Бид ярилцлагын энэ удаагийн дугаартаа дэлхийд тэргүүлэх "Apple", "Amazon", "Twitter" зэрэг компаниудад ажиллаж байсан туршлагатай, "Bitzu Consulting & Technologies" компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал А. Амарбаярыг урьж оролцууллаа.
Тэрээр 18 настайдаа АНУ-ын Хойд Дакота мужийн Дикинсоны их сургуульд Компьютерийн шинжлэх ухаан мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан бөгөөд 2016 онд Айова мужийн Махарашигийн их сургуульд магистрын зэргээ хамгаалжээ. Түүнтэй дэлхийн топ компаниудад ажилласан туршлага, залуусын өөрсдийгөө хөгжүүлэх боломж болон техник технологийн ач холбогдол гэсэн сэдвүүдээр сонирхолтой яриаг өрнүүлснийг хүлээн авна уу.
YOLO: Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Ярилцлагаа таны бага насны дурсамжаар эхлүүлье. Та багадаа ямархуу хүүхэд байсан бэ?
- Би багадаа их хөдөлгөөнтэй, нийгмийн идэвхтэй хүүхэд байсан. Манайх Баянхошуунд амьдардаг байхад аав ээж хоёр маань намайг хичээлээ хийсэн цагт л гадаа тоглуулдаг байлаа. Тухайн үед үеийнхээ хүүхдүүдтэй тоглохын тулд англи үг цээжилж, хичээлээ сайн хийж, тогтвортой сууж сурсан нь боловсролын минь суурь болсон гэж боддог. Комедиан Идэрээ залуусыг "Үгээ цээжил" гэж шахдаг шиг аав, ээж минь ч бас намайг бага байхад байнга ингэж шахдаг байсан. Одоо бодох нь ээ, багаасаа л завгүй хүүхэд байсан болохоор аливаа ачааллыг хүлээж аваад сурчихсан юм шиг. Хичээлийнхээ хажуугаар давтлага, дугуйлан, бэлтгэлд явна. Үүнийхээ хажуугаар цагийн менежменттэй байж өөртөө цаг гаргаж сурсан нь шинэ орчинд хурдан дасан зохицоход тусалсан байх.
YOLO: Оюутан насанд тулгарч байсан хамгийн том бэрхшээл тань юу байсан бэ?
- Би 15 настайдаа арван жилээ төгсчихөөд АНУ руу их сургуульд сурахаар явсан. Ингээд оюутан нас минь маш хурдан, завгүй өнгөрсөн. Өөрөөр хэлбэл нэг семестерт 32 хүртэлх кредитийн хичээл шахаж үзээд дөнгөж 18 настайдаа их сургуулиа төгссөн юм. Сургуулийнхаа түүхэн дэх хамгийн залуу төгсөгч болоод ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал ч авч байсан.
Дөнгөж 15 настайдаа гадаад руу суралцахаар явсан учир мэдээж бэрхшээлүүдтэй тулгарсан. Анх АНУ-д очиход тэс өөр соёл, надаас гурав болон түүнээс олон насаар ах, эгч оюутнууд угтан авсан. Ингээд сурч байтал сургалтын төлбөрөө төлж чадахгүй, бүр сургуулиасаа хөөгдөх дээрээ тулчихсан. Хичээлээ ч сонгох боломжгүй болоод, дотуур байрнаасаа гараад найзынхаа зочны өрөөнд нь амьдрах болсон. Айлд амьдрах, сургуульдаа явах гээд асуудлууд нэмэгдсээр шантарч эхэлсэн юм.
Тэгээд нэг өдөр ерөөсөө аав, ээждээ огт хэлэхгүйгээр сургуулиа хаяад өөр хотод "хараар" ажиллахаар шийдсэн. Ингээд автобусны буудал дээр очтол тасалбар ч авах мөнгө байгаагүй учраас буцаад л найзындаа очсон. Гэхдээ тэр шөнө маш их зүйлсийг тунгааж, өглөө нь олдож болох бүхий л боломжуудыг хайж эхэлсэн юм. Юун түрүүнд тэтгэлэгт хөтөлбөрүүдэд өргөдөл явуулж, их сургуулийнхаа захиралд захидал бичиж, оюутны холбоонд элсэж, цагийн ажил хийх болов. Сургуулийнхаа захиралд үнэн учраа тайлбарласан захидал бичтэл сургуулийн ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгосон түүхтэй.
YOLO: Тэгвэл АНУ-д суралцахын давуу тал, боломжуудаас дурдаач.
- Монголын их сургуулиудад үзсэн кредитийнхээ тоогоор төлбөрөө төлдөг бол миний сурч байсан Дикинсоны их сургуульд нэг семестрт хэдэн ч хичээл үзсэн төлбөр нь ижилхэн байдаг. Тиймээс энэ боломжийг ашиглаад хамаг хичээлүүдээ хоёр жил хагасын хугацаанд шахаж үзээд, хамаагүй бага төлбөрөөр их сургуулиа төгсөж байсан юм. Мөн оюутны дотуур байранд амьдардаг давхрынхаа дарга нь байлаа. Давхрын дарга хийснээр тухайн давхарт амьдардаг оюутнуудыг хариуцаж, тулгарсан асуудлуудыг нь шийдвэрлэхэд тусалдаг. Ингээд сургуулийн дотуур байр болон хоолны төлбөрийг 100 хувь хөнгөлүүлчихсэн. Ер нь аль ч улсад дотуур байрны энэ систем хэрэгждэг учраас гадаадад бага зардлаар суралцъя гэвэл энэ талаар судлаад үзээрэй. Дотуур байр болон хоолны төлбөр нэг жилээр бодоод үзэхэд багагүй өндөр гардаг шүү дээ.
YOLO: Анх ажилд ороход юу шаардагдаж байсан бэ?
- Их сургуулиа төгсөөд өмнө нь дадлага хийж байсан байгууллагадаа нийт 5 жил ажилласан. Тэгээд Монголдоо эргэн ирж ажиллах гэсэн боловч магистрын боловсрол эзэмшээгүй гэсэн шалтгааны улмаас бакалавр, 5 жилийн ажлын туршлага минь үнэлэгдэж чадаагүй нь харамсалтай. Ингээд АНУ руу буцаж Айова мужийн Махарашигийн их сургуульд магистрын зэргээ хамгаалсан. Төгсөөд маш олон компани руу ажлын анкет илгээсэн. Ажлын анкетыг яг л бүтэн цагийн ажил хийж байгаа юм шиг илгээдэг байсан даа. Өдөрт 30-50 байгууллага руу стандартад нь нийцсэн өргөдлийг илгээнэ. Өргөдлөө илгээсэн компаниудын тал нь хариу өгнө. Хариу өгснөөс хоёр, гурав нь ажлын ярилцлагад урьдаг.
Яг тухайн үед хоёр газраас ажлын санал авчихаад алийг нь сонгох талаар бодож байх хугацаанд "Amazon" компанийн хүний нөөцөөс ярилцлагад урьсан юм. "Amazon"-оос ажлын санал авна гэсэн найдвараар ярилцлагад орох уу, нөгөө хоёр байгууллагынхаа нэгийг сонгох уу гэсэн эрсдэлтэй сонголттой нүүр тулсан. Ингээд сайтар бодсоны эцэст нөгөө хоёр газартаа татгалзсан хариу өгөөд, ярилцлагадаа орохоор өөр хот руу ниссэн. Ярилцлага болох өдрийн өглөө “Amazon” компанийн төв оффисын гадаах сандал дээр суугаад ажилдаа ирж буй хүмүүсийг харахдаа "энэ хүмүүс шиг алхах өдөр ирнэ дээ" гэж бодож байсан юм. Тэр өдрөө бүтэн өдрийн турш таван ярилцлагад орж, маргааш нь гэртээ харих замд тэнцсэн тухай и-мэйл авсан. Тэр үед маш их баярлаж байснаа маш тод санадаг.
YOLO: Дэлхийн томоохон компаниудад ажилласан туршлагаасаа хуваалцаач.
Би энэ компанид программ хангамж, дэд бүтцийн ахлах инженерээр гурван жилийн турш ажилласан. Энэ нь Dev-Ops буюу Development + Operations хоёрыг нийлүүлсэн, холимог төрлийн инженер юм. Энэ төрлийн мэргэжлийн инженер зөвхөн программын мэдлэгтэй байгаад зогсохгүй хүмүүстэй харилцах, менежмент хийх, үйл ажиллагаа, дэд бүтэц, системийн найдвартай ажиллагааг хангах өндөр чадвартай байх ёстой.
“Amazon” компаниас маш их зүйл сурч, цаашлаад бусад томоохон компаниудад ажиллах суурь тавигдсан юм. Энэхүү байгууллагаас сурсан онцлох хоёр зүйл:
1. Хэдий том компани байсан ч багууд дотроо гарааны бизнес шиг уур амьсгал, соёлтой ажиллаж чадвал олон шинэ зүйлийг хурдан бөгөөд үр дүнтэйгээр туршиж болдог.
2. Чи эхлүүлсэн л бол дуусгаж, түүнийгээ цаашид бүрэн бүтэн авч явах чадвартай байх хэрэгтэй гэсэн сэтгэлгээ.
“Amazon”-д ажиллахын бас нэгэн давуу тал бол ажиллах хугацаанд “Google”, “Facebook”, “Netflix”, “Apple”, “Microsoft” зэрэг олон томоохон компаниас ажлын санал ирдэг явдал. Яг “Amazon”-д ажилладаг байх үед нэг их анзаардаггүй байсан ч дараа нь хэд хэдэн байгууллагын ажлын ярилцлагад орсноос “Apple” болон “Facebook”-ээс ажлын санал тавьсан. Ингээд “Apple” компанид шинэ төсөл болон үндсэн том системийг дангаар нь хариуцсан инженерийн менежерээр ажилд орсон.
Тус компанийн дотоод ажилчдын хоорондын харилцааг зохицуулдаг систем бий. Энэ системээр дамжуулан бүх ажилчид хоорондоо мэдээлэл солилцож, ажлуудаа төлөвлөж, явц болон гүйцэтгэлээ хянадаг. Энэ том системийн найдвартай ажиллагаа маш чухал байв. Миний хувьд энэхүү системийг буюу шинэ бүтээгдэхүүн гарах төлөвлөгөөнөөс эхлээд эцсийн процесс хүртэл бүх харилцааг хариуцдаг байсан. Монгол руу буцаж ирэх шаардлагатай болсон учраас 5 сар л ажилласан.
“Apple”-д ажиллахын давуу талыг хувь хүний карьер болон менежментийн түвшинд өөрийгөө маш сайн хөгжүүлэх боломжтой гэж харсан. Энэхүү компаниас мэдээллийн нууцлал, аюулгүй байдал гэдэг ямар ч байгууллагын хамгийн чухал хэсэг байх ёстойг ойлгож авсан даа.
Өндөр цалин авахыг хүсвэл гадагшаа явах, гэр бүл, найз нөхөдтэйгөө ойр байя гэвэл эх орондоо ажиллах хэрэгтэй. Тиймээс өндөр цалингаа ч аваад, эх орондоо ч байж болдоггүй юм байхдаа гэсэн бодол байнга төрдөг байв. Гэхдээ энэ бол ердөө л судлаад үзэх ёстой асуудал байсан юм билээ. Судлаад үзтэл дэлхийн хаанаас ч ажиллах боломжийг олгодог компаниуд цөөнгүй байдаг юм байна лээ. Тэр дундаас АНУ-ын Сан Франциско хотод төвтэй “GitLab” технологийн компанид зайнаас ажиллах болов.
Энэ компанийн таван сая орчим хэрэглэгчидтэй хамгийн том системийнх нь дэд бүтэц, архитектур, найдвартай ажиллагааг Ази - Номхон Далайн бүсэд хариуцаж ажиллахаар болсон. Системийг нь хариуцахын тулд өөрөө ороод ч зогсохгүй багтаа 4 - 5 инженерүүд авч багаа томруулсан.
Монгол улс Ази-Номхон далайн бүсэд байрласнаар олон давуу талтай. Өөрөөр хэлбэл АНУ-д шөнө болж байхад Монголд нар мандаж байдаг. Тэнд хүмүүс ажлаа тараад харьж байхад бид энд ажлыг нь үргэлжлүүлэх боломжтой. Тиймээс энэхүү давуу талаа ашиглан “GitLab”-д ажиллангаа дэлхийг тойрч аялсан юм. Хүмүүс их мөнгөтэй учраас эсвэл ажил хийдэггүй болохоор аялдаг байх гэж хэлэх тохиолдол цөөнгүй. Энэхүү байгууллагаас сурсан онцлох хоёр зүйл:
1. Аливаа ажилтан хаана, хэзээ, хэдэн цагт ажиллаж байгаа нь чухал биш. Харин төлөвлөсөн ажлаа цаг тухайд нь сайн чанартай хийж гүйцэтгэх л чухал юм.
2. Дэлхийн том компанид эх орноосоо ажиллах боломж бүрэн байна. Миний хувьд Непалын ууланд, Хятадын онгоцны буудалд, Өмнөд Африкт оцон шувуутай зургаа авахуулж байхдаа ч ажлаа хийж л байсан.
Дараа нь “Twitter”-ээс холбогдон ажиллах санал тавьсан. АНУ-ын Сиатл хотын салбарт нь очиж ажилласан. “Twitter” нь цэнхэр болон алтан шувуу хэмээх хоёр том хэсгээс бүрддэг. Цэнхэр шувуу буюу олон зуун сая хэрэглэгчидтэй апликэйшн. Алтан шувуу нь хиймэл оюун ухаан, дата шинжлэх ухаан дээр суурилсан реклам, зар сурталчилгаагаар дамжин орж ирдэг системийг хариуцсан хэсэг.
Миний хувьд алтан шувууны бүх системийн дэд бүтэц, архитектур, найдвартай ажиллагааг хариуцан багаа удирдах албан тушаалд томилогдож, менежмент, үйл ажиллагаа, соёлыг нь тэр чигээр нь өөрчлөх, шинэчлэх чухал үүрэг даалгаврыг хүлээн авсан болохоор их зүйл сурч, туршлага хуримтлуулсан. Энэ ажлуудаа ч амжилттай хэрэгжүүлэн тушаал дэвших төлөвлөгөөнд хүртэл орчихсон явж байсан юм. Харамсалтай нь цар тахлын үеэр эх орондоо ирэхээс өөр аргагүй болж, тодорхой хугацаанд Монголоосоо ажиллаж байсан ч аюулгүй байдлын асуудлаас шалтгаалан цаашид ажиллах боломжгүй болсон юм. Энэхүү байгууллагаас сурсан онцлох хоёр зүйл:
1. “Twitter” компанийн санхүүгийн эх үүсвэрийг нь олдог томоохон эко систем дээр маш олон багууд ажиллаж байдаг. Эдгээр багийн ихэнх нь дата суурьтай инженерүүдтэй. Нэг талаас хэрэглэгчдийн чиг хандлага, зан төлөв, үндсэн мэдээлэл дээр суралцаж, нөгөө талаас реклам, зар сурталчилгааны шинж чанартай маш олон контентуудаас шүүж, ангилж, дэс дараалалд оруулан хамгийн тохиромжтойг хэрэглэгчдэд харуулах тал дээр ажилладаг.
2. Компанийн удирдлагууд ажилчидтайгаа маш ойрхон, нээлттэй харилцаатай байдаг. Тэд долоо хоног бүр уулзалт хийж, ажилчдынхаа санал бодлыг сонсож, арга хэмжээ авдаг бөгөөд энэ нь эргээд ямар том үлгэр жишээ, ажилчдын бахархал болдог гэдгийг ойлгож авсан.
YOLO: Дэлхийн 20 гаруй орноор аялсан тухайгаа уншигчдад сонирхуулбал.
- Хамгийн анх 2018 оны наймдугаар сард Өмнөд Африк явснаар аяллын гараагаа эхлүүлсэн. Цаашилбал, Турк, Катар, Австрали, Сингапур, Тайланд, Европын орнуудаар аялсан. Аялж байх хугацаандаа олон шинэ ертөнцтэй танилцсанаар өөрийгөө хангалттай их зүйл мэддэггүйг ухаарсан. Олон нэртэй компаниудад ажилласан учир өөрийгөө туршлагатай, мундаг болчихсон мэт боддог байсан ч улс орнуудаар аялахдаа төрөл бүрийн хэл, соёл, үндэс угсаа, сүсэг бишрэл, зан араншин зэрэг олон зүйлийг сурч мэдсэн.
