Д.Мөнх-Эрдэнэ: Хүмүүс тэтгэлэгт тэнцсэнийхээ дараа яах тухайгаа ОГТ БОДДОГГҮЙ


Олон нийтэд нээлттэй зарлагддаг тэтгэлэг хөтөлбөрүүдэд өөрийн оюун ухаан, ур чадвараараа шалгаран амжилттай суралцаж буй хүмүүсийн туршлагыг хуваалцдаг ярилцлагын маань ээлжит дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. 

Энэ удаагийн дугаарт маань Европын холбооны Erasmus Mundus IMPAKT тэтгэлгийг хүртсэн Д.Мөнх-Эрдэнийг урин Португал улсад суралцсан туршлагынх нь талаар ярилцлаа.

Та бүхэн энэхүү ярилцлагаас түүний турк, англи, хятад, араб, испани, португал хэлийг сурсан туршлага болон тэтгэлэгт хөтөлбөрт өргөдлөө илгээх гэж буй залууст өгсөн зөвлөгөөг уншиж сонирхоорой. 


YOLOСайн байна уу? Цаг заваа гарган бидэнтэй ярилцаж байгаад баярлалаа. Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

- Сайн байцгаана уу? Намайг Даваажавын Мөнх-Эрдэнэ гэдэг. 2014 онд Улаанбаатар хотын Мон-Турк сургуулийг төгссөн. Олон улсын харилцааны мэргэжилтэй. 2017-2019 онд Erasmus Mundus IMPAKT тэтгэлгээр Португал улсын Портогийн их сургуульд оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдсан. Одоо “Youth Lead” ТББ-д зохицуулагч, “Jargal Defacto” сэтгүүлд хагас цагийн орчуулагчаар ажилладаг. Мөн Европын холбооны синхрон орчуулагчийн сургалтад хамрагдаж байна.

YOLOЕвропын холбооны Erasmus Mundus бол маш нэр хүндтэй тэтгэлэг шүү дээ. Таны хүртсэн Erasmus Mundus IMPAKT тэтгэлгийн онцлог нь юу байсан бэ?

- Европын холбооны тэтгэлгүүд нь төслөөсөө хамаараад өөр өөр нэршилтэй байдаг. Миний авсан Erasmus Mundus IMPAKT тэтгэлэг маань хамгийн сүүлд 2018 онд зарлагдсан. Гол зорилго нь Ази болон Европын их сургуулийн оюутан, багш нарыг солилцооны хөтөлбөрт хамруулах, тэдний хооронд эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх байсан. Монгол улсаас МУИС болон Санхүү эдийн засгийн их сургууль хамрагдсан юм билээ.

Миний хувьд Бельгийн Гентийн их сургууль болон Португалийн Портогийн их сургуульд өргөдлөө илгээсэн. Ингээд тухайн жилийнхээ дөрөвдүгээр сард Портогийн их сургуулиас “wait list” буюу хүлээлгийн жагсаалтад орсон тухай и-мэйл хүлээн авч, арваннэгдүгээр сард нь тэнцсэн тухай и-мэйл хүлээн авсан. Бээжин хотод очиж Португал улсад суралцах визээ мэдүүлснээс нэг сарын дараа Португал улс руу явсан түүхтэй.

Тэтгэлэгт маань визний хураамж, Бээжин болоод Европ руу ниссэн хоёр талын онгоцны тасалбарын зардал, эрүүл мэндийн даатгалын төлбөр багтсанаас гадна сар бүр 1000 еврогийн амьжиргааны тэтгэлэг олгодог.

Португал улс Европын бусад оронтой харьцуулахад амьдрах өртөг багатай учраас дотуур байрандаа 150 евро, хүнсэндээ 90 еврог зарцуулаад ч цаана нь тодорхой хэмжээний мөнгө үлддэг байсан. Хэдийгээр 2018 оноос хойш энэхүү тэтгэлэг зарлагдаагүй боловч цаашид Монголын их сургуулиуд Европын холбооны тэтгэлгийн төслийн багт орж чадвал оюутнуудад маань олон боломж нээгдэнэ гэсэн үг.


YOLOТэтгэлэгт материалаа илгээсэн оюутнуудыг ямар шалгуураар сонгосон талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч.

- Англи хэлний чадвар, сурах эрмэлзлээ илэрхийлсэн эсээ болон сурлагын голч дүнгийн мэдээллийг шаарддаг. Сонгон шалгаруулалтын явцад эзлэх англи хэлний чадварын хувь нь 30 хувь байсан. Миний хувьд IELTS түвшин тогтоох шалгалтын 8 оноотой байсан маань уг тэтгэлэгт тэнцэхэд гол түлхэц болсон юм болов уу гэж боддог. 

Би эсээндээ Монголын Эзэнт гүрний үед Европ, Ази тивийг холбож байсан торгоны замын тухай бичсэн. Түүнтэй адилаар орчин үеийн монгол оюутны хувьд Европ, Азийн ард иргэдийн харилцааг сайжруулахад олон нийтийн сүлжээг хэрхэн ашиглаж болох тухай, бас Португалд очоод испани болон португал хэлийг шамдаж суралцана гэдгээ ч сайн илэрхийлсэн. Түүнийгээ ч сайн биелүүлсэн гэж бодож байна.

Европын их сургуулиуд Азийн их сургуулиудтай харьцуулахад шалгуур өндөртэй юм билээ. Цөөн тооны оюутан авдаг болохоор өрсөлдөөн ихтэй байдаг. Гэхдээ АНУ шиг хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцсон байдлыг гол шалгуур болгодоггүй юм шиг санагдсан. Их сургууль болон тэтгэлгийн комисс чамайг бусдаас хэр өөр сэтгэж байгааг чинь л харахыг хүсдэг. Тиймээс өөрийгөө илэрхийлэх боломжтой хэсгүүд дээрээ “Бусад хүмүүс ингэж бодохгүй байх даа” гэж байгаа зүйлсээ оруулбал сайн.

Цаашид тэтгэлэг зарлагдах нь ойлгомжтой. Тиймээс ямарваа нэгэн тэтгэлэгт тэнцье гэж бодож л байгаа бол эртнээс англи хэлний оноо, зорилго, онцлог, давуу талаа тодорхойлж бэлдсэн байх нь чухал. Хүмүүс гадаадад сурах гоё гэж боддог ч тэтгэлэгт тэнцсэнийхээ дараа яах тухайгаа боддоггүй.

Европын улс орнууд Азитай харилцах харилцаагаа улам өргөжүүлж байна. Монголд ч гэсэн Европын холбооны төлөөлөгчийн газар байгуулагдсан болохоор цаашид тэтгэлэг зарлагдах нь мэдээжийн хэрэг. Тиймээс төлөвлөгөө, зорилго, эсээ, англи хэлний оноогоо бэлдээрэй гэж хэлмээр байна.


YOLOЭнэ тэтгэлэгт тэнцэхэд хамгийн чухал нөлөөлсөн хүчин зүйл англи хэлний чадвар тань байсан гэлээ. Түүнээс гадна таны soft skill буюу ямар зан чанарыг тань үнэлсэн гэж боддог вэ?

- Аливаа тэтгэлэгт материалаа илгээхдээ өөрийгөө хэт дөвийлгөх нь буруу юм байна гэдгийг Америкийн төрийн департментийн UGRAD тэтгэлгийн ярилцлагад орох үедээ ойлгосон. Чи өөрийгөө чадвартай гэж үнэлж л байгаа бол түүнийгээ батлах гэж улайралгүйгээр өөрийгөө маш даруухнаар илэрхийлэх чадварт суралцах нь чухал юм байна лээ. Монголд өөрийгөө магтсан хүмүүс л амжилттай байдаг ч тэр нь барууны орны соёлд огтхон ч үйлчилдэггүй. Миний бодит, прагматик хандлага европчуудад таалагдсан болохоор Erasmus Mundus IMPAKT тэтгэлгийг авсан байх гэж боддог.

YOLOГадаадын олон оронд суралцсан хүмүүстэй уулзаж байсан боловч Португал улсад суралцаж байсан хүнтэй ярилцаж үзээгүй юм байна. Атлантын далайн эрэг дээр оршдог энэ улс суралцахад хэр таатай орон бэ?

- Монголчууд Европыг Англи, Герман, Польш зэрэг орнуудаар төсөөлдөг байх. Харин Португал бол Европын бусад орнуудаас маш өөр. Ард иргэд нь найрсгаас гадна далайн эрэг дээр оршдог учраас дулаан уур амьсгалтай. Монголчууд бараг байдаггүй.

