Аминчхан яриа №2: Бэлгийн амьдралын талаарх ХУДАЛ ЦУУРХЛУУД ба БОДИТ БАРИМТУУД


Нийгэмд тэр бүр нээлттэй ярьж чаддаггүй боловч хүн бүрийн мэдэж байх ёстой сэдэв болох бэлгийн боловсролын талаар бэлтгэн хүргэдэг “Аминчхан яриа” цувралынхаа ээлжит дугаарыг та бүхэндээ хүргэж байна.

Энэ удаагийн дугаарт маань Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн сэтгэл зүйч Н.Билгүүн уригдан оролцож “Өсвөр үеийнхний бэлгийн амьдрал” сэдвээр ярилцлаа.

Харин “Аминчхан яриа” нийтлэлээрээ өсвөр үеийнхний дунд байдаг бэлгийн амьдралын талаарх ташаа ойлголтууд болон бодит баримтуудыг хүргэж байна.

ХУДАЛ: БЭЛГИЙН БОЛОВСРОЛТОЙ БАЙХ НЬ БЭЛГИЙН ХАРИЛЦААНД ЭРТ ОРОХ ЭРСДЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛДЭГ.

Бэлгийн боловсролын тухай ярилцах нь ихэнх хүнд таагүй, тухгүй мэдрэмж төрүүлдэг нь нууц биш. Гэхдээ хүүхэдтэйгээ энэ талаар өсвөр наснаас нь эхлэн ярилцах, зааж таниулаагүйгээс үүдэн тэдний амьдралд олон сөрөг үр дагавар гардаг.

Харин бэлгийн зохих боловсролтой байснаар бэлгийн хавьтал болон хамтрагчийн тоо буурч, аз турших буюу эрсдэл үүрэх магадлал багасаж, бэлгэвчийн хэрэглээ нэмэгдэж, жирэмслэлтээс сэргийлэх арга хэмжээ авч чаддаг болох гэх мэтчилэн олон эерэг нөлөө бий. Тиймээс дээрх хандлага, ойлголт нь буруу бөгөөд бэлгийн харилцаанд орох эсэх шийдвэр нь тухайн хүний бэлгийн боловсролтой нягт холбоотой юм.

ХУДАЛ: ОНГОН БИШ ОХИД Л ТАМПОН ХЭРЭГЛЭДЭГ.

Бидний дунд түгээмэл байдаг “онгон хальс нь цоорсон хүн л тампон хэрэглэж болно” гэдэг нь өрөөсгөл бөгөөд бэлгийн харилцаанд ороогүй үедээ хэмжээ багатай, нимгэн тампон хэрэглэж үзэхийг мэргэжилтнүүд зөвлөдөг.

Тампон нь дотроо маш олон төрлийн хэмжээтэй байдаг учраас анх удаа хэрэглэх гэж буй хүмүүс аль болох нимгэн, жижиг хэмжээтэйг сонгох нь зүйтэй. Гэхдээ мэдээж анх удаа хэрэглэх гэж байгаа тохиолдолд эмэгтэйчүүдийн эмчээс заавар, зөвлөгөө зайлшгүй авах шаардлагатай гэдгийг анхаараарай. 

ХУДАЛ: ХҮНИЙ ГАДААД ТӨРХ, ЯМАР НЭГЭН ШИНЖ ТЭМДГЭЭР НЬ ОНГОН ЭСЭХИЙГ НЬ ТАНЬЖ БОЛНО.

Толинд хараад үз дээ. Чиний духан дээр чинь аль эсвэл хувцсан дээр чинь онгон гэж бичсэн ямар нэгэн бичиг, шинж тэмдэг байна уу?

Яг үнэндээ хэн ч хүнийг гаднаас нь хараад биеийнх нь ямар нэгэн онцгой шинж тэмдгээр бэлгийн хавьталд орсон эсэхийг нь тодорхойлох боломжгүй. Үүнийг зөвхөн нарийн мэргэжлийн эмчид үзүүлсний дараа л тодорхойлж болохоос гадна тухайн хүний онгон хальс нь бэлгийн хавьтлаас болж цоорсон эсхүл дугуй, морь унаж байгаад сэвтсэн эсэхийг шинжилгээгээр л мэдэх боломжтой байдаг.

Тэгэхээр өсвөр насныхны дунд түгээмэл байдаг “Хоёр хөлийнхөө дунд завсартай байх нь онгон биш гэсэн үг”, “Анх удаа бэлгийн харилцаанд орж байгаа хүнээс цус гарах ёстой”, “Бэлгийн харилцаанд орсны дараа хөх томорч, өгзөгний хэлбэр өөрчлөгддөг” гэх зэрэг ярианууд нь хоосон цуурхал юм. Тиймээс хэн нэгнийг харагдаж байгаагаар нь битгий үнэлж, дүгнээрэй.

ХУДАЛ: ОЛОН ОХИДТОЙ УНТАХ НЬ ЭРЭГТЭЙ ХҮНИЙ БАХАРХАЛ.

“Хөвгүүд зандан байвал ичгэвэртэй, охид онгон биш байвал ичгэвэртэй” хэмээх хандлага өсвөр үеийнхний дунд түгээмэл байдаг нь нууц биш юм. Гэхдээ зандан эсвэл онгон биш байхын аль ч нь ичгэвэртэй зүйл биш бөгөөд энэ нь өөрийгөө голох, сэтгэлээр унах шалтгаан болох ёсгүй.

Заримдаа бэлгийн амьдралынхаа талаар илэн далангүй ярьдаг, энэ талаар маш их зүйл мэддэг мэт аашилдаг хүмүүс үнэндээ мэдлэг багатай нэгэн ч байж болдог. Тиймээс бусдын үзэл бодол, ятгалгаар шийдвэр гаргалгүй гагцхүү өөрөө хүсэж байгаа эсэхээ мэддэг байх нь чухал.

ХУДАЛ: САРЫН ТЭМДЭГ ИРСЭН ҮЕД БЭЛГИЙН ХАРИЛЦААНД ОРВОЛ ЖИРЭМСЭН БОЛОХГҮЙ.

Бидний олонх нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэггүйгээс болж бусдад буруу зөвлөгөө өгөх, эсвэл өөрсдийгөө эрсдэлд оруулах нь бий. Түүний нэг жишээ бол анх удаа эсвэл сарын тэмдэг ирж буй үедээ бэлгийн харилцаанд орох нь жирэмслэлт үүсгэдэггүй гэх ойлголт юм.

Үрийн шингэн өндгөн эстэй нийлж үр хөврөл үүсгэснээр жирэмслэлт бий болдог. Эрүүл эмэгтэйд сар бүр 20 орчим өндгөн эс боловсрох бөгөөд үүнээс зөвхөн нэг өндгөн эс л гадагшилдаг. Харин эрэгтэйгээс 20 сая орчим эр бэлгийн эс гадагшилдаг бөгөөд үүнээс зөвхөн нэг нь л өндгөн эстэй нийлж үр тогтолтыг бий болгодог. Тиймээс дээрх тохиолдлын алинд ч жирэмслэх магадлалтай гэсэн үг.

ХУДАЛ: БЭЛГИЙН ЗАН ҮЙЛИЙН ТАЛААР ЭРЭГТЭЙЧҮҮД БАЙНГА БОДДОГ, ХАРИН ОХИД ОГТ БОДДОГГҮЙ.

Энэхүү ойлголтыг шалгаж үзэх зорилгоор “Journal of Sex Research” сэтгүүл их сургуулийн 238 оюутны дунд долоо хоногийн турш хоол, нойр, бэлгийн зан үйлийн талаарх бодлоо нэг бүрчлэн тэмдэглэх судалгаа явуулсан байна. Судалгааны үр дүнд эрэгтэй хүн өдөрт бэлгийн харилцааны тухай 19 удаа, хоолны талаар 18 удаа, нойр буюу унтах талаар 11 удаа бодож байжээ.

Харин эмэгтэйчүүд хоолны талаар өдөрт 15 удаа, бэлгийн харилцааны тухай 10 удаа, нойрны талаар 8 удаа бодож байсан гэсэн судалгааны үр дүн гарсан. Энэхүү судалгааны үр дүнгээс харахад эмэгтэй хүн ч гэсэн энэ талаар боддог бөгөөд гагцхүү давтамжийн хувь эрэгтэйчүүдээс бага байгааг харж болно.

ХУДАЛ: ХЭРВЭЭ ЧИ ТҮҮНД ҮНЭХЭЭР Л ХАЙРТАЙ ЮМ БОЛ ТҮҮНТЭЙ УНТАХ ЁСТОЙ.

Хэн нэгнийг хайрлах болон бэлгийн харилцаатай байх гэх ойлголт нь хоорондоо асар их ялгаатай. Хэрвээ чи хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрлаж, дурласан бол та хоёрын хэн хэн нь энэ төрлийн харилцаанд бэлэн, мөн харилцан зөвшилцсөн байх ёстой.

Харин энэ хүртэл хайраа илэрхийлж болох өөр олон аргуудыг турших нь зөв юм. Хэрвээ чамайг хүсэхгүй байхад хамтрагч чинь ийм үйлдэл хийхийг ятгаж, шаардаж байвал энэ нь тухайн хүн чамайг хэр их хайрладаг болохын илэрхийлэл ч байж болно.

Дотно харилцаа нь харилцаа, итгэл, хүндлэл дээр тогтдог. Эцэст нь хэрвээ тэр чамд хайртай л бол чамайг бэлэн болох хүртэл хүлээж чадна.

ХУДАЛ: ГАР ХАНГАЛГА ХИЙХ НЬ АЮУЛТАЙ.

Бие махбодын бэлгийн дур хүсэл, мэдрэмжээ илэрхийлэх хамгийн аюулгүй арга бол гар хангалга юм. Энэ үйлдлийг хийх нь хэвийн бөгөөд энэ нь өөрийнхөө биеийн онцлогийн талаар илүү ихийг мэдэхэд тусалдаг. Гэхдээ хүн бүр гар хангалга хийдэггүй. Хамгийн чухал нь нууц, аюулгүй орчинд л хийх хэрэгтэй.

ХУДАЛ: БЗДХ НЬ АРИУН ЦЭВРИЙН СУУЛТУУР БОЛОН БОХИР ХАРАГДАЖ БУЙ ХҮНЭЭС ХАЛДВАРЛАДАГ.

БЗДХ нь үтрээний шингэн, шулуун гэдэс, үрийн шингэн, цус болон эхээс хүүхдэд дамжин халдварладаг. Тиймээс үүнээс сэргийлэхийн тулд шинжилгээнд тогтмол хамрагдах болон бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч ашиглаж хэвших хэрэгтэй.

Хэрвээ чамд нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар тулгамдаж буй асуудал байгаа боловч хэнд хандаж зөвлөгөө авахаа мэдэхгүй байгаа бол 21 аймаг, 9 дүүрэгт байрлах Залуучуудын хөгжлийн төвд хандаж зөвлөгөө авах боломжтой.

Мөн харьяа дүүргийнхээ Өсвөр үеийн кабинетад хандан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой байдаг шүү. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Залуучуудын хөгжлийн төв Фэйсбүүк бүлгэмд нэгдэн аваарай.

“Аминчхан яриа” цувралын дараагийн дугаараар бэлгийн боловсролтой холбоотой мэдэхийг хүсэж буй сэдэв, асуултууд байвал oyunerdeneorkhonkhuu@gmail.com хаягаар холбогдоорой.

Цувралын бусад дугааруудыг унших бол ЭНД дараарай. 

#Боловсрол #Эрүүл мэнд #Бэлгийн боловсрол #Аминчхан яриа #Бэлгийн амьдрал