Гэр бүлийнхэнтэйгээ тоглох боломжтой тоглоомууд


Миау | YOLO.MN
2021-02-11

Баярын өдрүүдээр гэр бүлийнхэнтэйгээ хамт тоглоом тоглон, мартагдашгүй дурсамж бүтээхэд тань туслах тоглоомын санаануудыг хүргэж байна. Ихэнх цаг үед нэг бол утсаа, нэг бол зурагт ширтээд суучихдаг юм чинь хааяа ч гэсэн гэр бүлийнхэндээ цаг гаргацгаая!

1. ЯМАР ӨНГӨТЭЙ БАЙНА? 

Бэлдэх хугацаа: 10-15 минут
Хэрэг болох зүйлс: M&M's /эсвэл Skittles/, үзэг, цаас. 
Заавар: M&M's-ийнхээ өнгө бүрд асуулт зохиож бичнэ. Жишээ нь: Бор - Үзэх дуртай кино, Улаан - Хамгийн сайн хийж чаддаг зүйлс, Цэнхэр- Сонсох дуртай дуучин гэх мэт. /Хамгийн гол нь танай гэр бүлийн гишүүд хоорондоо хэр дотно гэдгээс шалтгаалан асуух асуултаа өөрчилж болно шүү. Мөн асуултаа зохиохдоо гэр бүлийн гишүүн бүр оролцвол илүү сонирхолтой байх болно./

Дараа нь бүгдээрээ тойрч суугаад M&M's-ээ задална. Хүн бүр нүдээ аниад дотроос нь нэг ширхгийг авч, өнгөд харгалзах асуултад хариулах зарчмаар тоглоно. Сонирхолтой бөгөөд амттай байх болно шүү. wink

2. ШООГОО ХАЯАРАЙ!

Тоглоом бэлдэх хугацаа: 10 минут.
Хэрэг болох зүйлс: Шоо, үзэг, цаас.
Заавар: Цаасан дээр 12 ширхэг асуулт бичиж тэмдэглэнэ. Хүн бүр эхний тойрогт нэг удаа шоо хаяж, дараагийн тойрогт хоёр удаа шоо хаяж, шоо буусан тооны харгалзах асуултад хариулна.

Асуултад хариулдаг төрлийн тоглоомууд биднийг улам дотно болгодоггүй гэж үү? Зохиосон асуулт чинь сонирхолтой байх тусмаа тоглоомын уур амьсгал халуухан байх болно гэдгийг анхаараарай. /6 нүдтэй шоо олдоц ихтэй байдаг тул 12 асуултад хариулахын тулд шоогоо 2 удаа хаяж байгаа юм шүү. 12-оос олон асуулт бэлдээд шоогоо 3, бүр 4 удаа хаясан ч болно./

3. ЭНЭ ҮҮ? ТЭР ҮҮ? 

Тоглоом бэлдэх хугацаа: Хэдэн асуулт бэлдэхээс шалтгаална.
Хэрэг болох зүйлс: Үзэг, цаас.
Заавар: Тоглоомд оролцох гэж буй хүмүүс бүгд нэг, нэг асуулт бэлдэнэ. Мөн тоглоом тоглох хүний тоогоор жижигхэн цаасан дээр дугаар бичиж, хүн бүрд нэг, нэгийг өгнө. Өөрт оногдсон цаасан дээрх дугаарын харгалзах асуултад хариулаарай. Үзэг, цаас, гэр бүлийнхэн... Өөр юу ч хэрэггүй.

4. АМЬДААРАА "ХО"-ДОХ

Сүүлийн хоёр сарыг хөл хорионд өнгөрөөчихсөн учир зөвхөн ээж, аавын чинь гэлтгүй, та нарын бие ч чилж байгаа байх. Тэгвэл биеийн чилээгээ гартал хөгжилдмөөр байвал дараах тоглоомыг туршаад үзээрэй. Гэхдээ энэ тоглоомыг их олуулаа амьдардаг хүмүүс тоглоход тохиромжтой шүү. 
Тоглоом бэлдэх хугацаа: 5 минут.
Хэрэг болох зүйлс: 9ш сандал. 
Заавар: 9 сандлыг тус бүр 3 сандал бүхий 3 эгнээнд байрлуулаарай. Тоглоомд оролцох оролцогчдыг хоёр багт хуваарилна. Яг л цаасан дээр XO тоглодог шиг багууд ээлжлэн нэг, нэг хүнээ сандал дээр суулгаж, хамгийн түрүүнд нэг эгнээ дагуу суусан баг хожно. Зарим нь сандал дээр сууж, үлдсэн хэсэг нь тэднийг хаана суухыг нь чиглүүлэх юм. Тоглоомыг эмх цэгцтэй байлгая гэвэл багийн гишүүн ижил өнгийн хувцсаар жигдрэх хэрэгтэй. Харин илүү хэцүү, хөгжилтэй болгоё гэвэл өөр өөр өнгийн хувцас өмсөөрэй. 

5. ЭНЭ ХЭН БЭ?

Тоглоом бэлдэх хугацаа: 15 минут.
Хэрэг болох зүйлс: Үзэг, цаас. 
Заавар: Хоёр багт хуваарилагдана. 1-р багийн хүн тус бүр өөрийн дуртай, дүргүй зүйлсийн талаар жагсааж бичнэ. Бичсэн цаасаа хэн бичсэн нь мэдэгдэхгүй болтол хооронд нь холиод нөгөө багийнхандаа өгнө. 2-р багийн гишүүд цаасан дээрхийг уншиж хэн нь аль цаасан дээрхийг бичсэн бэ гэдгийг таана. Тааж дууссаны дараа 2-р багийнхан өөрсдийн дуртай, дүргүй зүйлсийн талаар бичээд 1-р багийнхнаар таалгана. Энэ тоглоом бол бие биенээ илүү танихын зэрэгцээ хөгжилдөх боломж юм шүү. 

6. ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭД ДУУЛААРАЙ

Та нарын ихэнх нь найзуудтайгаа караокэд дуулж байснаас гэрийнхэнтэйгээ хамт дуулж байгаагүй гэж найдаж байна. 
Тоглоом бэлдэх хугацаа: 5 минут.
Заавар: Хоёр багт хуваарилагдана. Хүн бүрийн мэддэг, гэвч байнга сонсдоггүй дууг сонгоод нэг, нэг мөрөөр нь ээлжлэн дуулаарай. Тоглоомыг бүр ч хөгжилтэй болгохын тулд Youtube-ээс тухайн дууны Instrumental хувилбар буюу зөвхөн аяыг нь тавиад дуулж болох юм шүү. 

#Гэр бүл #Тоглоом