Бүх цаг үеийн шилдэг 9 ХАЙР ДУРЛАЛЫН сэдэвтэй анимэ


Хайр дурлал бүхий л урлагийн мөнхийн сэдэв байсаар ирсэн. Тэр ч утгаараа олон нийтэд хамгийн гүн хүрсэн уран бүтээлүүд хайр дурлалын тухай байх нь элбэг. Хийсвэр, бодит бус мэт санагдах зурган киноноос хүртэл бид хамгийн дуртай сэдвийнхээ хамгийн гайхалтай хэлбэрийг олж харах боломжтой бөгөөд тэдгээр сэтгэл хөдөлгөсөн, сэтгэл өвтгөсөн шилдэг анимуудыг та бүхэнд хүргэж байна.

1. "KIMI NO NA WA" (YOUR NAME)

Бие солигдох үзэгдэл бол анимэ төдийгүй манганы гол зураглал. Хэдийгээр энэ нь инээдмийн киноны төрөлд илүү ашиглагддаг боловч энэ удаа хайр дурлалтай кинонд ашигласнаараа олны анхаарлыг татсан.

Mitsuha бол хөдөөний амьдралаас залхсан ахлах сургуулийн сурагч. Харин Taki бол Токио хотод амьдардаг, архитектур болох мөрөөдөлтэй сурагч юм. Тэрээр шөнө бүр өөрийгөө хөдөө тосгоны охин болж байгаагаар зүүдлэх бөгөөд нэг өглөө сэрэхэд, тэд бие биенийхээ биед солигдон орсон байдаг.

2. "TENKI NO KO" (WEATHERING WITH YOU)

“Tenki no Ko” бол Makato Shinkai найруулагчийг алдарт хүргэсэн, ашиг орлогоороо тэргүүлэгч “Kimi no Na wa” анимийн дараа гарсан уран бүтээл гэдэг утгаараа дэлхий даяар маш өндөр хүлээлтийг бий болгоод байсан юм.

Тус анимэд тэнгэр цэлмүүлэх хүчтэй Hina охин, ер бусын зүүднээсээ болоод хөдөө тосгоноо орхиж Токио хотыг зорьсон Hodaka нарын тухай гардаг. Ус болон тунгалагшиж буй Hina-г аврахаар бүхнээ зориулах Hodaka-гийнн хайрын түүх, байгаль дэлхийн ер бусын зохилдлогоог гүн гүнзгий өгүүлэх тус киног заавал үзэхийг зөвлөж байна.

3. "MIMI WO SUMASABE" (WHISPER OF THE HEART)

Домогт "Ghibli" студийн бүтээл гэхээр илүү тайлбар хэрэггүй биз ээ. Тус кинонд бие биетэйгээ санамсаргүй байдлаар байнга тааралдах эрэгтэй, эмэгтэйн тухай дүрслэгдэх бөгөөд энэ нь эхэндээ залуугийн санаатай үйлдэл мэт харагддаг. Хэсэг хугацааны үл ойлголцлын дараагаар бие биенийхээ тухай илүү таньж мэдэж, дотносож байгааг харуулсан тус кино нь дан ганц хайр дурлалын тухай бус итгэл найдвар, мөрөөдөл зэрэг амьдралын хамгийн чухал зүйлсийн талаар өгүүлсэн гайхалтай бүтээл юм.

4. "HOTARUBI NO MORI E" (INTO THE FOREST OF FIREFLIES’ LIGHT)

“Гэрэлт цохны гэрэлтэй ой руу” хэмээн орчуулагдах уг анимэ нь ойд төөрсөн бяцхан охин, хүний биед хүрвэл тэр дороо үхэх ойн савдаг хоёрын хайр дурлалыг харуулдаг. Хэдийгээр тус анимэ нь бусад кино шиг сайхан төгсгөлтэй биш боловч уй гашуудал, хайр дурлалыг хамтад нь харуулснаараа үзэгчдийнхээ сэтгэлд хүрсэн юм.

5. "KAZE TACHINU" (THE WIND RISES)

Дэлхийн хоёрдугаар дайны сөнөөгч онгоцыг бүтээсэн Jiro Horikoshi– гийн бодит амьдралаас сэдэвлэсэн тус анимэ нь "Ghibli" студийн бас нэгэн бүтээл. Харааны бэрхшээл нь түүний онгоцны нисгэгч болох мөрөөдлийг нь үгүй хийсэн боловч тэрээр дэлхийн хамгийн алдартай онгоцны инженер болж чадсан юм. Тус анимэд түүний амьдрал, хайр дурлалын түүхийг харуулдаг.

6. "KOTONOHA NO NIWA" (THE GARDEN OF WORDS)

Гутал урлаач болох мөрөөдөлтэй ахлах сургуулийн сурагч Takao өөрөөсөө насаар ахимаг, нууцлаг Yukino хэмээх эмэгтэйтэй Токио хотын нэгэн цэцэрлэгт хүрээлэнд санамсаргүй байдлаар уулздаг. Үүнээс хойш тэд бие биетэйгээ уулзахаар тус хүрээлэнд байнга ирэх бөгөөд энэ нь зөвхөн бороотой өдрүүдэд л тохиодог.

Хосуудын байнга уулздаг цэцэрлэгт хүрээлэнгийн зураглал нь бодит мэт сэтгэгдэл төрүүлэх боловч бүгд гараар зурагдсан ажээ.

7. "HOWL NO UGOKU SHIRO" (HOWL’S MOVING CASTLE)

"Ghibli" студийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг, тус анимэг Dianna Wynne Jones-ийн ижил нэртэй номоос сэдэвлэн бүтээжээ. Энэ бол атаархуу шидтэнүүдийн хараалаар хөгшин эмэгтэй болж хувирсан Sophie, домогт нууцлаг шидтэн Howl нарын хайр дурлалын сонирхолтой түүх.

8. "ZUTTO MAE KARA SUKI DESHITA: KOKUHAKU JIKKOU LINKAI" (I’VE ALWAYS LIKED YOU)

Бие биедээ сайн боловч сэтгэлээ илчлэх зориггүй өсвөр үеийнхний хайр дурлал, үерхэл нөхөрлөлийн тухай гардаг. Natsuki багаасаа нөхөрлөсөн найздаа сэтгэлээ илчлэх боловч түүний энэ үйлдлийг Yuu тоглож байна гэж хүлээж авдаг. 

9. "TOKI WO KAKERU SHOUJO" (THE GIRL WHO LEAPT THROUGH TIME)

Ахлах сургуулийн сурагч Makoto өөрийгөө цаг хугацаагаар аялж чадах хүчтэйгээ олж мэдсэнээр байнга хоцордог, муу дүн авдаг дутагдлаа засаж эхэлдэг. Ингэснээр амьдрал нь илүү амар хялбар болно гэж бодсон боловч энэ нь зөвхөн түүний амьдралд нөлөөлөөд зогсохгүй, бусдын амьдралд сөргөөр нөлөөлж эхэлдэг.

Эх сурвалж: Kyukhoshi

#Анимэ #Хайр дурлал #Шилдэг