Hailey Bieber: Би Жастинд маш их хайртай, ҮҮРД хамт байх болно


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-04-06

“IMG Models” агентлагийн загвар өмсөгч, Justin Bieber-ийн гэргий Hailey Bieber ELLE сэтгүүлийн дөрөвдүгээр сарын дугаарын нүүрийг чимжээ. Ийнхүү уншигчдадаа зориулан уг ярилцлагыг орчуулан хүргэж байна. 


ELLE: Бид Hailey Bieber-тэй Zoom сүлжээгээр холбогдож ярилцахаар болсон юм. Ярилцлага эхлэх үед тэрээр хөлөөсөө толгой хүртлээ хар өнгийн хувцас өмссөн байлаа. Hailey камераасаа хэтэрхий хол сууж байсан тул түүний нүүрээ будсан эсэхийг мэдэх боломжгүй байв. 

Тэр олон нийтийн газраар маск зүүхдээ тийм ч их дургүйцээд байдаггүй бололтой. 

- Мэдээж хэрэг маск байнга зүүгээд явахаар агаар амьсгалж чадахгүй байгаа юм шиг санагдаж бага зэрэг бухимддаг. Гэхдээ маск зүүхийн нэг давуу тал нь папариццичид миний царайг харж чадахгүй байх явдал. Би бол залуухан эмэгтэй. Гэтэл баахан танихгүй эрчүүд цаг үргэлж араас даган зураг дарж байгаа нь үнэхээр хачин санагддаг. Би одоо ч гэсэн ийм зүйлд дасаагүй. Ирээдүйд ч дасах ёсгүй л дээ. Яагаад гэвэл энэ бол үнэхээр байж боломгүй зүйл. Үнэнийг хэлэхэд нөхцөл байдал хэвийн болсон ч би олон нийтийн газраар явахдаа маск зүүхээ болихгүй байх. 


ELLE: Инстаграм дээр 32 сая гаруй дагагчтай Hailey загвар өмсөхөөс гадна Calvin Klein, Levi’s , Versace зэрэг дэлхийд алдартай брэндийн нүүр царайгаар ажилладаг бөгөөд “Drop the Mic” телевизийн шоуны хөтлөгчөөр ч ажиллаад амжсан юм. Хүмүүс түүнийг Justin Bieber-ийн гэргий гэдгээр нь сайн мэддэг. Тэд 2018 есдүгээр сард Нью Йорк хотод гэрлэлтээ батлуулсан билээ.

- Бид хоёр маш удаан хугацаанд найзалсан. Ирээдүйд юу хүсэж байгаа маань адилхан байсан. Мэдээж ирээдүйд гэр бүлтэй болж, сайхан амьдарна гэж ярилцаж байсан ч тухайн үед бие биенээ сонирхож байгаагаа огт мэдээгүй.

ELLE: Hailey-гийн тусламжтайгаар Justin сэтгэл гутрал болоод хачин жигтэй үйлдлүүдээ “хүлээн зөвшөөрсөн”. Тэд гэрлэлтээ батлуулснаас нэг жилийн дараа хуримаа хийжээ. 

- Би 22 нас хүрэхээсээ хоёр сарын өмнө гэрлэлтээ батлуулсан. 21 настайдаа буюу залуухнаараа гэрлэсэн гэсэн үг. Галзуу санагдаж байж магадгүй. Гэхдээ Justin бид хоёр амьдралаас юу хүсдэгээ хангалттай мэдэж авахуйц хугацааны турш амьдарсан гэж боддог. Өөрөөр хэлбэл бид хоёр хангалттай их зүйл үзсэн. 


ELLE: Justin Bieber-ийн гэргий болсон Hailey-гийн хувьд бүх зүйл амаргүй байсан нь тодорхой.

- Гэрлэснийхээ дараа би зүгээр л бүгдээс нуугдахыг хүссэн. Бусад хүмүүсийг өөрийнхөө амьдралд оролцуулахыг хүсээгүй. Гэхдээ бүгд л намайг сайн мэддэг юм шиг ярьж аашилцгааж байсан. 

ELLE: Гэрлэлтийн эхний жил хэцүүхэн санагдаж байсан бол өнгөрсөн оны хөл хорио хосуудад “тус” болжээ.

