Та Солонгосын олон ангит кино, Японы анимэ, Хятадын уран сайхны киноноос хар, цагаан өнгийн ментос бохь шиг хөлөгт тоглоомыг бишгүй л харж байсан байх. Тэгвэл бид энэхүү нийтлэлээрээ Азийн нэрийн хуудас болсон Го даамын тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.
2001 оны “A Beautiful Mind” буюу “Сод билэг” киноны хэсэг
2018 оны “오목소녀” буюу “Омок охин” киноны хэсэг
2015 оны“응답하라 1988” буюу “Дурсамж 1988” киноны хэсэг
Түүхч, судлаачид Го даамыг МЭӨ 5-р зууны үед Хятад улсад үүссэн гэж үздэг. Өдгөө үүнийг хятад хэлээр Вейчи, солонгос хэлээр Бадук, Япон хэлээр Иго/Го хэмээн нэрлэдэг байна. Гэхдээ дэлхий дахинаа хамгийн богино үетэй, цээжлэхэд хялбар, амархан дуудлагатайгаар нь Го нэрээр алдаршжээ. Хэдийгээр монгол хэлэнд ч мөн Го нэрээр нэвтэрсэн ч зарим эртний сударт Мягман гэх нэрээр тэмдэглэн үлдээсэн байх нь бий.
Го даамыг тогтмол тоглосноор гарах эерэг үр дагаврууд:
- Ихэнх оюуны спортын адилаар Го даамыг тоглоход аз, ёндоо шаардагдахгүй. Тиймээс тоглогчид цэвэр өөрсдийн ур ухаанаар уралдах боломжтой.
- Тархины аль ч талыг хөгжүүлдэг бөгөөд тогтмол тоглосон тохиолдолд Альцгеймер өвчин тусахаас сэргийлнэ.
- Тэвчээр, сахилга бат, чөлөөт сэтгэлгээг бий болгоно.
Тоглоомын дүрэм их энгийн. Хоёр тоглогч хар, цагаан өнгийн чулууг 19х19 хэмжээтэй хөлөгт тэмдэглэгдсэн шулуунуудын огтлолцол дээр ээлжлэн байршуулна. Тоглолтын зорилго нь цэргийн стратегийн дүрэм шиг өрсөлдөгчөөсөө илүү талбай эзлэх явдал. Битүү бүслэлтэд оруулсан дайсны талын “цэргүүд”-ийг үхүүлэх буюу хөлгөөс зайлуулна.
Хэдийгээр их энгийн дүрмээр тоглодог ч тоглогчдоос чамгүй ур ухаан, цаг хугацаа шаарддаг билээ. Ингээд хэрхэн тоглохыг товчхон зааж өгье.
Зурагт үзүүлснээр дайсны талын хар чулууны эргэн тойронд буй дөрвөн байранд өөрийн дөрвөн чулуугаа байрлуулан бүсэлбэл та дайсны нэг “цэрэг”-ийг амжилттай үхүүллээ гэсэн үг. Мэдээж өрсөлдөгч тал бүслэлтэд орохоос зайлсхийн хүрээллээ нэмэгдүүлэх тул энэ амжилт тийм амар олдохгүй нь лавтай.
Дээрх дөрвөн тохиолдлыг авч үзье.
А тохиолдолд цагаан чулууны баруун талд хар чулуу тавихад цагаан нь шууд үхнэ.
Б тохиолдолд мөн адил хоёр цагаан чулууг ганц нүүлтээр үхүүлэх боломжтой.
В тохиолдолд дараагийн нүүх ээлж харын талын тоглогчид байгаа бол өөрийн чулууны доор байршуулж бүслэгдэхээс сэргийлэх боломжтой.
Харин Г тохиолдолд гурван чулууг бүслэх гэж байгааг харуулжээ. Энэ мэтээр тоглох явцад тун олон мэх, бултах аргуудыг сурч болно.
Манай улсад Го даамын нэгдсэн холбоо MGA болон Гокали, Никко Го, Мигман Го, Brainpower гэх зэрэг бүлгэмүүд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. Албан бус тоогоор 1,000 гаруй сонирхогчид байдгаас тэмцээнд идэвхтэй оролцдог 40 орчим тамирчин, Дан цолтой 9 тоглогч байдаг гэнэ.
Эцэст нь хэлэхэд хэрэв та үүнийг сонирхож байвал хөлөг, чулуу олдохгүй байх гэж санаа зовох шаардлагагүй шүү. Интернэтээр хичээл үзэж, олон төрлийн програмаар тоглох боломжтой. Аль эсвэл модон хавтан дээр тор зураад, Mentos эсвэл Schoko Linsen чихэр худалдаж аваад тоглосон ч болох юм.
Эх сурвалж: Wikipedia, Mongolian Go
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх