Зөвхөн англи хэл ч гэлтгүй гадаад хэл суралцаж байгаа хүмүүсийг тухайн хэл дээрээ ном уншихыг зөвлөдөг. Ингэхдээ өөрийн түвшинд тохирсон ном сонгож унших нь хамгийн чухал.
Энэ удаагийн нийтлэлээрээ англи хэлний анхан шатны мэдлэгтэй хүмүүст зориулсан ном санал болгох бөгөөд ном тус бүрийг үнэгүй татаж авах боломжтой юм.
ТҮВШИНГЭЭ ТОГТООХ НЬ
Өөрт тохирсон ном уншихын тулд өөрийн англи хэлний түвшинг маш сайн мэдэж байх хэрэгтэй. Тиймээс ЭНД дарж англи хэлний түвшин тогтоох шалгалтыг өгч, өөрийгөө чухам хаана явааг мэдэж аваарай.
ЯАГААД АНГЛИ ХЭЛ ДЭЭР НОМ УНШИХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
“Унших тусам илүү их зүйл мэдэж авна. Илүү ихийг мэдэх тусам олон газраар явна”
- Dr. Seuss
Гадаад хэл дээр төдийгүй эх хэл дээрээ ном уншихын ашиг тус тоочоод дуусашгүй олон байдгийг бүгд мэднэ. Мөн хүн бүр л англи хэл дээр ном уншвал үгийн сан нэмэгдэж, бичгийн чадвар сайжирна гэдгийг ч мэддэг.
Гэхдээ дээрх жишээнүүдээс өөр маш олон давуу тал бий. Жишээ нь тухайн улсын соёлоос суралцаж болно. Англи хэлээ сайжруулна гээд заавал Их Британийн эсвэл АНУ-ын зохиолчдын номыг унших албагүй. Магадгүй Япон, Солонгос зохиолчдын номыг англи хэл дээр уншихад тухайн улсын соёл, ахуй амьдрал, ёс заншилтай танилцаж, мэдлэгийн хүрээгээ тэлэх боломжтой.
Мөн англи хэл дээр ном унших явцдаа мэдэхгүй үгээ толь бичгээс харах, өгүүлбэрийн бүтцийг ажиглах зэргээр хэлний чадвараа бодитоор нэмэгдүүлэх боломжтой. Заримдаа подкаст, радио сонсох үед мэдэхгүй үг хэллэг таарсан ч түүнийгээ тольдох боломж олддоггүй шүү дээ. Харин ном танд энэ боломжийг олгоно.
Сонирхолтой зохиолыг өөр хэл дээр уншиж дуусгаад номоо хаах мөчид өөрөөрөө бахархах мэдрэмж ч төрж мэдэх юм. Та “хэзээ ч чадахгүй” гэсэн зүйлийнхээ ард гарсан байна шүү дээ. Эхний номоо дуусгахад дараагийн номоо уншмаар санагдах болно. Тиймээс бусад хүн уншиж чадаж байхад та яагаад чадахгүй гэж ?
Зөв номоо сонговол хэлний түвшин ч амархан сайжирна. Ихэнх хүмүүс өөрийн түвшинд тохироогүй, хэтэрхий “хүнд” ном сонгож авчхаад гадаад хэл дээр ном уншихаас зайлсхийгээд байдаг талтай. Харин өөрт тохирсон номыг сонгоод авчихвал хэзээ ч уйдахгүй.
ЯМАР НОМ УНШИХ ВЭ?
Хэрвээ та англи хэлний анхан шатны мэдлэгтэй бол дараах номуудыг санал болгоё.
1. Номын нэр: “Girl Meets Boy”
Зохиолч: Ali Smith
Номын хураангуй: Донна Марктай завин дээр анх таардаг. Тэд бие биендээ таалагддаг боловч Марк Доннаг өөрийн ах Дэйвтэй бүжиглэж байхыг харна. Донна Маркад хайртай юм бол яагаад Дэйвтэй бүжиглэсэн бэ?
Номыг ЭНД дараад татаж аваарай.
2. Номын нэр: “The Adventures of Tom Sawyer”
Зохиолч: Mark Twain
Номын хураангуй: 19-р зууны үед Миссисипи мөрний ойролцоо өсөж торниж буй хүү нэгэн гэмт хэргийн гэрч болох ба далайн дээрэмчдийн эрдэнэсийг хайж явсаар агуйд төөрнө.
Номыг ЭНД дараад татаж аваарай
3. Номын нэр: “The Gift of the Magi and Other Stories”
Зохиолч: O. Henry
Номын хураангуй: Эхнэр нөхөр хоёр бие биендээ үнэтэй бэлэг өгөхийн тулд өөрсдөдөө байгаа хамгийн үнэтэй зүйлсийг золиослох болно. Тэд ямар бэлэг солилцох бол?
Номыг ЭНД дараад татаж аваарай
4. Номын нэр: “The Old Man and the Sea”
Зохиолч: Ernest Hemingway
Номын хураангуй: “Өвгөн тэнгис хоёр” зохиолыг монгол хэл дээр нь уншаагүй хүн ховор биз ээ. Харин одоо англи хэл дээр нь уншаад үзээрэй. Байгаль хүн хоорондын тэмцэл хийгээд хүний дотоод мөн чанарыг харуулсан уг зохиол 1954 онд Утга зохиолын салбарын Нобелийн шагнал хүртсэн юм.
Мөн Эрнест Хэмингуэйн зохиолыг унших өөр нэг шалтгаан нь түүний бичгийн хэв маягт оршино. Түүний үг сонголт, өгүүлбэр зэрэг нь маш цэгцтэй бөгөөд хэлний чадвараа сайжруулахыг хүссэн хэн бүхэн Эрнест Хэмингуэйн зохиолоос ганцыг ч болтугай уншиж үзэх хэрэгтэй.
Номыг ЭНД дараад татаж аваарай
5. Номын нэр: “The Curious incident of the Dog in the Night”
Зохиолч: Mark Haddon
Номын хураангуй: Энэ зохиол нь аутизмтай бяцхан хүү Кристоферын тухай өгүүлдэг. Кристофер тусгай сургуульд явдаг бөгөөд түүний хувьд “гадаад” ертөнцийн хүмүүстэй харьцахад маш хэцүү санагддаг. Гэвч хөршүүдийнх нь нохой үхэж үрэгдээд байсан тул аллагын эзнийг олохоор мөрдөж эхэлнэ. Энэ нь түүний амьдралыг өөрчлөөд зогсохгүй уншигчдад сонирхолтой аялал болох болно.
Мөн энэ зохиолыг унших ёстой өөр нэг шалтгаан нь англи хэлний анхны шатны мэдлэгтэй хүмүүст ойлгоход хялбар үг, өгүүлбэртэй гэдэгт оршино.
Номыг ЭНД дараад татаж аваарай
6. Номын нэр: “Mr Fox”
Зохиолч: Roald Dahl
Номын хураангуй: Англи хэлээ сайжруулахад хүүхдийн ном унших нь хамгийн үр дүнтэй. Бүх цаг үеийн хамгийн агуу хүүхдийн зохиолчдын нэг Роалд Далын бүх номыг санал болгож болох хэдий ч энэ удаад хоёр зохиолыг нь сонгон авав. “Mr Fox” зохиол нь гэр бүл, найз нөхдөө тэжээхийн тулд тахиа, галуу, алим хулгайлдаг зальт үнэг болон орон нутгийн гурван тариачин залуугийн тухай өгүүлдэг.
Хэрэв та алдарт найруулагч Wes Anderson-ий найруулсан “Fantastic Mr.Fox” (2009) анимэйшнийг үзсэн бол үйл явдал нь ойр байгаа болов уу.
Номыг ЭНД дараад татаж аваарай
7. Номын нэр: “Danny the Champion of the World”
Зохиолч: Roald Dahl
Номын хураангуй: Өсвөр насны хүү Данни болон түүний аавын нууцлаг түүхийг энэ зохиолоос уншаарай.
Номыг ЭНД дараад татаж аваарай
8. Номын нэр: “Empty World”
Зохиолч: John Christopher
Номын хураангуй: Никийн эцэг эх авто машины ослоор нас барснаар тэрээр өвөө эмээгийндээ нүүж ирнэ. Удалгүй дэлхий даяар үхлийн вирус тархаж хүн амын дийлэнх нь нас бардаг...
Номыг ЭНД дараад татаж аваарай
9. Номын нэр: “The Happy Prince”
Зохиолч: Oscar Wilde
Номын хураангуй: “The Happy Prince” бол Оскар Уальдын шилдэг богино өгүүллэгүүдийн нэг юм. Энэ нь нэгэн хөшөө болон шувуухай хоёрын харилцан яриа маягаар бичигдсэн сонирхолтой өгүүллэг бөгөөд уншихад ч хялбар.
Номыг ЭНД дараад уншаарай
10. Номын нэр: “Charlotte's Web”
Зохиолч: E.B. White
Номын хураангуй: Хэтэрхий жижигхэн, хэнд ч хэрэггүй хэмээн алуулах гэж байсан бяцхан тооройг найман настай Ферн охин авардаг. Ийнхүү өнөөх тоорой өсөж томрохын эрхээр нэгэн фирмд ирж Чарлотте хэмээх аалзтай танилцдаг.
Номыг ЭНД дараад уншаарай
Эх сурвалж: FluentU, British Study Centres
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх