Kaitlin&Noa: Хайртай хүнийхээ тухай ХАА Ч аз жаргалтайгаар ярина


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2021-02-15

Гэгээн хайрын баярыг тохиолдуулан YouTube сувагтаа хосын влог хийж, олон нийтэд бэлгийн чиг баримжаагаа зарлаад удаагүй байгаа ижил хүйсийн хос Кайтлин, Ноа хоёртой ярилцлаа. Ийм нэгэн ярилцлагыг сийрүүлэн суухад хосуудын “Чи бол орчлонд тодоос тод гэрэлтэх хамгийн нандин гэрэл гэгээ” гэх үг зүрхэнд оч гялалзуулав. Ингээд ярилцлагаа тухлан сууж, таалан соёрхоно уу.

YOLOЯрилцлагын хүсэлтийг минь хүлээж авсанд баярлалаа. Уншигчдад маань өөрсдийгөө танилцуулахгүй юу.

Ноа: Ярилцлагын хүсэлт явуулсан танай хамт олонд маш их баярлалаа. Мөн YOLO.mn сайтын уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Төмөрбаатарын Хонгорзул гэдэг. Ноа гэж дууддаг. 30 настай. Урлах эрдэм дээд сургуулийг гутлын дизайнер мэргэжлээр төгссөн. Одоогоор хөл хорионд орчхоод л байж байна даа /инээв/.

Кайтлин: Энэхүү ярилцлагыг уншиж буй бүх хүмүүст энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Түүнчлэн Валентины баярын дугаарт зочин болж буйдаа тун баяртай байна. Намайг Тамирын Анаргоо гэдэг. Кайтлин гэдэг нэрээр маань хүмүүс илүү мэднэ байх. Би 25 настай. DJ хийдэг. Одоогоор “Omni” клубд ажилладаг.


YOLOХэдэн өдрийн өмнө YouTube сувагтаа хосын влог хийсэн нь олон хүнд хүрч, үүнээс нь ЛГБТИК+ хосууд урам авсан байх. Өнөөгийн манай нийгэмд буруу ойлголт их байдаг учраас хосууд нууцаар үерхэх нь их. Та хоёр яагаад олон нийтэд кам аут (бэлгийн чиг баримжаагаа илэрхийлэх) хийхээр шийдсэн бэ?

Ноа: Би өөрийн хүрээлэлдээ кам аут хийгээд удаж байна. Сүүлийн жилүүдэд ЛГБТ хүмүүсийг дэмжих, ойлгох, хайрлах хандлага их ажиглагдах болсон. Тухайлбал, шинээр танилцаж буй хүмүүстээ ижил хүйсийн хүнээ сонирхдог гэдгээ хэлэхэд таатай хүлээж авдаг. ЛГБТ гэдгээ мэдэрч эхлээд, хаана, хэнд хандахаа мэдэхгүй дотроо шаналж байгаа бяцхан зүрхнүүддээ “Чи ганцаараа биш шүү. Чамтай адил олон хүмүүс бий” гэдгийг харуулахыг хүссэн учир олон нийтэд кам аут хийсэн.

Кайтлин: Хүмүүс янз янзаар хүлээж авна гэдгийг мэдэж байсан ч төсөөлж байснаас хэд дахин их хандалт авч, урмын үг маш их сонссон нь бид хоёрт бүр шок болсон /инээв/. Одоо зөвхөн өөрсдийгөө бусдад ойлгуулах бус ЛГБТ хүмүүсийнхээ нэрийн өмнөөс бусдад эерэг хандлагыг бий болгож, хайр гэдэг зүйл хэн нэгний заасан хязгаарлагдмал зүйл байх ёсгүй гэдгийг ойлгуулах хариуцлагатай болж байна. Би нуугдмал, дотогшоо ертөнцөд амьдрахыг хүсээгүй учраас кам аут хийсэн. Өөрийнхөө дотоод хүнийг мэдрээд, түүнийгээ бусдад таниулж, эрч хүчтэй, нуух зүйлгүй, амар амгалан байхыг сонгосон. Мөн бид хоёрт урмын үг харамгүй илгээж буй хүмүүстээ маш их баярлаж байна.


YOLOВлогоо цацаад олон хүн үзсэний дараа цочролд орсон гэж байна. Хамгийн түрүүнд ямар мэдрэмж төрсөн бэ?

