Сонгодог урлагийн тоглолт үзэхэд ЗАЙЛШГҮЙ АНХААРАХ зүйлс


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2020-09-30

Хөл хорио цуцлагдан, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын 58 дахь улирлын үндсэн тоглолтын хөтөлбөр олон нийтэд зарлагдаж “Учиртай гурван толгой” дууриар үүд хаалгаа нээх гэж байгаа билээ. Уг баярт үйл явдлыг тохиолдуулан театраар үйлчлүүлэхээр төлөвлөж буй нийт уншигчдадаа театраар соёлтой үйлчлүүлэх зөвлөмжийг хүргэж байна.

1. Юун түрүүнд үзвэрээ сонгохын өмнө тухайн бүтээлийн талаарх товч танилцуулгыг унших хэрэгтэй. Ингэснээр үзвэрийн дундуур ойлгомжгүй зүйл гарах нь бага байх болно. 

2. Хүмүүс театрт оюуны таашаал авч, гоо зүйг мэдэрч, урлагийн боловсролтой болох гэж очдог. Тиймээс тоглолтын дундуур бусад үзэгчдийн анхаарлыг нь сарниулж тав тухыг нь алдагдуулахгүйн үүднээс тогтвортой сууж сураагүй бага насны хүүхэд авч ирэх нь тохиромжгүй гэдгийг анхаараарай. 

3. Эрт цагт ёслолын хувцас өмсөж очих нь жишиг байсан бол өнөө цагт энгийн хэрнээ эрхэмсэг байдлаар хувцасладаг болжээ. Гэвч тоглолт бүр өөр өөрийн гэсэн өнгө аястай байх тул зарим үзвэрийн онцлогт тохируулан хувцаслах шаардлагатай байдаг байна. Тиймээс үзэх гэж буй үзвэрийнхээ онцлогийг өмнө нь заавал лавлах нь зөв юм шүү. 

Мөн содон, нялуун үнэртэй сүрчиг хэтрүүлж хэрэглэхгүй байхыг зөвлөе.

4. Үзэгчдийн гаргаж болох хамгийн том алдаануудын нэг бол хоцрох. Тиймээс хотын түгжрэл болон боломжит бэрхшээлүүдийг тооцоолон тоглолт эхлэхээс 5-10 минутын өмнө ирж суудлаа эзэлсэн байх хэрэгтэй. 

5. Хачирхалтай сонсогдож магадгүй ч хувцсаа өлгүүрт өгөхөд хувцас тань өлгүүргүй байвал маш бүдүүлэг хэрэг болно. 

6. Тасалбарыг хамт явж буй эрэгтэй шалгуулах бөгөөд ямагт эмэгтэй нь түрүүлж ордог.

7. Та суудалдаа хүрэхийн тулд хүмүүсийн өмнүүр явах шаардлагатай бол хүмүүстэй зөрөхдөө тэдэн рүү нүүрээ харуулах хэрэгтэй. Нуруугаа харуулан зүтгээд байвал үнэхээр бүдүүлэгт тооцогдоно шүү.

8. Харин таныг сууж байхад өөр үзэгч орж ирвэл түүнд босож, хойшоо налан, зам гаргаж өгөөрэй. Хэрэв та захад сууж байгаа бол хажуу тийшээ гарч, үзэгчийг оруулаарай.

9. Театрын танхим гол танхим, лоож, белтаж гэсэн гурван хэсгээс бүрддэг. Лоожид сууж байгаа бол урд талын хөндлөвч хаалтан дээр гараа тавьдаггүй. Мөн эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хөлөө ачиж суудаггүй.

10. Сүүлийн үеийн залуус аливаа нэг үзвэр үзэхдээ тухайн үеэ дүрсжүүлэн Фэйсбүүк эсвэл Инстаграм хуудсандаа стори хэлбэрээр оруулах нь түгээмэл. Энэ үйлдэл театрт бүр хориотой ч гэж хэлж болно. Тиймээс үзвэрийн үед зургийн аппарат, хурц гэрэл гаргадаг зүйлс хэрэглэхээс татгалз.

11. Мэдээж үзвэрийн үеэр ямар нэгэн зүйл идэж уухгүй байх нь зүйтэй. 

12. Үзвэрийн эхлэл, жүжигчид ёслох агшин, төгсгөлийн үед алга ташихаа мартуузай. Балетын үзвэрийн үед гайхалтай бүжиг, хосоороо үзүүлсэн бүжиг, гоцлол бүжиг бүрийн дараа алга ташдаг бол дуурийн үзэгчид тэр бүр алга ташдаггүй билээ. 

13. Тоглолт дууссаны дараа удирдаач болон жүжигчид тайзан дээр гарч ирэн ёсолдог тул хөшиг хаагдав уу үгүй юу гарах гэж яарсаны хэрэггүй. 

Ингээд театрын соёлын талаар мэдэх шаардлагатай бүхий л зүйлсийг мэдэж авсан тул үзвэрээ үзэхдээ тухлан сууж таалан соёрхоорой. 

Эх Сурвалж: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

#Театр #Сонгодог урлаг #Соёл