Би энэ улсын хоёр дахь том хот болох Порто хотод амьдардаг байсан. Порто хот улсынхаа хойд хэсэгт байрладаг бол нийслэл Лиссабон хот төв хэсэгтээ байрлана. Надад нэг удаа Лиссабон хотод амьдардаг монгол ах, эгч хоёртой уулзах аз тохиосон юм. Тэд маань намайг гэртээ уриад, тэр хавийнхаа газар нутгийг үзүүлээд, яг л төрсөн хүүхэд шигээ элгэмсэг хандсанд нь одоо ч талархаж явдаг. Энэ ташрамд, Пүүжээ ах болон Болормаа эгчдээ маш их талархсан гэдгээ илэрхийлмээр байна.

Португал бол дарсны соёл өндөр хөгжсөн орон. Хүмүүс нь вино шимэнгээ нар жаргахыг хараад л сууж байдаг амар тайван амьдралын хэв маягтай. Сурахад ч их таатай. Зарим оронд Ази оюутнуудыг гадуурхах тохиолдол ажиглагдаж байна шүү дээ. Харин португал оюутнууд хүн бүртэй ижил тэгш харилцдаг юм билээ.


YOLOПортугалд англи хэл дээр боловсрол эзэмших боломж хэр их байдаг бол?

- Нэг семестрт дунджаар 4-5 хичээл сонгоход англи хэл дээр ордог ганцхан хичээл нь англи хэлний хичээл л байдаг. Англиар ярьдаг оюутнуудад тохиромжтой хичээл гэсэн хэрнээ хичээлээ португал хэл дээр ордог байсан. 200 оюутан суудаг лекц дээр хоёр, гурван оюутанд зориулаад англиар ярихгүй нь мэдээжийн хэрэг. Тэр нь жаахан бэрхшээлтэй байсан. Магистрт бол 100 хувь англи хэл дээр ордог хөтөлбөрүүд байдаг юм билээ.

Портогийн их сургууль маань гадаад харилцаагаа эрчимтэйгээр өргөжүүлж байгаатай холбоотойгоор нийт төгсөгчид дундаас маш цөөн төгсөгчийг “alumni ambassador”-оор сонгох шалгаруулалт зохион байгуулсан. Би тэдний нэгээр сонгогдсон гэдэг мэдээг хүлээж аваад удаагүй байна. Энэ нь цаашдаа Портогийн их сургуулийг монгол оюутнуудад таниулах, энэ сургуульд сурах үүд хаалгыг нь нээж өгөхөд гүүр болж ажиллах нэр хүндтэй албан тушаал гэсэн үг.

YOLOПортугалд суралцах нь таны хувьд гадаадад урт хугацаагаар суралцсан анхны тохиолдол байсан гэсэн. Монголд бакалаврын боловсрол эзэмшсэний хувьд Европын сургалтын систем нь Азийн сургалтын хэв маягаас хэр ялгаатай санагдсан бэ?

- Европын холбооны орнуудын боловсролын нэгдсэн стандарт гэж байдаг. Тэр утгаараа Европын боловсролын систем нь Ази болон Америктай харьцуулахад тэс өөр. Ази шиг хэт багш төвтэй ч биш, Америк шиг хэт чөлөөтэй ч бас биш. Гол онцлог нь маш их ачаалалтай байдаг. Нэг хичээлийн кредит нь зургаан цаг байдаг болохоор долоо хоногт олон цагаар, ачаалал ихтэй хичээллэдэг. 
Би солилцооны оюутан байсан болохоор 1-р курсийн хичээлийг 3-р курсийн хичээлтэй хамтад нь үзэх боломжтой байсан. Семестр өнгөрөх тусам хичээл нь их хүндэрдэг юм байна гэдгийг биеэрээ мэдэрсэн дээ. Тэр ч утгаараа бакалаврын боловсролыг гурван жилийн дотор эзэмшдэг юм билээ. 


YOLOТэгэхээр та бараг бакалаврынхаа талыг нь дүүргээд ирсэн юм байна шүү дээ.