КайтлинНоа: Бичлэгээ YouTube байршуулаад хоёулаа wifi-аа унтрааж, утаснаасаа холдож, өөр зүйл хийж сатаарах гээд сандарч гүйсэн /инээв/. Гэхдээ айдастай гэхээс илүү амттай мөч байсан. Дараа нь орж үзэхэд бидний бодсоноос олон хүн үзэж, эерэг сэтгэгдлүүд их үлдээсэнд баярлаад бүр нулимс цийлгэнэсэн шүү.

YOLOҮерхээд хэр удаж байна вэ? Үерхлийн түүхээсээ хуваалцаач.

Ноа: Үерхээд нэг жил гурван сар болж байна. “Lava” клубд болсон ЛГБТ хүмүүсийн “Halloween”-ий баярын үдэшлэг дээр нүүр тулж уулзаж, танилцсан. Тэр үед манай хүн DJ хийж байсан юм. Өмнө нь Фэйсбүүкээр дамжуулж кофенд дуртай гэдгийг нь мэдсэн болохоор зүрхээ чангалаад, кофе бариад очсон доо /инээв/. Эхэндээ ичиж, сандраад үг хэл ч эвлэхгүй, юу яриад байгаагаа ч ойлгоогүй. Бид хоёр талаасаа нэгэндээ хүчтэй татагдаж, хэсэгтээ л сохор хүмүүс шиг гүйсэн дээ. Магадгүй одоо ч гэсэн хэвээрээ.

Кайтлин: Тэр өдөр ажил дээрээ ирэхэд бие бага зэрэг өвдөөд, ер нь тухгүй байсан. Ноа над руу “Өнөөдөр ажил дээрээ байх уу, кофе аваад очъё” гээд чат биччихсэн байсан. Том арга хэмжээтэй, дээрээс нь надтай хүн уулзахаар ирнэ гэж бодоод бага зэрэг сандарсан ч DJ хийж байгаад Ноаг ирэхийг мартчихсан байлаа. Гэнэт кофе барьсан шивээстэй гар нүдний урдуур орж ирэхэд гарыг нь дагуулж харсаар харц тулгараад, тэр чигтээ Ноагийн найз охин болсон юм даа /инээв/. Үгээр тайлбарлах аргагүй таталцал байсан.


YOLOАнхны болзоог хэн зохион байгуулсан бэ? Эсвэл хоёулаа санаачилгатай хүмүүс үү?

Ноа: Анхны болзоог би зохион байгуулсан. Тухайн үед шинэ ажлаа эхлүүлээд удаагүй болохоор завгүй, дээрээс нь хүнд сайн болчихсон ёстой эд бужигнадаг, корона ч үгүй сайхан байжээ. Нэг өдөр юу болсон юм гэмээр уулзмаар санагдаад болдоггүй. “Хоёулаа орой уулзах уу” гэсэн чинь зөвшөөрсөн. Тэр үед дотнын найзуудынхаа групп чатад найзуудаа залхтал Кайтлины тухай бичдэг байлаа. Тэгж их ярьдаг охинтойгоо уулзахаар болсноо хэлэхэд бүгд амжилт хүссэн. Болзох газрыг Кайтлин санал болгож, харин би болзооныхоо цагийг хүлээж догдолсоор. Уулзах цагаасаа өмнө чатлахад манай хүний бичиж байгаа өнгө аяс нэг л найз шиг болоод ирсэн. Би ч дотроо ийм хөөрхөн охин юу гэж ижил хүйсийн хүнээ сонирхох вэ дээ, эелдэг учраас шууд үгүй гэж хэлж чадахгүй болохоор уулзаад “Би ижил хүйсийн хүнээ сонирхдоггүй ээ. Bye хөгшөөн” гэх нь дээ гэж бодоод сэтгэлээр унасан. Би уг нь их яриа хүн боловч Кайтлиныг орж ирэхэд хэлээ залгичихсан юм шиг хүний урамд сайн уу ч гэж хэлж чадаагүй. Надад стрэйт /эсрэг хүйстнээ сонирхдог/ хүмүүс их байдаг газраар үйлчлүүлэхэд эвгүй байдаг. Анхны болзоог ч хэлэх үү тухайн өдөр уулзсан газар олон хүн байсан болохоор биеэ бариад, бүр агшаад жижигхэн болчих шиг санагдсан. Найзууддаа юм ярьж чадахгүй байгаагаа чатаар хэлж шоолуулаад, удаан чимээгүй суусны эцэст би “Хоёулаа манай найзууд дээр очих уу” гэж хэлснээр буцаад “хэлд орсон”.

Кайтлин: Яг уулзах газрын гадаа ирээд маш их сандарч байсан. Өөртөө тайвшрах цаг өгөхийн тулд цахилгаан шатанд суулгүй шатаар алхаж дээшээ гарсан. Ирээд суутал Ноа надтай юм ярихгүй, утсаараа юм бичээд л байсан /инээв/. Намайг өөртэй нь эелдэг зан гаргаж л уулзаж байна гэж бодсон гэсэн. Гэхдээ надад анхнаасаа таалагдаагүй бол би болзоонд ч явахгүй байх байлаа. “Lava”-д харсан өдрөөсөө хойш бодлоос гардаггүй болчихсон доо.


YOLOЕр нь анхны харцаар дурласан юм байна шүү дээ. Бие биенийхээ юунд татагдаж, дурласан бэ?

Ноа: Тухайн үед би нэг л унжуу, сэтгэл хөдлөл багатай, гутранги хүн байсан. Анх найзууд “Lava” оръё гэхэд нь би тийм ч дуртай байгаагүй. Ингээд ороод, чихэвчээр Troye Sivan-ий “Strawberry Cigarettes” дууг сонсож байлаа. Гэтэл яг урд маань цонх руу буруу хараад, мөрөн дээрээ хүрмээ тохчихсон сууж буй Кайтлиныг харсан. Зүрхэнд нэг оч үсрэх шиг болоод, харцаа ч салгаж чадахгүй маш хүчтэй дурласан даа. Тэгж “Halloween”-ий үдэшлэгээс өмнө анх харж байсан.

Кайтлин: Тэр өдөр Ноа намайг харсныг ерөөсөө мэдээгүй. Ноа тэр үедээ над руу Фэйсбүүкээр найзын хүсэлт явуулсан юм билээ. Дараа нь “Halloween”-ий үдэшлэг дээр ярилцаж үзэхэд үнэхээр хайр хүрсэн. Анхнаасаа л мэддэг, дотнын хүнтэйгээ ярьж байгаа юм шиг санагдсан гэх үү дээ. DJ хийх ээлж маань болоход урд байсан хүмүүсийг уучлаарай хэмээн гараараа холдуулж, зам тавьж өгөхөд нь их гоё хүндлүүлсэн мэдрэмж төрж байлаа. Тэр өдөр Ноад татагдсанаа ажилчдадаа хэлэлгүй, санаа зовж билээ. Одоо бол хаана ч байсан хайртай хүнийхээ тухай аз жаргалтайгаар ярина /инээв/.


YOLOХөөрхөн хосуудтай ярилцахаар хөөрхөн асуулт асуумаар санагдах юм. Бие биенээ амьтнаар дүрсэлбэл ямар амьтантай зүйрлэх вэ?

Кайтлин: Би халиутай зүйрлэнэ. Нэг чулуу сонгоод насаараа түүгээрээ тоглодог гэж Ноагаас сонссон. Ноа ч өөрийгөө энэ амьтантай зүйрлэдэг.

Ноа: Би Кайтлиныгаа тогос шиг үзэсгэлэнтэй, зэгзийсэн амьтан гэж боддог.

YOLOВлогоо цаашдаа үргэлжлүүлэх үү? Янз бүрийн сэтгэгдэл, мессеж ирж байгаа байх. Сэтгэлд чинь хамгийн дулаахан санагдсан сэтгэгдлээс хуваалцвал.

НоаКайтлин: Бичлэгээ цаашид илүү сонин содон, өгөөжтэй болгож үргэлжлүүлнэ. Сэтгэгдэл дундаас охиноо хүлээн зөвшөөрсөн ээжийн сэтгэгдэл үнэхээр хайр хүргэсэн. Бидний YouTube сувгийг охиноосоо түрүүлж олж мэдсэндээ баяртай байгаагаа илэрхийлж, үргэлж дэмжинэ гэсэн байсан. Бас “Та хоёр салбал дэмий шүү” гэсэн хөөрхөн сэтгэгдэл үлдээсэн.


