Өнгөрсөн долоо хоногт Инстаграмд: Stephen Curry, NCT, The Weeknd


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2020-11-30

Шинэхэн үйл явдал, гэнэтийн мэдээгээр дүүрэн өдөр хоногууд ар араасаа хөвөрсөөр нэг л мэдэхэд арваннэгдүгээр сар дуусаж байна. Тэгвэл энэ сарын сүүлийн долоо хоногт Инстаграмд ямар сонирхолтой үйл явдлууд болж өнгөрсөн бол?

ГРЕММИ ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ

Жилийн эцсээр хүн бүрийн тэсэн ядан хүлээдэг зүйлсийн нэг бол яах аргагүй хөгжмийн салбарын шилдгүүдийг тодруулдаг шагнал гардуулах ёслолууд билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт 63 дахь удаагийн Гремми наадамд нэр дэвшигчдийг албан ёсоор зарлажээ!

Харамсалтай нь дуучин The Weeknd тус наадмын ямар ч төрөлд нэр дэвшээгүй нь олон хүний урмыг хугалсан хэрэг болоод байгаа юм. Үүний талаар зөвхөн шүтэн бишрэгчид нь төдийгүй дуучин The Weeknd өөрөө ч сошиал медиадаа нийтлээд амжжээ.

The Weeknd:

- “Греммийн ёслол шударга бус хэвээр үлдлээ. Та бүхэн миний, миний шүтэн бишрэгчдийн, мөн энэ салбарын өмнө ил тод байх өртэй боллоо доо хэмээн бичжээ.

Дуучин Drake ч мөн энэ талаарх өөрийн үзэл бодлоо Инстаграм сторигоороо дамжуулан хуваалцсан юм. Тэрээр:

- “Бид хөгжмийн шагнал гардуулах ёслолууд сэтгэлд хоногшсон дуунуудтай холбогдохоо больсныг гайхахаа болиод нэгэн үед хамгийн өндрөөр үнэлэгддэг байсан шагналууд одоогийн болоод дараа дараачийн үеийн уран бүтээлчдэд тийм ч чухал байхаа болино гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй бололтой. Яг л жил бүр засраасай гэж хүсдэг ч бахь байдгаараа л байж байдаг хамаатан шиг байх юм гэжээ. 

БҮХ НИЙТИЙН ХОРИО ЦЭЭР БИДЭНД ЯМАР “УХААН” ҮЛДЭЭВ?

Бүх нийтийн хорио цээрийн дэглэм тогтоосон энэ үед юмсыг гэгээлэг талаас нь харах амаргүй байгаа нь ойлгомжтой. Гэвч сайн бодоод үзвэл юм бүхэнд давуу тал байдаг бололтой. Үүнийг бататгахаар жүжигчин Д.Ганцэцэг хөл хорионы үеэр олж харсан давуу талуудаа жагсаан бичжээ.

Тэрээр: 

- "Өдрийн мэндээээээ
За бүх нийтийн хорио цээр ямар ямар ашиг тусаа өгсөн тухай бичицгээх үү...
Мний хувьд :
1.Байгаль Дэлхийн өмнө Хүн гэгч хөгжлийн туйлдаа хүрсэн ч хүчин мөхөс гэдэг ойлголтыг бататгав
2.Гэрийн дүрэм журамтай болж хуваарь гарган түүний дагуу ажиллаж сурч байна
3.Гар үнэхээр секунд болоход бохирддог гэдгийг маш сайн ойлгож, гарын ариун цэвэр Эрүүл байхад тунчиг тустайг мэдрэв
3. Хоёр хүү минь гэрийн ажлыг 100% гүйцэтгэдэг болж ( том угаас хоол хийдэг) Бага нөхөр будаатай хуурга хийж, өндөг шарж сурав.
4. Өдөр бүр 20-30 мин ямар нэгэн сэдэв авч 3 уул хоорондоо ярилцаж, хоёрынхоо уураг тархины багтаамжийг судлан, сэтгэмж мэдрэмжийг нь шалгасаар байгаа
5.Өдөр бүр дасгал хийхээс гадна Томыгоо дагаж труникэг дээр суниаж сурав(Гэхдээ 1-л суниаж байгаа)
6. Эх орныхоо Түүхээр аялаж юуг хэн нь хэрхэн ойлгож байгааг мэдэрч бие биенээсээ их ухаан авч байгаа
7. Хамгийн чухал нь хүн Эх оронтой байгаад, эрүүл саруул, эрх чөлөөтэй байх ямар эрхэм үнэ цэнтэйг эд эс бүхэндээ шингээж ойлгож ухамсарлав
Гэх мэт бичээд байвал барагдахгүй ашиг тус өгсөөр байна даа
За, та нар минь аюулт энэ Цар тахал бидэнд ямар “Ухаан” илгээсэн тухайгаа бичээд байгаарай, баярлалаа"
гэж бичжээ. 