YOLO: Компьютерийн шинжлэх ухааныг сонгох болсон шалтгаан юу вэ? Та мэргэжлээ өөрийн хүслээр сонгосон уу?
- Багаасаа л техник технологид сонирхолтой хүүхэд байсан. Арван жилээ төгсөөд их сургуулиа сонгох үед компьютерийн шинжлэх ухаан, бизнесийн удирдлага, анагаах гэсэн гурван үндсэн чиглэл байснаас өөрт хамгийн тохиромжтойг нь сонгосон нь энэ.
YOLO: Компьютерийн инженер болоход ямар ерөнхий ур чадварууд шаардагддаг вэ?
- Энэ мэргэжлээр ажиллахад техникийн болон зан чанарын гэсэн хоёр төрлийн ур чадвар шаардагддаг. Ялангуяа дэлхийн томоохон компаниудад ажиллахад техникийн хувьд онолын мэдлэг, асуудлыг хурдан, шуурхай шийдвэрлэх чадвартай байх хэрэгтэй. Инженер нь технологийг ашиглан бидэнд тулгарч буй асуудлыг шийдвэрлэдэг мэргэжил учраас зөвхөн онолын мэдлэг хангалтгүй. Шийдэл нь тодорхойгүй асуудалд шийдэл олно гэдэг нь инженерүүдийн ур чадварыг шаардаж байгаа юм. Зан чанарын хувьд харилцааны болон багаар ажиллах чадварууд чухал үүрэгтэй. Учир нь инженерүүд үргэлж бусад мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж асуудлыг шийдвэрлэдэг.
YOLO: Та Монгол улсын технологийн ирээдүйн хөгжлийг хэрхэн харж байна вэ?
- Бид нар технологид их, бага ямар ч хэмжээгээр ач холбогдол өгсөн хөгжих л болно. Миний ажигласнаар Монголд олон сонирхолтой, бодитой санаанууд төлөвлөгдөж, зарим нь хэрэгжиж байна. Гэвч Монголд компьютер инженерийн хүний нөөцийн хүчин чадал дутмаг. Ялангуяа технологийн салбарт ажиллаж байгаа хүмүүс дотоодын зах зээлд хүрэлцдэггүй учир дэлхийн тавцанд гарахад хүндрэлтэй байдаг. Мөн мэдээллийн технологийн салбарт ажилладаг мэргэжилтнүүдээ үнэлж чаддаггүй. Бидэнд гадаадын компаниудтай хамтрах боломж бий. Нийгэмд технологийг ашиглан шийдвэрлэх боломжтой асуудал ч олон байгаа.
YOLO: Тэгвэл Монголчууд гадаадын компаниудад ажиллах ямар боломж байгаа вэ?
- Сүүлийн таван жил дэлхийн томоохон компаниудад ажиллаж буй Монголчуудын тоо маш ихээр нэмэгдсэн. Тухайн газар нь очоод ажиллах, аль эсвэл Монголоосоо ч ажиллах боломж бий.
YOLO: Та одоо хийж буй ажлынхаа тухай танилцуулаач.
- Монголд ирээд “Bitzu Consulting & Technologies” нэртэй технологийн болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани үүсгэн байгуулж, үүн дээрээ ажиллаж байна. Технологийн байгууллагын хувьд гар утасны апп хөгжүүлэлт, AR, VR технологийн судалгаа, бидний амьдралыг хөнгөвчлөх бүтээгдэхүүн гаргах үндсэн зорилготой. Харин зөвлөх үйлчилгээний хувьд АНУ, Австрали, Герман, Япон, Солонгос гэсэн таван оронд технологийн чиглэлээр олон жил ажилласан 20 гаруй Монгол залуустай хамтран ажиллаж байна. Төрийн болон хувийн байгууллага, ЖДҮ эрхлэгчид гэх мэт технологийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ авах хэрэгцээ маш өндөр байгаа учраас олон улсын түвшинд сурсан туршлага, мэдлэгийг Монголд нутагшуулах ажил эхлүүлээд байна.