- Ер нь бол тийм. Энэ хугацаанд би гадаад хэлээ маш сайн хөгжүүлж чадсан. Би оюутан болсноосоо хойш их олон хэл сурсан л даа. Мон-Турк сургуульд байхдаа турк хэлээ сайн сурсны ачаар хэл сурах үндсэн арга барилаа олсон гэж боддог. Оюутан болоод англи хэлээ IELTS шалгалтын 8 онооны түвшинд хүргэсэн. Оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгээ цуглуулаад герман хэлний Гёте институтэд A1-B2 түвшин хүртэл сурсан. МУИС-д араб, хятад хэлийг гурван семестрийн турш үзсэн. Португалд очоод португал, испани хэл сурах боломж тохиосон гэх мэт. Испани хэлээ тууштай бэлдсэний хүчинд одоо испаниар чөлөөтэй ярихуйц түвшинд хүрсэн. Цаашдаа синхрон орчуулагчаар ажиллах боломж олдвол сурсан гадаад хэлээ байнга сайжруулаад явна гэж боддог.

Хэл сурахыг зөвхөн англи хэлээр битгий хязгаарлаарай. Ялангуяа орчин үед хоёроос дээш хэлтэй байх нь хэвийн үзэгдэл болсон шүү дээ. Миний хамрагдаж буй Европын холбооны синхрон орчуулагчийн сургалтыг заадаг багш нар маань Европын холбооны комисст синхрон орчуулга хийдэг. Тэд нар хэлэхдээ “Европын холбоонд ажилд ороход дор хаяж 2-3 хэлтэй байх ёстой. Ажиллаж байх хугацаандаа хоёр жил тутамд шинэ хэл сурах ёстой байдаг” гэж хэлсэн. Багш нар дотор маань долоон хэлтэй хүн ч байдаг хэрнээ түүнийгээ сүртэй зүйл гэж хүлээж авдаггүй юм билээ.


YOLOТа турк хэл сурч байхдаа хэл сурах үндсэн арга барилаа олсон гэлээ. Хэл сурах арга барилаа хэрхэн олох талаар уншигчдад маань зөвлөгөө өгөөч.

- Англи хэлний багшаар ажиллаж байхдаа анзаарсан зүйл гэвэл хүүхдүүд гадаад хэл сурахыг өөртөө хэтэрхий хүндээр тусгаад байдаг. Би англи хэлний IELTS шалгалтын 8 оноотой болох хүртлээ дураараа буюу хүссэн үедээ YouTube-с бичлэг үздэг, сонирхсон сэдвээрээ өгүүлэл уншдаг байсан. Би хэзээ ч шинэ үгс жагсааж бичээд “За. Би өнөөдөр энэ 10 үгийг цээжилнэ” гэж үзээгүй. Амьдралдаа ямар ч хэлийг тэгж сурч үзээгүй.

Турк хэл сурахдаа хэрэглэсэн арга гэвэл аливаа шинэ үгийг цээжлэхдээ монгол хэлний юутай төстэй байна гэдгийг нь ажигладаг байсан. Ялангуяа турк хэлэнд монгол хэлтэй төстэй маш олон үг байдаг. Харин араб хэлийг сурахдаа турк хэлтэйгээ хослуулчихна. Бас л хоорондоо төстэй үг ихтэй. Харин испани, португал, герман хэлний хувьд англи хэлтэй төстэй. Энэ мэтчилэн хэлнийхээ ижил төстэй байдлаар нь хамааруулж сурдаг. Миний хувьд нэг шинэ үгийг цаасан дээр биччихээд “энийг цээжилье” гээд хараад л байвал ерөөсөө цээжлэгддэггүй. Харин энэ үг монгол эсвэл англи хэлний ямар үгтэй төстэй байна гэдгийг харах юм бол тэр даруйдаа цээжилчихдэг.


YOLOЭнэ олон хэлийг марталгүйгээр тогтмол сэргээж, сайжруулж байхад тань таны өдөр тутмын амьдралын хэв маяг чухал нөлөөлдөг байх аа. Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

- Үдээс өмнөх цагийг зөвхөн өөртөө зориулахыг хичээдэг. Энэ нь өөрийгөө шахахгүйгээр дуртай юмаа хийнэ гэсэн үг л дээ. Жишээлбэл би тасалгааны цэцэг тарьж, арчилж, гэртээ дасгал хөдөлгөөн тогтмол хийх дуртай. Дуртай юмаа хийхээр тайвшраад, аз жаргалын даавар ч гэсэн их ялгардаг. Өдрийн хоолны дараа синхрон орчуулгын хичээл маань эхэлдэг. Харин чөлөөт цагаараа YouTube-с бичлэг их үздэг. Албан ёсны мэдээнүүдийг англи, испани, турк хэлээр уншихыг хичээдэг дээ.