- “COVID-19” цар тахлын улмаас олон гунигтай үйл явдал тохиолдсон болохоор энэ тухай ярихдаа их болгоомжтой байхыг хичээдэг. Карьераа эргээд харахад ажил хийхгүйгээр ийм удаан хугацаанд амарч үзээгүй юм билээ. Justin ч адилхан. Бид хоёр энэ удаан үргэлжилсэн хөл хорионы үеэр хоёулхнаа байх боломжтой болсон. 


ELLE: Хэдэн жилийн өмнө Hailey Инстаграм хаягийнхаа сэтгэгдэл бичих хэсгийг хааж байв. Учир нь түүний Инстаграм дээр хүмүүс хуурамч хаягаасаа элдэв янзын сэтгэгдэл бичиж байжээ. 

- Би тэдэнд сүй тавьсан тухайгаа мэдэгдэж хариуг нь барьсан. Нэг хүн надад хүмүүс дайрч эхлэх яг энэ үед сэтгэгдэл бичих хэсгээ хаачихвал Инстаграм хаягийн маань хандалт унахыг сануулж байсан. Гэхдээ надад тэр хамаагүй ээ. 

ELLE: Гуравдугаар сард Hailey өөрийн гэсэн YouTube сувгийг нээсэн бөгөөд эрүүл мэнд, гэрлэлт, арьс арчилгаа, нүүр будалт, загвар гээд өөрт ойрхон бүхий л сэдвээр туршлагаасаа хуваалцахаа мэдэгдсэн юм. Мөн саяхан “Who Is In My Bathroom” буландаа дотнын найз Kendall Jenner-ийг зочноор оролцуулсан билээ. 

- Бид яг л бусад шиг найзалдаг, инээлддэг, ярилцдаг. Энэ бол маш энгийн зүйл.

ELLE: Hailey, Justin хоёр Беверли Хиллс-д амьдардаг. Өнгөрсөн зун тэд шинэ байшин худалдаж авсан бөгөөд Hailey маш завгүй байсан гэнэ. 

- Гэрийнхээ тавилга, гэрэлтүүлэг, хэрэгцээт эд зүйлсээ авахын тулд маш олон уулзалт хийх шаардлагатай болсон. 

ELLE: Бид шивээсний тухай ярилцахад тэрээр ядам хуруун дахь долоон каратын очир эрдэнийн бөгжөө тайлан хуруун дээрх шивээсээ үзүүлэв. Дунд хуруун дээрээ хийлгэсэн бууны шивээсээ ч харуулаад амжсан юм.

- Би энэ бууны шивээсийг 18 настайдаа хийлгэсэн санагдаж байна. Тухайн үедээ гоё санагдсан ч одоо бол ийм шивээс хийлгэхгүй ээ. Буу бол хүчирхийллийн нэг хэлбэр гэж боддог. 


ELLE: Hailey Justin-аас хоёр насаар дүү. Хамгийн анх Hailey-гийн аав Stephen Baldwin Justin-тай танилцаад, дараа нь охиноо танилцуулсан аж. 

- Бид хоёрын хамт байсан бүхий л цаг үед би өөрийнхөө болоод Justin-ий тухай маш олон шинэ зүйлийг мэдэж авсан. Заримдаа муудалцах тохиолдол гарна. Гэхдээ бид хоёрын харилцаа хэзээ ч ажил хэрэг шиг байдаггүй. Би Justin-д маш их хайртай. Түүнтэй үүрд хамт байхыг хүсдэг. 

ELLE: Би таны бодлыг үгүйсгэж байгаа юм биш шүү. Гэхдээ Холливуд ертөнцийн залуухан, үзэсгэлэнтэй хосуудын ихэнх нь ингэж ярьдаггүй.

- Та ихэнх алдартнуудын үерхэл бүтэлгүйтдэг гэдэг утгаар хэлж байна уу? Магадгүй ээ. Холливуд мөн ч бай, биш ч бай ямар ч үерхэлд саад бэрхшээл тулгардаг. Олон нийтийн нүдэнд ил амьдрах бүр ч хэцүү. Гэхдээ Justin бид хоёр итгэл үнэмшлээрээ нэгдсэн. Мэдээж гэр бүлийн амьдрал амар зүйл биш. Бид хоёр эмчтэйгээ сайтар ярилцаж, хийх ёстой бүх зүйлээ сайн хийдэг. Энэ тал дээр их эерэг бодолтой байдаг. 

ELLE: Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөсөн юм. 

#Ярилцлага #Залуус #Алдартан #Hailey Bieber