-Үе тэнгийнхний дээрэлхэлт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь цуврал-
YOLO.mn болон Нээлттэй Нийгэм Форум хамтран Үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг цувралаар бэлтгэн хүргэж байгаа билээ.
Энэ удаад бид эцэг эхчүүдээс "Таны хүүхэд сургуулийн орчин, хаа нэгтээ үе тэнгийн хэн нэгэнд дээрэлхүүлэх тохиолдол гарч байсан уу? Хэн нэгэнд дээрэлхүүлдэг бол та яах вэ?" хэмээн асуусан юм.
Та ч мөн хүүхэдтэйгээ энэ сэдвээр нээлттэй ярилцаарай. Хайртай хүү, охин тань хэн нэгэнд дээрэлхүүлж байгаагаа таны санааг чилээчих вий гээд хэлэлгүй нууж яваа юм биш биз?
ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЯРИЛЦ, ХҮҮХДЭЭ СОНС, ДЭМЖ, УРАМ ӨГ
Сургууль дээрээ, гудамжинд үе тэнгийнхэндээ дээрэлхүүлээд байгаагаа хүүхэд тань хэлэхгүй дотроо айж, шаналан, сэтгэлийн дарамттай яваа юм биш биз? Үеийнхэндээ дээрэлхүүлсэн Америк хүүхдүүдийн 64 хувь нь энэ тухайгаа хэнд ч хэлээгүй бөгөөд 36 хувь нь л эцэг эх, багшдаа хэлсэн гэж 2010 оны судалгаанд дурджээ.
Хүүхэд гэмтсэн, эд хөрөнгө сүйтгэсэн, хүүхдийн биед халдсан (түлхэх, цохих зэрэг) төрлийн, мөн өндөр давтамжтай, нэгээс олон газар дээрэлхэлтэд өртсөн, эсвэл сургуулийн автобусанд болсон дээрэлхэлт мэдээлэгдэх нь их байна. Харин шоолж тохуурхах, нэр хоч өгөх, ганцаардуулах, хов яриа тараах, хүсээгүй зүйлийг нь хүчээр хийлгэх хэлбэрийн дээрэлхэлт, мөн сургуулийн орчинд эсвэл сургуулиас гадуур болсон дээрэлхэлт мэдээлэгдэхгүй байх магадлалтай. Цаашилбал, анги ахих тусам дээрэлхүүлж байгаагаа мэдээлэх нь эрс багасдаг тул өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд онцгой анхаарч, хүүхэдтэйгээ сайн ярилцаарай.
Дээрэлхүүлсэн тухайгаа хүүхэд яагаад хэлдэггүй юм бол гэж эцэг эх, багш нар гайхдаг. Өсвөр насны хүүхэд өөрийгөө том болсон гэж харж, аливаа асуудлыг өөрөө шийдэх ёстой гэж боддог. Ялангуяа аав ээж нь бөөн асуудал үүсгэж, сургууль дээрх үе тэнгийнхний ээдрээтэй, амаргүй харилцааг сайн ойлголгүй улам дэвэргэх, нэр хүндийг нь унагаж, өшөө авах бай болгочих вий гэж айдаг. Эцэг эх, гэр бүлийнхнийгээ зовоохгүй байх үүднээс хэлэхгүй байх нь бий. Өөр нэг шалтгаан нь хүүхдийн сэтгэл санааны байдалтай холбоотой ба бусдын тохуу болж сэтгэлийн дарамттай байгаагаа, эсвэл зодуулж цохиулахаас айж байгаа тухайгаа ярихаас ч эмзэглэн, гэртээ энэ тухай санахгүй байхыг хичээх тохиолдол олон байдаг аж. Зарим нь эцэг эх нь ноцтой зүйл гэж хандахгүй, ойлгохгүй байх гэж боддог.
Нээлттэй Нийгэм Форумаас 2016 онд бэлтгэн гаргасан "Хүчирхийлэл бидний сонголт биш" баримтат нэвтрүүлэгт зарим эцэг эх хүүхдээ "охин шиг гоншигноод", "эр хүн уйлдаггүй" гэх мэтээр хариу зэмлэдэг тул хүүхдүүд эцэг эхээ асуудлаас хасчихдаг тухай яригдаж байсан. "Эр хүн шиг бай, хов зөөлөө, зодолдож үзээгүй хүн байхгүй" гэх мэт хариу эцэг эхээсээ сонсож, улам их гомддог тухай өсвөр насны хүүхдүүд ярьдаг.
АНУ-ын Сиэттл хотын Хүүхдийн хорооноос 12.000 хүүхдийн дунд судалгаа хийж, насанд хүрэгчид голдуу "эвгүйцэж байгаагаа тэр хүүхдэд хэл", "зүгээр л орхиод холд", "боль гэж хэл", "тоохгүй царай гарга" гэж зөвлөдөг нь хүүхдэд тэр бүр тус дэм болдоггүйг илрүүлжээ. Тэгвэл дээрэлхүүлээд байгаа хүүхдэд юу тус болдог вэ? Хүүхдүүдээс хамгийн их тус болсон гурван зүйлийг асуухад "намайг сонссон", "надад зөвөлгөө өгсөн", "нөгөө хүүхэд дээрэлхэхээ больсон уу гэж хэсэг хугацааны дараа надаас эргэж асуусан" гэж хэлжээ. Тэгэхээр эцэг эх, насанд хүрэгчид хүүхдийн ярьж байгаа зүйлд ач холбогдол өгч сонсох, асуудлаа өөрөө шийдэхэд нь туслахыг хичээх, өөрт нь анхаарал тавьж байгаагаа харуулах нь өсвөр насны хүүхдэд чухал байдаг бололтой.
Ингээд Өсвөр насны хүүхдийг үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийллээс хамгаалах Олвеус олон улсын хөтөлбөр, мөн АНУ-ын Миннесота мужийн Эцэг эхийн Пейсэр төвийн "Үе тэнгийн дээрэлхэлтийг урьдчилан сэргийлэх нь" хөтөлбөрөөс эцэг эхчүүдэд өгсөн зөвөлгөөг хүргэж байна.
ХҮҮХЭД ТАНЬ ДЭЭРЭЛХҮҮЛЭЭД БАЙГААГАА ХЭЛЭХЭД НЬ ТА:
Дээрэлхэлтийн тухай сургуульд хэрхэн мэдээлэх вэ?
Хүүхэддээ тохиолдсон зүйлсийн сайтар тэмдэглэж ав:
1. Юу болсон – хэн дээрэлхсэн, хаана, хэзээ болсон, хэр олон давтагдсан
2. Хүүхдэд яаж нөлөөлсөн – бие, сэтгэл санааны байдал, хичээл сурлагад нь яаж нөлөөлсөн, амьдралд нь бусад байдлаар хэрхэн нөлөөлсөн тухай.
3. Бусад мэдээлэл – жишээлбэл, анх удаа нодлин болсон, хэсэг завсарлаж байгаад энэ жил дахин давтагдсан, утсаар болон цахим сүлжээгээр гэх мэт.
4. Энэ тохиодлыг сургууль яаж судалж, ямар арга хэмжээ авах талаар мэдээлэлтэй байхыг хүсэж байгаагаа хэлээд, холбоо барих мэдээллээ өгөөрэй.
5. Хүүхэд дээрэлхсэн тохиолдлын дагуу арга хэмжээ авагдахгүй байгаа бол Нийслэл/ дүүрэг/ аймгийн Боловсрол, соёлын газарт хандаж болно.
6. Хэрвээ хүүхэд гэмтсэн бол, ямар нэг хохирол учирсан бол цагдаад хандаж болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх