн бүрт тохиолддог нийтлэг зүйл гэдгийг ухаарах

3. Өөрийнхөө сэтгэл хөдлөл, бодлыг шүүмжлэхгүйгээр ажиглах гэсэн гурван зүйлийн нэгдэл бөгөөд энэ бүгдийг өөртөө хэрэгжүүлэхэд бидэнд бясалгал туслах аж.

Тэгвэл яг ямар төрлийн бясалгал биднийг өөрийгөө хайрлаж, өөртөө энэрэнгүй байхад сургадаг юм бол?

Чадварлагаар хайрлаж энэрэх: Бусдын хүнд хэцүү асуудлаар амьсгаа авч, үүнийгээ өөрсдийн мэдэрч байсан бүх сайн сайхнаар солин амьсгалаа гаргаж байна хэмээн төсөөлөн бодох арга барил. Аз жаргалаа бусадтай хуваалцсанаар бид өөрийн санаа сэтгэлд илүү их хайр энэрэл, аз жаргалыг авчрах аяллаа эхлүүлдэг билээ.

Биеэ хайр энэрлээр шинжих: Энэ нь өөрийн толгойноосоо эхлэн хөлийн үзүүр хүртэл биеийнхээ чангарч зангирсан, өвдсөн хэсгийг сайтар ажиж чагнах арга юм.

Мэдрэмждээ анхаарал хандуулах: Анхаарлыг чинь сарниулж буй зүйлийг тайвнаар хүлээн зөвшөөрснөөр тэрхүү асуудлыг шийдсэн мэт мэдрэмж төрөх арга барил юм.

Энэхүү бясалгалыг хийж сурснаар чи өөртэйгөө найзтайгаа харилцдаг шигээ уян зөөлөн, энэрэнгүй, эелдэг байдлаар харьцаж сурахаас гадна өөрийнхөө биеийн байдал, эрүүл мэндэд илүү анхаарал тавьж эхлэх болно.

Эх сурвалж: Headspace

#Зөвлөгөө #Бясалгал #Сэтгэлзүй