YOLOҮерхэж эхэлснээс хойш амьдралд нь гарсан томоохон өөрчлөлт юу байна вэ?

Кайтлин: Би их өөрийнхөөрөө зантай, түргэн ааштай байсан. Ноатай хамт байж эхэлснээс хойш ямар нэг асуудал гарвал уужуу хандахыг хичээх болсон. Өөрийнхөө төлөвшөөгүй түргэн зангаас болж ийм нандин хүнээ алдаж болохгүй гэдгийг ойлгосон юм. Би аз жаргалаа олж, тэр хүнтэйгээ ирээдүйгээ харж байгаадаа маш их баярладаг. Миний амьдралыг бүхэлд нь эерэгээр өөрчилсөн.

Ноа: Эхэндээ найзуудтайгаа байхдаа өөрийнхөөрөө, тухтай байдаг учраас тэдэнтэй л цагийг өнгөрөөж, харин Кайтлинтайгаа цагийг хангалттай өнгөрүүлдэггүй байсан. Ер нь хүн өөрийнхөө тухтай байдлыг бодоод, нэгнийхээ хоёулханаа байх гэсэн сэтгэлийг ойлгодоггүй байх. Одоо бол хамтдаа байх боломжтой бүхий л хугацаанд хамт байдаг болсон. Мөн хайртай хүнийхээ мэдрэмжийг өөр дээрээ мэдэрч, хувиа хичээх хандлагаасаа салах гэж хичээдэг болсон.


YOLOАнх өөрийнхөө бэлгийн чиг баримжааг хэрхэн ойлгож, мэдсэн бэ?

Кайтлин: Ноа миний хамт байгаа анхны эмэгтэй хүн. Одоо бодоход эсрэг хүйсний хүмүүстэйгээ ямар нэг байдлаар зохицож, таарч чаддаггүй, эвтэй байя гэж чармайлт гаргадаггүй байжээ. Мөн багадаа охидод үе үе татагддаг байснаа Ноатай үерхэж эхлээд гэнэт санаж, тунгаасан нь сонин ч одоо өөрийгөө олсондоо баяртай байдаг. ЛГБТ хүмүүст олдмол, төрөлхийн гэсэн ойлголт байдаггүй. Харин өөрийгөө олох зөв цаг л гэж байдаг. Хэрвээ стрэйт байсан бол хэзээ ч гэнэт өөрчлөгдөхгүй. Дотроос нь мэдрэгдсэн ямар нэгэн хүсэл байж байж л тэр зүг рүү чиглэнэ.

Ноа: Би багаасаа л эрэгтэй хүүхэд шиг жижигхэн үстэй, шорт, футболка өмсөж, буу сэлмээр тоглодог хүүхэд байлаа. Бүх найз маань эрэгтэй байсан. Эмэгтэй хүүхэдтэй найзалж чаддаггүй. Найзлах гэхээр л шоглочих гээд байдаг байв. Том болох тусам эмэгтэй хүүхэд хөөрхөн харагдаж эхлэхэд их юм бодоогүй ч тэр үеэс л өөрийгөө мэдэрч эхэлсэн юм уу даа.


YOLOАнхны кам аутынхаа талаар ярихгүй юу. Хүмүүс анх хэрхэн хүлээж авсан бэ?

Кайтлин: Хамгийн түрүүнд сайн найз Боргилдоо хэлсэн. Боргил маань олон төрлийн найзтай, их нийтэч хүн л дээ. Тийм болохоор цочирдох ч юм уу шүүмжлээгүй. Харин ч баяртай хүлээж авсан. Дараа нь би дүүдээ хэлсэн. Манай дүү Z үеийн хүүхэд болохоор ч тэр үү амьдралын өдөр тутмын энгийн зүйл ярьж байгаа юм шиг инээж хөөрөөд л хүлээж авсан.

Ноа: Сайн санадаггүй. Найздаа л хэлж байсан байх. Ер нь кам аут хийхэд хүмүүс ихэнхдээ эерэгээр хүлээж авдагт нь талархдаг.

YOLOОлон нийтэд нээлттэй байгаагаас харахад гэр бүл нь ч нааштай хүлээж авсан бололтой. Хоёр талын гэр бүл мэдсэн үү?

Кайтлин: Хоёр талын гэр бүл мэднэ. Манай гэр бүлийнхэн миний бодсоноос ч эерэгээр хүлээж авсан. Америкт байдаг аавдаа хэлбэл олон жил уулзаагүйг ч хэлэх үү, энэ хүүхэд болохоо байж байгаа юм байна гэх зэргээр сөрөг зүйл бодох болов уу гэж айсан ч “Аав нь чамайг байгаагаар нь хайрлана” гэж хэлсэн нь холоос тэврээд авах шиг л болсон.

Ноа: Манай гэр бүлийнхэн бүгд мэднэ. Маш эерэгээр хүлээж авсан. Энэ тал дээр гэр бүлийнхэн ойлгож, дэмждэг байх нь нэг том давуу тал.


YOLOСтрэйт хосууд, ижил хүйсийн хосуудын хооронд ялгаа бий гэж бодож байна уу? Илүү эвтэй байж, нэгэндээ итгэдэг ч юм уу тийм ялгаа ажиглагддаг уу?

Кайтлин: Миний анзаарснаар ижил хүйсийн хосуудын харилцаа стрэйт хосуудыг бодвол илүү хурдан өрнөж, үргэлжилдэг юм шиг санагдсан /инээв/. Бид хоёр хурдан дотносож, нэг жил гурван сар үерхсэн гэхэд стрэйт хосын хамтдаа өнгөрүүлэх гурван жилийг өнгөрөөсөн юм шиг санагддаг. Мөн адилхан эмэгтэй хүмүүс учраас нууж хаах зүйлгүйгээр нэгнээ ойлгоход их амар байдаг.

Ноа: Мэдээж байлгүй яах вэ. Би эрэгтэй хүнтэй дотно харилцаатай байж үзээгүй ч эргэн тойрны стрэйт хосуудын харилцааг харахад өөр санагддаг шүү. Миний хувьд хоёр эмэгтэй хүн хамтдаа байхдаа нэгнээ сэтгэлийнх нь гүнээс мэдэрч ойлгодог юм шиг санагддаг.

YOLOХосын харилцаандаа юуг баримталж, аливаа асуудлыг хэрхэн даван туулдаг вэ?

Кайтлин: Бидний хувьд ч ойлголцохгүй байсан үе бий. Их тухтай ярилцсаны эцэст болохгүй байгаа асуудлаа олоод, харилцаагаа сайхан байлгахын тулд тэр зүйл рүү дахиж өнгийлгүй орхиж чадсан. Хайртай хүнийхээ төлөө харилцаагаа хүндэлж, зарим зүйл дээр өөрчлөгдөх нь зөв.

Ноа: Бид хоёрын баримталдаг гол зарчим гэвэл нэгнийхээ үгийг дуустал нь сонсож, түрүүлж дүгнэлт хийлгүйгээр сайн бодож, буруу шийдвэр гаргахаас зайлсхийдэг. Сүүлийн үед тэвчээртэй байх тал дээр анхаарал их хандуулж байна.


YOLOХосуудын хамтдаа хийх дуртай зүйлс байдаг шүү дээ. Та хоёрын хамтдаа хийх дуртай зүйл юу вэ?

КайтлинНоа: Ихэнх цагийг хамт өнгөрүүлдэг учраас өдөр тутамдаа хийдэг бүх зүйлсдээ дуртай. Тухайлбал кофе ууж суугаад хамтдаа аймшгийн өгүүллэг сонсох, хоол хийх, гэрээ цэвэрлэх, ирээдүйгээ төлөвлөж ярих гэх мэт.

YOLOБусдын зүгээс ирдэг сөрөг хандлагыг хэрхэн давдаг вэ? Магадгүй сөрөг зүйлтэй огт тулгараагүй байж ч болох юм. Муугаар хүлээж авсан үе бий юу?

Кайтлин: Бичлэгээ нийтэлснээс хойш таагүй сэтгэгдлүүд нэлээн ирсэн. Жишээ нь та хоёртой таарвал цохиж унагаана гэсэн. Өнөө үед ийм бодол тээж, үйлдэж байгаа эрчүүд байна гэж бодохоор эмэгтэй хүн хайрлаж байгаадаа баярладаг. Гэхдээ бид хоёр луу дайрах биш урам өгч буй хүмүүс хэд дахин их. Биднийг унтрааж чадах сэтгэгдэл угаасаа байхгүй дээ /инээв/.

Ноа: Сөрөг хандлагыг ихэнхдээ наргиан болгоод өнгөрөөдөг. Заримдаа төвөгтэй, залхмаар санагддаг ч удалгүй мартчихдаг юм.

YOLOТа хоёр нэг ёсондоо ЛГБТ хүмүүсийн урам авах хөшүүрэг болсон. Өсвөр насны хүүхдүүд энэ байдлаасаа ичиж, өөрийгөө бусдаас өөр байгаадаа санаа зовох нь бий. Тэдэнд хандаж зөвлөгөө өгөхгүй юу?

Кайтлин: Битгий дотроо бугшуулж, өөрийгөө нууж амьдраарай. Нэгэнт өөрийгөө ойлгосон бол аз жаргал, амар тайван амьдралынхаа төлөө тэмцэж өөртөө үнэнч байгаарай.

Ноа: Хүн төрөлхтөн үүссэн цагаас л эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамтдаа байх ёстой гэдэг ухагдахууныг бидний тархи, зүрхэнд гүн гүнзгий шингээсэн. Эрт цагт ч ЛГБТ хүмүүс нуугдмал байдлаар байж л байсан. ЛГБТ байх нь сэтгэцийн өвчин ч гэж оношилдог байв. Харин одоо ЛГБТ хүмүүсийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн улс орнууд ч байна. Гол зүйл нь юу вэ гэхээр чи хүмүүсийн хэлдгээр гаж, сэтгэцийн өвчтэй нэгэн биш шүү. Бусдын юу гэж хэлэх биш чи өөрийгөө юу гэж бодох нь чухал. Үүнийг уншаад яахаа мэдэхгүй сууж байгаа ЛГБТ хүмүүст хэлэхэд чамайг бусадтай ижил нандин, онцгой нэгэн гэдгийг хүлээн зөвшөөрч, хэнээс ч ичиж зоволгүй амьдрах үе удахгүй ирнэ. Үүний төлөө бид хоёр чадахаараа тус нэмэр болно. Чи бол орчлонд тодоос тод гэрэлтэх хамгийн нандин гэрэл гэгээ юм шүү.


YOLOДээрэлхүүлж байгаа нэгнийг хүчтэй бай гэхээс гадна дээрэлхээд байгаа хүнд нь ингэж болохгүй гэж хэлэх нь чухал юм шиг. Стрэйт хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?

Ноа: Хэрэв хэн нэгнийг үгээр доромжилж байгаагаа мундаг гэж боддог бол чи хамгийн сул дорой, сэтгэл дотроо нэг буланд өвдгөө тэврээд сууж байгаа уйланхай жаал шүү. Хэзээ нэгэн цагт би яах гэж тэгж байв даа хэмээн халаглаж, сэтгэлийн зовиуртай байхыг хүсэхгүй байвал дээрэлхэж, доромжилдог хүнээсээ яг одоо уучлалт гуйгаарай. Чамд одоо ч боломж байгаа шүү.

YOLOВалентины баярыг хэрхэн тэмдэглэсэн бэ? Хөл хориотой учраас хосууд маань гунигтай байх шиг байна.

КайтлинНоа: Хөл хорионы үе таарч байгаа учраас гэртээ дуртай хоолоо хийж идээд, бяцхан тэмдэглэсэн. Өмнө жил энэ баяраар хамт байж ч чадаагүй учраас одоо хамт байгаа нь л бэлэг байна. 

YOLOИрээдүйн төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу. Үерхэл, гэр бүл гэдэг зүйл яг л компани шиг байнгын төлөвлөгөө шаарддаг зүйл юм шиг.

КайтлинНоа: Бид ойрын таван жилдээ ажиллаж, карьертаа анхаарна. Түүнээс гадна бие биедээ хангалттай цаг зарцуулж, залуу насаа мэдэрч аваад сүүлд нь “мама” нарын талаар бодно доо.

YOLOЯрилцсанд баярлалаа. Хосуудад хандаж хэлсэн үгээр энэ удаагийн ярилцлагаа жаргаая.

КайтлинНоа: Нийт хосууддаа Гэгээн хайрын баярын мэнд хүргэе. Хайртай хүндээ хайраа мэдрүүлж, ярилцаж чаддаг сайн хамтрагч байгаарай. Ярилцлагыг маань уншсан бүх хүмүүст баярлалаа.

#Ярилцлага #Залуус #Алдартан #Монгол алдартан