YOLOОрчин үед ахлах сургуулиа төгсөж байгаа сурагчдыг харахад эх орондоо гэхээсээ илүүтэйгээр гадаадад сурахыг их хүсдэг болсон. Энэ талаар та юу гэж боддог вэ?

- Хүн бүрд ижилхэн боломж олддоггүй шүү дээ. Жишээлбэл би 2-р курсдээ Австралийн Квинсландын их сургуульд тэнцэж байсан ч төлбөрийн чадамжгүйн улмаас явж чадаагүй. Гадаадад тэтгэлэгтэй сурах нь хүн бүрд олдоод байдаг боломж биш. Маш их хичээж байж олддог. Хэрвээ өөрийгөө бэлэн болоогүй байна гэж бодож байгаа бол эх орондоо, эх хэлээрээ сурах нь зөв. Гэхдээ бас хэт их назгайрч болохгүй. Миний бодлоор дийлэнх оюутнууд зүгээр л урсгалаараа явж байгаад төгсчихдөг. Тэгээд амьдрал нь урсгалаараа өрнөдөг хэв маягтай болчихдог мэт санагддаг.

Гадаадад сурахын хамгийн том давуу тал бол аливааг өөрөөр харж, өөрийгөө таньж мэдэх. Сул тал нь мэдээж тэтгэлэг аваагүй бол санхүүгийн хувьд бэрхшээлтэй тулгарна. Заримдаа сэтгэлзүйн асуудалтай нүүр тулгарна. Тиймээс гадаадад сурахаасаа өмнө англи хэлний чадвар, санхүүгийн боломж бололцоо, сэтгэл санаа чинь бэлэн эсэхийг анхаарах нь зөв. Монголдоо сурсан ч гэсэн гадаадын их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах, эсвэл гадаадад магистрын хөтөлбөрт сурч болно. Тиймээс “It’s never too late” буюу хичээж эхлэхэд хэзээ ч оройтно гэж байдаггүйг л хэлмээр байна.


YOLOЕвропын холбооны синхрон орчуулагчийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаар хэд хэдэн удаа дурдлаа. Энэ хөтөлбөрийн талаар товчхон ярьж өгөөч.

- Энэ тэтгэлэг маань Европын холбооноос “COVID-19” гарахын өмнө буюу 2019 оны арванхоёрдугаар сард орон даяар зарлагдсан синхрон орчуулагчийн сургалт юм. Өмнө нь Монголд АСЕМ-ын уулзалт зохион байгуулагдах үеэр нэг удаа зарлагдаж байсан юм билээ. Орчуулагчдыг илүү мэргэжлийн, албан ёсны болгох зорилготой гэж ойлгож болно. Уг нь Бельгид очиж сурах байсан ч одоогоор цахимаар хичээллэж байна.

YOLOЯрилцлагынхаа сүүлийн асуултаар таны оюутан насандаа энийг л амжуулдаг байж дээ гэж бодож явдаг зүйлийн талаар асуумаар байна. Тийм зүйл бий юу?

- Хөрөнгийн зах зээл, хувийн санхүүгийн талаар өмнө нь илүү их зүйлийг сурдаг байж дээ гэж бодогддог л юм. Намайг оюутан байхад 20 ам.долларын үнэтэй байсан хувьцаа одоо 700 ам.доллар болчихсон байх жишээтэй. Зөвхөн хөрөнгийн зах зээл гэлтгүй эрт мэдэх тусмаа илүү их хождог зүйлс амьдралд маш олон байдаг шүү дээ. Гэхдээ өмнө нь хэлсэнчлэн “It’s never too late”. Би өмнө нь сураагүй зүйлээ одоо нөхөөд л сурч байна.

YOLOУрилгыг маань хүлээж авч ярилцсанд баярлалаа.

#Ярилцлага #Залуус #Тэтгэлгийн ярилцлага