МИНИЙ ТАЛАРХАЖ БУЙ БҮХЭН

АНУ-д өргөн дэлгэр тэмдэглэгддэг баяруудын нэг болох Талархлын Баяр өнгөрсөн долоо хоногт тохиосонтой холбоотойгоор талархлын зурвасууд Инстаграм хуудсыг дүүргэж байлаа. 

Эдгээрийн нэг нь мэргэжлийн сагсан бөмбөгийн тоглогч Stephen Curry-гийн сэтгэл дулаацуулам талархал байлаа. Тэрээр гэр бүлийнхний хамт татуулсан зургаа нийтлээд, зөвхөн сайн сайхан бүхэнд төдийгүй алдаа оноо бүрдээ ч талархаж буйгаа дурджээ. 

Stephen Curry:

- “...Энэ жил үнэхээр галзуу байсныг бид бүгд мэдэж байгаа. Гэхдээ зөвхөн сайн цаг үе төдийгүй хэцүү цаг үеүдэд ч бас талархаарай. Ойр дотнын хүмүүстээ, надад нөлөөлж ирсэн бүхэнд, бүхий л хөдөлгөөнийг минь хянаж буй миний мэдэхгүй бүхэнд ч талархаж байна. Бид хамтдаа байгаа шүү. Бурхан өршөөг, амен”.

НҮҮДЭЛЧИН СОЁЛ

Монголчууд бидний хамгийн том бахархал бол яах аргагүй эрт дээр үеэс уламжлан ирсэн түүх соёл, ёс заншил билээ. Тийм ч учраас өөрсдийн соёлын онцлогийг тусгаж өгсөн орчин үеийн дуу, фото зураг, уран зураг, кино зэрэг бүтээлүүд сэтгэлд илүүтэй хүрдэг биз. 

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт модель Ану Дол “Нүүдэлчин” нэртэй ёстой л Монгол орон үнэртэм зургаа хуваалцжээ. 

2020 ОНЫ АЗИЙН УРАН БҮТЭЭЛЧДИЙН ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ

Греммийн шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчид зарлагдсан бол Өмнөд Солонгос улсын жилийн эцсийн шагнал гардуулах ёслолууд аль хэдийнэ албан ёсоор зохион байгуулагдаад эхэлжээ. Өнгөрсөн бямба гарагийн хувьд Азийн Уран Бүтээлчдийн шагнал гардуулах ёслол амжилттай болж өнгөрчээ. 

Уг ёслолоос SM энтертайментийн хөвгүүдийн хамтлаг NCT “Оны Шилдэг Цомог” шагналыг хүртсэнээр анхны гол шагнал буюу Өмнөд Солонгосчуудын нэрлэж заншсанаар “Дэсан” шагналаа хүртжээ. 

МОНГОЛЧУУД ГЭРТЭЭ

Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн нэгэн сэтгэл дулаацуулам үйл явдлын нэг нь Монгол TV, МУЗН, Хаан банк болон VEP энтертаймент продакшны хамтран зохион байгуулсан “Монголчууд Гэртээ” цахим хандивын тоглолт байлаа. Маш олон уран бүтээлчид хамтран оролцсон уг тоглолтын эцэст нийтдээ 300 сая төгрөгийн хандив цуглажээ!

АМЬДРАЛАА ӨӨРИЙН ГАРТАА АВ

Бид амьдралдаа ямар нэг дадал зуршил, их бага хэмжээний тодорхой хуваарь гаргахгүй аваас заримдаа өөрсдийн амьдралынхаа жолоог алдаж буй мэт мэдрэмж авдаг аж. Танд ч бас тийм мэдрэмж төрдөг бол та энэ долоо хоногоос эхлээд дараах зүйлсийг туршаад үзээрэй!

  • Тогтмол ус уух
  • Дуртай хувцсаа өмсөх
  • Өглөөний цайгаа заавал уух
  • Сунгалт хийх
  • Орчин тойрноо цэгцтэй байлгах
  • Илүү их ус уух
  • Хийх ёстой зүйлсийнхээ жагсаалтыг гаргах
  • Хамгийн чухал 3 зүйлээ бичээд, заавал хийж байх
  • Хайртай хүмүүстэйгээ холбогдох
  • Бахархаж буй зүйлээ бичих
  • Ахиад ус уух

Өөртөө бага багаар цаг гаргаад жаахан ч гэсэн хичээж эхэлбэл тун удахгүй өөрийнхөө амьдралыг удирдах боломжтой болно гэдэгт эргэлзэхгүй байна. Та шинэ долоо хоногоо гайхалтай өнгөрүүлээрэй! Дараа долоо хоногт ахин уулзацгаая! 

#Өнгөрсөн долоо хоног Инстаграмд