М.Бодьгэрэл: ЧАДНА гэдэгтээ итгэхэд туулах замын хагас нь ард үлддэг


Бид өмнө нь ОХУ-ын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй иргэдэд зориулсан тэтгэлгийн мэдээллийг хүргэж байсны дагуу тус тэтгэлэгт хамрагдаж буй оюутантай цахимаар холбогдож ярилцлаа. М.Бодьгэрэл нь 2020 оны ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, одоогоор Улс түмний найрамдлын их сургуульд (РУДН) хэлний бэлтгэлд хамрагдаж байгаа юм.

Ингээд ирээдүйд уг хөтөлбөрт хамрагдахыг хүсэж буй залуус юун дээр түлхүү анхаарах хэрэгтэйг дараах ярилцлагаас уншаарай. 


YOLOБидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу.

- Намайг Мөнхбаярын Бодьгэрэл гэдэг. ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг буюу хүмүүсийн нэрлэж заншсанаар Путины нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрөөр Улс түмний найрамдлын их сургуульд (РУДН) суралцдаг. 2019 онд Их засаг их сургуульд эрх зүйч мэргэжлээр суралцаж байхдаа энэхүү тэтгэлгийг авч чадсан. Цар тахлын улмаас хичээлүүдээ онлайнаар судалж байгаа боловч нөхцөл байдал хэвийн болох үед сургуульдаа очиж сурна гэж найдаж байна.

YOLOЭнэхүү нэр хүндтэй тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаж байгаад нь баяр хүргэе. Тэтгэлгийн талаар товч танилцуулахгүй юу?

- ОХУ-ын Засгийн газраас жил бүр тус улсын их, дээд сургуульд 4-7 жил үнэ төлбөргүй суралцах 500 оюутны хуваарийг Монгол улсын иргэдэд олгодог. Энэхүү тэтгэлэгт Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагч, их, дээд сургуулийн 1 болон 2-р дамжааны оюутнууд хамрагдах боломжтой.

Өмнө нь өргөдөл гаргагчаас орос хэлний шалгалт, ярилцлага авдаг байсан. Харин цар тахлын улмаас үүссэн онцгой нөхцөл байдалтай холбогдуулан горилогчийн бүрдүүлсэн материал, голч дүн, нийгмийн идэвх, амжилтууд дээр л үндэслэн сонгон шалгаруулж байгаа юм билээ. Тиймээс материал бүрдүүлэлт маш чухал гэсэн үг. Голч дүнгийн хувьд сонгож буй мэргэжилтэйгээ холбоотой хичээл дээрээ зөвхөн А дүнтэй байх ёстой.

Миний хувьд дээрх материалуудыг бүрдүүлэх явцад гадаад паспортоо хараахан аваагүй байсан юм. Өргөдөл илгээх хугацаа нь тулчихсан байсан учраас гадаад паспорт захиалсан гэдгийг нотлох цагаан хуудсыг хавсаргаж явуулсан. Нэгдүгээр шатанд материал бүрдүүлэхэд гадаад паспортгүй эсвэл хугацаа нь дууссан бол захиалсан гэх цагаан хуудсаар өргөдлөө гаргаж болдог. Харин хоёрдугаар шатанд дээрх материалууд заавал биетээр байх шаардлагатай.


YOLOНэгдүгээр шатны үйл явцын талаар дэлгэрэнгүй танилцуулсанд баярлалаа. Дараагийн буюу хоёрдугаар шатны шалгаруулалт ямар журмаар явагдсан бэ?

- Өмнө нь хоёрдугаар шатны шалгаруулалтад ярилцлага авдаг байсан ч өнгөрсөн онд цар тахлын улмаас аваагүй. Эмнэлгийн У-86 маягтын дагуу шүд, нүд, хамар, хоолой, ДОХ, цагаан хорхойн шинжилгээг өгч, гарсан хариуг нь илгээдэг. Мөн энэ шатанд нэгдүгээр шатны шалгаруулалтад илгээсэн материалаа засварлаж хянаад дахин илгээх ёстой. Жишээлбэл Мөнхбаяр гэдгийн “ө” үсгийг “у”-р бичих ёстойг мартсан байлаа гэхэд үүнийг хоёрдугаар шатанд хүлээн зөвшөөрдөггүй гэсэн үг. Материалаа хэрхэн бүрдүүлж байгаагаас тухайн хүнийг тодорхойлж, тэнцүүлэх эсэхээ шийддэг. 

YOLOОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг хөтөлбөрт юу юу багтдаг вэ?

- Сургалтын төлбөрийг Засгийн газраас 100 хувь даахаас гадна сар бүр 200 орчим мянган төгрөгтэй тэнцэхүйц стипенд олгодог. Бусад амьжиргааны зардал буюу орон байр, хоол хүнс, ирж очиж унааны зардлыг суралцагч өөрөө хариуцна.

Мөн ОХУ-д сурч буй оюутны хөдөлмөр эрхлэлтийг хуулиар хориглодог байсан ч 2020 оны зургадугаар сараас хууль ёсны болгосон. Энэ нь тус улсад сурдаг оюутнууд амьжиргааны зардлаа бие даан залгуулахад маш их хувь нэмэр үзүүлнэ гэж үзэж байна. 

YOLOОрос хэлний шалгалт авдаг байсан боловч өнгөрсөн онд аваагүй гэлээ. Энэ нь орос хэлний ямар ч мэдлэггүй хүн өргөдөл гаргах боломжтой гэсэн үг үү?

- Хэдийгээр тэтгэлэгт хамрагдсан оюутнууд эхний жилдээ хэлний бэлтгэлд хамрагддаг боловч тухайн хичээлийг монгол биш орос багш нар заадаг учраас хэлний тодорхой хэмжээний мэдлэгтэй байж хичээлээ ойлгоно.

YOLOЧиний ямар зан чанар, амжилт чинь энэ тэтгэлгийг авахад чухал нөлөө үзүүлсэн гэж боддог вэ?

- Ахлах ангидаа Хүүхдийн өөрөө удирдах байгууллагад ажиллаж, үе тэнгийнхэндээ чиглэсэн ажлуудыг зохион байгуулдаг байлаа. Мөн улсын хэмжээний эсээ бичлэг, илтгэлийн уралдаанд манлайлан оролцдог байсан маань чухал нөлөө үзүүлсэн болов уу гэж бодож байна. Зарим багш нар маань намайг “юм болгонд оролцоо” гэж шүүмжилдэг байсан. Өөрийгөө хайрцаглалгүйгээр олон талаараа хөгжихийг эрмэлздэг байсан нь давуу тал болсон байх. Мөн аливаа амжилт бүрийн минь ард олон хүний дэмжлэг туслалцаа, зүтгэл байдаг. Хичээж байгаа хүний дэргэд дэмжиж байгаа хүн байдаг шүү дээ. 


YOLOИрээдүйд энэ тэтгэлэгт хамрагдахыг хүсэж буй залууст ямар зөвлөгөө өгөх вэ?

- Тухайн үед надад тулгарч байсан хамгийн том бэрхшээл нь цаг хугацаа байсан. Тиймээс бүрдүүлэх материалаа жагсааж бичээд цагаа зөв төлөвлөх хэрэгтэй гэж зөвлөе.

YOLOЧи 5-р ангиасаа эхлэн ОХУ-д суралцах мөрөөдөлтэй болсон гэсэн. Энэ мөрөөдлийнхөө талаар бидэнтэй хуваалцаач. 

- Би 5-р ангидаа өөрийгөө ОХУ руу суралцахаар явж байгаа мэтээр зурсан маань одоо ч надад бий. Бага насны мөрөөдөл маань биелсэнд маш их баяртай байна. Би зорилго, хүсэл тэмүүллээ дэвтэрт буулгах дуртай. Алдсан ч бай, оносон ч бай дараа нь сургамж, дурсамж болж үлддэг учраас тэмдэглэл хөтөлж, ирээдүйгээ төсөөлж бичдэг. Бичиж тэмдэглэсэн зүйлсийн ихэнх нь биеллээ олдог нь бүр ч талархууштай.

ОХУ-ыг сонгох болсон гол шалтгаан ард түмнийх нь зан чанартай холбоотой. Барууны орны ард иргэдтэй харьцуулахад тэд бусадтай харьцахдаа хуурамч нөхөрсөг харилцааг үүсгэх бус чин сэтгэлээсээ, үнэнчээр ханддаг нь таалагддаг. Намайг бага байхад зурагтаар орос кино, дуу хөгжим их гардаг байсан нь мөн энэ ард түмэн дотно мэт санагдахад нөлөөлсөн байх. 


YOLOЦар тахлын үед хичээлдээ хэрхэн хамрагдаж байгаа вэ?

- Москва хот Улаанбаатар хотоос 5 цагийн зөрүүтэй байдаг. Тэнд өглөө болж байхад энд өдөр болж байдаг гэсэн үг. Хичээлүүд маань ихэвчлэн 15:00 цагаас ордог. Бид нар Microsoft Teams платформ дээр хичээлүүдээ үзэхдээ хичээл бүрээ рекорд хийж үлдээдэг болохоор ойлгоогүй хичээлээ дахин судлах боломжтой байгаа нь маш их таалагдаж байна.

YOLOЯрилцлагын төгсгөлд үе тэнгийнхэн болон уншигчдад маань хандаж хэлэх үг байгаа бол сүүлийн хормыг чамд үлдээе.

- Аливаа зүйлд сониуч байж, өөрийгөө сорьж байгаарай. Гэхдээ сониуч байна гэдэг нь салхинд хийссэн хамхуул шиг байхын нэр биш. Өөртөө зорилго тавьж, өөрийнхөө үзэл бодолд эзэн байж, аливаа зүйлийг чадна гэж эхлүүлсэн бол тууштайгаар тэмцэж оргилд нь заавал хүрдэг байгаасай. Мөн алдаа хийхээс битгий айгаарай. Хүн төгс биш учраас алдах эрхтэй. Алдаанаасаа суралцаж байж ахиц гаргадаг. Чадна гэдэгтээ итгэхэд туулах замын хагас нь ард үлддэг гэж хэлмээр байна.

YOLOЯрилцсанд баярлалаа.

#Боловсрол #Тэтгэлэг #Хөтөлбөр