Мөн хүмүүс хоорондоо танилцах боломжтой апликэйшн хөгжүүлэх болсон. Fantaam, FantaamPlus гэсэн нэртэй хоёр аппликейшн. Монголд гэр бүл салалт тулгамдаж буй асуудлын нэг болсон учир ганц бие хүмүүс олширч байна. Fantaam нь 18-24 насныханд, FantaamPlus нь 25+ дээш насныханд зориулагдсан. Нийгмийн энэ асуудлыг технологи ашиглан шийдэхээр зориод хоёр жил болоход нийт 30,000 гаруй хэрэглэгчдэд хүрээд байна. Үүний хажуугаар TikTok-той төстэй Chainstories хэмээх аппликейшныг АНУ-д байдаг найзуудтайгаа хамтарч хийгээд нэг жил болж байна. Хэн ч хэний ч видеог шууд үргэлжлүүлэх боломжтой, маш сонирхолтой апликэйшн учраас туршаад үзээрэй.
YOLO: Таны ажилдаа баримталдаг гол зарчим юу вэ?
- Зөвлөгөө өгдөг технологийн салбар нь хүн суурьтай бизнесийн төрөлд багтдаг. Би хэн нэгэнд шийдэл санал болгоход тухайн хүн надад итгэх хэрэгтэй болно. Тиймээс хүн бүр баримталдаг зарчим, үнэт зүйлээ тодорхойлсноор бусад хүмүүстэй ойлголцолд хүрч дараагийн ажил эхэлдэг. Миний хувьд ажил дээр гурван зарчмыг баримталдаг. Нэгдүгээрт, ямар ч гаднын нөлөөгүйгээр, цэвэр өөрийн туршлага дээр тулгуурлан зөвлөгөө санал болгох. Аль нэг компани бүтээгдэхүүнийг шахах, таньдаг хүнийхээ ажлыг оруулах гэсэн ойлголт байх ёсгүй. Цэвэр мэдлэг, мэдээлэл, туршлага дээр суурилсан шийдэл гаргана гэсэн үг юм. Хоёрдугаарт, чанарыг эрхэмлэнэ. Ямар ч зүйл хийсэн чин сэтгэлээсээ, чанартай хийх нь чухал. Чанар байнга давтагдсанаар стандарт бий болдог. Гуравдугаарт, мэдээллийн нууцлал, аюулгүй байдал. Ямарваа нэгэн байгууллага, хувь хүнтэй хамтран мэдээлэл солилцоход тухайн мэдээллийг өрсөлдөгч болон бусад байгууллагаас чандлан нууцалдаг байх.
YOLO: Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
- Сүүлийн үед технологийн судалгааны ажлуудад чөлөөт цагаа зарцуулж байна. Тэр дундаа, AR, VR технологи ашиглан бодит зүйл дээр туршилт хийх боломжийг эрэлхийлэх болсон. Тухайлбал, шинжлэх ухааны оюутнуудад галт уул дэлбэрэх үйл явцыг яг бодит орчинд байгаа мэт мэдрүүлж, харилцаа тогтоох судалгаа хийж байна. Үүний хажуугаар сагс, теннис, төгөлдөр хуур тоглох гэж оролдоно.Мөн төрийн бус байгууллагуудтай харилцаатай байж зөвлөхөөр ажиллах, сайн үйлсийн аянд чадах хэмжээгээрээ хувь нэмрээ оруулж байна. Энэ жил төрсөн өдрөө тэмдэглэхийн оронд цусны хорт хавдраар өвдсөн охины эмчилгээний зардалд найз нөхдийнхөө дунд хандивын аян өрнүүлж, нийт 52 хүнээс 1500 ам.доллар босгон хандивласан. Танихгүй ч гэсэн тэр бяцхан охинд амьдрал бэлэглэхээр энэхүү аяныг зохион байгуулсан юм.
YOLO: Залуу үеийнхнийг ямар байгаасай гэж боддог вэ?
- Залуучуудад хандаж таван зүйлийг хэлмээр байна.
1. Мэдээллээс хоцрохгүй байх. Мэдээллээс хоцрох нь амьдралдаа гаргаж буй шийдвэрээсээ хоцорч байгаатай ижил юм. Бид бүх төрлийн мэдээ, мэдээллээр дүүрэн үед амьдарч байгаа учраас залуус мэдээлэлтэй байх тусмаа илүү хурдан, шуурхай, оновчтой шийдвэр гаргах болно.
2. Үнэн, бодит мэдээллийг худал мэдээллээс ялгах чадвартай байх. Хуурай газар гал хурдан дүрэлздэгтэй адил чи худал мэдээллийг сошиал хуудсан дээрээ цацахад чамд итгэдэг олон хүн тэр худал мэдээлэлд итгэх магадлалтай юм.
3. Технологиос хоцрохгүй байх. Бүх зүйл технологид суурилах болсон тул цаг үеэсээ хоцрохгүй байх нь чухал. Хамгийн энгийн жишээ нь лавлагаа авахын тулд 3 цаг очерлолгүйгээр E-Mongolia хэмээх апликэйшний тусламжтайгаар 5 минутын дотор л авах боломжтой болсон. Залуус өөрсдөө ашиглаж мэддэг бол эргэн тойрныхоо хүмүүст буюу аав, ээждээ зааж өгөх нь хамтдаа хөл нийлүүлэн алхах үндэс болох юм.
4. Эрсдэлд бэлэн байх. Залуучуудын хувьд санхүүгийн хадгаламжийг бий болгох нь чухал. Эрсдэл тулгарсан үед яг юу хийх ёстой вэ гэдгийг өөрөөсөө асуух хэрэгтэй.
5. Нэг зүйлийг сайн хийж сурах. Чи магадгүй гар урлал сонирхдог бол түүнийгээ бусдаас илүү хийж чаддаг байх хэрэгтэй. Ингэснээр хүмүүс чамайг үнэлж эхлэх юм. Энэ бол эхлэл.
YOLO: Таны бодлоор ямар зан чанар амжилтын үндэс болдог вэ?
- Амласандаа хүрдэг буюу хариуцлагатай, худлаа хэлдэггүй, аливаа зүйлд тууштай байх хэрэгтэй. Энэ гурван зан чанар байхад ямар ч хүнтэй учраа олчихно.
YOLO: Залууст зориулан апликэйшн санал болговол?
- Миний хувьд аппликейшныг таван бүлэгт хуваадаг. Бүтээмж, цаг хэмнэх, олон нийттэй харилцах, энтертайнмент, мэдлэг мэдээлэл авах. Сүүлийн үед гар утас хөгжиж байгаа тул ямар нэгэн танилцуулга бэлдэх хэрэгтэй болоход заавал компьютероо асаах шаардлагагүй болсон. Видео, зураг завсарладаг аппликейшныг худалдаад авчихдаг. Цаг менежментийн хувьд “Google calendar” ашигладаг болсон. Сүүлийн үед Instagram-д туршлага, мэдээ, мэдээллээсээ хуваалцахаар төлөвлөөд байна. Олон нийтэд идэж буй хоолоо хуваалцахаас илүү мэдлэг, мэдээлэл түгээж, санал бодлоо хуваалцах нь чухал юм.
YOLO: Таны цаашдын зорилго?
- Технологийн компаниудаа илүү өргөжүүлэх зорилго тавиад байна. 2010-2015 оны хооронд өдөрт хэдэн зуун вебсайтууд гардаг байсан шиг өнөөдөр олон төрлийн аппликейшнууд гарч ирж байна. Нийгэм тэр чигээрээ цахим руу шилжсэнээр бид технологийн салбар луу хүссэн, хүсээгүй орж байна. Тиймээс бид нүдээ боолгоод, чихээ даруулчихсан мэт байлгүй, аль болох нээлттэй байх ёстой. Мөн гаднын туршлагуудыг Монголдоо нутагшуулах, амжилттай нэвтрүүлэхийг зорьж байна. Дотоодоос гадагшаа өрсөлдөж буй компаниудыг судалж, мэдлэг туршлагаараа хамтарч ажиллах ямар боломж байна гэдэг дээр анхаарал хандуулна.
YOLO: Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье!
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх